Д.БҮРЭНБААТАР: Туршлагагүй ажилчид ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД өртөх нь элбэг байна
Зочин:
Д.БҮРЭНБААТАР
Байгууллага:
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс
Албан тушаал:
Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа
Ажиллах арга барил:


2020 оны 05 сарын 18

Урин дулааны улирал эхэлж хаа сайгүй л бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Тус ажилтай зэрэгцэж яригдах нэг зүйл бол Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа юм. Тэгвэл бид энэ чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатартай ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. “Аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа” аяныг зохион байгуулж байна

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ-аас Хөдөлмөр аюулгүй байдлын улмаас үйлдэгддэг хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэрэгрүү чиглэсэн ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Хөдөлмөр аюулгүй байдлын улмаас үйлдэгддэг хүний эрүүл мэндэд санамсар, болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор “Аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, аж ахуй байгууллагын энэ төрлийн хяналтыг нэмэгдүүлэх ажлыг түлхүү зохион байгуулж байна. 

Өнгөрсөн онд эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын журмыг зөрчсөний улмаас 55 хүн нас барсан тоон мэдээ байна. 2020 оны эхний улиралд 49 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаа буюу 10,9 хувиар буурсан үзүүлэлт юм.

-Хөдөлмөр хамгааллыг зөрчсөний улмаас л энэ хэрэг бүртгэгдэж байгаа шүү дээ. Ялангуяа зуны улиралд барилгын ажилчид хамгаалах хэрэгслээ буруу, дутуу зүүх тохиолдлууд ажиглагддаг.

-Тэр үнэн. Энэ бол улирлын чанартай, урин дулааны цагт барилга байгууламж, уул уурхайн компаниуд ажиллаж эхэлдэг. Энэ хоёр салбарт хамгийн их зөрчил бүртгэгддэг гэж хэлж болно. Тиймээс цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар, эрүүл ахуйн улсын байцаагчтай хамтран дээрх арга хэмжээг зохион байгуулж байна. 2019 онд 336 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэний 66  нь I-р улиралд, 70 нь II-р улиралд, 75 нь III-р улиралд, 125 нь IVр улиралд гарсан байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол буурахгүй байгаа бөгөөд 2019 оны байдлаар нийт 336 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн, нийт ослын 96.4 хувь нь үйлдвэрлэлийн осол, 3.6 хувь нь хурц хордлого байна.

Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоор осолдогчийн 41.1 хувь нь хөнгөн, 43.5 хувь нь хүнд, 15.5 хувь нь нас барсан гэсэн тоон үзүүлэлт байна.

Мөн 2019 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоор осолдсон хоёр хүн тутмын нэг нь хоёр хүртэлх жил ажилласан осолдогч байгаа нь туршлагагүй ажилчид осолд орох магадлал өндөртэйг харуулж байгаа юм.

Өнгөрсөн онд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын хувьд:

  • 23.8 хувь нь Уул уурхай, олборлолтын салбарт,
  • 11.6 хувь нь Тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт,
  • 11.3 хувь нь Барилгын салбарт,
  • 8.0 хувь нь Үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарт,
  • 7.1 хувь нь Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт,
  • 6.8 хувь нь Усан хангамж, бохир ус, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт,
  • 6.5 хувь нь Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт, үлдсэн
  • 24.7 хувь нь бусад салбарт гарсан байна.

2019 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого Уул уурхай, олборлолт, тээвэр болон агуулахын үйл ажиллагаа, барилгын салбарт хамгийн их гарсан осолдогчийн дийлэнхи нь хүнд гэмтэл авсан.

-Энэ хэрэг гарах гол нөхцлийг та бүхэн юу гэж харж байна.

-Хамгийн түрүүнд иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байгаатай шууд холбоотой. Энэ гэмт хэрэгт уул уурхай, барилга байгууламжийн ХААБ-ын инженер, тухайн байгууллагын дарга нар өртөх тохиолдол их. Хөдөлмөр хамгааллын журам хангагдаагүйгээс хүн эрүүл мэнд амь насаараа хохирох, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн хэрэглээд хохирох тохиолдол байдаг. Энэ бүхний ард байгууллагын инженер, захирал л хариуцлага хүлээнэ. Тиймээс эдгээр хүмүүс маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй.

Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа түүртдэг ч юм уу хайрхамжгүй хандахаас болж журам зөрчигдөж байна. Мөн  ХААБ-ын инженерүүд өглөө болгон зааварчилгаа өгдөг боловч ажилчид тус зааварчилгааг дагаж мөрдөж байна уу гэдгийг эргээд хянах хяналт нь сул байна.

Үүнээс болж энэ төрлийн хэрэг буурахгүй байна. Оны эхний улирлыг байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоон судалгааг харахад

  • 76 нь буюу 52,4 хувь нь санамсар болгоомжгүйгээс,
  • 10 буюу 7 хувь нь тогтоосон журам зөрчсөнөөс,
  • 8 буюу 5,5 хувь нь тогтоосон журмыг баримтлаагүйгээс,
  • 20 буюу 13,8 хувь нь унаж гэмтсэн, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлаагүйгээс,
  • 8 буюу 5,5 хувь нь цахилгаан, хүчдэлд цохиулсан,
  • 22,7 хувь нь бусад байдлаар гэмтсэн байна.

ХААБ инженер гэдэг хүн зөвхөн өглөө ирчихээд зааварчилаа өгөөд гардаг хүн биш байгаасай гэж боддог. Тэр хүн тэр ажлын талбарт өдөржин байх хэрэгтэй, ажилчидын багаж хэрэгслийг шалгах, шаардлага хангахгүй хэрэгслийг солих зэрэг ажлыг тэр хүн л хийх ёстой. Аяны хүрээнд бид барилгын компаниудад эрсдлийн тооцоог хийж, мэдэгдэл хүргүүлж ажиллаж байна. Мэдэгдэл авсан аж ахуй, нэгж байгууллагууд бидэнд эргүүлээд зөрчилтэй байсан бол арилгалаа, засаж сайжрууллаа гэсэн хариуг өгөх ёстой юм. Бид энэ гэмт хэргийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж чадах бүрэн боломжтой.

- Барилга, байгууламжийн доогуур явахаас ч айдаг болсон нийгэм. Мөрөөрөө явж байтал барилга дээрээс төмөр унаад хүний амь нас эрсэдсэн асуудал ч байгаа. Тэгвэл энэ хэрэгт ер нь ямар ял шийтгэл ноогдуулдаг вэ?

-Энэ нэг талаараа үнэн. Сүүлийн гурван жилийн тоон мэдээллээс үзэхэд уул уурхайн, олборлолт, тээвэр болон агуулахын үйл ажиллагаа, барилгын салбарт гарах үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тоо тогтмол нэмэгдсэн байна. Энэ төрлийн хэрэгт холбогдсон хүнд

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үед

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулинд заасан байгаа.

-Ахуйн хүрээнд буюу хүүхдүүд гэртээ байхдаа ямар нэгэн осол гэмтэлд өртвөл энэ төрөлд ордог гэж сонсож байсан. Өнгөрсөн жилийн хувьд бяцхан хүү гэрийнхээ гадна тоглож байгаад л тогонд цохиулаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эмийн сангийн эрхлэгчид ял оноогоод л дуусч байх шиг байна.

-Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд хүүхдүүд маань гэртээ байгаа учраас хүүхэд өртөх гэмт хэргийн тоо буурсан. Цахилгаан, ус, хараа хяналтгүй байдлаас болоод хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог. Өнгөрсөн жил эмийн сангийн үүдэнд унжсан байсан утаснаас бариад хүүхэд хүчдэлд цохиулж нас барсан хэрэг гарсан. Тус хэрэгт эмийн сангийн захирлыг татах нь ч зөв. Учир нь тэр хүн үйл ажиллагаа эрхэлж байгаа барилга байгууламжийнхаа эргэн тойронд гэмт хэрэг гарах аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хийгээгүй байна гэсэн үг. Байгууллагуудаас мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, галын аюулгүй байдлын дүгнэлт, эрүүл ахуйн байцаагч нарын дүгнэлт гээд шаардаад байдаг нь гэмт энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх л зорилготой юм.  

-Аяны талаар мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. 

-Баярлалаа. 


keyboard_arrow_up