Б.БАТБАЯР: Олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг ЗГ-ын баталгаагүйгээр анх удаа амжилттай арилжлаа
Зочин:
Б.Батбаяр
Байгууллага:
Монгол улсын Хөгжлийн банк
Албан тушаал:
Гүйцэтгэх захирал
Ажиллах арга барил:


2018 оны 10 сарын 25

Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгожээ. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяртай ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.


-Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргаж мөнгө нь орж иржээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тиймээ. Энэ сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай татаж чадсан. Ингэхдээ 7.25 хувийн хүүтэй, Засгийн газрын баталгаагүйгээр амжилттай арилжсан. Манай бондын хөрөнгө оруулагчдын 39 хувь нь Америк. 37 хувь нь европ, 24 хувь нь Ази. Түүнчлэн дийлэнх хөрөнгө оруулагч нь активын удирдлагын компаниуд байгаа юм. Манай дансанд хөрөнгийн эх үүсвэр орж ирсэн байгаа. Ийнхүү бонд амжилттай арилжаалсан нь улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, богино хугацааны валютын гарах урсгалыг багасгах, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эерэгээр нөлөөлсөн. Энэ удаагийн бондод хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээс найм дахин давж биелэсэн нь гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлөх жишиг хэлцэл боллоо.

-Энэ удаагийн эх үүсвэрийг валютын ханшийн эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ. Мөн 2020-2024 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх болно гэж эдийн засагчид хэлж байна. Энэ нь өмнө нь авсан бондуудын эргэн төлөлтийг хийх цаг хугацаатай давхцаж байна?

-Хөгжлийн банкны зүгээс валютын ханшийн эрсдэлээс хамгаалахын тулд хоёр төрлийн арга хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, аль болох ам.долларын орлоготой төслүүдийг санхүүжүүлэх. Ингэснээр тухайн төсөл хэрэгжихэд ханшийн өсөлт дарамт үүсгэхгүй. Түүнчлэн тухайн төсөл бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргавал ханшийн эрсдэлийнхээ 60-аас багагүй хувийг хаах боломж бий. Нөгөөтэйгүүр үүсмэл хэрэгсэл буюу своп хэлцэлийг ашиглаж болно. Мөн Төвбанктай своп хэлцэл хийх эрх манай банкинд байдаг. Валютын ханшийн хувьд энэ онд эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор импортын хэмжээ өссөн нь ханшийн савалгаанд нөлөөлж байгаа. Гэхдээ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дуусах хүртэлх хугацаанд харьцангүй тогтвортой байх болов уу. Мэдээж Монгол Улсын хувьд валют олж байгаа гол эх үүсвэр нь уул уурхайн салбар. Тэгэхээр Оюутолгойн дунд шатны санхүүжилт дуусч үйл ажиллагаа нь жигдрэх үе буюу 2021-2022 оноос бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлбэл валютын ханш буух нөхцөл бүрдэнэ гэж бид үзэж байгаа.

Манайхаас гарч байгаа санхүүжилтийг төсөл хөтөлбөрт зарцуулахын хэрээр эргэн төлөлт амжилттай байх нь олон улсын зах зээлээс босгосон мөнгөө төлөхөд хүндрэл гарахгүй.

Дээрх онуудад бондуудын эргэн төлөлтийг хийх учиртай. Бидний хувьд санхүүжилт өгөх төслүүдээ ноос, ноолуур болон экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг төслүүдэд оруулсан. Салбарынхаа онцлогоос хамаарч богино хугацаатай байгаа. Өнгөрсөн хугацаанд 1.7 их наяд төгрөгийг зээл хэлбэрээр гаргасан. Төлбөр хийх хувилбарыг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулдаг. Нөгөөтэйгүүр манай эдийн засаг сэргэж буй учраас зээлжих зэрэглэл өсч байна. Ингэснээр гаднаас татах санхүүжилтийн хүү буурна. Энэ нь илүү хямд эх үүсвэрээр сунгах эсвэл өрийн удирдлагын бусад арга хэрэгслийг ашиглах бололцоо бий.


keyboard_arrow_up