GEE: УТААНЫ эсрэг МАСК тараагаад ч болов өөрөөс шалтгаалах зүйлийг хийе гэж СЭТГЭЛЭЭ ХУУРЧ байна
Зочин:
Т.Мөнх-Эрдэнэ
Байгууллага:
Албан тушаал:
ДУУЧИН
Ажиллах арга барил:


2018 оны 01 сарын 15

Хип хоп дуугаараа дамжуулан хэлэх үгээ хэнээс ч айхгүй шулуухан хэлчихдэг нэгэн бол рэппэр Big Gee буюу Төгсжаргалын Мөнх-Эрдэнэ. Энэ удаад түүнтэй уран бүтээл гэхээсээ илүү хувь хүний үзэл бодол, хандлага талаас нь ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. ӨНӨӨДӨР БИД ӨӨРСДИЙГӨӨ ХУУРЧ БАЙНА, ИРЭХ ЖИЛ ДАХИАД ӨӨРСДИЙГӨӨ ХУУРНА

Цахим сүлжээ буюу сошиал орчинд хамгийн олон дагагчтай хүн гэвэл бараг л таныг хэлэх байх. Магадгүй таны уран бүтээл, үзэл бодлоо илэрхийлэх хамгийн чөлөөт орчин чинь байх?

Сошиал бий болсноор иргэн бүр сэтгүүлч байх тийм боломжийг өгсөн гэж би хардаг. Өнөөдөр хувь хүн бүр өөрийн цахим сүлжээгээрээ дамжуулан иргэний сэтгүүл зүйн ажлаа хийж байна. Тэд болж байгаа юмыг хоёр гараа өргөөд дэмжиж, уриалж байхад болохгүй, тэвчишгүй зүйлийг шүүмжилж, анхааруулж, өөрийн хэлэх гэсэн үгээ хэлж байна. Үүнийг л би иргэн бүр цахим орчинд сэтгүүлчийн үүргийг гүйцэтгэж байна аа гэж хэлээд байгаа юм. Одоогийн байдлаар миний цахим хуудас 500 гаруй мянган дагагчтай.

Би өөрийнхөө зөв гэж бодсон зүйл рүү хүмүүсийг уриалах, буруу гэж бодсон зүйлээсээ бусдыг татгалзуулах тэр нөлөөллийг үүсгэхийг хичээж байна.

Заримдаа миний зөв гэж бодсон зүйл бусдын хувьд буруу байх тохиолдол байна, миний буруу гэж бодсон зүйл бусдын хувьд зөв байх тохиолдол байдаг. Энэ бол цаг хугацааны хэмжүүр. Гэхдээ энэ хэмжүүрт би өөрийгөө харьцуулах дургүй. Яг л өөрийнхөөрөө харж, бодож байгаа тэр зүйлдээ эзэн байх гэж хичээдэг.

Олон нийтэд мэдээлэл түгээж буй сувгуудыг ямар байгаасай гэж боддог вэ?

Хамгийн гол нь үнэн бодитой байх хэрэгтэй. Өнөөдөр нийгэмд медиа салбар зүгээр л хэн нэгний зэвсэг, тархи угаах хэрэгсэл болчихоод байна. Аливаа асуудлыг өөрөөсөө холдуулах гээд хэвлэл, мэдээллээр өөр сенсацитай зүйл цацчихдаг болсон. Нөгөөтэйгүүр хувь хүмүүс маань мэдээ, мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, олон талын эх сурвалжаас мэдээллийг авч үнэн бодит эсэхэд дүгнэлт гаргадаг, бүх зүйлд 100 хувь итгэж,  туйлшрахгүй байгаасай.

Хүмүүс сошиалд сэтгэлийн хөөрлөөр биш ямар пост хийж олон нийтэд түгээх вэ гэсэн хариуцлагатай байгаасай гэж хүсч байна. Магадгүй би сэтгүүлч мэргэжилтэй хүн болохоор ийм өнцгөөс нь харж байж магадгүй.

Танд сурталчилгаан дээр хамтран ажиллах санал их ирдэг үү?

Би өөрөө урлагийн салбарт ажиллаж байгаа хүн учраас сурталчилгааны чиглэлээр ажиллах нь зайлшгүй байх ёстой зүйл. Гэхдээ юуг сурталчлах, сурталчлахгүй байх гэдэг нь чухал. Жишээ нь би өөрөө архи, тамхи, улс төрийг сурталчилахыг  таашаадаггүй.  Улс төр бол нөлөөллийн хувьд асар өндөр салбар. Миний дууг сонсдог, миний нөлөөллийг зөв гэж үздэг олон залуучууд байдаг. Тэр хүмүүс надад итгэснийх нь төлөө улс төрийг миний нөлөөллөөр хар, зөв гэж тэдний тархийг угаахыг хүсэхгүй байна. Харин тэд өөрсдийнхөө өнцгөөр харж, зөв талаас нь дүгнэлт хийдэг байгаасай л гэж хүсч байна. Бусдаар бол нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, сайн сайхан бүхний төлөө хийгдэж буй аливаа зүйлийг дэмждэг.

