Нутгийн захиргааны байгууллагыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах шаардлагатай

2020 оны 2 сарын 28

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд илэрсэн нийтлэг зөрчлийг арилгах чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргүүллээ.   

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид нь төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаад Авлигатай тэмцэх газраас судалгаа хийв. Судалгаанд хамрагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 8103 төлөөлөгчөөс 124 нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Тэдний 71 нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байна. Судалгаанаас харахад Сүхбаатар, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Булган зэрэг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа агентлагийн дарга буюу удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байна. Тухайн аймгийн төрийн жинхэнэ албаны удирдах буюу орон нутаг дахь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төлөөлөгчийн хувьд тухайн жилийн байгууллагын төсвийг батлахад оролцож, өөрийн баталсан төсвийг өөрөө захиран зарцуулах, захиргааны бусад шийдвэрийг бие даан гаргах эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон хориглолт, хязгаарлалт зөрчигдөх эрсдэлийг бий болгож байна.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно” гэж заасныг баримтлан нийтийн болон төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага буюу тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг,  боловсрол, туршлага, ур чадвартай байх нөхцөлийг хангах явдлыг үгүйсгэн зарим тохиолдолд хувь хүний үзэмжээр улс төр, намын харъяаллыг харгалзан төрийн захиргааны албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилох, мөн түвшний ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй этгээдийг томилж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил” үүсэх нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй мөн зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгож байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон улс төрийн албан тушаалтан нь тухайн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4. “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх”,  37.1.5 “хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.5 “улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох” гэж заасан хориглолт болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчиж байна. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор  батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4 дэх хэсгийн 4.1.1.4-д “төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн намын нөлөөллөөс ангид байлгах” гэж заасныг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангуулж хамтран ажиллах асуудлаар Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд ийнхүү хандлаа.  

Улс төрийн албан тушаалтнууд нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төлөөлөл хэрэгжүүлж, давхар ажил эрхэлснээр өөртөө урамшуулал олгох төдийгүй ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, оролцох, нөлөөлөх, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зэргээр авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бий болгож байгааг таслан зогсоох, 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь хуульд заасан нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхаар хуульд зохицуулсан тул нутгийн захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн албаны хүний нөөцийн асуудал хяналт тавьж, цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах шаардлагатай байна.

Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614201
0 эможи

Зочин
2020-02-29 03:43
АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up