ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргалтай “Дураараа Бишээ ДҮРМЭЭРЭЭ” аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар ярилцлаа
-Дураараа Бишээ ДҮРМЭЭРЭЭ аян маань яараад яахав дээ аяны үргэлжлэл болж байгаа. Өнгөрсөн аяны үр дүнгээс хуваалцаач.
Орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн ослыг бууруулах нь Яараад яахавдээ аяны гол зорилго байсан. Уг аяныг 6 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулсан. Учир нь энэ үед хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөний эрчим нэмэгдэж тэр хэрээрээ зам тээврийн осол нэмэгддэг. Тус яны хүрээнд зам тээврийн осол өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 10 хүртэлх хувиар буурсан.
Одоо бид суурин газар замын хөдөлгөөнд оролцож байгаа оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, чиглэлээр “Дураараа Бишээ Дүрмээрээ” аяныг эхлүүлээд байна.
Энэ аян маань 9-р сарын 23-аас хоёр сарын хугацаатай үргэлжилнэ. Аянд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаагаас гадна НЗДТГ, “Оюу толгой” ХК, ЗТХЯ хамтран ажиллаж байна.
Аяны хүрээнд ямар мессэжүүдийг иргэдэд түлхүү хүргэхээр зорьж байна вэ?
Нэгдүгээрт замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигч нар хөдөлгөөнд дүрмээрээ оролцох хэрэгтэй гэдгийн ойлгуулмаар байна. Хэврээ бид дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцвол хөдөлгөөний ачаалал 30 хүртэлх хувиар буурах боломжтой гэсэн судалгаа байдаг.
Ер нь дүрэм гэдэг нь замын хөдөлгөөнд оролцоход зөвшөөрөх болон хориглосон хэм хэмжээг л зохицуулдаг. Дүрмээс гадна хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандаж, соёлтой оролцох нь маш чухал. Бусдад хүндэтгэлтэй, хүлээцтэй хандсан 3 секунд нь дараагийн хэн нэгэнд хүлээцтэй хүндэтгэлтэй хандах эхний алхам болдог юм шүү. Ингэснээр зам дээр гарч байгаа ослын тоо буурч, стресс бухимдал ч багасна. Гадны орны туршлагаас харвал зам дээр “ТА би ТА” гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ нь боломжтой бол бусдад зам тавиад өгчихье, дараа нь би хөдөлгөөнд оролцъё гэсэн үг. Биенийхээ урдуур дайрах, хөдөлгөөнд оролцохдоо зам тавьж өгдөггүй, эгнээ байр буруу эзэлдэг зэрэг зөрчлөөс болж л суурин газарт зам тээврийн осол их гараад байна.
Та сая бие биендээ хүндэтгэлгүй хандах, зам тавьж өгөхгүйгээс болоод зам тээврийн осол их гарч байна гэж хэллээ. Үүнээс гадна бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын дийлэнх хувийг ямар төрлийн хэрэг эзэлж байна вэ?
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 29474 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 28794 буюу 97% нь жолоочийн буруугаас, 632 буюу 2.1% нь явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан гэж бүртгэгдсэн байна. Гардаг нийтлэг алдаа гэвэл дийлэнх жолооч нар цаг нартай уралдаж буй мэт л гэрлэн дохио солигдох үед уулзварлуу уралдаж ордог. Энэ үед хөндлөн огтлолцлын замаас ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, түгжрэл үүсгэх тохиолдол их байдаг. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа ганц жолоочоос болж бусад хэвийн хөдөлгөөнд оролцогч түгжирч, хохирдог гэсэн үг.
Бас нэг түгээмэл тохиолдол 3 эгнээ бүхий зам дээр бусдад зам тавьж өгөөгүйгээс болоод осол гарахад тухайн замын нэвтрэх урсгал 1-2 эгнээгээр хаагдан ачаалал, түгжрэлийг үүсгэдэг.
Мөн түгжрэл, ачаалалд нөлөөлж байгаа том шалтгаан нь зогсоолын бус талбайд буюу замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулан орхих, эсвэл машин дотроо хэнэг ч үгүй сууж байдаг.
Энэ үйлдэл нь тухайн замын нэг эгнээний нэвтрэх чадварыг бүрэн хааж байна гэдгийг ойлгож ухамсарладаггүй. Үүнээс болоод замын нөхцөл байдал өөрчлөгдөн жолооч нар зэргэлдээ эгнээрүү орохдоо бусдыг шахдаг зэрэг үйлдлээс мөргөлдөж маргаан үүсгэдэг. Мөн явган хүний давуу эрхтэй гарц, гарам дээр зам тавьж өгдөггүй, эгнээ байр буруу эзлэсэн зөрчлүүд байдаг. Жолооч нар энэ мэт энгийн бөгөөд амархан зүйлсийг хийгээд сурчихвал зам тээврийн осол, зөрчил, түгжрэл буурах боломжтой. Сүүлийн үед жолооч нар зам тавьж өгсөн хүндээ баярлалаа, уучлаарай гэдэг гэрлийг асаадаг болсон. Энэ нь цаашлаад зам тавьж өгсөн, урдаа оруулсан хүндээ өгөх жижигхэн ч гэсэн сэтгэл юм.
-Хоногийн нөхцөл байдлын мэдээн дээрээс ажиглаж байхад явган зорчигч зам тээврийн осолд их өртөж байна. Энэ талаар.
