“Цахим орчныг зөв болгоё” аяны хүрээнд иргэд, олон нийтэд ямар мэссэж өгөхийг зорьж ажиллаж байгаа вэ?
ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Цагдаагийн ерөнхий газартай хамтранухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аяныг энэ сарын 01-ээс эхлүүлээд явж байна. Тус аян нь цахим орчинд зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байна.
Монгол Улс нийт 2,9 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компаниас мэдээлсэн. Энэ хэрэглээгээ дагаад гэмт хэрэг, зөрчлийн тоо болон иргэн, аж ахуй нэгж байгууллагууд гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөх тохиолдлууд өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.
Ялангуяа цахим орчинд залилах, хүчирхийлэл, садар самууныг хууль бусаар сурталчлах, бусдын нэр хүндийг санаатайгаар бүлэглэн гутаах, доромжлох, цахим банк, данс руу нь хууль бусаар нэвтрэх, хувийн мэдээллийг нь ашиглах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хэргүүд ихээр гарч байна.
Тиймээс өнгөрсөн 9 дүгээр сард Фэйсбүүк компаний төлөөллүүд манай улсад албан айлчлал хийсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Фэйсбүүк компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.
Кибер гэмт хэргийн онцлог, өмнөх онтой харьцуулахад хэр хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна вэ?
Кибер гэмт хэргийн хувьд цахим хэрэглээгээ даган өсөж, илүү нарийн төвөгтэй, шинэ төрлүүдтэй хувирч байгаа бөгөөд түүнийг ул мөргүй арилгах ямар ч боломжгүй.
Харин хууль тогтоомж, цогц арга хэмжээнүүдийг үр дүнтэй, зөв зүйтэй хэрэгжүүлж чадсанаар кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Кибер гэмт хэрэг нь үндэстэн дамнасан хил хязааргүй үйлдэгддэг онцлогтой. Манай улсад цахим орчныг ашиглаж үйлдсэн гэмт хэргийг сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр харахад 2015 онд 83, 2016 онд 136, 2017 онд 299 хэрэг бүртгэгдсэн бол энэ жилийн хувьд эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
|