Ч. Очир: 26 байршилд зуслангийн газар өмчлүүлнэ
Зочин:
Ч. Очир
Байгууллага:
Нийслэлийн Газрын алба
Албан тушаал:
Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга
Ажиллах арга барил:


2018 оны 06 сарын 06

Зуслангийн газраа өмчлөх хүсэлтэй иргэдэд зориулж нийслэлийн Газрын албанаас мэдээллийн самбар байршуулж  эхэлсэн. Энэ талаар тус газрын Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч. Очироос тодрууллаа.

Ярилцсан сэтгүүлч:
ҮНДЭСНИЙ ШУУДАН

НЭГ.

  • Мэдээллийн самбарыг хаана байршуулж байгаа вэ?
  • Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 26 зуслангийн аманд байршуулж байна. Самбар байрлуулснаар иргэд өөрсдийн эзэмшиж буй зуслангийн газраа өмчилж болох эсэхээ мэдэх боломжтой. Самбаруудыг өчигдрөөс эхлэн зуслангийн замын 2 талаар буюу зам дагуу байрлуулж байна.
  • Өмчлөх боломжгүй газарт ямар байршлууд хамаарах вэ?
  • Модны захаас 100 метр, усан сан буюу голтой ойр, өндөр хүчдэлийн шугам дор байрлаж буй айлуудын газрыг өмчлөх боломжгүй. Зуслангийн газрын асуудалтай холбоотойгоор орц гарцны асуудал шийдвэрлэх тал дээр бид илүү анхаарч ажиллаж байна. Ингэхдээ иргэд ой мод, гол ус руу чөлөөтэй аялаж, амарч байхаар орж гарах боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Энэ дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн газрын албатай хамтран орц, гарц хаагдсан талаарх судалгаа хийсэн. Зарим иргэд олгогдсон хэмжээнээсээ том хаашаа татсан байдаг. Энэ зөрчлийг арилгана.
  • Зуслангийн газраа өөрчлөхийг хүссэн иргэдэд зориулсан хуулийн хугацаа бий юу?
  • Монгол улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй газар өмчлөх тухай хуулийг 10 жилээр сунгасан. Тиймээс зуслангийн газар эзэмших, өмчлөх хүсэлтэй иргэд хэрэгтэй баримт материалаа бүрдүүлээд газраа өмчлөх боломжтой. Үүнд тодорхой хугацаа заагаагүй.
  • Хуулийн хугацааг сунгасантай холбоотой хаана ямар байршлуудад газар өмчлүүлэхээр төлөвлөсөн бэ?
  • Өмнө нь 52 байршилд цахим хэлбэрээр газар өмчлүүлдэг байдаг байсан бол одоо 68 байршилд өмчлүүлнэ. Зуслангийн газруудыг өмчлүүлэх ажил түлхүү явагдана. Иргэн өөрөө хүссэн тохиолдолд газар өмчлөж авах эрх үүсдэг. Эхний ээлжинд дээр хоёр дүүргийн 26 зуслангийн газрыг бүгдийг нь өмчлүүлнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна. Хамгийн гол нь иргэд өөрсдийнхөө материалыг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Газраа өмчлөхдөө иргэд тухайн газрын гэрчилгээг эх хувиар, газрын кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбарыг бүрдүүлээд өргөдлийн маягт бөглөж харьяа дүүргийнхээ газрын албанд өгөх юм. Өмчлөлийн ажлын үед ямар нэгэн төлбөр авдаггүй.
  • Дэд бүтэц сайн хөгжөөгүй байршилд газар олгодог гэж олон нийт шүүмжилдэг. Уг асуудлыг энэ жил хэрхэн шийдвэрлэх вэ?
  • Хотын төвд шинээр олгох газрын нөөц дууссан. Гэсэн ч Монгол Улсын иргэн шинээр газар өмчлөх хуулийн дагуу хөдөө орон нутгийн хаана ч газар өмчлөх, эзэмших боломжтой гэж заасан байдаг. Энэ жил газар өмчлүүлэх, эзэмшүүлэхээр Багануур дүүрэгт 10 га газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлж, ашиглуулахаар болсон. Үүний хүрээнд Багануур дүүргийн газрын албаны зүгээс шинээр газар эзэмшүүлэх ажил хийгдэж байна.

keyboard_arrow_up