Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой тохиолдуулан хамгийн отгон эмэгтэй хурандаа болох ЦЕГ -ын Авто баазын ахлах нягтлан бодогч бөгөөд Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Бат-Оюунтай ярилцлаа.
Цагдаагийн байгууллагад хоёр л эмэгтэй хурандаа ажиллаж байгаагийн нэг нь та. Ер нь эмэгтэй хурандаа цолтон түүхэндээ хэр их байсан бэ?
Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөн түүхэн хугацаандаа 11 эмэгтэй хурандаа төрсөн байдаг. Миний бие энэ оны гуравдугаар сард хугацааны “цагдаагийн хурандаа” цолоо гардан авсанаар 12 дахь эмэгтэй цагдаагийн хурандаа болсон. Өөрийн ажил, амьдралаа энэ албандаа зориулж, зорилго нэгтэй хамт олонтойгоо мөр зэрэгцэн явж байгаадаа баяртай байдаг. Одоогийн байдлаар цагдаагийн албанд надтай нийлээд хоёр эмэгтэй хурандаа өргөсөн тангарагаа биелүүлээд ажиллаж байна.
Таны үндсэн мэргэжил юу вэ? Санхүү, аж ахуйн албатай хэрхэн амьдралаа холбосон талаар сонирхуулахгүй юу?
Миний аав Дэмбэрэлдаш нь нягтлан бодогч мэргэжилтэй, аж ахуйн нэгж болон төсвийн байгууллагын нягтлан бодогчоор 35 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байдаг. Би хүүхэд байхаасаа л аав шигээ нягтлан болно гэж боддог байлаа. Тиймдээ ч МУИС-ийг нягтлан бодогч-эдийн засагчаар, Цагдаагийн академийг эрх зүйч -цагдаагийн байгууллагын ажилтанаар төгсч, 1994 онд Булган аймаг дахь цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч болж мэргэжлээрээ ажиллахад аав маань их байрлаж байсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллажээ. Аавынхаа захиасаар мэргэжлээ гүнзгийрүүлж 2009 онд хугацаагүй эрхт мэргэшсэн нягтлан бодогч, 2016 онд Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудиторын эрхээ тус тус авсан.
Энэ хугацаанд ЦЕГ-ын САА-н албаны Хангалт үйлчилгээний төв, Нийгмийн хэв журам хамгаалах газарт ахлах нягтлан бодогч, Цагдаагийн академийн ерөнхий нягтлан бодогч, ДХИС-ийн хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн, ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Санхүүгийн хэлтсийн төсвийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан. Харин энэ оны гуравдугаар сараас Авто баазын ахлах нягтлан бодогч бөгөөд Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Бид чинь давхар мэргэжилтэй, тангараг өргөсөн алба хаагч гэж явдаг. Шинэхэн хамт олонтой болж, сайхан гар нийлээд ажиллаад явж байна даа.
Эмэгтэй хүн энэ урт хугацаанд тушаал дагаж ажиллахад ар гэрийн дэмжлэг туслалцаа их хэрэгтэй байдаг байх?
Тэгэлгүй яахав. Ер нь цагдаа байна гэдэг гэр бүлийн дэмжлэг туслалцаа, ойлголцолгүйгээр хийх боломжгүй ажил мэргэжил. Миний хань мөн цагдаагийн алба хаагч, эрүүгийн албанд олон жил ажиллаж байна. Нөхөр бид хоёр хоёулаа цагдаагийн алба хаагч болохоор бие биеийнхээ ажлыг ойлгож, дэмждэг. Хэн хэн нь ажлын нөхцөл байдлаас шалтгаалан оройтож ажлаас тарах нь ч олонтаа. Цагдаагийн албанд зүтгэдэг гэр бүлийн нэг онцлог нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, сургах, алба, амины бүх ажлаа амжуулах, өөрсдийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх гээд цаг хугацаатай уралдаж ажиллаж амьдардаг юм шиг санагддаг.
