О.Эрдэнэ-Өрнөх: Орлогын ялгааг арилгая гэвэл боловсролыг дэмжье

2019 оны 9 сарын 16

Arslan.mn“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.

Энэ удаагийн дугаарт “Улаанбаатар анализ” Тинк Танк-ийн ТУЗ-ын дарга, судлаач О.Эрдэнэ-Өрнөхийг урьж ярилцлаа.

БЛИЦ

Боловсрол:

  • 2015 он Английн Йоркийн их сургууль, Эдийн засгийн шинжлэх ухааны магистр
  • 2011 он МУИС, Эдийн засгийн сургууль, Эдийн засгийн ухааны магистр
  • 2004 он Хан-Уул дээд сургууль, Бизнес удирдлагын бакалавр

Ажил:

  • 2019 он Бодлогын судалгааны “Апекс Консалтинг” ХХК-ын гүйцэтгэх захирал
  • 2018 он “Улаанбаатар Анализ Тинк Танк”, ТУЗ-ын дарга, судлаач
  • 2010 он Өмнөговь аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2005 он “Төгс Шийдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал

ХУУЧИН СЭТГЭЛГЭЭГЭЭР ШИНЭ СИСТЕМИЙГ УДИРДАХ БОЛОМЖГҮЙ

Үе үеийн Засгийн газар  Монгол Улсыг  хөгжүүлэх цогц бодлогоо сайн, муу ч дөрвөн жилээр төлөвлөж боловсруулсан  хөтөлбөр баталсан байдаг. Харамсалтай нь үүнийгээ аль ч Засгийн газар нь тууштай тогтвортой хэрэгжүүлээгүйд л гол асуудал нь байна.

Өөрөөр хэлбэл, төрийн тогтвортой байдал алдагдсан нь гол алдаа. Тухайн үед асуудлаа зөв олж харсан ч бодлогоо тогтвортой хэрэгжүүлж чадаагүй. Засгийн газрын ажиллах хугацаа богинохон байж болно.

Гэхдээ сайн санаачлага, бодлогыг дараагийн  Засгийн газар нь үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явах ёстой. Жишээ нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 баримт бичгийг 2016 онд баталсан.

Гэтэл одоогийн Засгийн газар  энэ хөтөлбөрийг хойш тавиад “Алсын хараа- 2025” нэртэй хөтөлбөр боловсруулна гээд явж байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр Засгийн газар болгон өмнөх Засгийн газрын хөтөлбөр, бодлогыг үгүйсгэдэг  буруу зүйл руу яваад байна. Энэ нь нэг ёсондоо заавал хийх ёстой ажил нь болчихсон юм шиг байгаа нь хамгийн эмгэнэлтэй.

Тэгэхээр эдийн засгийн нарийн бодлого ярихаас өмнө бүх салбарыг ерөнхий сууриар нь харсан нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй. Түүнийгээ ямар ч Засгийн газар гарсан  тууштай тогтвортой хэрэгжүүлдэг төрийн институцэд шинэчлэл хийснээр гацаанаас гарах юм. Хөгжлийн гацаа энд л нуугдаж байна.

Манай улс 2017 оны байдлаар 470 гаруй эдийн засгийн доктортой. Эдгээр доктор тухайн цаг үедээ эдийн засгийг хөгжүүлэх олон бодлого боловсруулсан нь тодорхой. Түүнчлэн сүүлийн 25 жилд нийт 517, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг нэртэй, маш их цаасыг Засгийн газар, яам, агентлагийн түвшинд гаргасан байдаг. Гэхдээ эдгээрээс ердөө 132 нь л хэрэгжсэн байна.

ТӨР ЗОХИЦУУЛАХ ГЭЖ ОРОЛДОХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ ДАМПУУРАЛД ХҮРГЭНЭ

Эрх баригчид бизнес эрхлэгчдийг яаж дэмжих учраа олохгүй мунгинаж байна. “Төрийн банк” байгуулаад арилжааны банкуудтай өрсөлдүүлснээр зээлийн хүү буурахгүй. Яг үүнтэй адил төрөөс үйлдвэр байгуулаад хувийн хэвшлийг, үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг зүгээр мөрөөдөл.