Бид утаа, угаарнаасаа салж чадахгүй гамшгийн хэмжээнд хүрчээд байна. Иргэн хүний хувьд та утааны эсрэг юу хийж чадах вэ?

Үнэндээ шийдвэр гаргах түвшний хүмүүс шийдвэр гаргахгүй байна. Бид шийдвэр гаргагч нарт нөлөөлөл үзүүлэх хэрэгтэй. Бид өөрсдөө шийдвэр гаргаж чадахгүй, энэ асуудалтай тэмцэж чадахгүй байгаадаа бухимдалтай байна.

Саяхан би эхнэртэйгээ кино үзэх гээд явж байтал замын цагдаа, ТҮК-ийн ажилтанууд ид утаа, угааран дунд ямар ч хамгаалах хэрэгсэлгүй, маск амны хаалт ч байхгүй ажлаа хийж байгааг хараад сэтгэл өвдсөн. Тэгээд бид хоёр кино үзэхээ болиод эмийн сан орж эдгээр ажил, үүргээ гүйцэтгэж буй хүмүүсд маск тараасан. Маск тарааснаараа сайн хүн болж харагдах гэсэндээ ч биш, утааны эсрэг ядаж иймхэн зүйл ч болтугай хийе дээ гэж сэтгэлээ хуурч байна.

Өнөөдөр бид өөрсдийгөө хуурч байна, ирэх жил дахиад өөрсдийгөө хуурна. Ийм асуудлаас гарч чадсан Лондон, Истанбул зэрэг хотууд байна. Яагаад бид судлаад, боломжтой хувилбаруудыг нь хэрэгжүүлж болохгүй гэж. Ядаж бид сошилоор шийдвэр гаргагчдыг юм хийтэл нь нөлөөллийг үүсгэж, энэ гарц чинь биш гэдгийг мэдрүүлж уриалах хэрэгтэй байна.

GEE: УТААНЫ эсрэг маск тараагаад ч болов өөрөөс шалтгаалах зүйлийг хийе гэж сэтгэлээ хуурч байна Arslan.mn

Та Монголынхоо юугаар бахархахыг хүсдэг вэ?

Хүн болгон эх орондоо хайртай. Би гадагшаа яваад Монгол руугаа ирэхдээ эх орноо маш их санасан ирдэг. Нэг удаа онгоцонд гадаад хүн надаас Монголын талаар сонирхож, их асуусан. Би ч аль байдгаараа зөндөө л магтсан. Гэвч Улаанбаатарт ирээд миний ярьсан зүйлээс тэс өөр орчин тэр гадны иргэнийг угтаж авсан. Нил утаа, угаар хүлээж авсан. Би ч ичсэндээ бараг л тэр хүнээс зүгтаасан.

Тиймээс эх орондоо эрүүл агаар амьсгалж, эрүүл саруул амьдрах нөхцлийг бүрдүүлсэн тийм л нийгэмээр  бахархахыг хүсч байна.

Өнөөдөр манай нийгэм үнэхээр их уур бухимдалтай, стрэсстэй, амьдрах орчин нь баталгаагүй тийм л байна. Хэдий ийм орчинтой ч аливааг өөдрөгөөр харж, ирээдүйгээ сайхнаар төсөөлж, эерэгээр амьдрахыг   хичээж яваа над шиг хүмүүс олон байгаа.  

Таны хувьд гэр бүл гэж юу вэ?

Миний хувьд гэр бүл хамгаас чухал. Гэр бүлтэйгээ хамт байх цаг мөч бүр хамгийн сайхан зүйл. Би ямар ч үед хамтдаа даваад гарах бүтэн гэр бүлийг хүсдэг. Нийгэмд хүүхдийн хүчирхийлэл, гэр бүл салалт гээд хар бараан зүйл их байгааг бодохоор сэтгэл их эмзэглэдэг. Энэ бүхний цаана дандаа салсан, сарнисан, хагас өнчин зэрэг гэр бүлийн асудалтай хүмүүс хүүхдүүддээ муу, муухай зүйлээ харуулж, мэдрүүлж байна. Зарим хүмүүсийн хувьд хагас өнчин ч гэсэн муу, муухай зүйл алга гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Гэтэл тийм биш. Бидний ирээдүй, хойч үе яагаад бидний үзсэн муу, муухай зүйлийг үзэх ёстой гэж. Гэр бүлтэй болсон л бол хариуцлагатай байх ёстой. Хэрэв хариуцлагаасаа зугтаах л юм бол хүүхдүүдийнхээ өмнө хүчирхийлэл хийж байна гэсэн үг. Тиймээс элэг бүтэн амьдралыг энэ нийгэмд олон байгаасай гэж хүсэн тийм нөлөөллийг ч гэсэн бий болгохыг хүсдэг.