Миний ажлын дэргэд нөхрийн ажил гэмт хэрэгтэй тэмцэх шууд үүрэгтэй тул ажил тарсан гэж амсхийж болдоггүй. Гэсэн ч бид түвэгшээж, хүнд хэцүү ажил гэж огт бодолгүй, төрийн сүлдээ магнай дээрээ залдаг сайхан цагдаагийн албаараа бахархдаг. Бид хоёр цагдаагийн алба хаагчийнхаа хувьд ажилдаа сэтгэлтэй, үнэнч шудрага, хариуцлагатай, сахилга баттай, ёс зүйтэй, хуулиа хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэн, ард иргэдийнхээ амар амгаланг сахиулах ариун үйлсдээ хичээнгүйлэн зүтгэж, ажил албандаа сэтгэл хангалуун байдаг даа.
Та залуу үедээ юуг захиж хэлмээр байдаг вэ?
Хүн суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. Суралцсан хүн л бусдад илүү сайнаар туслах боломжтой болдогт итгэдэг. Энэ ч утгаараа сурсан мэдсэн зүйлсээ хамт олондоо үргэлж харамгүйгээр зааж зөвлөсөөр ирсэн. Манай хамт олон “Та бол хүний дээд, ажлаа чадахгүй, мэдэхгүй болсон үед та минь харамгүй зааж, зөвлөж тусалдагт тань үнэхээр их баярладаг” гэж дандаа урамын сайхан үгийг хэлдэг. Ялангуяа залуу офицерууддаа захихад амьдралынхаа хажуугаар өөртөө бага ч болов сурах цаг гаргаж байгаарай гэж хэлмээр байна. Хүний сурсан мэдсэн зүйл гэдэг бол амьдралд дандаа дэм болж, урагшлах алхам бүрийг нэмж өгч байдаг.
Үлгэр жишээ авч хүндэлж хайрладаг алба хаагчдаасаа дурсвал?
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажилладаг нягтлан бодогчдоос анхны эмэгтэй цагдаагийн хурандаа бол ЦЕГ-ын ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч Санжаахүүгийн Уранцэцэг гэж хүн бий. Урнаа хурандаагаас хамт ажиллаж байсан олон нягтлан бодогчид олон зүйл сурч мэдэж, бахархаж, хүндлэж явдаг. Би мөн энэ хүнээс л их үлгэр жишээ авч, хүндэлж ирсэн. Түүнчлэн Булган аймаг дахь цагдаагийн даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Ж. Мөнхдаш дэслэгч мөрдөсийг маань зүүж өгөхдөө олон жил үр бүтээлтэй, сайн ажиллаж хурандаа цол аваарай гэж ерөөж байсан нь санаанаас гардаггүй юм.
Санхүү, аж ахуйн алба гэдэг бол Цагдаагийн байгууллагын гол ар талыг дааж явдаг чухал хэсэг. Ил гараад байдаггүй ч гол гол ажлуудыг нь нуруундаа үүрч, нугалдаг юм шиг санагддаг?
Манай Санхүү, аж ахуйн алба нь цагдаагийн байгууллагын бүх техник хэрэгсэл, тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээ, техникийн бэлэн байдлыг ханган, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэдэг. Мөн санхүүгийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хангалт үйлчилгээг зохион байгуулах, Цагдаагийн байгууллагад мөрдөгдөх Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, төсвийн төсөл боловсруулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллогын ажлыг зохион байгуулах, санхүүгийн мэдээллийг хууль, журамд заасны дагуу олон нийтэд ил тод мэдээлэх, удирдлагыг санхүүгийн бүрэн мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрээс нь алба хаагчдын хувцас хэрэглэл, байгууллагын барилга байгууламж, хоол, эрүүл мэнд, хангамжийн бүх төрлийн ажлыг нь хариуцан ажилладаг газар. Айлаар ярих юм бол цэвэр гэрийн эзэгтэйн үүргийг хашдаг чухал алба гэж хэлж болно.
Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн хамт олон, үе үеийн удирдлагууддаа баярын мэндийг хүргэе. Мэргэжил нэгтэй нягтлан бодогчдоос маань олон олон цагдаагийн хурандаа төрөн гарч, цагдаагийн байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг улам боловсронгуй болгон мөрдөж, сайн бүртгэлийг дэлгэрүүлэх болтугай гэж ерөөе.
Эх сурвалж: Монголын Үнэн сонин |