Үүргийн худалдаачид, жижиг дунд бизнес эрхлэгчид, том аж ахуй нэгж, корпорациуд төрөөс чөлөөтэй ажиллах орон зай бүрдүүлээч л гэж хүсэж байна.

Нөгөө талаас эдийн засаг, бизнест төрийн оролцоо юунд чиглэвэл уг салбарын хөгжлийг илүү тэтгэдэг вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Нийтлэг хариулт нь бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хүсэлт давхацдаг.

Энэ нь төрөөс иргэд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн ажлаа төлөвлөх боломжийг хангаж өгөх ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс ажиллаж амьдрах, хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх хууль, эрх зүйн орчин, дүрэм журам, зарчмыг урт хугацаанд тодорхой байлгах үүрэг хүлээх ёстой. Энэ нь эдийн засаг, бизнесийн хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг.

Ирэх жил татварыг өөрчилж магадгүй, лиценз зөвшөөрлийг хурааж болзошгүй, инфляц зорилтот түвшиндээ байхгүй, төв банкны ерөнхийлөгч мэдэгдлээр валютын ханш яаж ч өөрчлөгдөж мэднэ гэвэл хувийн хэвшлийнхэн бизнесээ яаж төлөвлөх юм.

Өнөөдрийн Засгийн газар, УИХ-ын зүгээс төрийн бизнес, эдийн засагт дахь оролцоо, үүргээ буруу ойлгож, буруу бодлого хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь хөгжлийн тушаа, дэвшлийн занга болж байна. Товчхондоо, хуучин сэтгэлгээгээр шинэ системийг удирдах боломжгүй.

Төрөөс аймаг, сум суурин газрын ерөнхий төлөвлөгөөг хийнэ гэж сүүлийн арван жилд 5.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл үр дүн юу байсан бэ гээд харахаар хэрэгжсэн төлөвлөгөө байхгүйтэй адил. Түүнчлэн өнөөгийн Засгийн газрын үйлдвэржилтийн бодлогын хүрээнд уурхай болгоны дэргэд уурхайн нөөцийн дагуу зэс, цайр, төмөр, нефтийн, нүүрсний боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн байдаг. Гэтэл одоо нефтийн үйлдвэрийн шав тавигдсанаас өөр нэг нь ч хэрэгжээгүй. Ийм байгаагийн шалтгаан нь угаасаа төрөөс бизнесийг, үйлдвэрийг төлөвлөх боломжгүйтэй холбоотой.Үйлдвэрийг төрөөс санхүүжүүлж байгуулах гэсэн оролдлого XX зуунд үлдсэн.

БИЗНЕСИЙН ОРЧНЫ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН СУУРЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ

Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын үндсэн хуулийн өөрчлөлтийг ажиглаж байна. Өнөөдөр юм уу, маргааш өөрчлөгдөх гэж байгаа тохиолдолд ямар ч хөрөнгө оруулагч нааш нь мөнгөө өгөхгүй. Ялангуяа стратегийн ач холбогдолтой уул уурхайн олборлолтын 51 хувийг төр мэдэлдээ авна гэж үндсэн хуульдаа тусгах тухай яригдлаа. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн компаниудын эрх ашиг хөндөгдөж эхэллээ.

Энэ байдал бизнесийн орчинд асар тогтворгүй орчинг бий болгоно гэсэн үг. Монгол улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр төслийн зургаадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалтыг үндсэн хуульд оруулахаар боллоо.

Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, УИХ-аар санал хураалт хийсний маргааш өдөр нэмэлт байдлаар оруулан энэ асуудлыг хэлэлцлээ. Процессын хувьд алдаа, оноог хуульчид хэлэх байх.

Хэрэв үндсэн хуулиар ийм заалт оруулбал өмнө байгуулсан тогтвортой байдлын гэрээнүүд бүгд хүчингүй болно. Үндсэн хууль бизнесийн орчныг тогтвортой байдлыг хангах суурь нь.

