Д.БАТТУУЛ: Мөнгөн дэвсгэрт өөрийн үнээс хэд дахин өндөр өртгөөр бүтдэг
Зочин:
Д.БАТТУУЛ
Байгууллага:
Монголбанк
Албан тушаал:
Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Эдийн засагч
Ажиллах арга барил:


2020 оны 08 сарын 13

Монголбанкнаас санаачлан мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлэх тухай Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Эдийн засагч Д.Баттуулаас тодрууллаа. 

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Монгол төгрөгийн насжилт дундаар 3.8 жил байгаа нь хангалтгүй үзүүлэлт

-Судалгаагаар монгол төгрөгийн насжилт ямар байна вэ?

-Монголбанкны төв, орон нутаг дахь салбар, хэлтэс, арилжааны банкууд хамтран иргэдэд мөнгөн тэмдэгтийн соёлтой, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ.

Судалгаагаар Монгол төгрөгийн насжилт дундаар 3.8 жил байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм.

Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр, халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгслээс гадна бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болж байна. 

-Зүй зохистой ашиглаагүй мөнгөн тэмдэгтийг хэрхэн сэргээдэг вэ?

-Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт “ТӨГРӨГ”-ийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй бөгөөд төгрөгийн нөөц, аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Энэхүү онцгой эрхийн хүрээнд төгрөгийн хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг. Бага мөнгөн дэвсгэрт төдийлөн нөхөн сэргээгдэхгүй устаж алга болох нь их байдаг. 

- Амьдрал дээр иргэд нэг, тав, аравтын дэвсгэртийг төдийлөн ашиглахгүй байна. Гүйлгээнд хэрэглэх  журам нь хэвээрээ юу?

-Хүмүүс худалдаа хийхдээ жижиг мөнгөн дэвсгэрт хэрэглэх эрхтэй. Гэвч иргэд төдийлөн гүйлгээнд зөв зохистой ашиглахгүй байна. Нэг иргэн байшингийн  сууриндаа  999 нэгтийн дэвсгэртийг булсан тухай сонсож байсан. Гэтэл нэг ширхэг нэгтийн дэвсгэр өөрийн үнээсээ хэд дахин их төгрөгөөр бүтдэг. 

-Аяны хүрээнд иргэд өөрсдийн санаачлагаар хуучирсан хэрэглэхгүй байгаа жижиг дэвсгэртүүдийг цуглуулж Монголбанкинд өгөх юм байна. Энэ мөнгөөр юу хийх вэ?

- Сайн үйлсийн аянд зориулах болно. 

-Иргэдийн буруу хэрэглээтэй холбоотойгоор жилд дунджаар мөнгөн тэмдэгтийн устгал хэр их хийдэг вэ?

- Мөнгөн тэмдэгтийн хэвлэлтийн зардал, тэдгээрийн устгалтай холбоотой аливаа мэдээлэл нь  төрийн нууцын зэрэглэлд хамаардаг тул олон нийтэд ил тод хүргэх боломжгүй. Хөгжиж буй орнуудын хувьд цаасан мөнгөн тэмдэгт дунджаар 2-3 жил насалдаг. Манайд үүнээс ч бага хугацаанд устаж байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол төгрөгийн насжилт бусад оронтой харьцуулахад бага байна. Иргэд мөнгөн дэвсгэртийг нугалах, урж тастах, дээр нь юм бичих, уул овоонд өргөж үлдээх зэргээр зохисгүй ашиглах тохиолдол гарсаар байна. Тиймээс ч “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг наймдугаар сарын 10-наас эхлэн аравдугаар сар хүртэл улс орон даяар өрнүүлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг манай үндэстний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэдгийг хүндэтгэн үзэж зүй зохистой ашиглахыг уриалж байна. 

ВИДЕО:


keyboard_arrow_up