БХТ: Хүн амын нутагшилт, дагуул хот байгуулах асуудлаар ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өрнөж байна

2019 оны 11 сарын 15

Arslan.mn

Өнөөгийн байдлаар Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшлын зохистой тогтолцоо алдагдаж, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл доройтсон.Энэ нөхцөл байдлаас үүдэлтэйгээр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсны дагуу Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах үүрэг бүхий Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн улсын институт байгууллагыг сэргээн байгуулах үүднээс Барилгын хөгжлийн төвийг түшиглээд хоёр шинэ хэлтэс байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт судалгаа төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтэц судалгаа төлөвлөлтийн хэлтэс хамтран өнгөрсөн хугацаанд орон нутагт судалгаа хийх, өмнө хийгдсэн ажлуудыг ажилдаа тусгах, аймаг бүрт ажлын дэд хэсэг байгуулах, салбарын гадаад, дотоодын зөвлөх түвшний эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгийг зохион байгуулж, өнөөгийн байдлын судалгааг дүгнэж гаргаад байна.

Энэхүү судалгааны явц болоод Хүн амын нутагтшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн явц, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн хөгжих дагуул хотын тухай нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Барилгын хөгжлийн төвд болж байгаа юм. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалын яам, Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн хот байгуулалтын газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, JICA, ADB төслийн баг болон бусад албаныхан оролцлоо.

ХҮН АМЫН 47 ХУВЬ НЬ УЛААНБААТАРТ АМЬДАРЧ БАЙНА

Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшлын тогтолцооны хувьд нийт хүн амын 1,5 сая буюу 47 хувь нь хүн амын хэт төвлөрөл бүхий нийслэл хотод, 25 хувь жигд тархалт бүхий 27 хот, сууринд, 28 хувь нь хэт сарнил бүхий 305 сум, суурин газарт суурьшиж байгаа нь суурьшлын зохистой харьцааг алдагдахад хүргэж байна. Нөгөө талаар Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ эсрэгээрээ арал болон хот-улсуудыг эс тооцвол нийт хүн амын хамгийн их хувь нэг хотод суурьшдаг улс болж байна.

Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл нь эдийн засаг талаасаа илүү оновчтой хэдий ч хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж, хүрээлэн буй орчны асуудал хурцаар тавигдаж байна. Үлдэх 53 хувь нь аймгийн төв, томоохон 27 хот суурин газруудад харьцангуй жигд тархалтаар болон 305 хөдөөгийн сум, суурин газруудад хэт сарнил үүсгэн суурьшиж буй эдийн засаг талаасаа орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих зохистой зах зээл бүрдүүлэхгүй байгаа ч байгалийн нөөцийг жигд ашиглах, алслагдсан бүс нутаг эзэнгүйдэхгүй байх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл илүү хангагдах зэрэг давуу талыг үүсгэж байна.

Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойшхи өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд орон нутагт ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон зуун тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үндсэн зорилго нь нийслэлийг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг сааруулах явдал байсан ч үр дүн нь эсрэгээрээ гарсан. Иймд өнгөрсөн хугацааны сургамжид тулгуурлан, мөн хүн амын нутагшил суурьшил, шилжилт хөдөлгөөний онол аргазүйд үндэслэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг хамгийн ихээр татаж буй нийслэлийн засаг захиргааны болон дээд боловсролын үйлчилгээний зонхилох чиг үүргийг дагуул болон хоёрдогч хотуудад оновчтой байршуулах шаардлагатай байна.

Нөгөө талаар алслагдсан бүс, орон нутагт хүн амын тогтвортой суурьших нөхцлийг хангах, орон нутагт бие даасан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих хүн амын зах зээлийг нэмэгдүүлэх үүднээс бүлэг суурингийн тогтолцоо буюу сум дундын төвүүд, тэдгээрийг таталцлыг хүрээг тогтоож, сумдаас аймгийн төв, нийслэл рүү таталцлыг бууруулах шаардлагатай байна. Энэ үүднээс урьдчилсан байдлаар 330 сумыг 108 бүлэг суурингийн таталцлын бүсчлэлд хуваасан бөгөөд эдгээр бүлэг суурингийн төвүүдэд эхний ээлжинд нийгэм-эдийн засаг, хот байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд эрэмбэ дараатайгаар, үе шаттайгаар хэрэгжсэнээр хот хөдөөгийн хөгжлийн ялгаа буурч, орон нутагт хүн амын зохистой төвлөрөл нэмэгдэж, хөгжлийн хөрөнгө оруулалтын нийгэм-эдийн засгийн үр ашиг дээшилнэ.

1911-1991 ОНЫ ХООРОНД 29 ХОТ, СУУРИН ГАЗАР БАЙГУУЛАГДЖЭЭ

Өнгөрсөн зууны туршид буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед 1911-1991 он хүртэл нийт 29 хот, томоохон суурин газрыг байгуулан хөгжүүлсэн бөгөөд хүн амын өсөлт болоод хотжилт хамгийн их явагдсан сүүлийн 30 шахам жилийн хугацаанд шинээр хот, томоохон суурин газар байгуулах асуудал үндсэндээ хийгдсэнгүй. Иймд хотын эдийн засгийн болон хотжилтын хурдацтай өсөлттэй өнөө үед шинэ хот байгуулах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэйросити, Зуунмод, Майдар хотуудын төслийг уялдаатай цогцоор төлөвлөн хөгжүүлэх орон зайн хөгжлийн хувилбаруудын төслийг хэлэлцэн тодорхойлох шаардлагатай байна. Энэ хүрээнд хүн амын нутагшилт суурьшил, шилжилт хөдөлгөөний бодит судалгаа болон гадаад орнуудын туршлага сургамжид үндэслэн нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах үүднээс хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг (нийслэлийн засаг захиргааны зарим чиг үүрэг, дээд боловсролын үйлчилгээний зарим чиг үүргүүдийг) нийслэлийн дагуул болон Дархан, Эрдэнэт зэрэг хоёрдогч хотуудад оновчтой байршуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Эх сурвалж: БХТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610546
3 эможи

Зочин
2019-11-15 14:25
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up