НҮБ-ын Хүүхдийн Сан, Мобиком Корпораци хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019 оны 7 сарын 19

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Мобиком Корпораци хүүхэд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санамж бичигт 2019 оны 7-р сарын 18-ны өдөр гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгч ноён Алекс Хайкенс хэлэхдээ "Мобиком, НҮБ-ын Хүүхдийн Сан хоёр сүүлийн хэдэн жилийн турш хүүхдийг цахим орчинд хамгаалах, сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, бизнесийн салбарт хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон ажлыг хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Өнөөдөр бид санамж бичгээ дахин үргэлжлүүлж байгаа нь тус улсын өргөжин хөгжиж буй хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй бизнес болон хүүхэд рүү чиглэсэн Компанийн нийгмийн хариуцлагыг улам хөгжүүлэхэд чухал алхам болж байна" гэв.

Хоёр байгууллага анх 2016 онд орон нутгийн сургуулиудад стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг бий болгох чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Мобиком Корпорацийн зүгээс 1.9 тэрбум орчим төгрөгийн шууд хөрөнгө оруулалтыг хийж, улсын хэмжээнд 80 сургуульд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг бий болгосон. Мөн түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулан “Хүүхдийн тусламжийн утас 108” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.

"Энэ үйл явдал бидний хоорондын цаашдын түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна. Бид “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төсөл”, "Хүүхдийн тусламжийн утас 108"  төслүүд дээр хамтарч ажиллаж байсныг хүмүүс мэдэх байх. Өнөөдрийн энэхүү үйл явдал бол манай хоёр байгууллагын хувьд шинэ түншлэл, шинэ түүхийг бүтээх амжилтын эхлэл" хэмээн Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада онцлов.

Хамтарсан санамж бичиг нь Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хувийн хэвшлийн манлайлал,  хөрөнгө оруулалт, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, улмаар бодлого, эрх зүйн орчныг таатай болгоход хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлнэ.

Санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан болон Мобиком Корпораци хүүхдийн аж байдлыг сайжруулах, тэднийг аливаа хүчирхийллээс хамгаалах, өсвөр үеийнхний хөгжлийг дэмжих, хүүхдийг цахим орчин дахь аюул эрсдэлээс хамгаалах болон гэр бүлд ээлтэй ажлын байрыг сурталчлах зэрэг олон талт ажлууд дээр төвлөрч ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605991
0 эможи

keyboard_arrow_up