ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Оросын нэрт зураач И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн төгсөгч зураач Б.ОТГОНТҮВДЭН оролцлоо. Бид та бүхэндээ уран зураг, түүнийг үзэн сонирхдог хүмүүсийн тухай болон энэ салбарын бизнесийн онцлогийн талаар ярилцах болно.
ШУУД СОНСОХ:
-Зураач болоход төрөлхийн авъяастай байх шаардлагатай юу? Эсвэл боловсролоос эзэмшдэг мэргэжил үү?
-Ер нь бол боловсрол л доо. Авьяас мэдээж хэрэгтэй. Тухайн авьяасаа боловсролоор өнгөлөөд хэрхэн хөгжүүлж, яаж ажиллахаас л зураач болох эсэх нь хамаарна. Мэдээж урлагийн мэдрэмжтэй хүн л цааш нь хөгжүүлж явна, мөн ямар сургуульд сурсан, өөрийгөө хир их дайчилсан гэх мэт хувь хүнээс л их зүйл шалтгаална. Ер нь урлагийн салбар арай өөр л дөө. Тухайн хүн маш их эрэл хайгуул хийх буюу тархиа ажиллуулах шаардлагатай. Тархиа сайн ажиллуулж, олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд урлаг, уран бүтээл бий болдог. Энэ салбарт амжилтанд хүрье гэж зоривол тухайн ажлаа дурлаж хийх хэрэгтэй.
-Та яагаад И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийг сонгон суралцах болсон юм бэ? Өөр мэдээж олон сонголт байсан байх.
-Орос школ гэж байдаг. Энэ школын үүсэл нь Европоос орж ирээд Орост нутагшуулсан сургалтын систем л дээ. Европод мэдээж том том мундаг сургуулиуд байна. Манай академи нь 300 гаруй жилийн хугацаанд яг өөрийн үндсэн сургалтын хөтөлбөр, арга барилаа бариад явж байгаа. Бусад Оросын жижиг академи, сургуулиудад орчин үеийн сургалтын чиг хандлагууд ч нэмэгдээд хувьсаж өөрчлөгдөж байгаа ч И.Е.Репиний нэрэмжит академи маань өөрийн чигээ алдалгүй хөгжиж явж байгаа нь үнэ цэнэтэй, дэлхийд дээгүүр ордог сургууль.
Одоо маш олон Хятадууд манай сургууль болон Европын урлагийн сургуульд суралцах болсон. Сургуулийн хоолны газар сууж байхад тал нь шахуу Хятад оюутнууд байна. Хятадууд улсын бодлогоор дүрслэх урлагийг Европ, Оросоос сурах ёстой гээд оюутнуудаа ихээр суралцуулах болсон, үүнээс гадна сайн төгссөн оюутнуудыг улсдаа багшлуулж, ажиллуулах болсон.
И.Е.Репиний сургуулийг сонгосон шалтгаан нь зураач болоод дүрслэх урлагийн сургуульд орохдоо л хамгийн сайн, хамгийн мундаг нь гэсэн ойлголтыг авсан. Миний хувьд бага байхдаа тэнд сурна гэдэг нь мөрөөдөл төдий, төсөөлж ч чаддаггүй тийм л газар байсан. Их сайхан тохиолуудаар ОХУ-ын Воронеж хотын уран зургийн академид тэтгэлгээр суралцаж байгаад дөрөвдүгээр курсээсээ сургуулиа орхиод Санкт-Петербург хотод И.Е.Репиний академид суралцах болсон.
-Монгол зураачийн онцлог байдаг уу?
-Монголчууд ер нь юмыг маш хурдан сурдаг. Миний хувьд их хурдан суралцдагаас гадна багш нар мэргэжилтнүүд их хурдан гартай гэж үнэлдэг. Тэгэхдээ хүн бүр л өөр арга барилтай. Зарим нь хурдан гартай бол зарим нь маш удаан тайвнаар зурдаг жишээний. Тэгэхдээ үүнээс зургийн чанар шалтгаалахгүй. Би чинь Воронеж хотын уран зургийн академид зургаан жил суралцаж төгсөх ёстой байсан. Анх тэнд очоод суралцахад би курсийнхээ хамгийн муу оюутан байсан л даа. Ер нь 3,4-р курсээ төгсөхдөө энэ сургуулийнхаа лидер оюутан болно гэсэн зорилгыг өөртөө тавиад зорилгынхоо төлөө маш их хичээсэн, хөдөлмөрлөсөн. Жишээ нь гарны дасгалаа өдөр шөнөгүй хийх, 00 доо сууж байхдаа ч, автобусанд сууж байхдаа ч гэх мэтээр хөдөлмөрлөснийг маань багш нар маань анзаарч харсан байсан л даа. Орос багш нарын хамгийн том давуу тал нь оюутнуудаа их сайн анзаарч, хөгжихөд нь түлхэц үзүүлдэг. 4-р курсэд ороход манай хар зургийн багш маань энд одоо чамд сурах зүйл байхгүй болсон, одоо И.Е.Репиний сургуульруу яв гэж түлхэж өгсөн. Тиймээс ч би сургуулиа орхиод шинэ сургуульруу итгэл дүүрэн очиж байсан. Багшийн маань гэр бүл тэр чигээрээ зураачид байсан. Намайг Санкт-Петербург хотод очиход хүртэл багшийн маань дүү гэртээ байлгаж их дэмжиж байсан. Одоо бид яг л хамаатан садан шиг дотно байдаг.