Эцэг хуулийн өөрчлөлтөд эдийн засаг, бизнесийн харилцааг зохицуулах үндсэн зарчмыг л тусгаж өгөхөөс биш Засгийн газар, УИХ стратегийн ордод хувийн хэвшилтэй хийх гэрээ, хэлцлийн түвшинд баримтлах нарийн зохицуулалт бүхий заалтуудыг оруулах нь буруу. Хэрэв ийм заалт оруулбал манай эдийн засагт эрсдэлтэй байдал үүснэ.

Яагаад гэвэл манайх дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын түүхий эдийн үнийн мөчлөг дагасан эдийн засагтай. Тиймээс ирээдүйд түүхий эд ийм өндөр үнэтэй байхгүй буюу түүхий эдийн үнэ унасан үед Монгол Улс гадны хөрөнгө оруулалтыг татах бодлогын хувилбар болох эрсдэлтэй.

Тиймээс стратегийн ач холбогдолтой төсөл, хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлцлийн зохицуулалтыг үндсэн хуульд тусгаж болохгүй. Хэрэв үндсэн хуульд Засгийн газрын баримтлах зарчим нь тодорхой бичээстэй байвал хэн ч хэлэлцээрийн ширээний ард суухгүй. Тийм шаардлага үүсэхгүй.

ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛГЭЭГ ХУУЛАГЧ БИШ, БҮТЭЭЛЧ БОЛГОХОД БОДЛОГОО ЧИГЛҮҮЛЬЕ

Парисын цаг уурын олон улсын хэлэлцээрийн дагуу 2050 оноос хойш дэлхийд нүүрсний цахилгаан станцыг бүрэн зогсоож, нүүрсний хэрэглээг хязгаарлана. Гэхдээ өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хувьд нүүрсний станц болон гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн хэвээр байна.

Өмнө нь нүүрсний станц байгуулах, нүүрсний уурхай ажиллахыг хориглож байсан мужууд уг зохицуулалтаа сулруулсан.

2014 оноос 2017 оны хугацаанд БНХАУ-аас 51 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт хийсэн. Эдгээрийн 36 хувь нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцад оруулсан. Ийм нөхцөл байдлаас харвал манай орны хувьд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай.

Үүний тулд төмөр замын оновчтой сүлжээ бий болгох нь зайлшгүй юм. Ийм дэд бүтцийг тавьснаар зэс, төмрийн хүдэр, цайр, занар, нефть зэрэг бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

Гэхдээ зөвхөн уул уурхайн экспортыг шүтсэн, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэд удирдуулсан эдийн засгийн бүтцийг бид өөрчлөх шаардлага тулгарч байна. Олон бүтээгдэхүүн экспортлох замаар Монголын эдийн засгийн хэт эмзэг байдлыг бууруулна. Нэг л өдөр нүүрсний бизнес хэрэггүй болбол яах вэ. Тиймээс хүмүүсийн бүтээлч, дотоод чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарах бодлого  хэрэгтэй.

Инноваци, бүтээлч сэтгэлгээ, старт ап, технологийн гэх мэтээр иргэдээ хөгжүүлэхийг нийгэм өөрөө шаардаж байна. Хүн ямар ч зүйлийг бүтээж чадах байгалийн өгөгдөлтэй.

2017 оны байдлаар дэлхийд хамгийн хэрэгцээтэй 20 мэргэжлийг нэрлэхэд 17 нь мэдээлэл технологийн суурьтай мэргэжлийг жагсаасан. Хамгийн  өндөр цалинтай мэргэжлийн тав нь мэдээлэл технологийн суурьтай мэргэжил байх жишээтэй. Мэдээллийн технологийн мэргэжлийн гайхамшигтай давуу тал нь хугацаа орон зайн мэдрэмжтэй байдал.

Компьютертэй байхад дэлхийн хаана ч борлуулалт хийнэ. Юуг ч бүтээх боломжтойгоороо бусад мэргэжлээс давуу байна. Гэтэл хүүхдүүдийн ихэнх нь уул уурхайн инженер, эдийн засагч, эрх зүйч, эмч, барилгын инженерийн мэргэжил сонгодог. Харин мэдээлэл технологийн мэргэжлийг ЕБС  төгсөгчдийн 0.4 хувь нь сонгож байна. Энэ бүгдээс харах юм бол бид дэлхийн хөгжлийн урсгалын эсрэг явж байна.

