Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор Хамтарсан баг хэмээх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан багийг байгуулан, ажиллуулж эхлээд хэдэн жил болжээ. Тэгвэл бид энэхүү Хамтарсан багийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцлагаа эхлүүлье.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн Засгийн газрын нэг нэгж юм. Манай байгууллагын хувьд 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, эрсдэл бүхий иргэдэд сэтгэлзүй, хуулийн зөвлөгөөг өгөх, түр хамгаалах байранд байрлуулах, хохирогч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай үед хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд зуучлах ажлыг гүйцэтгэдэг. Мөн хүүхдийн тусламжийн утас 108 дугаарыг ажиллуулж хүчирхийлэлд өртсөн, хамгааллын зөрчилд орсон хүүхдийг бүртгэн авч, хариу арга хэмжээ авч ажилладаг.
- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хаанаас, хэнээс хамгийн анхны тусламж авч болох вэ?
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх анхдагч нэгж нь “Хамтарсан баг” юм. Хамтарсан баг нь тухайн сум, хорооны Засаг даргаар ахлуулсан, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, мөн энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн салбар дундын оролцоог хангасан зохион байгуулалт юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд өөрт шаардлагатай тусламж, үйлчилгээг Хамтарсан багийн аль ч гишүүнд хандан авч болно. Жишээлбэл, хүчирхийллийн улмаас эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай бол өрхийн эмчдээ шууд хандаж болно, харин өрхийн эмч нь цааш Хамтарсан багтаа хэргийг уламжилж, багаараа үзүүлэх тусламж, үйлчилгээг тодорхойлдог.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн уршиг өвчин, тиймээс аль нэг салбар дангаараа шийдэж чадахгүй, нөгөө талаасаа хүчирхийллийн хохирогчид олон төрлийн тусламж, үйлчилгээ шаардлагатай байдаг. Хамгийн түгээмэл нь сэтгэл зүйн, хууль зүйн зөвлөгөө, хамгаалалт юм.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд Хамтарсан багаар үзүүлэх үйлчилгээг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд тодорхой зааж өгсөн.
- Хамтарсан баг анх хэзээнээс үйлчилгээ үзүүлж эхэлсэн бэ?
Хамтарсан баг байгуулах анхны санаачлага Иргэний нийгмийн байгууллагуудаас 2003 онд гарч байсан бол хамгийн анхны эрх зүйн баримт бичгийг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 44 тоот тушаалаар нийслэлд Хамтарсан баг байгуулж, ажиллах шийдвэр гарч байсан. Эрх зүйн орчны хувьд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуульд анх хуульчилсан. Гэхдээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд Хамтарсан баг, түүний үзүүлэх үйлчилгээг бүлэг болгон шилжүүлэн хуульчилсан. Өнөөдрийн байдлаар бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг мөрдөн ажиллаж байна.
- Хамтарсан баг олон салбарын төлөөллөөс бүрддэг гэж хэллээ, хэн тэдэнд мэргэжил, ур чадварын зөвлөгөө өгөх үүрэгтэй вэ? Учир нь сум, хорооны түвшинд төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ажилтан, алба хаагчид үндсэн үүргээсээ гадна давхар Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх ажил болж байгаа юм байна шүү дээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн бүх салбар нэн ялангуяа Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн Ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтдаа болон дангаараа Хамтарсан баг, гишүүдийн чадавхи, үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжинд анхаарч тасралтгүй мэргэжил, ур чадварыг дээшлүүэх сургалт, зөвлөмжөөр хангаж ирсэн. Тухайлбал 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан сертификаттай сургагч багш нар Хамтарсан багийн сургагч багшийг бэлтгэсэн.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд Хамтарсан багийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааг тодорхой хуульчилж өгснөөр өмнө нь иргэний нийгмийн байгууллага, төсөл, хөтөлбөрийн хүрээнд боловсруулж, хэрэглэж байсан Хамтарсан багаар ажиллах арга зүй, сургалтын хөтөлбөрийг нэгтгэн, үндэсний хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэн, зөвхөн уг бэлтгэгдсэн сургагч багш нар Хамтарсан багт зориулсан сургалтыг заах, үндэсний хэмжээнд Хамтарсан багийн үйл ажиллагааны, үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар тэгш мэдээлэл өгч ажиллаж байна.
Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Хамтарсан багийн үндэсний сургагч багшийг дахин бэлтгэх сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ удаагийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад эрүүл мэнд, боловсролын салбарын төлөөлөл оролцож байгаагаараа 2017 оны сургалтаас давуу болж байна. Бэлтгэгдсэн үндэсний сургагч багш нар маань бүсийн хэмжээний сургагч багш нарыг бэлтгэх, бүсийн сургагч багш нар орон нутагтаа сургалт явуулах төлөвлөгөөтэй. Тиймээс 2019 ондоо багтааж улсын хэмжээний бүх Хамтарсан багийн сургалтуудыг зохион байгуулж дуусна.
- Хүчирхийлэлд өртсөн иргэн дахиад хүчирхийлэл үйлдэгдэх вий гэх айдсаас болоод хуулийн байгууллагад хандах нь бага байдаг. Тэгвэл хамтарсан баг энэ хандлагыг өөрчилж байна гэсэн үг үү.
Тийм ээ. Хохирогчийн хувьд хүчирхийлэлд өртдөг ч гэр бүлийнхээ хүнийг шийтгүүлэх хүсэлгүй байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд Хохирогчид ямар нэгэн байдлаар гэмтэл учраагүй дээрээс нь эхний удаагийн үйлдэл бол үүнийг зөрчил гэж үзээд шүүх 7-30 хоног баривчилдаг. Харин тухайн үйлдэл нь хэвшмэл болсон, хохирогч нь хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай бол шууд гэмт хэрэг гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн биед гэмтэл учруулсан бол гэмт хэрэг гэж үзэж шүүхээс 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог. Гэхдээ хүчирхийлэл үйлдэгч өөрийн зан харилцаандаа хүчирхийллийн бус хандлагын өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрхийг хүсдэггүй. Тиймээс Хамтарсан баг дээрх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хүчирхийлэлд өртсөн хохирогч болон хүчирхийлэл үйлдсэн этгээдийн сэтгэл зүйд нөлөөлөх, хүчирхийллийн хор уршигийн талаарх нөлөөллийн ажлыг хийдэг гэж хэлж болно. Хүчирхийлэлд өртсөн иргэд Хамтарсан багаас сэтгэл зүйн зөвлөгөө авч, гэр бүлийнхээ хүчирхийлэл үйлдэгч гишүүнийхээ зан үйлд нь эерэг өөрчлөлт хийж, хамтдаа сайхан амьдрах юмсан гэсэн туйлын хүсэлтэй байдаг.
- Гэр бүлийн хүчирхийлэл ямар хэлбэртэй байдаг вэ? Нийгэм бэлгийн хүчирхийллийг л хамгийн хүндээр тусгаж авдаг шиг санагддаг.
Хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн дөрвөн хэлбэртэй байдаг. Үүнээс бие махбодийн хүчирхийллийн хэлбэр нь зонхилж байдна.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл дандаа хавсарсан шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл зодсон бол үгээр доромжилсон, доромжилдог бол бэлгийн хүчирхийлэл үйлддэг гэх мэт.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс хүчирхийллийг маш олон удаа тэвчин өнгөрүүлдэг, харин одоо болохоо байлаа үүнээс илүү тэвчиж чадахгүй нь хэмээн бусдаас тусламж дэмжлэг хүсэх, төрийн хамгаалалт хүсэхээр шийдэх зориг гаргахад ойролцоогоор долоон жил хамтран амьдарсан судалгаа байдаг. Бодит кэйсүүд дээр ч энэ тоо батлагддаг.
Хэрэв танд хүчирхийлэлд өртөж байгаа мэдрэмж төрж эхэлсэн л бол Хамтарсан багт хандах, эргэн тойронд чинь хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бол түүнийг таслан зогсоохын тулд мэргэжлийн байгууллагуудад хандах хэрэгтэйг дахин дахин хэлмээр байна.