Таны хүүхдээ хүмүүжүүлэх арга барил?

Аливаа зүйлийг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Заримдаа манай эхнэр намайг хүүхдээ бага зэрэг загнаж, хатуу үг хэлж бай, эрх болгочихвол яах юм бэ гэж шүүмжилдэг. Гэсэн ч би охиноо загнаж чаддаггүй, аль болох тайлбарлаж ойлгуулахыг илүүд үздэг. 

Монгол эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Хариуцлагатай л хүнийг хэлнэ. Эр хүн хэлсэндээ, Эмээлт морь харайсандаа гэдэг дээ. Өөртөө, гэр бүлдээ, хамт олныхоо өмнө гээд аливаа үг, үйлдэлдээ хариуцлагатай л байх хэрэгтэй. Нөхцөл байдлаас шалтгаалаад амлалтандаа хүрэхгүй үе байна. Бүх зүйлийг төгс хийгээд байна гэж байхгүй. Тиймээс хариуцлага үүрэх, үүргээ ухамсарлахын төлөө хичээж амьдрах хэрэгтэй.

Та фитнессэр хичээллээд хэр удаж байгаа бэ?

Тогтмол хичээллээд гурван жил болж байна. Одоо бол амьдралын маань нэг дадал болсон. Эрүүл мэнд, гоо зүй, сэтгэл зүйд нөлөөлж, кайф өгдөг.

Өнгөрсөн онд тохиосон хамгийн сайхан зүйл тань юу вэ?

Хоёр дахь охиноо өлгийдөн авсан минь.  

Таны уран бүтээл, ажлыг эхнэр тань шүүмжлэх тохиолдол байдаг уу?

Хувь хүн талаасаа хэн нь ямар хүн бэ гэдгийг мэдээд, хүлээн зөвшөөрөөд гэр бүл болсон учраас нэгнээ шүүмжилдэггүй. Харин ажил хөдөлмөр, хийж буй зүйлээс хамааран шүүмжлэх гэхээсээ илүү санаа бодлоо хэлж, зөвлөдөг.


ХОЁР. ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БОЛЛОО ГЭХЭД БИ СТА АВСНААС ИЛҮҮ МАШ ИХ БАЯРЛАЖ, КАЙФ МЭДЭРСЭН

GEE: УТААНЫ эсрэг маск тараагаад ч болов өөрөөс шалтгаалах зүйлийг хийе гэж сэтгэлээ хуурч байна Arslan.mn

Одоо уран бүтээл дээрээ ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байна вэ?

Label компанитай хамтарч ажиллаад хоёр жил болж байна. Компанийхаа хэмжээнд баг бүрдүүлээд ажиллаж байна. Бид хийж байгаа зүйлээсээ аз жаргал, таашаалыг авч чаддаг. Label компанийг минийх гэж хэлэхээсээ илүү бидний компани гэж хэлэх дуртай. Label компани нь дуу хөгжим үйлдвэрлэх, шинэ артист гаргах, продюсеринг хийх, сошиал маркетинг гээд олон баг, бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Бидний Монголын хөгжмийн урлагт өөрсдийн зөв гэж үзсэнээрээ шинэ зүйлийг хийхийг зорьж, ажиллаж байна. Хүн бүрийн ажилд саад бэрхшээл байгаа. Гэхдээ тэр бүхнийг  дурдаад хэрэггүй гэж бодож байна. Гол нь зорьсон зорилгынхоо төлөө л чадах бүх зүйлээ хийх нь чухал.

Label компаний ажилчдыг та өөрөө цалинжуулдаг уу?

Хийж байгаа ажлаасаа хувь авдаг. Бүгд хувиараа татвар, нийгмийн даатгалаа төлдөг.

Өнгөрсөн онд та шилдэг татвар төлөгчөөр шалгарсан. Ямар шалгуураар шалгаруулдаг юм бэ?

