Г.ЛХАГВАСҮРЭН: Улсын хэмжээнд 2020 оны байдлаар мал хулгайлах ГЭМТ ХЭРЭГТ 420 хүн эрүүгийн ХАРИУЦЛАГА хүлээсэн

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

Мал хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгаатай холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын газраас судалгаа хийжээ. Энэ талаар тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэргийн  гаралт, нөхцөл шалтгааны асуудал дээр танайхаас судалгаа хийжээ.  Судалгааны дүн мэдээ яаж гарав?

-Улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрөгч 2020 оны байдлаар нийт 1212 бүртгэгдсэн. Үүнээс 966-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 16.4 хувийг нь хааж, эзэн холбогдогч нь тогтоогдсон 567 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох хүнийг нь яллагдагчаар татсан байна. Үүнээс 275 хэрэг буюу 48.5 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

-Малын хулгай гэмт хэрэг аль аймагт түлхүү гарч байна бэ?

-Нийт 1212 гомдол, мэдээллийн 5.5 хувь нь нийслэлд, 94.5 хувьд нь орон нутагт бүртгэгдсэн байна. Зарим аймагт үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийг сумдаар нь тодруулж авч үзвэл, Хэнтий аймагт үйлдэгдсэн 191 гэмт хэргийн 71 хувь нь Баянхутагт, Мөрөн, Хэрлэн, Цэнхэрмандал, Баян-Адарга, Норовлин, Биндэр, Дэлгэрхаан сумдад, Төв аймагт үйлдэгдсэн 130 гэмт хэргийн 54.6 хувь нь Аргалант, Сэргэлэн, Баян, Баянхангай, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Баянжаргалан, Борнуур, Лүн сумдад, Архангай аймагт үйлдэгдсэн 112 хэргийн 50.8 хувь нь Батцэнгэл, Цэнхэр, Эрдэнэбулган, Их тамир, Хотонт сумдад, Баянхонгор аймагт үйлдэгдсэн 77  хэргийн  52 хувь нь Баян-Овоо, Бөмбөгөр, Өлзийт сумдад, Сэлэнгэ аймагт үйлдэгдсэн 104 хэргийн 83 хувь нь Сайхан, Мандал,  Баянгол сумдад, Сүхбаатар аймагт үйлдэгдсэн 95 хэргийн  63.1 хувь нь Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Сүхбаатар сумдад, Дорнод аймагт үйлдэгдсэн 55 хэргийн 72.7 хувь нь Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Чойбалсан, Сэргэлэн, Матад сумдад бүртгэгдсэн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаагаар нь авч үзвэл 576 хэрэг буюу 51 хувь нь өдрийн, 549 буюу 49 хувь нь шөнийн цагаар  үйлдэгдсэн байгаа юм.

-Малын хулгайн гэмт хэрэгт ихэвчлэн ямар хүмүүс холбогдоод байна вэ?

-Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хүйсийн байдлаар нь судлахад 577 буюу 98.2 хувь нь эрэгтэй, 10 буюу 1.7 хувь нь эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 20 гаруй эмэгтэй малын хулгайн гэмт хэрэг үйлджээ гэсэн үг. Үлдсэн нь эрэгтэйчүүд байна.  Насны хувьд долоо буюу 1.2 хувь нь насанд хүрээгүй, 369 буюу 62.8 хувь нь 18-35, 194 буюу 33 хувь нь 36-55, 17 буюу 2.9 хувь нь 55-аас дээш насны хүмүүс байна. Боловсролын хувьд ихэнх нь буюу 31.6 хувь нь бага боловсролтой хүмүүс байгаа юм. Харин 26.7 хувь нь бүрэн бус дунд, 21.6 хувь нь бүрэн дунд, 1.8 хувь нь дээд, 18 хувь нь боловсролгүй хүн байна. Ажил эрхлэлтийн хувьд 15.3 хувь нь эрхэлсэн ажилтай, 83.4 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд, мал хулгайлах гэмт хэргийг ихэвчлэн боловсролын түвшин бага, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эрхэлсэн ажилгүй, идэр насны залуучууд үйлдэж байна.   

