Хаалгаа дотроос нь “түгжсэн” Хэрлэнбаян-Улааны отрын бүс-II

2020 оны 1 сарын 23

Arslan.mn

Өвсний соргог, усны тунгалагийг даган нүүдэллэх нь малчдын амьдралын салшгүй нэг хэсэг. Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрснээр малчдын нутаглах газар өдрөөс өдөрт хумигдсаар буй. Иймээс нэг нутаг усныхан байтугай, айл, саахалтууд хүртэл хоорондоо муудалцаж, хутга шөвөгтөө тулж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэргүүд цөөнгүй. Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүсэд ч ийм хэрэг нэг бус удаа гарсан тул үүнийг аль болох шийдэхийн тулд оторчдыг аймгаар нь бүсчлэн, нэг газар өвөлжүүлдэг байна. Гэтэл Төв аймгаас ирсэн нэгэн оторчин зөвшөөрөлгүй буусан нутгийнхаа айлыг ад үзжээ. Өдөр нь тэд уулзаад, учраа олчихлоо гэж бодтол шөнө нь өнөөх эр согтуу ирээд, зуухыг нь өшиглөж, архи нэхсэн аж. Зөвшөөрөлгүй отрын бүсэд буусан айлынхан хэл ам гарахаас сэрэмжилж, авдрын ёроолд байсан ганц архиа гаргаж өгчээ. Гэтэл “Танай эхнэр сайхан хүүхэн юм. Манай туслах малчинтай унтуул” хэмээн дарамталсан гэнэ. Асуудал үүнээс хэтрэлгүй намжсан ч, энэ үйлдэл олон удаа давтагдахвий гэхээс сэргийлж Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Э.Тайванжаргал тус хэргийг шалгуулахаар Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандлаа. 

АНХ УДАА МАЛЧДЫГ АЛБАДАН НҮҮЛГЭЖЭЭ

Отрын бүс нутагт жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд малчдыг оруулдаггүй журамтай. Гэтэл үүнийг зөрчиж, удаа дараа Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт зусаж, намаржсан айлуудын нэг бол Хэнтий аймгийн Дэлгэрхангай сумын малчин Ц.Хүрэлбаатарынх. Тэднийх отрын бүс нутгийн Өвөрхана гэдэг газар өвөлжиж байв. Хууль, журам зөрчөөд байдгийнхаа шалтгааныг тэрбээр хоёр талтай хэмээсэн. Нэгдүгээрт, Ц.Хүрэлбаатарынд эндээс өөр газар очъё гэхнээ олддоггүй байна. Хоёрдугаарт, нүүе гэхээр бэлчээргүй, байгаа хэд нь усгүй, хайж хайж боломжийн газар олохоор нутгийн иргэд нь халгаадаггүй аж. Орон нутгийн хэмжээнд бэлчээрийн даац хүрэлцээгүй учир малчид тэр бүр зэргэлдээ баг, сумын малчныг газар нутагтаа нэвтрүүлэх хүсэлгүй. Тиймээс зөрчил гаргахаас өөр аргагүй гэнэ. Үл ойлголцлоос болж малчид хоорондоо муудалцаж, иргэний дайн болоход ч ойрхон байгааг тэрбээр ярьсан. Түүн шиг зөрчил гаргасан малчин Хэрлэнбаян-Улаанд 10 орчим бий. Э.Тайванжаргал мэргэжилтэн тэдэнд удаа дараа шаардлага хүргүүлж, улсын хэмжээнд анх удаа шүүхийн захирамжаар найман малчныг отрын бүс нутгаас албадан нүүлгэжээ. Энэ нь Улаанбаатар хоттой зүйрлэвэл газар чөлөөлөхтэй адил үйл явдал юм. Харин үлдсэн хоёр айлынх нь асуудал хараахан шийдэгдээгүй байгаа гэсэн. Хэрэг сунжирвал, тэдэнд зургаан сараас нэг жил хорих хүртэл арга хэмжээ авах аж. Ц.Хүрэлбаатар гуайд л гэхэд  өнгөрсөн жил 7-14 хоногийн хугацаатай гурван удаа отрын бүс нутаг чөлөөлөх шаардлага тавьжээ. Тэрбээр тухай бүрт “За” гэдэг ганцхан хариулт өгдөг ч буцаад ирэхэд нөгөө л хэвээрээ буурин дээрээ байж байдаг гэнэ. 
Албадан нүүлгэлтэд ажилласан хүмүүсийн цалин, хоол, унааны мөнгийг зөрчил гаргасан малчдаар төлүүлжээ. Ц.Хүрэлбаатарынх Өвөрхангай аймгийн Хужирт сумаас 2013 онд шилжиж ирсэн. Тэрбээр “Энд ирсэн эхний хоёр жил иймээ тиймээ асуудалгүй, нутаглаад байж болсон. Харин 2015 оноос шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, зуншлага, ургац ч муудан, бэлчээрийн асуудал үүссэн. Байнга хөөгдөх хэцүү юм. Төр засаг, манай сум, орон нутгийн удирдлагууд малчдаас “хол” байна. Биднийг эргэж тойрдоггүй, санал, хүсэлт сонсдоггүй. Хааяа нэг хурал болох тухай дуулгадаг ч очих зав байдаггүй. Жил бүр хөөгдөж, буух газаргүй болдог, энэ асуудлыг шийдэж өгөөч” хэмээсэн. Тэрбээр ажлаа хийж байгаа хүмүүсийг эсэргүүцээгүй ч отрын бүс нутагт орохоос өөр аргагүй байсан гэдгээ учирлалаа. Тэднийх хүний өөрийн нийлсэн 1000 гаруй бог малтай. Аймгийн сайн малчны хүү тэрбээр 15 наснаасаа мал маллах ухаанд сурчээ. Том хүү нь аавынхаа туслах адуучин гэсэн. Үүнээс гадна нэг туслах малчинтай бөгөөд түүнийг Ц.Тосонбаяр гэдэг. Тэрбээр Завхан аймгийн харьяат. Эднийд туслах малчин хийгээд гурван жилийн нүүрийг үзэж буй. Өнгөрсөн жил эхнэртэй болж, тусдаа гарчээ. 200 гаруй толгой малтай бөгөөд мал төллөлтийн үеэр төлийн 10 хувийг урамшуулал болгон авдаг гэсэн. 

