Хурдаа хэтрүүлэн хүрдээ эргүүлэх жолооч та үхлийн өмнөөс яарч байна уу

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

ОРОН НУТГИЙН ЗАМД БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ БУРУУ ТЭЭВЭРЛЭХ ЗӨРЧИЛ ИХ БАЙНА-

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөн ихэсдэг. Яг энэ үед аялж зугаалж, хөдөө орон нутгийг зорин аяны жолоо яаран мушгиж байгаа жолооч нарт Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа “Яараад яах вэ” аяны хүрээнд Төв аймгийн Баянцогт сумын замд нөлөөлөх арга хэмжээ зохион байгууллаа. Учир нь энэ л замаар баруун аймгууд руу жолооч нар зөрчил ихтэйгээр замын хөдөлгөөнд оролцдог байна.

Учир нь эрсдэлтэй гэгддэг орон нутгийн замд бага насны хүүхдийн зориулалтын бус аргаар буюу өвөр дээрээ суулгаж урд суудалд тээвэрлэдэг, хэт ядарсан үедээ жолооны хүрдний ард суудаг, хурд хэтрүүлэн давхидаг, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэдэг зэрэг энгийн дүрмийг биелүүлээгүйн улмаас 2018 онд зам тээврийн осолд 5,323 хүн өртөж, 4,761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алдсан. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутгаас бөгөөд үүний 45 нь хүүхэд байсан гэх харамсалтай тоон мэдээг албанаас өгч байна. Иймээс хөдөө нутгийг зорин яваа жолооч бүрийг зогсоож аяны талаар товч мэдээлэл өгч хурд хэтрүүлэхгүйгээр анхаарал болгоомжтой байхыг анхааруулан автомашин дээр нь яараад яах вэ гэсэн зурагт хуудсыг нааж нэг ч гэсэн автомашин дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь олон хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах юм гэдгийг нэг бүрчлэн тайлбарлаж ажиллав. Өнөөдрийн арга хэмжээнд иргэдийн хайрлан хүндэтгэдэг жүжигчин, Аримун продакшны захирал, СТА Д.Ганцэцэгээр дамжуулан замын хөдөлгөөнд хурдгүйгээр оролцох хэрэгтэйг сануулсан юм.

Мөн залуусын нэгдэл болох "Сrown club"- ийн 15 залуу нэгдлээ. Тэд залууст хандан уриалга гаргаж автомашинаа бүрэн тоноглолтойгоор унаж хэвших, холын замд гар утас болон согтууруулах ундаа мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг урилсан юм.

Яараад яах вэ аян нь орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулах аж. Ингэхдээ Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааг судалгаа болон статистик дүн мэдээнд үндэслэн явуулдаг аж. Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгаж байна. Зөрчилд холбогдогчдын 75 хувь нь буруу жолооны хүрдтэй машин, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлдэг байна.

Сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг “Яараад яах вэ” гэж нэрлэсэн аяныг жолооч нарт чиглэн зохион байгуулж байна гэдгийг энэ үеэр тодотгон ярьж, жолооч нар танхааруулга хүргэж байв.

 Осол аваар их гардаг улирал эхэлж байгаатай холбоотойгоор энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллага “Яараад яах вэ” аяныг эхлүүлсэн. Улаанбаатараас орон нутгийг чиглэсэн замд осол аваар их гардаг. Тодруулбал, энэ төрлийн нийт ослын 80-90 орчим хувь нь зургаагаас есдүгээр сарын хооронд гарсан. Үүний улмаас жилд 400-500 орчим хүн нас барсан. Тиймээс осол аваараас урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулж байна. Нийт осол аваарын 77.8 хувь нь жолоочоос шалтгаалдаг. Тиймээс аяны хүрээнд жолооч нарт замын хөдөлгөөнд зөв боловсон, соёлтой оролцох уриалга, мэдээлэл хүргэж байгаа. “Яараад яах вэ” аяныг автомашин сонирхогчдын хэд хэдэн клуб, урлаг, спортын болон бусад салбарын олны танил хүмүүс дэмжиж хамтран ажиллаж байна.

Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэсэн автомашин их зорчдог таван зам бий. Цагдаагийн байгууллагаас автомашин сонирхогч клубүүдийн гишүүд болон олны танил хүмүүстэй хамт нийслэлээс орон нутаг руу явдаг гурван зам дагуу байрлаж, жолооч нарт мэдээлэл хүргэж, нөлөөллийн ажил хийж байна. Тухайлбал, өнөөдөр(өчигдөр) Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг Багануур дүүрэг рүү явдаг зүүн чиглэл, Дорноговь, Говьсүмбэр аймаг руу зорчдог зүүн урд чиглэл, баруун таван аймаг болон Дарханы зам руу зорчдог баруун чиглэлд “Яараад яах вэ” аяны пост байрласан. Маш олон жолооч замын хөдөлгөөнд соёлтой оролцдог хэдий ч орон нутгийн замд машин барьж буй бусад хүний дүрэм зөрчсөн үйлдэл осол аваар гарахад нөлөөлдөг. Тиймээс осол аваараас урьдчилан сэргийлэхийн тулд энэ аянд нийт жолоочийг хамруулахаар зорьж байна.” гэж хэллээ. Дээрх аяны хүрээнд нөлөөлөх, урьдчилан сэргийлэх зорилготой 135 сая төгрөгийн өртөг бүхий долоон самбарыг Улаанбаатар хотоос орон нутаг руу явах замд буюу Төв аймгийн Эрдэнэ сум, Говьсүмбэр чиглэлийн 48 дахь км буюу Төв аймгийн Сэргэлэн сум, нийслэлээс гарах баруун чиглэлийн 61 дэх км буюу Төв аймгийн Баянцогт суманд байршуулсан. Мөн эдгээр самбарын дэргэд түр пост байрлаж, тээврийн цагдаа нар болон олны танил эрхмүүд, автомашин сонирхогч клубын хурдны машинтай залуус жолооч нарыг тосч уулзан, “Яараад яах вэ” машины наалт бэлэглэж, Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх, холын замд хурдаа тааруулж, зорчихыг уриаллаа. Үүнээс Улаанбаатар хотоос баруун таван аймаг руу зорчих замд буюу Төв аймгийн Баянцогт суманд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, “Zero gravity vip Crown” клубын залуус ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605453
2 эможи

ИРГЭН
2019-07-02 08:34
СОГТУУ ЖОЛООЧЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ДАХИН ЭРХИЙ НЬ ӨГӨӨД ОДОО ГАРААД ХҮН АЛЧИХААД ИР ГЭСЭНТЭЙ АДИЛХАН ХУУЛЬТАЙ ҮХЭР МОНГОЛЧУУДАД ХАТУУ ЦААЗ ХЭРЭГТЭЙ.ХУРД ХЭТРҮҮЛЭГЧ БАС НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ЗӨВШӨӨРӨЛТӨЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАЛТУУРЧИД.ЗӨВШӨӨРӨЛТӨЙ ХАЛТУУРЧДЫГ СУДАЛГААГ ГАРГАЖ ЭРХТЭЙ НЬ СИЦЕНЗТЭЙ НЬ ЯРЬЖ ХУРААЖ ДАХИН ОЛГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
Зочин
2019-07-02 05:55
Хотоос гараад л архи дарсаа гударч , жолооч нар эзэнгүй мэт авирлаж давхилдацгаадаг шүү дээ ,жоолоочийн хариуцлагын хуулийг сайн чангалах хэрэгтэй архи уугаад л жолооны ард суусан л бол жолоо барих эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй шүү
Зочин
2019-07-02 05:55
Хотоос гараад л архи дарсаа гударч , жолооч нар эзэнгүй мэт авирлаж давхилдацгаадаг шүү дээ ,жоолоочийн хариуцлагын хуулийг сайн чангалах хэрэгтэй архи уугаад л жолооны ард суусан л бол жолоо барих эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй шүү
keyboard_arrow_up