Үүнийг хайхрахгүй, нэг зүйл рүүгээ хэт тэмүүлээд бусад зүйлээ тоохгүй байгаа нь хөгжлийг гацаах магадлалтай. Монгол залуусыг илүү хөгжих өөрийнхөө дуртай зүйлийг олж хийх, түүгээрээ баялаг бүтээж амжилт олох чиглэлд хөгжүүлэх бодлого хэрэгтэй.

Хэт олон уул уурхайн инженерүүдийг бэлтгэх чиглэлд анхаарч боловсролын яам нь энэ салбарын сургууль байгуулахыг дэмжээд,  нөгөө салбаруудаа орхигдуулж болохгүй. Бид боловсролын шинэчлэл хийж хүний сэтгэлгээг хуулагч биш бүтээлч болгоход чиглэх хэрэгтэй байна. Хүн болгон өөр өөрийн дахин давтагдашгүй чадвартай. Хэн нэгнийг даган дуурайх биш өөрт байгаа чадвараа олж түүнийгээ зүлгэн өнгө оруулж, бүтээгч болж хөгжих нь чухал.

Тэнгэрт ижилхэн хэлбэр дүрстэй бараан саарал од байснаас өөр өөрийн өнгөтэй янз бүрийн од байвал гоё биз дээ. Яг л энэ санаагаар боловсролын байгууллага хүнээ хөгжүүлэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд маш их мөнгө хэрэгтэй болно.

Гэхдээ боловсрол номер нэг гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрч, тохирч чадвал боломжтой. Тиймээс Монгол хүн бүхэн багаасаа хэн болох, өөрөө өөрийгөө олоод үнэ цэнээ бий болгож түүнийхээ төлөө тууштай явах хүмүүсийг нийгэмд олныг төрүүлснээр хөгжлийн гацаанаас гарах болно.

ОРЛОГЫН ЯЛГААГ АРИЛГАЯ ГЭВЭЛ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖЬЕ

Сүүлийн 20 жилд манай эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь бүхий л салбарт хурдтай өссөн. Харамсалтай нь энэ өсөлт ард түмний амьдралд ялгаатай нөлөөлж, тэдний орлого харилцан адилгүй байна.

Статистикаас харвал орлогын ялгаатай байдлыг харуулдаг үзүүлэлт 2000 оноос хойш өндөр буюу орлогын тэгш бус байдал гүнзгийрч байна. Түүнчлэн ядуурлын түвшин сүүлийн арван жилд 30 орчим хувьтай байв. Орлогын ялгаатай байдал, ядуурлын өндөр түвшин нь нийгмийн дотоод орчлыг хязгаарлаж, нийгмийн тогтворгүй байдал бий болох, хийрхэл, популизм газар авах хөрс болж байна.

Тодруулбал, гэр хороолол буюу долоон буудалд амьдарч байсан иргэн тэндээ гэр бүл болж хүүхэд төрүүлж өсгөөд мөн тэндээ нас бардаг. Нэг ёсондоо нийгмийнхээ орлого багатай хэсэгт төрж, өсөж, гэр бүл болоод хүүхэд гаргаж тэндээ амьдарсаар нас барж байна.

Түүний дараагийн үе нь мөн тэрхүү орлого багатай хэсэгт төрж өсөж амьдарсаар явна. Нэг үгээр хэлбэл нийгмийн орлогын ялгаатай хэсгүүдийн хооронд шилжилт удаан явагдаж, дээрээс доош орох нь илүү байсан гэсэн үг.

Угтаа нийгмийн хөгжлийн явцад иргэн, өрх доороос дээшлэх, дунджаас орлого ихтэй хэсэг рүү өсөлт явагдах байтал шилжилт явагдаагүй. Нийгмийн аль ч хэсэгт улс төрийн, эдийн засгийн болоод шинжлэх ухааны салбарт чадварлаг байх нийгмийн орчил нь саараад байна. Одоо ихэнх хүмүүс орлогын түвшин ойролцоо байдлаас эхэлсэн гэр бүлийн шинжтэй бизнес эрхэлдэг.

