Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг үзүүлдэг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн түүхт 85 жилийн ой нь тун удахгүй тохиож гэж байна.
Энэхүү эмнэлгийн нэгэн эд эс нь болон ажиллаж байгаа Хоол боловсруулах эрхтний эмгэгийн эмч, дурангийн залуухан эмч Н.Цэндсүрэнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэж байна.
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийнхээ талаар бидэнд товчхон танилцуулаач?
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг маань анх 1933 онд байгуулагдсан хуучнаар Хилийн цэргийн эмнэлэг гэж байсан одоо бол Төрийн тусгай албан хаагч буюу Хууль зүйн яамны харъяа байгууллага агентлагуудад үйлчилдэг эмнэлэг. Миний хувьд анх 2002 онд дотрын эмч гэх мэргэжлийг эзэмшээд тухайн ондоо энэ эмнэлэгт ажилд орж байлаа. Харин 2008 оноос дурангийн эмчээр одоог хүртэл ажиллаж байна. Эрүүлийг хамгаалах хэмээх энэ том салбарт 16 жил ажиллаж байна даа. Одоо энэ эмнэлэгтээ хоол боловсруулах эрхтний эмгэгийн эмч, дурангийн эмч гэсэн мэргэжлээр ажилладаг. Хоол боловсруулах эрхтний дурангаа хийж, элэг, цөс, ходоод, гэдэсний өвчний зөвлөгөө өгч, үзлэг хийдэг.
Яагаад анх дурангийн эмч хэмээх мэргэжлийг сонгосон бэ?
Анх дотрын нарийн мэргэжил эзэмшээд 2004 онд хоол боловсруулах эрхтний эмгэгийн эмчээр нарийн мэргэжил сурах хүсэлтэй байсан. Харин Интермед эмнэлгийн эмч Ц.Сарантуяа, АШУИС-ийн багш Х.Оюунцэцэг нар анх удаа хоол боловсруулах эрхтний эмгэг судлаач дурангийн чиглэлээр эмч нарыг мэргэшүүлж эхэлж байна. Чи үүнд сураач гэсэн саналыг тавьсан. Тэгээд 2004 онд анх дуран барьж үзэж байлаа. Түүнээс хойш энэ мэргэжилдээ дурласан гэж хэлэхэд болно доо. Дурангийн эмч юмийг сайн ажиглаж хардаг, хурдан шаламгай, ажлаа гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй.
Анх орж ирэхэд танай тасаг их тухтай, тохилог санагдлаа. Эмнэлгийнхээ дурангийн тасгийн талаар?
Анх манай эмнэлэгт 2008 онд дурангийн кабинет шинээр байгуулж ажиллуулахад нь би дурангийн эмчээр ажиллаж эхэлсэн. 2016 онд дахин шинээр байгуулагдаж, 2018 онд дурангийн тасаг маань орчин үеийн бүхий л тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэндээ намайг ажиллах хугацаанд дурангийн кабинетын зохион байгуулалт хоёр удаа шинээр байгуулагдсан гэсэн үг. Хоол боловсруулалтын эрхтний эмгэг судлаач эмч нар дурангийн эмч хийдэг болсон. Үүнтэй холбоотойгоор 2018 онд дурангийн кабинет нээж ажиллуулснаас хойш Ц.Мөнхзул эмч надтай хамт дурангийн үзлэгээ хийж, хоёр эмч, нэг сувилагчтайгаар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар ходоодны дуран, бүдүүн гэдэсний дуран, уушигны дурангийн шинжилгээ, хоол боловсруулах эрхтний дурангийн оношилгоо хийдэг.
2018 оны зургаан сард Австрийн төслөөр Япон улсын Fujinon брендийн 2017 оны шинэ загварын ходоод, гэдэс, уушгины дурангийн иж бүрдлүүд, Франц улсын дурангийн иж бүрэн автомат угаалгын машин, дуран хадгалах зориулалтын шкаф, дагалдах дурангийн ажилбарт хэрэглэгдэх тоног төхөөрөмжөөр хангагдсан. Ингэснээрээ бид нар зөвхөн дурангийн оношилгоо төдийгүй эмчилгээг хийх бүрэн боломжтой болж, өнөөдрийн байдлаар манай эмнэлэг дээр ходоод гэдэсний замын ургацаг авах дурангийн мэс ажилбарыг хийж эхлээд байна. Мөн дурангийн цус тогтоох ажилбарууд хийгддэг.
Дурангийн эмч байхын хамгийн сайхан зүйл нь?
