А.Ариунболд: Дотоодын цэргийн албандаа дурлаагүй бол өнөөдрийн энэ хүйтэн маш хүйтэн санагдах байсан байх
Зочин:
А.Ариунболд
Байгууллага:
Дотоодын цэргийн 805 дугаар анги
Албан тушаал:
Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин
Ажиллах арга барил:


2019 оны 12 сарын 30

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-Юуны түрүүнд танд болон танай хамт олонд баяр хүргэе. Саяхан танай анги “Цэргийн гавъяаны одонгоор шагнагдсан шүү дээ. Та хамгийн түрүүнд бидэнд ажилладаг ангийнхаа талаар товч танилцуулаач.

-Манай Дотоодын цэргийн 805 дугаар анги анх   1922 онд их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын түр Засгийн газар бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын дэргэд Тусгай тасаг нэртэйгээр анх байгуулагдаж байсан.

Дотоодын цэрэг нь хуулиар хүлээсэн Улсын онц чухал обьектыг хамгаалах үндсэн чиг үүргийг дагнан гүйцэтгэхээс гадна нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, байгалийн гамшиг, хорио дэглэм сахиулахад оролцох, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зэрэг олон талт үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Саяхан манай анги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасан. Мөн манай ангийн  эргүүлчин, ахлагч Базаррагчаагийн Гүррагчаад Хууль зүйн сайд ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан хэмээн гурван өрөө байр бэлэглэсэн. Энэ мэт манай хамт олон энэ жилийг их амжилт бүтээлтэйгээр үдэж байна. 2020 ондоо ч гэсэн энэ амжилтаа улам батжуулан ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Энэ хамт олны нэг эд эс нь болж ажиллаж байгаадаа би үргэлж баяртай байдаг. Миний хувьд гүний худгийн цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах ажлыг хийж байна.

-Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгон ажиллах болов. Та бүхний ажлын орчин бас л хүнд хэцүүдээ ордог шүү дээ?

-Анх 2008 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид мэргэжлийн ахлагч бэлтгэх төв дээр буудагч мэргэжлээр төгсөж байсан. Хүүхэд байхдаа тогооч болно гэж л боддог байсан. 2010 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид анх томилогдож очиход хамт ажилладаг залуу Дотоодын цэргийн алба хаагчидын тухай ярьж өгсөн. Тэр яриаг сонсоод л ерөөсөө Дотоодын цэргийн алба хаагч болъё гэж хатуу шидээд 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дотоодын цэргийн 805 дугаар анги дээр ирж ажилд орж байсан. 2010-2012 оны хооронд ажиллаж байгаад 2012 онд Өмнөд Суданд энхийг дэмжих ажиллагаанд явсан.

Өнөөдөр бид Улаанбаатар хотын 1,5 сая хүний аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотын цэвэр усыг хамгаалж ажилладаг. Бид хэрвээ анхаарал болгоомжоо нэг л хором алдах юм бол энэ хотын иргэдийн амь насанд аюул тохионо гэж бодож ажлаа хамгийн сайнаар хийхийг хичээдэг.

-Та Зэвсэгт хүчинд алба хааж байгаад Дотоодын цэргийг сонгожээ. Ер нь яагаад Дотоодын цэргийг сонгох болов.

- Зэвсэгт хүчнээс сурсан зүйл их ч би Дотоодын цэргийн ажлаараа илүү их бахархдаг. Энэ хамт олон намайг их сайхнаар хүлээн авч, миний амьдралыг чиглүүлж залж өгсөн гэж боддог. Манай хамт олон нэг нь нийтийнхээ төлөө, нэгнийхээ төлөө үргэлж л санаагаа чилээж байдаг хамт олон. Ангийн удирдлагууд ч бидний ажиллах нөхцлийг сайжруулах, алба хаагчидын ажилдаа хандах хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор маш олон ажлыг зохион байгуулдаг. Энэ дашрамд ангийн удирдлагууд, нийт бие бүрэлдэхүүнд шинэ оны мэнд хүргэе.

- Та бүхэнд ажлаа гүйцэтгэхэд хүндрэлтэй зүйл байдаг уу.

- Өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа хүнд хүндрэл гэж огт гардаггүй гэж боддог. Миний хувьд хамгийн дуртай ажлаа хийж байгаа болохоор хүнд хэцүү санагдах зүйл байдаггүй. Хэрэв би энэ мэргэжилдээ дурлаагүй бол өнөөдрийн энэ хүйтэн маш хүйтэн санагдаж шантрах байсан байх. Тэгэхдээ л тийм зүйл байдаггүй.

- Та дээр энхийг сахиулах үйл ажиллагаанд явж байсан гэлээ. Олон улсын хүмүүстэй хамтран алба хааж байхад танд хамгийн ихээр бодогддог байсан зүйл юу вэ?

Хамгийн ихээр эх орон, элгэн садан, хамт олон л бодогддог. Тэр үед би Фариан гэх сууринд зэвсэгт халдлага болж, машины хамгаалалтыг бүрэн хариуцаад явж байсан. Дотоодын цэргийн алба хаагчидыг чадна гэсэн итгэл хүлээлгэж хариуцсан дарга болгож явуулж байх үеэр би энэ албаараа маш их бахархаж байсан. Энэ албаныхаа нэр хүнийг унагаахгүй байх юмсан, эх орныхоо нэрийг өндөрт өргөх юмсан гэж л бодогдож байсан.

2015 онд албан үүргээ гүйцэтгэж байгаад Туулын бургасанд утаа гарч байхыг харсан. Очоод хартал Дундговь аймгийн гаралтай гэр бүлийн хоёр нилээд ядруухан байртай ажиллаж байсан. Тэгээд тухайн гэр бүлд туслах аяныг өрнүүлж орон оронтой болгосон. Энэ үйлсийг маань тухайн үед үнэлж Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав албан өрөөндөө дуудаж, энхийг дэмжих үйл ажиллагаанд явахыг санал болгосон.

Тэр үед би энэ мэргэжлийг сонгосон маань миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт гэдгийг дахин мэдэрсэн.

-Энхийг дэмжих үйл ажиллагаанаас суралцсан зүйлс их биз дээ. 

-Энхийг дэмжих үйл ажиллагаанд явах нь хувьд хүнд дэвжин дээшлэх маш том боломж байдаг. Наад зах нь хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх, олон орны хүмүүстэй харьцах, олон төрлийн зэвсэгтэй харьцах чадварыг хүнд суулгадаг. Бие хүн болж төлөвших хамгийн том сургууль гэж боддог.

 -Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


keyboard_arrow_up