А.Түвшинбаяр: Улсын онц чухал объектод гарсан зөрчилгүй тайван байвал тэр хамгийн том гавьяа юм

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

-Дотоодын цэрэг гэх нэр хүндтэй албаны харуулчин гэх хариуцлагатай албан тушаалыг сонгосон тухайгаа яриач?

Эрэгтэй хүүхдүүд бага байхдаа ихэвчлэн би цэрэг болно, цагдаа болно, жолооч болно гэж мөрөөддөгийн адил би цэрэг болно гэж мөрөөддөг байлаа. Дүрэмт хувцасаа зөв өмсөж, өргөсөн тангарагтаа үнэнч тэднийг хараад мөрөөдөж эхэлсэн юм. 10 жилийн сургуулиа төгсөөд 2007-2008 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан юм. Халагдаад 10 хоноод л ангидаа ахлагч бэлтгэх дамжаанд суралцаж амжилттай төгсөөд тэр цагаас өдийг хүртэл харуулчнаар 11 дэх жилдээ ажиллаж байна.

-Ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан албаныхаа юугаар бахархдаг вэ?

Би дотоодын цэргийн байгууллагынхаа 97 жилийн түүх, авсан гавьяа шагналыг хараад энэ байгууллага юу хийж бүтээж байсан, юу хийж байгаа, цаашид юу хийхээр нь бахархдаг. Дотоодын цэрэг шиг гурван одонтой байгууллага өөр ч хаана ч байхгүй. Дотоодын цэргийн байгууллага эрч хүч, урам зориг, ухаарал, инээд хөөр бэлэглэсэн, нэр төртэй, хариуцлагатай алба юм.

-Арван нэгэн жил ажиллана гэдэг багагүй хугацаа, энэ хугацаанд цөөнгүй хэрэг, зөрчил илрүүлж байсан байх?

Арван нэгэн жил ажиллахдаа 05 дугаар ангийнхаа бүх л харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан. Улсын онц чухал объектод жижиг, том гэлтгүй цөөнгүй зөрчил гардаг. Харуулчин тухайн үед сонор сэрэмж алдаж, хариуцлагагүй ажилласан бол бага зөрчил гэлтгүй гарах эрсдэл маш өндөр байдаг. Миний хувьд ажиллах хугацаандаа 500-600 орчим зөрчил илрүүлж байсан.

-Харуулчин гэдэг албан тушаалын хамгийн өндөр шаардлага юу вэ?

Харуулчид маань маш өндөр шалгуурт ажилладаг алба хаагчид. Хамгийн өндөр шаардлага бол хариуцлага юм. Хариуцлагатай байна гэдэг тухай алба хаагчийг хэн бэ гэдгийг илтгэдэг. Хариуцлагатай хүн албаа ч, амьдралаа ч авч явдаг.

-Улсын онц чухал объект тайван харуулаас буух үед ямар байдаг вэ?

Харуулд гарчихаад дараагийнхаа ээлжинд ажлаа хүлээлгэж өгөхөд улсын онц чухал  объектод гарсан зөрчилгүй, тайван байвал тэр хамгийн том гавьяа байдаг. Бид халууныг халуун, хүйтнийг хүйтэн гэлтгүй стандартад заасан журмын дагуу үүрэг гүйцэтгэдэг.

-Асар их хариуцлагатай энэ ажил, албанд ажиллахдаа гэр бүлдээ хэрхэн цаг зав гаргаж байна вэ?

Харуулчид маань зөвхөн харуулд гараад л амарчихдаггүй юм. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож, суралцаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэн оролцдог. Харуулд гараад амарчихдаг гэж ойлгож болохгүй. Айл гэрийн эзэн би цаг зав гарсан үед аль болох гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээдэг. Харуулдаа гарчихаад анги дээр үйл ажиллагаа, арга хэмжээ байхгүй бол гэрлүүгээ яардаг. Тэнд миний хайртай гэргий, 3 хөөрхөн үр минь намайг хүлээж байдаг.

-Анх хугацаат цэрэгт яваад цэргийн амьдралаас юу мэдэж, суралцаж байсан бэ?

Хугацаат цэрэг бол хувь хүнд хүмүүжил олгодог хамгийн сайхан газар. Бүх зүйл цэргийн дүрмээр зохицуулагддаг тул тэнд хүн бүр хариуцлага, гэр бүл, хамт олон, эх орон гэж юу байдгийг ойлгодог. Гэрийнхэн маань намайг их дэмждэг. Дөрвөн настай хүүхдүүд чинь аав, ээжийгээ ажилдаа явлаа гэхэд нь дагаж уйлдаг даа. Манай охин харин малгай бариад гүйгээд ирдэг. Энэ нь хүүхэд маань ч намайг дэмжиж, ойлгож байгаагийн илрэл гэж боддог.

-Таныг буудлагын спорт сонирхдог мөн энхийг сахиулах ажиллагаанд буудагчаар үүрэг гүйцэтгэж байсан гэсэн. Та энэ тухайгаа яриач ?

Би хугацаат цэрэг байхаасаа буудлагад их дуртай бас сонирхогч байсан. Үүнийгээ хөгжүүлэхийг их хичээдэг. 2012-2013 онд Өмнөд судан улсад Монголын баг анх ороход 850 хүнтэй батальонд буудагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Сонирхол минь намайг их зүйлд хөтлөж байна даа.

-Энхийг сахиулах ажиллагаанд явахаа гэрийнхэндээ хэлэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

Гэр бүлийнхэн маань янз янзын л байр суурьтай байсан. Гэхдээ “Нэгэнт цэргийн хүн болсон юм чинь өөрийгөө сориод үзье” гэсэн бодол хүслээ гэрийнхэндээ ойлгуулсны үндсэн дээр Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд явсан.  

-Энэ их ажил, амьдралын хажуугаар өөртөө хэрхэн цаг зав гаргаж байна вэ?

Өөртөө тодорхой хэмжээнд цаг гаргахыг хичээдэг ч гэр бүлтэйгээ хамт байхыг илүүд үздэг хүн дээ би.

-Арван нэгэн жил ажиллахдаа багагүй гавьяа байгуулсаныг таны энгэрт гялалзах тэмдэг, медалиас харж байна, авсан шагналаасаа дурдаач?

Дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд алба хаагчийнхаа хөдөлмөрийг үнэхээр үнэлж чаддаг. Алба хаагчид маань өдөр бүр чимээгүй гавьяа байгуулж байдаг юм. Би “Энхийн төлөө”, “Африкт энхийн төлөө”, НҮБ-ын медаль, Дотоодын цэргийн “Албаны төлөө”, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн “Хүндэт тэмдэг”, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” болон бусад шагналуудыг хүртэж байсан. Шагнал гэдэг урам өгөхийн зэрэгцээ хариуцлага нэмдэг гэж ойлгодог.

-Харуулд гарахын жаргалтай болоод хэцүү зүйл нь юу байдаг вэ?

Алба хаагч болон улсын онц чухал  объект ямар ч зөрчил, дутагдалгүй харуулаас буух хамгийн жаргалтай. Хүнд, хэцүү гээд шантарч байсан үе надад байхгүй ээ. Залуучууд маань эдгээр зүйлсээс их шантарч байгаа харагддаг. Нэгэнт сонгоод, мөрөөдөөд энэ албанлаа тэнцээд ороод ирсэн юм чинь зүрх сэтгэлээ зориулж ажилладаг байгаасаа гэж боддог. Даарах, халууцах түр зуурынх шүү дээ.  

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609380
0 эможи

Зочин
2019-10-17 21:28
Зочин
2019-10-17 16:16
keyboard_arrow_up