Ер нь эмч гэдэг хамгийн сайхан мэргэжил. Бид хүний алтан амийг үхлээс аварч байна. Энийг л өдөр болгон бодож ажилладаг. Харин дурангийн эмчийн хувьд ялгарах онцлог ихтэй. Сүүлийн үед хоол боловсруулах замын хавдар ялангуяа ходоодны хавдарын өвчлөл ихсэж байна. Ходоодны хавдрыг эрт илрүүлэх тал дээр эмчийн хувьд боломжоороо сайн ажиллахыг хичээдэг. Яагаад гэвэл дурангаар тухайн хүний өвчнийг эрт оношилж, хурдан эмчлэх боломжтой. Мөн мэс засал биш, дурангийн жижиг ажилбараар, төгс эмчлэх боломжтой болохоор хувь хүнд их чухал ач холбогдолтой. Дурангийн шинжилгээ маш их үр дүнтэй. Оношилгооны үр дүнд 100 хувь итгэж болно. Би өөрөө хоол боловсруулах эмч учраас дурангийн эмчээр ажиллахад илүү дөхөм байдаг. Өвчтөнөө илүү их ойлгож, илүү их зүйл сурдаг. Дараагийн өвчтөндөө зөвлөгөө өгөх, оношийг тавих тал дээр энэ шинжилгээ өндөр ач холбогдолтой.
Танай дурангийн тасгаар өдөрт хичнээн хүн ирж үйлчлүүлдэг вэ?
Манайд өдөрт 20-30 хүн үйлчлүүлдэг. Дурангийн аппаратын хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотойгоор бид аль болох олон хүн л авч үйлчлэхийг зорьж ажиллаж байна.
Дурангийн шинжилгээ өгөхөд зовиуртай байдаг учраас хүмүүс их айдаг гэж хэлж болно. Энэ шинжилгээг хийлгэхэд таны зүгээс юун дээр анхаардаг вэ?
Миний хувьд өвчтөний сэтгэл зүйг бэлтгэх нь л хамгийн чухал гэж үздэг. Үүнээс гадна нэгэнт л шинжилгээ хийж байгаа учраас шинж тэмдэг, бүхий л зүйлийг сайн хянуур ажиглахыг хичээдэг. Хүний биед гадны биет орж байгаа учраас мэдээж эвгүй. Дурандах явцад яаж амьсгалах, амьсгалаа яаж тохируулах, яаж тайван байх вэ гэдгийг эмч, сувилагч энэ үеэр хэлээд өгчихвөл хүмүүс харьцангуй огилт, зовиур багатай дурандуулдаг. Хувь хүний онцлогоос шалтгаалан хэт мэдрэг хүмүүс байдаг. Тэр хүмүүс дуран орохоор өвдөх биш эмзэглэдэг. Тэрнээс биш дуран бол өвддөг шинжилгээ биш. Манайх унтуулгатай шинжилгээгээ бол зайлшгүй шаардлагатай хүнд өвчтөнд, тодорхой тохиолдолд хийдэг.
Танай дурангийн тасгийн хувьд бусад эмнэлгийн дурангийн тасгуудаас ялгарах онцлог?
Монголд дурангийн чиглэлийн эмнэлгүүд маш их хөгжиж байгаа. Эмнэлгүүдэд хийгдэж байгаа оношилгоо, эмчилгээ нэг л түвшинд хийгддэг. Харин манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн технологийг эмчилгээндээ нэвтрүүлж, иргэддээ үйлчилж байгаа. Дурангийн ариутгал, халдваргүйжүүлэх тал дээр их ач холбогдол өгдөг. Яагаад гэвэл ариутгал дутуу хийгдсэнээс болж халдвар дамжих боломжтой. Үүнээс гадна миний баруун гар гэж хэлж болох дурангийн сувилагч маш их хариуцлагатай байх ёстой. Дурангийн сувилагч бүх ариутгалыг хариуцдаг учир нь тэр шүү дээ. Дурангийн жижиг ажилбар, дурангийн бүхий л ажилд сувилагч хамтран ажилладаг. Тиймээс сувилагчгүй бол дурангийн эмч гэдэг хүн өрөөсөн далавчгүй шувуу мэт л гэсэн үг.
Удахгүй танай эмнэлгийн түүхт 85 жилийн ой тохиох гэж байна. Нийт хамт олондоо мэндчилгээ дэвшүүлээч.
Би Хууль зүйн яамны харъяа байгууллагын хамт олны энхийн манаанд бат зогсдог төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажилладаг гэдгээрээ хамгийн их бахархдаг. Мөн өөрийн мэргэжлээрээ, хамт олноороо хамгийн их бахархдаг.
Эрүүлийг хамгаалах энэ их үйлсэд мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа байгууллагынхаа олон олон эмч, сувилагч, ажилчиддаа удахгүй болох төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн мэндийг хүргэе.