Ц.ЭРДЭНЭЧУЛУУН: Хороо хариуцсан цагдаа олон талын мэдлэг, чадвартай байх ёстой

2020 оны 6 сарын 29

Чингэлтэй дүүргийн 16-р хорооны хороо хариуцсан цагдаа, дэд ахлагч Ц.Эрдэнэчулуунтай түүний ажил мэргэжлийн талаар бяцхан яриа өрнүүллээ. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд цагдаа гэх эрхэм албыг хаах болсон шаалтгаанаа бидэнтэй хуваалцаач.

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд цагдаагийн албанд орж ажиллаад удаагүй байгаа ч гэсэн энэ албыг сонгосон нь зөв байжээ өдөр бүр бодож байна. Би Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш мэргэжилтэй төгссөн. Нэг жил бэлтгэл хийж байгаад ер нь л иргэдийн амар тайван аюулгүй байдлын төлөө зүтгэх “цагдаа” болъё гэж шийдээд цагдаагийн курст гурван сар суралцан цагдаа болж, цагдаагийн байгууллагад 2019 оны 11 сард ажилд ороод Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 16-р хорооны хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байна .

-Биеийн тамирын багш мэргэжилтэй хүн цагдаагийн албанд зүтгэх хэцүү байна уу.

-Ер нь хэцүү зүйл ховор доо. Цагдаагийн албанд ороод хувь хүнийхээ хувьд их зүйлийг сурж байна. Иргэдтэй зөв боловсон харилцах, иргэдийн асуудлыг ойлгож мэдрэн туслах тал дээр их зүйл сурч байна. Мөн хорооныхоо эмзэг цэгүүдийг хяналтандаа байлгаж ажилладаг. Залуу насны эрч хүч байна. Ядарч, шантрах зүйл одоогоор алга даа.

-Хорооны цагдаагийн албаны онцлог нь юу байна вэ?

-Иргэдтэй хамгийн ойроос харьцдаг алба хаагч бол хорооны цагдаа нар шүү дээ. Тэгэхээр энэ албаны нэр хүндийг унагахгүйн тулд бид л сайн хичээх хэрэгтэй гэж боддог. Хүн аливаа зүйлийг шууд л мэдчихдэггүй учраас би мөр зэрэгцэн алба хаагч нар, дээд албан тушаалтан, дарга ахлах, хэсгийн байцаагч нараасаа их олон зүйлийг сурч байна. Миний хувьд гэмт, хэрэг зөрчлийн бүхий л мэдээ, мэдээлэлтэй танилцана, ард иргэдийнхээ зовлон жаргалыг хуваалцана. Мөн зөрчилд удаа дараа холбогддог иргэдээ таньдаг болж байна. Эдгээр иргэдийнхээ гэр бүлийн гишүүд болон амьдрал ахуйтай нь танилцаж, зарим шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйчтэй уулзуулж ажилладаг. Зарим тохиолдолд удаа дараа гэмт хэрэг зөрчилд холбогддог иргэдийг хамтарсан багтайгаа хамтран зан үйлд нь нөлөөлөх нөлөөллийн ажлуудыг хийдэг.

Хорооны цагдаа нь цагдаагийн байгууллагын хамгийн жижиг нэгж бөгөөд ард иргэдэд хамгийн сайн хүрч үйлчилдэг.

Хэсгийн байцаагчтайгаа хамт хорооны эмзэг цэгийн айл өрхүүдээр орж уулзалтуудыг тогтмол хийдэг. Ингэснээр тухайн цэгт үйлдэгддэг зөрчил буурдаг сайн талтай. Мөн гудамжинд явж байгаа согтуу иргэдийг гэрт нь хүргэж өгөх, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх гэх мэт өдөр тутамдаа иргэддээ үйлчилдэг.

-Ажилд ороод удаагүй ч гэсэн энэ албыг сонгож, энэ мэргэжлийн эзэн болж яваадаа бахархах өдөр тохиов уу.

-Ажилд ороод гурван сар болж байхад хэрэгт холбогдогчоо алдаж байсан. Хоёр сар хайсны эцэст олж, өөрөөрөө, энэ албаараа бахархаж, урамшиж байлаа. Хороо хариуцсан цагдаа гэлтгүй цагдаагийн алба хаагч олон талын мэдлэг, чадвартай байх шаардлагатай. Учир нь янз бүрийн ааш араншин, ажил, мэргэжилтэй хүмүүстэй харьцаж, хэргийг шийдвэрлэхийн тулд ажилладаг шүү дээ. Тэгэхээр тэднээс илүү их мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс өөрийгөө байнга хөгжүүлж, мэдлэг, чадвараа дээшлүүлэх шаардлагатай.

Бүгд бие биенээ таньдаг болчихсон айл өрхийн дунд ажилладаг учраас гярхай байхаас гадна сэтгэл зүйч байх хэрэгтэй гэж багш нар хэлдэг байсан. Ажлын талбар дээр гараад л энэ үгний учрыг ойлгож байна. Гэмт хэрэгтэн, хохирогч, гэрч хэн ч бай хүний сэтгэлийг маш сайн мэдэрч, сэтгэлийн нарийн харилцаа тогтоож, түүнийг яриулж чаддаг байх хэрэгтэй.

-Та хорооныхоо онцлогийн талаар бидэнтэй хуваалцаач.

-Манай хороо нь Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдтэй хиллэдэг, дамжин өнгөрөх хөдөлгөөн ихтэй, нийт 14 га нутаг дэвсгэртэй Чингэлтэй дүүргийн хамгийн том нутаг дэвсгэртэй хороо. Гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бусад мэдээллийг бодвол харьцангуй өндөр ирдэг. Мөн нийтийн байрууд болон эмзэг цэгүүд ихтэй. Хорооны хэмжээнд хоногт 5-10 дуудлага ирдэг бөгөөд бараг 50 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байдаг. Бидний зүгээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд хороон дээр сэтгэлзүйч ажиллуулж байна. Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг өрөөг шинээр тохижуулсан. Заримдаа хосууд хоорондоо маргалдахад энэ нь хүчирхийлэл болдог тохиолдол байдаг.

Тиймээс  энэ тохиолдолд сэтгэл зүйчтэй уулзуулан гэр бүлийн гишүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх өрөөг тохижуулж, сэтгэлзүйч ажиллуулж байна. Энэ ажил ч үр дүнгээ өгч байгаа.

-Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор ямар ажлыг хийж байна вэ?

-Манай хэсгийн байцаагч бид хоёр, 14 хоног болон сар тутамд гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурах үйл ихээр үйлдэгддэг нийтийн байраар шалгалт хийж, зөрчлийг холбогдох шатанд нь шилжүүлж ажиллаж байна. Мөн хорооны хэсгийн байцаагч хорооны Засаг даргатай хамтран эмзэг цэгүүдийг камержуулах ажил хийж байна. Ингэсэнээр гэмт хэрэг, зөрчил буурна гэж үзэж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618227
14 эможи

Ганболд
2020-07-02 08:07
Албандаа сэтгэл зүрхээ зориулж яваа залуу минь таныг Монголын Цагдаагийн босоо цагаан хийморь мѳнхѳд ивээх болтугай
Zolzaya
2020-07-01 19:14
Hanidaa ilvv ih ajllin amjilt hvsie hairtai shv bid 3rni ❤️❤️❤️
keyboard_arrow_up