ХАР ЖАГСААЛТАД БАГТСАН АЙЛ ДАХИН ОТРЫН БҮС НУТАГТ ОРОХ ЭРХГҮЙ

 Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутаг хойноос урагш 75 км, зүүнээс баруун 70 км үргэлжилдэг, гурван сумын бүс нутгийг хамардаг. Тус бүс нутагт энэ жил 338 айлын хонин толгойд шилжүүлснээр 308 мянган мал өвөлжиж байгаа. Отрын бүс нутгийн иргэд хил залгаа өөр аймгийн иргэдтэй худ ураг болох нь элбэг учраас шөнө оройн цагаар тэдэндээ зам зааж, отрын нутагт нэвтрүүлж, өвөлжөө, бууц заадаг тохиолдол тасардаггүй гэнэ. Гэтэл бүхэл бүтэн сумын газар нутгаас ч том хэмжээтэй энэ бүс нутгийн оторчдод хууль, дүрэм журам сахиулах үүргийг ердөө хоёрхон мэргэжилтэн хүлээдэг. Тэд зөрчил гаргасан малчдыг хар жагсаалтад оруулах болжээ. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан, холбогдох хууль, журам мөрдөөгүй оторчид дахин отрын бүс нутагт орох эрхгүй болсон гэсэн үг. Энэ ажлыг мөн цахимжуулсан бөгөөд зөрчил гаргасан айлуудын нэрс отрын бүс нутагт өвөлжих айлуудын тоонд хэзээ ч орохгүй гэнэ. Одоогийн байдлаар отрын бүс нутагт өвөлжиж байгаа нийт айлын 40 нь хар жагсаалтад оржээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай. Учир нь оторчид хавар нүүхдээ хүрээлэн буй орчноо цэвэрлэхгүй, заасан хугацаанд бүс нутгаас нүүхгүй бол мөн л хар жагсаалтад нэрээ бичүүлнэ. Оторчдод түр зөвшөөрөл олгохдоо энэ талаар нарийн танилцуулж, айл бүрт тайлбарлажээ. 
М.Галхүү бол Хэрлэнбаян-Улааны унаган иргэн. Тэрбээр “Отрын бүс нутагт нэг үе олон айл “чихдэг”, хэн дуртай нь ирдэг байсан. Харин манайх шинэ мэргэжилтэнтэй болсноор энэ байдал нэг үеэ бодвол намжлаа. Манайх 1000 орчим малтай. 2009 оны зуднаар Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу отор хийсэн. Хоёр жил болоод ирэхээр төлөвлөсөн ч эхний хоёр жилдээ орчинтойгоо танилцаж, гурав дахь жилээс нь хүмүүстэйгээ дотноссон. Ингээд нэг мэдэх нь ээ, найман жил болчихсон байлаа. Харин 2017 онд зуншлага тааруу болсноор нутагтаа ирж, энэ бууриндаа өвөлжөөд хоёр дахь жилдээ болж байна” хэмээв. Өмнөх айлууд хэзээд нүүхэд бэлэн төмөр хашаатай бол эднийх харин модон хашаатай, модон жорлонтой байсан юм. 

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНЫН АЮУЛ

Үлийн цагаан оготно бол малчдын хамгийн том дайсан. Өмнө нь уулын хярын өвсийг иддэг байсан оготно оройн хэсгийг ч идэх болсон гэдгийг малчид ярьж байлаа. Түүнчлэн үндсийг нь ухан, юу ч үлдээлгүй идэх болсон гэнэ. Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутгийг үлийн цагаан оготноос салгахын тулд 2018 онд 15 мянган га газрыг хамруулж, 24 сая, өнгөрсөн онд мөн ийм хэмжээний газар 37.5 сая, нийт 61.5 сая төгрөг төсөвлөсөн ч энэ ажил үр дүнгээ өгөөгүй гэнэ. Учир нь анх устгал хийсэн газраасаа дараагийн устгалыг үргэлжлүүлэх байтал шал өөр газар устгал хийжээ. Мөн малчдыг энэ ажилд төдийлөн дайчлаагүй аж. Түүнчлэн хүн хүч цөөдсөн, оготно устгах нэрээр, халамж хэлбэрээр амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах ажил болон хувирсныг малчид шүүмжилж байлаа. Хэрэв дахин цас орвол Хэнтий аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй сум үлдэхгүй гэнэ. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612881
0 эможи

qfotder7d0
2020-02-08 05:28
Зочин
2020-01-23 13:14
keyboard_arrow_up