-Энгийн хүн зургийн гоо сайхныг ойлгоё гэвэл ямар зургуудыг ойлгож, мэдсэн байх ёстой вэ?
-Ер нь тэр тэр зургуудыг харах, өлгөх, ойлгох ёстой гэсэн зүйл байдаггүй. Хүн бүрийн мэдрэмж өөр. Урлагт тодорхойлчихсон, хамгийн мундаг, хамгийн шилдэг гэсэн ойлголт бараг байхгүй гэж ойлгож болно. Мона Лиза үнэхээр тийм мундаг юм уу? Тэгэхдээ бас яг түүн шиг мундаг бүтээлүүд байна. Яагаад тэр зураг алдаршив гэхээр тухайн улсын маркетинг, мөн Леонардо Давинчи зурсан гэх мэт маш олон хүчин зүйлс нөлөөлнө. Зургийг заавал ойлго гэхгүй. Тухайн зургийг хараад л таашаал авч чадаж байвал л болно. Тэгэхдээ урлагийг таашааж ойлгодог болгоход багаас нь хүүхдийг сургадаг. Орос гүрний хувьд хүүхдийг бүр багаас нь бүх урлагийн мэдлэгийг бодлогоор өгдөг.
Монголчууд маань ч сүүлийн үед гадагшаа их аялдаг болсон, тэгэхдээ хүүхдүүддээ ч гоё музейг ихээр үзүүлдэг болсон байгаа нь их сайн зүйл. Хүүхэд урлагийг ойлгодог болох нь тухайн хүүхдийн тархины хөгжилд ч маш чухал үр нөлөөтэй.
Зургийг гэртээ өлгөх зориулалтаар тавих гэж байгаа бол ямар зураг байх, хэн зурсан байх, танай гэрийн интериерт зохиж байна уу гэх мэт маш олон зүйлийг бодолцож урлагийн бүтээл болгож авдаг байгаасай. Ихэнх хүн зураг байвал гоё байдаг гэсэн, зураг байх ёстой гэсэн хандлагаар зураг худалдаж авдаг. Мөн өдөр бүр тухайн зургийг харах тул өөрт тань харахад л маш таашаалтай байж болох зургийг л сонгоорой гэж зөвлөдөг.
Эмэгтэй хүмүүс залуудаа өөрийнхөө хөрөг зургийг нүцгэн, хагас нүцгэн, эсвэл гоё даашинзтайгаар зураг зуруулдаг байгаасай. Энэ нь яг амьд бүтээл болж үе дамжин үлдэнэ.
Зарим хүнийг яг фото шиг зурдаг, тэр нь үнэхээр сайн гэж боддог. Үүнийг фото реализм гэдэг. Тэгэхдээ яг уран бүтээл гэдэг шал өөр. Жишээ нь хүнийг судлахдаа юуг нь голчилж үзэх үү, Мэдээж хэрэг нүүр, характер, нүд, өөр бусад биеийн онцлог хэсгүүдийг гаргаж ирж байж бүтээл болдог.
Би залуусыг өөрсдөө урлагийн боловсролыг олж аваагүй боловч хүүхдүүддээ энэ зүйлийг өвлүүлж үлдээлгүй хүүхдийнхээ урлагийн боловсролд цаг гаргаж хэвшээсэй гэж хүсдэг. Өнөө цагт хүн биеийн хүч гэхээсээ илүү толгойгоо ажиллуулж л амьдрах болсон тул урлагийн мэдрэмж, боловсрол нь хүний тархийг их хөгжүүлдэг шүү. Иймээс хүүхдүүддээ уран зургийн галерей үзүүлдэг байгаасай гэж хүсдэг.
"ХОЛЫН БОДОЛ" зураач Б.Отгонтүвдэн "Монголын түүхийн хөлгөн судар" сэдэвт цогц зургийн үзэсгэлэн
-Нэг бүтээл бүтээхэд зураач өөрийн авьяас, цаг завыг тооцохгүйгээр хэдэн төгрөгний зардал гардаг вэ?
-Үнэндээ зураач бүр янз бүр. Зураг нь дотуур рамм, холст, будаг зэргээс бүтдэг. Будаг, холст, дотуур рамм бүгд чанараасаа шалтгаалаад эрс, тэс үнэтэй байдаг. Иймээс ийм хэмжээтэй зураг ийм өртгөөр бүтнэ гэж хэлэхэд хэцүү. Ер нь бол 200-300 мянган төгрөгний уран зураг гэж хэзээ ч байхгүй. Яагаад гэхээр мэргэжлийн сайн зураачийн рамм, холст, будаг зэргийн үнэнд ч хүрэхгүй л үнэ.
Жишээ дурдвал 2014-2016 оны хооронд Нууц товчоогоор сэдэвлэсэн зургаар унших уран зургийн музей байгуулж, энэ төрлийн музейн эхлэлийг тавих төслийг эхлүүлэхээр нэг найзтайгаа нийлж эхлүүлсэн. Музейн түүхэн сэдэвтэй зураг учир маш том хэмжээтэй зураг зурахаар төлөвлөсөн. Тэгэхээр мэдээж хөрөнгө их шаардлагатай байсан. Тухайн үед бид хоёр монголоос хөрөнгө оруулагч хайсан боловч олдоогүй. Хүмүүс сонсоод ёстой гоё юм байна, хэрэгтэй юм байна гэж хэлснээс хэтрээгүй. Тэгээд бид ямар ч байсан эхлэх ёстой гэж бодож санхүүгээ өөрөө даагаад зургаа зурсан. Зураг зурж дуусгахад хоёр жилийн хугацаа шаардсан. Энэ хугацаанд 120-130 мянган доллларыг 30 ширхэг зураг зурахдаа зориулж гаргасан. Энэ зардалд урлангийн түрээс сарын 2000 доллар, будаг, хост ойлгомжтой. Үүнээс гадна би чинь өрх гэрийнхээ асуудлыг давхар шийдэх ёстой болохоор өрхийн зардлууд багтсан гэсэн үг.
Тэгэхдээ өнөөдөр масс бол ихэнх нь уран зургийг зүгээр л ханандаа өлгөх ёстой гэсэн хандлагатай л байдаг. Ингэхгүйгээр зураг зуруулах гэж байгаа хувь хүн зургийнхаа утга агуулгыг бодоод, судалбал маш гоё санаанууд бий болно. Өөрийн санасан санаагаараа бүтээл туурвиулах маш сайхан. Харахад кайфтай, үнэ цэнэтэй болж танай гэр бүлийн үнэт өв болно.
-Та хэзээ музейгээ байгуулах вэ?
-Үүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Музейн барилга нь зүгээр нэг оффисийн барилга биш тул маш өндөр таазтай, том цонхтой гэх мэтээр барилга нь өөрөө дэлхийн стандартад нийцсэн урлагийн бүтээл байх ёстой. Нэг байгуулчих юм бол манай уран бүтээлчид бага багаар баяжуулаад магадгүй 30,40 жилийн дараа маш гоё уран зургийн музейтэй болно. Гадны улсаар явж байхад музей нь маш их дараалалтай ачаалалтай ажилладаг шүү дээ. Манай улс ч гэсэн гадны улсад байдаг гоё музейтэй болно гэдэгт итгэлтэй байдаг.
-Түрүүн та танд мэдрэмж өгч л байвал сайн зураг гэсэн. Тэгэхдээ ямар зураг нэг доллараар үнэлэгдээд ямар нь сая доллараар үнэлэгддэг юм бэ?
-Дэлхий дээрх уран зургийн бизнес маш том. Манайхан төдийлөн энэ тухай мэддэггүй, сонирхдоггүй. Сүүлийн үед уран зургийн маш олон чиглэлүүд гарч байна. Тэр тусмаа орчин үед контемпорари урсгал эрчээ авч дэлхий тэр чигтээ үүгээр амьсгалж байна. Тэгэхээр бананыг скочоор хананд тогтоосон байсныг худалдан авсан хүнээс Та яагаад худалдаж авсан бэ? Гэхэд надад санаа нь таалагдсан. Би санааг нь авсан гэсэн. Тэгэхээр эндээс бид худалдан авагч анх хараад юу гэж бодсон, яагаад авах шийдвэрийг гаргасан гэх мэт тухайн хүний дотоодод юу өрнөснийг хэзээ ч мэдэхгүй байх. Тухайн худалдан авагч үүнийгээ тайлбарлах л шаардлагагүй.