Яллагдагчаар татагдсан  587 хүний 26 хувь өмнө нь ял шийтгэгдэж байсан, энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн хүмүүс байгаа болох нь судалгаагаар тогтоогдсон.

-Энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэдэд хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ?

-Мал хулгайлах гэмт хэргийн улмаас иргэдэд зөвхөн өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум 468 сая 239 мянга 868 төгрөгийн хохирол учирснаас 760 сая 529 мянга 554 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого багатай хүмүүс байгаа нь хохирол нөхөн төлүүлэлтийн байдалд нөлөөлж байгаа юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 109 сая 58 мянга 866 төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө орлогыг хураан авч, 643 сая 164 мянга 709 төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн. 

-Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар чангатгасан. Судалгаагаар хэчнээн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж гарав?

-Улсын хэмжээнд 2020 оны байдлаар Мал хулгайлах 263 хэрэгт 420 хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн. Үүнээс 205 хүн буюу 49 хувь нь хорих ялаар шийтгүүлсэн байна. Хорих ялыг хугацаагаар нь авч үзвэл, 198 хүнд зургаан сараас таван жил хүртэл, зургаан хүнд  6-8 жил хүртэл, нэг хүнд есөн жилээс дээш хорих ялыг шүүхээс оногдуулжээ. Шүүхээс оногдуулсан хорих ялын 88.3 хувийг биечлэн эдлүүлэхээр, 0.7 хувийг  хорих ялыг оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулж, 36.4 хувийг хорих ялыг тэнсэж  шийдвэрлэжээ.

-Малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаагийн цаадах шалтгаан нөхцөл юу байна вэ?

-Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байгаа нь ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн гаралтай сөрөг хүчин зүйл энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлж байна. Мөн иргэд малаа бэлчээрт хариулгагүй, хараа хяналтгүй орхидог, хашаа хороо хомс байдаг зэрэг нь гэмт этгээдүүдэд гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг олгож байна. Зарим аймаг, орон нутагт сүүлийн жилүүдэд өвөлжилт хүндэрснээр малчин иргэд малгүй болж, улмаар өөрсдөө гэмт хэрэгт холбогдох тохиолдол бас гарсан. Түүнчлэн малыг бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдолд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ авдаггүй, малын эмч нар гарал үүслийн гэрчилгээг тухайн мал, махыг харалгүйгээр бичиж өгдөг, малчид алдагдсан малаа хулгай хийсэн этгээдээр хэд дахин нугалж төлүүлэн, хууль хяналтын байгууллагад хэлэлгүй нуун дарагдуулдаг зэрэг нөхцөл байдал энэ төрлийн гэмт хэргийн гаралтад нөлөөлж байна.

-Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Мал хулгайлах гэмт хэрэг нь бусад гэмт хэргээс онцлогтой. Малыг бэлчээрээс хулгайлдаг тул хохирогч малаа хулгайд алдсан болохоо тодорхой цаг, хугацааны дараа мэддэг, энэ хугацаанд хулгайд алдагдсан мал нь нядалгаанд орсон, өөр орон нутаг руу тээвэрлэгдсэн байдаг учраас хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Мөн энэ төрлийн гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг этгээд олон аймаг, сумдын нутаг дэвсгэрийг дамжин үйлдсэн байдаг тул шалгаж шийдвэрлэхэд цаг хугацаа их шаардагддаг. Тиймээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын чанартай ажил хийх хэрэгтэй. Манай прокурорын байгууллагаас  Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл зэрэг байгууллагуудад хүргүүлсэн. Аймаг, орон нутагт мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр малчдын бүлгэм, нөхөрлөл сүлжээг нэмэгдүүлж, малыг индексжүүлэх, тамгын сүлжээнд хамруулах асуудлаар холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн нэг мэдээллийн санг улсын хэмжээнд бий болгож ашиглах боломж бүрдүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай байна.

Эх сурвалж: Өглөөний сонин 2021.10.14 Пүрэв гариг №199 (3504)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631859
0 эможи

keyboard_arrow_up