Б.ЭРДЭНЭДЭЛГЭР : ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН МӨНГӨНИЙ УРСГАЛ ГАДАГШАА ЧИГЛЭХ БОЛСОН
Зочин:
Б.Эрдэнэдэлгэр
Байгууллага:
ЦЕГ
Албан тушаал:
Мөрдөн байцаах албаны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахмад
Ажиллах арга барил:


2018 оны 04 сарын 30

Статистик баримтаас харахад залилангийн гэмт хэрэг улс орны хэмжээндүйлдэгдэжбуй гэмт хэргээс жил бүр өссөн үзүүлэлттэй гарч байна. Тиймээс залилангийн гэмт хэргийн талаар тодорхой ойлголтыг иргэдэд системтэй хүргэх ажлыг Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа.

Гэрэл зургийг:
Гэрэл зургийг mpa.mn
Ярилцсан сэтгүүлч:
zaluu.com

НЭГ. ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН МӨНГӨНИЙ УРСГАЛ ГАДАГШАА ЧИГЛЭХ БОЛСОН

-Залилангийн гэмт хэрэг жил бүр өсөн нэмэгдэж байгаа гэсэн статистик бий. Баримтыг тоон үзүүлэлтээр хэлж өгөхгүй юу?

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах алба хамтран залилах гэмт хэрэгтэй тэмцэх, тэр дундаа сүлжээний пирамид тогтолцооны аргаар залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр 4 дүгээр сарын 11-ээс 30-ны хооронд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн баримт, тоон мэдээнээс харахад залилах гэмт хэрэг 2016 онд бүртгэгдсэн гэмт хэргийн 7.9 хувийг эзэлж байсан. Харин2017 онд 9.2 хувь, энэ оны эхний гурван сарын байдлаар 12.7 хувийг эзэлж байгаа юм. Энэ бол энэ төрлийн гэмт хэрэг байнга өсч байгааг харуулсан баримт. Тиймээс Цагдаагийн байгууллага иргэд, олон нийтэд яавал залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх вэ гэсэн ойлголтыг хүргэн, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийн ажлуудыг хийж байна.

-Залилангийн гэмт хэргийг дотор нь задалж авч үзвэл аль төрлийн залилан давамгайлж байх юм?

-Сүлжээний бизнес. Энэ бол залилах гэмт хэргүүд дунд онцлох анхаарал татаж байна. Сүлжээний бизнес гэсэн нэрийн ард пирамид тогтолцоотой луйвар нуугдаж байгааг иргэд төдийлөн тоодоггүй. Энэ нь эргээд өөрийг нь эрсдэлд оруулдаг муу талтай. Сүлжээ нэртэй бизнес сүүлийн жилүүдэд манай улсад шууд борлуулалтын худалдаа гэсэн халхавч нэртэйгээр орж ирэх болсон.

Бас хөрөнгө оруулалтын сан, гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн гоё сайхан нэрний ард нуугдан иргэдийг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, хууль бус аргаар хөрөнгөжих болсон. Мөн шууд болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан олон нийтэд суртал ухуулга явуулж, гадаад, дотоодын иргэн, ажахуйн нэгжүүд иргэдийг төөрөгдүүлж залилж байна.

Ийм сүлжээний бизнесийг дагаж, үүний улмаас хохирсон иргэдийн тоожилээс жилд өсч байна. Тиймээс үүсч болзошгүй эрсдэлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлж мэдээ, мэдээлэл өгөх, гэмт үйлдлийг таслан зогсоох тал дээр цагдаагийн байгууллага идэвхтэй арга хэмжээ авч ажиллаж байна.

-Нийгэмд тогтсон жишгээс харахад гоо сайхны бүтээгдэхүүний сүлжээ, эмийн ургамалын сүлжээ гэх мэт бизнеснүүд хэсэг хүчтэй дэлгэрч байгаад сураг тасарчихсан байдаг. Иргэдийн мөнгийг хангалттай хамчихаад үүд хаалгаа барьдаг байх нь ээ?

-Пирамид сүлжээ бизнес маш хүчтэй гарч ирдэг. Нэг бизнес хэсэг хугацааны дараа нурмагц дараагийн пирамид луйвар дэлгэрэх үйл явц бол өөрөө энэ бизнесийн онцлог гэж ойлгож болно. Гэсэн ч иргэд тэрэнд итгээд хохироод байдаг. Яагаад вэ гэдгийг судлаад үзэхээр тэд зүгээр л нэр болон бизнест ашиглаж байгаа бүтээгдэхүүнээ өөрчилсөн байдаг. Бас өндөр цалин урамшуулал амлаж байна. Бараа бүтээгдэхүүнээр өнгөлөн далдалсан хэлбэрт шилжих гэх мэт арга, техникээ улам нарийсгаад байна л даа.