Зургийн үнэнд маркетинг маш чухал. Хуучний зураачдын жишээ авахад Пикассо гэж гайхалтай уран зураач, тэгэхдээ түүхий үед Маделиан хэмээн бас л гайхалтай зураач байсан. Одоо хоёулаа алдартай юу? Алдартай. Үнэтэй юу ? Үнэтэй. Тэгэхдээ тухайн үед Пикассогийн зураг л үнэтэй зарагддаг. Маделианы зураг зарагддаггүй байсан. Тэгэхээр тэр үед Пикассо маш зөв маркетинг хийсэн гэсэн үг. Орчин цагт нэг зураачийг гаргаж ирэхийн тулд ард нь баг ажиллаж байна. Хятадад бүр тэр чигээрээ. Дээрээс нь зургийн судалгааны материалыг нь бүрдүүлж өгдөг тусдаа баг байх жишээтэй. Энд мэдээж зураач маань оролцохгүй. Маш олон хүн судалгаан дээр нь ажиллаад зураач судалгааны материалуудтай танилцаад зургаа зурна. Зурсан зургийг нь борлуулахад дотооддоо болон гадаадад маркетингийг хийснээр тухайн зургийн үнэ өсдөг. Тэгэхдээ яг уран зураг дээр чадвар их нөлөөлнө. Мэргэжлийн хүмүүс л үүнийг маш сайн олж хардаг байх хэрэгтэй.
Сүүлд нь багцлаад хэлбэл уран зургийн үнэ нь чадвар болон маркетингаас бүтнэ.
-Та маркетингийн багтай юу?
Өмнө нь байсан. Яг одоо би уран бүтээлрүүгээ орсон байгаа тул байхгүй байна. Ер нь бол ирээдүйд байна байх. Бид маш гоё үед амьдарч байгаа. Сайн бүтээлтэй байхад өнөөдөр бид зургаа хаана ч борлуулах боломж бүрэн нээлттэй болсон. Интернэт ашиглаад дэлхий даяар үзэсгэлэнгээ гаргаад явах боломж нээлттэй, арт галерейд ч байршуулж болно.
-Монголд зөвхөн зургаа зураад амьдрах боломж байдаг уу?
-Зөвхөн Монголдоо гэвэл их хэцүү л дээ. Тэгэхдээ ийм зураачид байдаг. Би тэгэхдээ тэдгээр зураачдын санхүүгийн байдлыг сайн мэдэхгүй. Ямар үнээр хаана борлуулдаг гэдгийг ч мэддэггүй. Зарим нь харахад сайн байна, зарим нь ч хэцүү гэцэн явж байдаг. Ер нь бол зураг худалдан авах чинь хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ биш учраас нэг зураач сард хоёр зураг, магадгүй жилд хоёр зураг гэх мэт янз бүр. Мэдээж тухайн бүтээгдэхүүний үнэ ч харилцан адилгүй байх нь бий.
-Таны хувьд?
-Би зурсан зураг бүрээ борлуулаад байх хүсэлгүй л байдаг л даа. Мэдээж ар гэрийнхээ санхүүг авч явахад борлуулах шаардлага гардаг. Миний хувьд зургаа ихэнхийг нь Орост борлуулдаг. Тэнд байдаг арт галерей, салонуудаар борлогддог. Тэгэхдээ би зургаа уул нь аль болох Монголдоо үлдээх юмсан гэж боддог. Ер нь бүх л зураачид ийм бодолтой байдаг.
-Та Орос, Монголын зах зээлд бүтээлээ борлуулахад тухайн бүтээлийг худалдан авч байгаа үйлчлүүлэгчдийн ялгааг юу гэж хардаг вэ?
