Д.Содном: Багануурт станц байгуулснаар цахилгааны өртөг буурна
Зочин:
Д.Содном
Байгууллага:
Албан тушаал:
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд
Ажиллах арга барил:


2018 оны 05 сарын 29

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содномтой эрчим хүчний асуудлаар цөөн хором ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:
ҮНДЭСНИЙ ШУУДАН

НЭГ. Багануурт станц байгуулснаар цахилгааны өртөг буурна

-Манай Улсын эрчим хүчний бие даасан, найдвартай хангалт ямар байгаа вэ?

-Манай улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 20 орчим хувийг хөрш улсуудаас авч хангаж байна гэсэн мэдээ саяхан сонинд гарсан. Дулааны эрчим хүчний хэрэгцээ хангагдаагүй байгаа нь бүгдэд тодорхой. Мөн цахилгаан станцууд 30 гаруй жилийн настай буюу хуучирсан, шинэчлэх шаардлагатай гэсэн мэдээ гарсан байна билээ. Энз бүхнээс үзэхэд манай улсын эрчим хүчний бие даасан болон найдвартай хангалт асуудалтай байгаа.

-Энэ салбарын талаар төр ямар бодлоготой байх ёстой вэ?

-Цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн бөгөөд найдвартай хангадаг байх нь улсын аюулгүй байдалд, эдийн засаг нийгмийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой.

Ийм учраас дэд бүтцийн, үүний дотор эрчим хүчний салбарыг эхний ээлжид хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байхыг улс орнуудын төр засаг эрхэмлэдэг.

Манай улс ийм бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлж байх тууштай бодлого барьж, түүнд хөрөнгө хүчний нөөцийг төвлөрүүлээгүйн уршгаар өнгөрсөн гучаад жилд шинээр том чадлын цахилгаан станц барьсангүй. Улаанбаатар хотод V Цахилгаан станц, Тавантолгой, Шивээ овоо, Багануурын нүүрсний орд дээр цахилгаан станц барих тухай гучаад жил ярьсан боловч нэг нь ч хэрэгжсэнгүй. Энэ нь төрийн эрх барьж байгаа манай улс төрийн намуудад зөв бодлого тодорхойлж тууштай хэрэгжүүлэх чадвар сэтгэл байдаггүйтэй холбоотой.

Нүүрс түлж цахилгаан дулаан үйлдвэрлэдэг станцуудыг жигд ажиллуулах, өглөө оройн болон өвөл зуны оргил хэрэглээний хэрэгцээг хангахад зайлшгүй шаардагдаж байдаг усан цахилгаан станцыг Эгийн голд барих асуудал шийдэгдэхгүй байна. Энэ нь Сибирийн усан цахилгаан станцуудын хямд өртөгтэй цахилгааныг манай улсад борлуулж байх бизнесийн сонирхол болон цахилгаан эрчим хүчний хангалтаар Монгол Улсыг хараа хамааралдаа байлгах бодлогоор Орос улсын зүгээс “Сэлэнгэд станц барьчихвал Байгаль нуур сүйрнэ гэх сүржин шалтгаанаар саад хийж байгаатай холбоотой.

-Багануур тэргүүтэй төслүүд хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх бол?

-Багануурын нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барих шаардлага бий.Улмаар нүүрсний тээврийн зардал байхгүй болж цахилгааны өртөг хямдарна. Улаанбаатар хотод цахилгаан станц барихгүй, харин дулааны хэрэгцээг хангахад зориулсан дулааны станцуудыг Амгалангийн дулааны станцын төслийн адилаар байгуулах нь зөв. Оюутолгойн уурхай болон Говь болон Баруун бүсийн цахилгааны хэрэгцээг хангах том цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордын дэргэд барих шаардлагатай. Хүч чадлыг нь багасгаж Оюутолгойд барих санал гарвал хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Мөн Сэлэнгэ мөрний цутгалан буюу Эгийн голд усан цахилгаан станцыг барих ажлыг ойрын жилүүдэд эхлэх. Байгаль нуурын усны түвшин багасна гэдэг шалтгаан биш, шинэ барих станцын усан санг дүүргэх хугацааг байгаль нуурт нөлөөлөхгүй байхаар зохицуулж болохыг энэ талын мэргэжилтнүүд болон эрдэмтэд мэднэ. Хоёр улсын удирдлагын дээд түвшинд ярьж ойлголцож шийдэх боломжтой гэж хардаг юм. Түүнчлэн Шивээ-Овоогийн нүүрсний ордод станц барих эсэх асуудлыг БНХАУ-ын тал сонирхож, үйлдвэрлэх цахилгааныг үндсэндээ Хятад Улсад нийлүүлэх нөхцөлийг санал болговол зөвшөөрөх нь зүйтэй.

Харин баруун аймгуудын хэрэгцээг хангах зориулалтаар аль нэг нүүрсний уурхай дээр томхон станц барих, жижиг усан станц барих төлөвлөгөөг гаднаас импортлохгүй байх тооцооны үндсэн дээр боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй. Дүгнэж хэлбэл, Багануур, Тавантолгойн нүүрсний, Эгийн голын усан станц гэсэн гурван томхон станцыг барьснаар цахилгаан эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ.


keyboard_arrow_up