Энийг би сайн мэдэхгүй байна. Би 2010 оноос хойш хувь хүний албан татвар сайн төлсөн. Өнгөрсөн жилд үйл ажиллагаа маань өргөжөөд орлого нэмэгдэж, орлого нэмэгдсэнээр татвар төлөлт бас нэмэгдсэн. Үүгээрээ авсан юм болов уу гэж бодож байна. Намайг Чингэлтэй дүүргээс нэр дэвшүүллээ шүү гэж хэлж байсан. Тэр үедээ ч нээх тоогоогүй, шилдэг татвар төлөгч болно гэж бодоогүй байсан. Татвараас над руу утасдаад шилдэг татвар төлөгч боллоо гэхэд би СТА авснаас илүү маш их баярлаж, кайф мэдэрсэн.

Миний хийсэн ажил үр дүнгээ өгч, тодорхой хэмжээгээр нийгэмд үр ашгаа өгч чадсан байна гэдгээрээ баярласан. 2017 онд миний цэнхэр дэвтэр сайн бөглөгдсөн.

GEE: УТААНЫ эсрэг маск тараагаад ч болов өөрөөс шалтгаалах зүйлийг хийе гэж сэтгэлээ хуурч байна Arslan.mn


ГУРАВ. ӨӨРИЙГӨӨ ҮРГЭЛЖ ДЭМЖИЖ, БИ ЧАДНА ГЭСЭН ЭЕРЭГ ХАНДЛАГААР ХАНДДАГ БОЛООСОЙ

GEE: УТААНЫ эсрэг маск тараагаад ч болов өөрөөс шалтгаалах зүйлийг хийе гэж сэтгэлээ хуурч байна Arslan.mn

Та “Оддын академи” шоунд шүүгч, продюсерээр оролцож байгаа. Оролцогчийг хасахад таны шийдвэр илүү давамгай нөлөөлдөг байж болзошгүй гэж сошиалаар хүмүүс сэтгэгдлээ бичсэн байсан?

“Оддын академи” шоу нь хүн бүрийн сонирхолыг их татаж байгаад баяртай байна. Нэг талаараа тэмцээн учраас  дүрэм ёсоор нэг хүнийг хасах болоход хүндрэлтэй байдаг. Учир нь оролцогч болгон өөрийн гэсэн дэмжигчтэй, хүчтэй өрсөлдөгчидтэй байдаг болохоор хүндрэлтэй тал бий. Хасагдаж байгаа хүнийг ганц би биш, дөрвөн шүүгч дөрвүүлээ дугаар болгон дээр ээлжилж зарладаг. Тэмцээний шүүлтийн хувьд бүгд шударга шүүж байгаа.

Хасагдах гэж буй 2 оролцогч дуу дуулж өрсөлддөг нь шүүлтэнд маш их нөлөөлдөг. Тухайн нөхцөлд яаж хөгжмөө мэдэрч байна, тайзан дээр биеэ авч яваа байдал, үзэгчдийг байлдан дагуулж буй байдал гээд бүх талыг нь харж шүүдэг. Хэдийгээр сайн дуулах чухал ч,  хамтлаг байгуулах гэж байгаа учраас тухайн оролцогч бүх талаараа сайн байх хэрэгтэй. Мөн хамгийн их тэвчээртэй, дайчин байсан нь ялна.

 

Оролцогчдын чадварын хувьд хэр ахицтай байгаа вэ?

Анх шоу эхэлж байхад оролцогч охидууд маань сайн сурах болов уу гэж эмээж байсан. Харин охидууд маань хурдан сурч байна. Сүүлийн үеийн өсвөр үеийн хүүхдүүд ямарваа нэгэн юмыг хурдан сурдаг болсон байна. Асар богино хугацаанд 7 хоногийн дотор мюзикэл хүртэл сурч байна. Би үзээд сууж байхдаа “Хэрвээ би 7 хоногийн хугацаанд бэлдвэл тийм сайн гүйцэтгэж чадах болов уу” гэж бодож суусан. Энэ бол эргэлзээтэй асуудал. Гэтэл тэр хүүхдүүд чадаж байгаа нь гайхамшиг.

Залуу үед хандаж хэлэхэд ямар хандлагыг хэвшүүлээсэй гэж боддог вэ?  

Би ажиглаад байхад  бүх зүйлийг бараанаар хардаг, их стресстдэг болсон байна. Тэр байдлаа хаяад эерэг хандлагатай болмоор байна. Хүн өөрөө өөртөө эзэн. Тиймээс өөрийгөө үргэлж дэмжиж, би чадна гэсэн эерэг хандлагаар ханддаг болоосой. Чадахын тулд чадвар хэрэгтэй, чадвар олохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Тиймд хүн өөрөө өөрийгөө дайчилж, ямарваа нэгэн шалгуурт бэлэн байх ёстой.


keyboard_arrow_up