Ийм тохиолдолд орлого хамгийн өндөр хэсэг, орлогоор бага буюу түүнээс доош хэсгийн хүүхдүүд эрүүл мэнд болон боловсролоор өрсөлдөх боломжгүй. Цаашид энэ байдал үргэлжилбэл хүн амын цөөн хэсэг нь маш их баялаг эзэмшиж нөгөө үлдсэн ихэнх хэсэг нь бага хувийг эзэмших нөхцөл үүснэ.

Нөгөөтэйгүүр нийгэмд тогтворгүй байдал үүсч хувьсгал гарах, хүмүүсийн хийрхэл ихсэж гэнэн зүйлд итгэмтгий болох, ходоодоороо сонголт хийх сөрөг зүйлүүд бий болдог. Гэхдээ орлогын ялгаатай байдал бий болсонд хэн нэгнийг буруутгах шаардлагагүй юм. Харин   өөрчлөх олон боломж бий. Бидэнд эдийн засгийн эрх чөлөө байна уу байна. Хувь хүний эрх чөлөө байна уу байна.

Өмчийн эрх нь баталгаатай юу баталгаатай. Тэгвэл хүмүүсийн орлогын ялгааг багасгадаг, чинээлэг дундаж давхаргыг тэлэх гол арга нь боловсрол. Хэрвээ төсвийн илүүдэл орлого байгаа бол, хэрвээ уул уурхайн бүтээгдэхүүний орлогыг төвлөрүүлдэг хуримтлалын сан гэж байгаа бол, түүнийгээ иргэд, хүүхэд, залуусын боловсролыг сайжруулахын төлөө зарцуулъя.

Ингэж иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх, чадварыг сайжруулах, бүтээлч сэтгэлгээтэй болгохын төлөө төсвийн хөрөнгийг зарвал орлогыг ялгаатай байдал урт хугацаанд арилна. Энд зориуд нэг зүйлийг хэлэхэд орлогын ялгаатай байдлыг бууруулах, баялгийн шударга хуваарилалтыг богино хугацаанд шийдвэрлэх бараг боломжгүй.

Баячуудын хөрөнгийг шууд хурааж, ядууст тэгшитгэн хуваарилах арга хүртэл ямар удаан, ямар олон хүний амиар хийгдсэнийг түүх гэрчилнэ.

Орлогын тэгш байдалд хүрэхэд баялгийн сан чухал. Гэхдээ хамгийн чухал нь энэ сангийн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг нь асуудалтай. Боловсрол номер нэг юм үүнд л зарцуулах хэрэгтэй. Баялагийн санг бий болгох тухай арван жилийн өмнө ярьж байсан. Одоо шинээр яриад байгаа зүйл биш.

Хэрэв үндсэн хууль батлагдвал нийт олсон орлогоо энэ үедээ тодорхой хэмжээгээр тэгш хүртээхээр зорьж байгаа нь хамгийн дэвшилттэй зүйл. Бас нэг санаа нь үе хоорондоо тэгш байх зарчим. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Засгийн эрхийг барьж байхдаа “бидний тавьсан өрийг манай хүүхдүүд төлчихнө” гэсэн алдарт үгээ хэлсэн. Энэ нь агуулгаараа ирээдүйд олж болох орлогоо энэ үед ашиглана гэсэн санаа.

Ирээдүйд төлөх болбол хойч үеийнхний орлогыг багасгаж зардлын дарамтыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үе хоорондоо тэгш байх зарчим алдагдана. Харин нь үндсэн хуульд одоо болон ирээдүй үед тэгш хуваарилах гэсэн агуулгаар оруулбал эдийн засгийн хувьд баялгийн зохистой хуваарилалт, санаачилга болох үр дүнтэй.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608094
0 эможи

Зочин
2019-09-16 12:14
сонирхолтой
keyboard_arrow_up