- Хамтарсан баг жилд хичнээн хүнд хүрч ажиллаж байна вэ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээс хойш манай байгууллага сар бүр аймаг, дүүргээс хамтарсан багаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн тоог нэгтгэн авдаг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд 2800-3000 хүнд үйлчилгээ үзүүлсэн байдаг.
Хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх түр хамгаалах байрны хүртээмж үйлчилгээ нөхцөл ямар байна вэ?
Өнөөдөр улсын хэмжээнд 18 түр хамгаалах байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Аймаг, дүүрэгт хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлуулан хамгаалахаас гадна хохирогчийн ар гэр, төрөл садны хамгаалалтад хүлээлгэн өгдөг.
- Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Хүүхдийг хүчирхийлэлтэй орчноос салгалаа гэхэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх сэтгэлзүйчид хэр хүртээмжтэй байгаа вэ?
Бага насны хүүхэд хүчирхийлэлтэй орчиныг шууд нүдээр хараад дам болон шууд хүчирхийлэлд өртдөг. Хүүхэд өсч томрох тусмаа хүчирхийлэлтэй орчноос зугтаах, дайжих хандлага их. Улсын хэмжээнд хүүхдийн сэтгэл зүйгээр дагнан мэргэшсэн ажилтан, албан хаагч байхгүй. Манай аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд сэтгэл зүйчийн 4 орон тоотой. Одоогоор ихэнх сэтгэлзүйчид төрийн бус байгууллага байгуулан сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг юм уу эсвэл хамтраад холбоо байгуулж сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлж байна.
Өсвөр насны хүүхдүүдийн хувьд хүчирхийллээс зугтах болон гэрээсээ дайжин явж байгаад аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол их байна. Охидын хувьд бэлгийн мөлжлөгийн золиос болох, хөвгүүдийн хувьд өөрөө гэмт хэрэг үйлдэх юм уу гэмт бүлэглэлд элсэх, эсвэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй.
Хэрвээ та үр хүүхдээ бодож байгаа бол түүний ирээдүйн төлөө гэр бүлийн амьдрал дахь харилцаан дээрээ анхаарах цаг болсон гэж хэлмээр байна. Мөн хүүхдийн тусламжийн 108 дугаар утас ажиллаж байгаа бөгөөд эндээс зөвлөгөө, мэдээлэл авч болно.
- 108 утсанд өдөрт хичнээн дуудлага бүртгэгддэг вэ?
Хүүхдийн тусламжийн утас 108 дугаар утсанд өдөрт 380-480 дуудлага тогтмол ирж байна. Үүний дийлэнх нь асран хамгаалах хүнгүй 4-5 насны хүүхдүүд байна. Эцэг, эх нь архины хамааралтай болсон, мөн бага насны хүүхдээ зодсон гэх дуудлагууд давамгайлдаг.
Харин өсвөр насны хүүхдүүдээс эцэх эх нь тоохгүй байна, анхаарал дутуу тавьж, үл тоомсорлодог, өөртэй нь ярихгүй, сонсохгүй байна, ганцаардаж байна, амиа хорлох бодол төрж байна гэдэг шалтгаан нөхцөлтэй дуудлагууд зонхилж байна. Бид дуудлага бүрт тохирох зөвлөмж, мэдээллийг өгч тухайн нөхцөл байдлыг үнэлэн шаардлагатай тохиолдолд хамтарсан багт мэдээлж, хариу арга хэмжээ авдаг.
- Хүүхдийг удаа дараа хүчирхийлж байгаа эцэг эхийн эцэг, эх байх эрхийг нь хасдаг энэ талаар.
Гэр бүлийн тухай хуулинд Хүүхдээ үл хайхарсан, удаа дараа хүчирхийлсэн, амь нас эрүүл мэнд, хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа эцэх эх байх чадамжгүй хүмүүсийн эцэг эх байх эрхийг нь хасах, түдгэлзүүлэх тухай заалт байдаг. Энэхүү заалтын дагуу шүүхээс зарим эцэг, эхийн эцэг, эх байх эрхийг засах эсвэл түдгэлзүүлэх шийдвэрийг гаргадаг.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл |