Г.Золжаргал: Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас хүүхэд хохирох тохиолдол их гарч байна
Зочин:
Г.Золжаргал
Байгууллага:
ЦЕГ
Албан тушаал:
Ажиллах арга барил:


2018 оны 10 сарын 10

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Золжаргалтай ярилцсанаа хүргэж байна.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-2018 он гарсаар улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт ямар байна вэ? Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой хүчингийн хэрэг өсөх хандлагатай байна гэсэн мэдээллийг эх сурвалж өгсөн. Энэ талаар ...

-Улсын хэмжээнд 2018 оны эхний есөн сарын байдлаар 28550 гэмт хэрэг гарсан байна. Үүнээс нийслэлд 20525, орон нутагт 7984 гэмт хэрэг үйлдэгдэж, бусад газарт 41 бүртгэгдсэн байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Бага насны хүүхдийг хүчиндэх шалтгаан нөхцөл нь гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулсан зэрэгтэй холбоотой байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Нийтдээ 59 холбогдогч байгаагаас үл таних хүнд 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүнд 26 гэсэн судалгаа гарсан.

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 31 тохиолдол бүртгэгдсэн.

Энэ бол мэдээж эцэг, эх, өвөө, төрсөн ах, нагацынхаа үүргийг хариуцлагатай сайн биелүүлдэг мянга мянган эрчүүдэд хамааралгүй юм шүү.

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд эрүүгийн ямар хариуцлага оногдуулдаг вэ?

Шинэ Эрүүгийн хуулинд хүчиндэх гэмт хэргийг зүйлчлэхдээ бэлгийн шинжтэй үйлдлийг хүч хэрэглэж үйлдсэн, завдсан, ямар нэг байдлаар энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш бүлэглэн үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “Бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй юм.

Хүүхдийг гэмт хэргээс сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байгаа вэ?

Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Сүүлийн үед эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас шалтгаалан хүүхэд хохирох тохиолдол их гарах боллоо. Хүүхэд хамгааллын чиглэлээр 2018 он гарсаар “Хайрла, хамгаал”, “Хүүхэд хамгаалал”, “Хуулиа мөрдөе”, “Бяцхан зорчигч”, “Unfriend” зэрэг арга хэмжээ, аяныг зохион байгуулсан. Энэ онд хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол улсын хэмжээнд нийтдээ 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 82 хувь нь насанд хүрэгчид байдаг. Харин хүүхэд гэмт хэрэг үйлдэхдээ үе тэнгийнхнийгээ хүчирхийлэх, бие биенийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал нийт гэмт хэргийн 18 орчим хувийг эзэлж байна.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр ямар арга хэмжээ авч байна. Сургуулийн орчинд бас гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол байдаг.

Гэр бүлээс гадна сургуулийн орчин хүүхдэд маш чухал. Дунд сургуулийн боловсролын системд хүүхдүүдэд эрх зүйн мэдлэг олгох, нэг нэгнээ хүндлэх, хайрлах чиглэлийн мэдлэг, мэдээллийг зайлшгүй оруулах шаардлагатай байна. Сургуулийн орчинд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарна. Тухайлбал, хүүхдүүд хоорондоо зодолдох, нэгнээ дээрэлхэх, гар утас болон эд зүйлсийг нь булаах гэмт хэргүүд цөөнгүй бүртгэгдсэн байгаа юм. Нийслэлд 250 гаруй сургууль бий. Цагдаагийн байгууллагын зүгээс сургуулиудад “School police” эцэг эхчүүдийн эргүүлийг чанартай зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна.

Сургуулийн доторх үйл ажиллагаанд өсвөрийн сэргийлэгч бүлгэм гэдгийг санаачилсан. Энэ нь ахлах ангийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалсан сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Гэр бүл дэх хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Тус хуулийн заалтыг томчууд хэрэгжүүлэхгүй байна.

Хүчирхийлэлттэй орчинд өсч, архи, тамхийг нүдэндээ харж дассан хүүхэд том болоод эцэг эхээ л дуурайдаг.

Энэ нь ирээдүйд архины хэрэглээтэй, хамааралтай хүнийг бий болгож байна гэсэн үг. Зан харилцааны хувьд ч хэн нэгнийг дээрэлхэнэ, хүчирхийлнэ, бусадтай ёс бус хандах хандлагыг төлөвшүүлдэг. Тэгэхээр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал бол дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, сургууль, цэцэрлэг хамт олон, гэр бүл гээд нэг үгээр хэлбэл иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байна.

Гудамж, зам талбай, олон нийтийн газар дахь хүүхэд хамгааллын асуудлыг цагдаагийн байгууллага болон бусад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу, эргүүл хөтөлбөр зэргээр зохицуулагддаг. Урамшилт эргүүл, хөршийн хяналт гэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Эдгээр хөтөлбөрийн биелэлт, үр дүн, үр нөлөөг судалж байна.

Хүүхдийг хамгаалах хамгийн гол хүн бол эцэг эхчүүд байдаг учраас хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.


keyboard_arrow_up