Өндөр өгөөж, ногдол ашиг амлаж, урамшуулал олгож, бараа бүтээгдэхүүнээ чанартай хэмээн сурталчилаад иргэдийг төөрөгдөлд оруулах аргыг луйварын гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс түлхүү хэрэглэж чаддаг. Урамшуулал, өгөөж хүртсэн иргэд энэ сүлжээ рүү гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд өөрийн эргэн тойрны бүх хүнээ татаад оруулчихдаг. Сүлжээ ингэж тэлсээр эцэст нь гишүүнээр элсүүлэх хүн үлддэггүй. Ингээд эргэлтийн бараа бүтээгдэхүүнгүй болоод пирамидын гурвалжин нурдаг. Сүлжээний бизнес бол иргэдийн асар богино хугацаанд амар хялбар аргаар мөнгөө өсгөх гэсэн сэдэл, санаа бодолд тулгуурладаг зүйл учраас хүн өөрийн өмчлөлийн машин тэрэг, байр, хашаа байшингаа барьцаанд тавьж зээлж авах, ломбардонд эд зүйлээ тавиад мөнгө оруулчихсан байдаг. Тэгээд пирамид нурж унахаар хохирогч болоод үлдчихдэг юм. Энэ бол ийм л хортой зүйл.

Сүлжээний бизнесийн маргааны дагуу Цагдаагийн байгууллагад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан хэргийн уяаг тайлахад ийм л дүр зураг буусан байдаг юм. Тийм учраас иргэддээ хандаад энэ төрлийн залилангийн гэмт хэргээс сэргийлэх талын мэдээллийг өгч  ажиллаж байна.


ХОЁР. “сүлжээний бизнес” нэрээр халхавч хийсэн пирамид тогтолцоотой луйварын гэмт хэргээс сэргийлэх хэрэгтэй

Arslan.mn

-Хэргийг шалгаж, гэмт хэрэг үүссэн нөхцлийг судалж, гэмт этгээдүүдийн хэлж ярьж байгаа зүйл дээр аналитик хийж байдаг Цагдаагийн байгууллагад тодорхой зөвлөмжүүд бий болсон байх. Сүлжээний бизнесээс хэрхэн сэрэмжлэх вэ, яавал хохирогч болохгүй байх вэ гэсэн тэр зөвлөмжүүдийг иргэддээ хандаж хэлэх үү?

-Ямар ч иргэн эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаанд оролцох ёстой л доо. Гэхдээ иргэд эхлээд юунд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа вэ, үр өгөөж нь хэр бодитой юм бол гэсэн асуултын хариуг математик тооцооллоор гаргаад үзэх нь зөв болов уу. Үүнээс гадна сонирхоод байгаа бизнесийнхээ мэдээллийг бодитоор авч, сайн муу талыг харьцуулан харж байгаасай гэж бодож байна. Хуульчдаас зөвлөгөө авах, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх зэрэг олон аргаар “сүлжээний бизнес” нэрээр халхавч хийсэн пирамид тогтолцоотой луйварын гэмт хэргээс сэргийлж чадна.

Гэмт хэргийн хохирогч болж, эд материал, сэтгэл санаагаар хохирч байхаар эхлээд судалгаагаа сайн хийж, хуулийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжтэй танилцаж, түүнийгээ ойр дотныхоо хүмүүстэй хуваалцаж баймаар байна.

Энэ төрлийн залилангийн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтаар зохицуулж өгсөн байдаг. Цагдаа, прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол шүүх 5-12 жилийн хугацаагаар хорих ял оноодог. Тийм учраас Цагдаагийн байгууллага төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, олны танил хүмүүс, ТВ радио, цахим мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээр дамжуулан энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Энэ бол ирээдүйд залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс иргэдээ хамгаалсан үйл ажиллагаа. Нөгөө талаар залилан хийсэн ч хуулийн гадна үлдэхгүй гэдгийг ойлгуулахыг хичээж буй ухуулга, мэдээлэл. Ингэж л бид иргэддээ мэдээлэл өгч ажиллахыг зорьж байгаа юм.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад залилах гэмт хэргийн гаралт яагаад өсөх болов?

Залилах гэмт хэргийн тухай 2010-2012 онд 6000 гаруй хохирогчтой, 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан 11 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт ажиллагаа явуулж, үүнээс 9 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

Үүнээс хойш буюу 2012-2014 онд энэ төрлийн гэмт хэргийн гаралт харьцангуй бага байсан.  Учир нь гурван жилийн дотор хүмүүс өмнөх болсон үйл явдлыг бүгд мэдэж байсан учраас хууртагдах нь илүү бага болсон. Гэтэл 2014 оноос хойш энэ төрлийн пирамид тогтолцооны аргаар бусдыг залилах хэрэг ахиад нэмэгдэх хандлагатай болсон. Сүүлийн жилүүдэд үйлдэгдэж буй гэмт хэргийн хамгийн хор уршигтай, санаа зовоож байгаа асуудал нь дотооддоо пирамид үүсгээд явдаг байсан бол 2014 оноос хойш энэ мөнгөний урсгал гадагшаа чиглэх болсон. Тухайлбал, гурван төгрөг гадагшаа гараад буцаж орж ирэхдээ нэг төгрөг болж ирдэг. Үлдсэн хоёр төгрөг нь тухайн улсдаа үлддэг гэж ойлгож болно.

Тиймээс хууль, хяналтын байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн талаар тогтмол арга хэмжээг авч ажиллах, иргэддээ үнэн, бодит мэдээллийг хүргэх, ойлгуулах тал дээр анхаарч ажилладаг.


keyboard_arrow_up