Нэг үеэ бодвол иргэд гарцаар гарах нь нэмэгдсэн. Гэвч залуучууд гарцаар гарахдаа чихэвчний хөгжим сонсох, утсаар ярих, ногоон гэрлэн дохио ассан тохиолдолд гарцаар гарах тал дээр дутагдалтай талууд ажиглагдаж байна. Үүнээс гадна явган зорчигч гарцгүй газраар зам гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг нь зам тээврийн осолд өртөх томоохон шалтгаан болж байна.
Иргэдэд хандаж хэлэхэд явган хүний гарцтай зам байсан ч гэсэн зөвшөөрөгдсөн гэрэл дохио буюу ногоон гэрлээр гарч хэвших шаардлагатай.
Хэрэв гарц гарамгүй газраар зам гарах гэж байгаа бол орчны нөхцлөө харж байгаад, хэрэв тээврийн хэрэгсэл ойртон ирж байвал өнгөрөөгөөд араар нь зам гарах хэрэгтэй. Ингээгүйгээсээ л болоод мөргүүлээд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа нь харамсалтай.
Жолооч гарцан дээр явган хүнд зам тавьж өгөөгүй бол зөрчлийн тухай хуулиар ямар хариуцлага тооцож байна вэ?
2018 оны 11 дүгээр сарын 01-ээс шинэ замын хөдөлгөөний дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Уг шинэ дүрэмд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлийн олон зүйл заалт тусгагдсан. Маргаан дагуулдаг олон төрлийн осол аваар шийдэгдэх зүйл заалтууд орсон. Хэрэв жолооч гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол зөрчлийн тухай хуулийн 14.7-38 заалтаар 20 нэгжээр торгодог. Бид гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй зөрчил гаргасан жолооч нарт газар дээр нь хариуцлага тооцон ажиллаж байна.
Жолооч нарын хувьд хурд хэтрүүлвэл, үзлэг оношилгоондоо ороогүй бол арга хэмжээ тооцогдоно гэсэн заалтаа л мэддэг. Харин гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэг, бас бусад явган зорчигчруу хандсан хуулийн мэдлэг тааруухан байгаа нь ажиглагдаж байна.
-Дураараа биш Дүрмээрээ аянд олон нийтийн дэмжлэг хэр байна вэ?
Урлаг, спортын болон бусад олны танил хүмүүс манай аяныг дэмжин хамтран оролцож байна. Хамгийн энгийн хамтын ажиллагааны үр дүн бол олны танил хүмүүс маань өөрийн нийтийн сүлжээн дэх фэйсбүүк хаягийнхаа нүүр зурган дээрээ манай аяны frame-ийг байршуулж байна. Одоогийн байдлаар 300 гаруй олны танил эрхмүүд сольсон байна. Ярилцлага үзэн суугаа та ч мөн frame-ээ сольж бидний ажлыг дэмжээрэй.
Мөн байгууллагууд ихээр дэмжин хамтран ажиллаж байгаа. Нийтийн тээврийн газар, “Өгөөж чихэр боов” ХК, “Талх чихэр” ХК болон бусад үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд маань өдөр тутамд хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгсэл, түгээлтийн машин дээрээ “Дураараа Бишээ Дүрмээрээ” зурагт хуудсыг байрлуулан ажиллаж байна. Их дээд сургуулиудын оюутны зөвлөлүүд өөрсдийн санаачлагаар хамтран ажиллаж зурагт хуудас, видео бичлэг, пост зэргийг бэлтгэж олон нийтийн сүлжээнд байршуулсан. Дурьдвал АШУИС, МУИС, ШУТИС, БИС, Улаанбаатар их сургууль гэх мэт олон байгууллага хувь хүмүүс манай аянд нэгдсэн. Энэ дашрамд манай аяныг дэмжиж хамтран ажиллаж байгаа бүх байгууллагууддаа талархлаа илэрхийлье. Таны хийсэн, хийх гэж байгаа энэ үйлс зам тээврийн ослыг бууруулахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
-Яараад яахав дээ аяны үр дүнд хөдөө орон нутагт гарах зам тээврийн осол 10 орчим хувиар буурчээ. Тэгвэл энэ аяны үр дүнг та бүхэн хэрхэн харж байна вэ?
Улсын хэмжээнд бүртгэлтэй 1.107.000 /нэг сая долоон зуун мянган/ тээврийн хэрэгсэл байна. Үүний 60 орчим хувь Улаанбаатар хотод зам тээврийн хөдөлгөөнд оролцож байна. Японы Токиод л гэхэд нийт иргэдийн 90 хувь нь нийтийн тээврээр зорчдог, Бээжинд 60 хувь, харин монголд 70 орчим хувь нь хувийн автомашинаараа оролцож байна. Энэ тоо үзүүлэлтээс харахад л манай замын ачаалал ямар өндөр байгааг харж болно. Үүнийгээ дагаад зам тээврийн осол, зөрчил их гардаг. Улсын хэмжээнд энэ оны эхний 8 сарын байдлаар нэг сая 200 мянган зөрчил бүртгэгдсэнээс 72 хувь нь зөвхөн нийслэл хотод бүртгэгдсэн байдаг. Аянг хэрэгжүүлсэнээр зам тээврийн ослын гаралт багасаж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил буурна гэж харж байгаа.
Нийт жолооч нарт замын хөдөлгөөндөө “ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” оролцоорой гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.