-Гадны улсад уран зургийн зах зээл маш сайн хөгжсөн байдаг.Иргэд нь хаанаас зураг авахаа мэддэг, энэ талын боловсрол мэдлэгтэй хүмүүс нь ч их тул их өөр л дөө. Оросын хувьд мэдээж том гүрэн. Том гүрний зах зээл нь ч хүртэл том. Оросууд мөн урлагийн өндөр мэдлэгтэй улс. Орос гүрэн дээр хэлсэнчлэн иргэдийнхээ урлагийн боловсролд их анхаардаг. Эндээс л урлагийг үнэлэх үнэлэмж гарч ирдэг. Орос залуус, хөгшид цалин, тэтгэврийн орлогоосоо уран зураг худалдаж авахад зориулж хадгаламж хүртэл үүсгэсэн байдаг. Энэ нь маш элбэг тохиолдол. Харин манайд энэ үзэгдэл бараг байхгүй. Оросын галерейд зургаа тавихад борлогдоно. Харин Монголын хувьд их дэлгүүр чинь галерей л гэсэн үг ш дээ. Тиймэрхүү газруудаар зургаа тавихаар өө энэ дэлгүүрийн зураач болчиж гэж үнэлдэг. Монголын уран зургийн худалдааны зах зээл нь том зааланд үзэсгэлэнгээ гаргаад тэндээ борлуулалт хийх, эсвэл урлангаасаа борлуулах, захиалгын зураг зурах гэсэн л боломжуудтай. Ингэж л борлуулж байвал сайн зураач гэж үнэлээд байдаг.
-Та манай уншигчдад зураач болсон түүхээсээ хуваалцаач?
-Миний хувьд цэцэрлэгт байхаасаа л зураач болно гэж ярьдаг байсан. Дунд нь лам болно, бурхан зурдаг хүн болно гэх мэтээр их ярьдаг байсан. Аав ээж маань үүнийг маань маш сайн дэмждэг байсан. Миний багад харандаа, цаас тэр бүр олддоггүй байсан ч аав ээж маань яаж ийж байгаад бэлдээд л өгчихдөг байсан. Цэцэрлэгт байх үеийнхээ зүйлийг л ярьж байна шүү. Бүр багаасаа л бурхан зурдаг байсан. Хүмүүс бурхан буруу зурж болдоггүй гээд ярьдаг л байсан. Тэгэхдээ аав ээж минь тэрийг тоолгүй миний л дуртай зүйлийг хийлгэж байсан. Наймдугаар ангиа төгсөөд дүрслэх урлагийн дунд сургуульд элсэж орсон. Гурван жил арьсан урлалын чиглэлээр суралцаад хажуугаар нь зургаа зурсаар л байсан. Тэгээд дүрслэх урлагийн сургуульд суралцаж байгаад хоёрдугаар курсээсээ Воронеж хотод очиж суралцсан.
-Таны өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөж байна. Зургаа ер нь хаана хаана борлуулж байна.
-Өдөр тутам хийдэг зүйл бол өглөө босоод л урлан дээрээ очоод зургаа зурж дуусгаад л гэртээ харина. Эдийн засгийн хувьд янз бүр. Дээр хэлсэнчлэн зураг зарагдах үе гэж байна, зарагдахгүй үе гэж байна. Миний хувьд ОХУ-руу бүтээлүүдээ явуулж заруулдаг. Тэгэхдээ сүүлийн үед Монголд гэлтгүй ОХУ-д бүтээлээ борлуулахад хүндрэлтэй болсон. Уран зургийн зах зээл зогсонги байдалтай болсон. Эдийн засгийн хямралтай л холбоотой байх.
-Италид бас зураг зурдаг гэж байсан. Энэ талаараа
-Италийн Рамена хотод сүмийн тааз, ханын зургийг зурж байгаа. Жилдээ 1-2 удаа очиж зурдаг. Гол хэсэг дээрээ л явж байгаа бүтээл. Хөл хорио зогссоны дараа очиж бүтээлээ үргэлжлүүлэн зурна. Бүр дууссаных нь дараа Монгол зураач гэсэн нэр тэнд үлдэх юм. Миний хувьд их баяртай байгаа. Бүхэл бүтэн урлагийн төв хот болох Итали улсад намайг тоогоод зуруулж байгаа нь баярлууштай л юм. Сүмийн хувьд үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг.
-Жирийн бидний бодлоор бол нэг сүмийн зургийг гялс дуусгаад л ажлаа үргэлжлүүлмээр. Гэтэл таны хувьд жилд 1-2 удаа л очиж зурдаг гэж байна. Энэ бас нэг төрлийн амралтыг өөртөө гаргаж байгаа хэрэг үү.
-Миний хувьд Монголдоо ажилтай, ОХУ-д бас ажилладаг байсан учраас тэрнээс хамааралтай байсан. Тиймээс л жилдээ 1-2 удаа очиж нэг хэсгийг нь зурж дуусгадаг. Энэ нь нэг талаар газраа өөрчлөх бас нэг шалтгаан гэж хэлж болно. Миний хувьд нэг газраа удаан байх дургүй. Ийш, тийшээ явж үзэж харж, танилцах хүсэлтэй. Нэг газраа удаан байгаад байвал урлагийн хүний хувьд баригдмал болчихдог юм шиг санагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.