Д.АЛТАНХУЯГ: Техникийн зохицуулалтаар шинэ дэвшилтэд технологиуд ашиглагдах бүрэн боломжтой болсон

админ
2019 оны 6 сарын 26

Arslan.mn

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын салбарын  норматив баримт бичгүүд хуучнаар ЗХУ-ын норматив баримт бичиг дээр үндэслэж хийгдсэн байдаг. Тэгвэл Техникийн зохицуулалт гэсэн заавал мөрдөх шинж чанартай баримт бичиг нэвтрүүлсэнээр барилгын салбарынхны хувьд шинэ техник технологийг ашиглах бүрэн боломжтой боллоо. Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуягтай ярилцлаа.

-Техникийн дэвшил, гадны норм дүрмийг хэрэглэх боломж хязгаарлагдмал байсан. Тэгвэл барилгын салбарын техникийн зохицуулалт батлагсанаар  хязгаар арилна гэж байна. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

- 2009 онд Засгийн Газрын 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”-г тухайн үед Оросын Холбооны Улсад мөрдөгдөж байсан норм нормативын баримт бичгийн тогтолцоог судлан боловсруулж өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд мөрдөж ирлээ.

Олон улс, бүс нутгийн болон глобал баримт бичиг, тэр дундаа нормчиллын аргачлалууд нь уламжлалт шууд заах хэлбэртэй байдаг бөгөөд  сүүлийн жилүүдэд нормчиллын параметрик аргачлалд татагдах хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд бүгд заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгээсээ татгалзаад сонгон мөрдөх шинж чанартай баримт бичигт шилжиж орсон гэсэн үг юм.

Тодруулж хэлбэл Оросын Холбооны Улс ч  Европын холбооны  тогтолцоог олон жил судлаад мөн сонгон мөрдөх талруугаа шилжээд эхэлсэн байна. Түүний адил Монгол улс Оросын холбооны улс хэрхэн шилжсэн талаар судалгааг сүүлийн хэдэн жил хийж,  энэ оны гуравдугаар сарын 21-нд Засгийн газрын 106-р тогтолоор “Барилга, байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”-г шинэчлэн батлууллаа. Шинэчлэгдсэн тогтолцоогоор нэлээд том  өөрчлөлтүүд гарч байна.

Үүний дотор “Техникийн зохицуулалт” гэдэг ойлголт орж ирсэн. Одоогийн байдлаар тогтолцооны дагуу “Барилга байгууламжийн аюулгүй байдлын тухай”,  “Галын аюулгүй байдлын шаардлагын тухай”, “Барилга барилгын материалын үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тухай” гэсэн гурван техникийн зохицуулалтыг боловсруулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Техникийн зохицуулалт гэдэг ойлголтыг та тодруулахгүй юу?

Оросын холбооны улсыг судлаад үзэхэд анх 2002 онд техникийн зохицуулалтын тухай хуулийг анх баталсан байдаг ба 2005, 2007, 2009, 2015 онуудад засвар өөрчлөлт оруулсан. Уг хуулинд орсон засварын үр дүнд гадны орнуудын техникийн норм, дүрэм, стандартуудыг нэвтрүүлэх, хүлээн зөвшөөрөх боломжийг бий болгосон. Техникийн зохицуулалтын тухай хууль батлахад түлхэц болсон нөхцөлүүд нь хуучин зохицуулалтын орчин болон хууль сахиулах үйл ажиллагааны системийн дутагдлууд бөгөөд энэ нь заавал мөрдөх шинж чанарыг агуулсан норматив баримт бичгүүдийн давхардал, зөрүүтэй, нийцэхгүй байдал болон зөрчилдөөнүүд, хяналтын байгууллагууд норм дүрмийг дураараа тайлбарлах боломжтой байдал, аюулгүй байдлыг хангах үнэлгээнээс илүү арилжааны сонирхолыг дээгүүр тавих зэргээс үүдэлтэй байсан.

            Энэ бүгдийг судлаж үзэхэд техникийн зохицуулалт нь тухай баримт бичгээр мөрдөх ерөнхий шаардлагуудыг тусгаж өгсөн байдаг. Жишээлбэл Барилга байгууламжийн аюулгүй байдлын тухай техникийн зохицуулалт дээр гэхэд бидний Үндсэн хуулин дээр  “Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой” гээд зааж өгсөн байдагтай адил барилга байгууламж болон зураг төсөл, барилга, засвар, зүгшрүүлэлт, ашиглалт, нураалтын ажилд тавигдах ерөнхий шаардлага, галын аюулгүй байдлын шаардлага, байгалийн онц ноцтой үзэгдлийн үеийн аюулгүй байдлын шаардлага, барилга байгууламжийг ашиглагчдад тавих аюулгүй ажиллагааны шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлгөөний хязгаарлагдмал хүн амын ашиглахад тохиромжтой байх шаардлага, эрчим хүчний ашигтай байдлын шаардлага, барилга байгууламжийн хүрээлэн байгаа орчинд аюулгүй хэмжээнд нөлөөлөл үзүүлэх тухай шаардлага, эрүүл ахуй халдвар судлалын шаардлагуудын биелэлтийг хангах шаардлага, ундны болон ахуйн хэрэгцээнд ашиглагдах усны чанарыг хангах шаардлага, гэрэлтүүлгээр хангах шаардлага, дуу чимээнээс хамгаалах шаардлага гэх мэт зохицуулалтыг гаргаж өгсөн байдаг байна.

-Техникийн зохицуулалт гэсэн баримт бичиг хууль эрх зүйн хувьд хэр нөлөөтэй баримт бичиг вэ?

Энэ нь нийтээр заавал дагаж мөрдөх ёстой баримт бичиг байх ба Засгийн газар батлахаар хуульчлагдсан байгаа. Барилгын норм ба дүрэм нь заавал мөрдөх шинж чанартай. Харин Барилгын дүрэм  нь сонгон мөрдөх чанартай байсан бол одоо техникийн зохицуулалттай, заавал дагаж мөрдөх баримт бичиг нэвтэрч байна.

-Өмнө нь барилгын норм ба дүрмээр хязгаарлагдаж байсан асуудлууд ч цэгцэрч байгаа гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Энгийнээр тайлбарлахад заавал дагаж мөрдөх шинэ чанартай барилгын норм ба дүрэм дээр барилгын дээврийг гурван давхар хар цаасаар хар тос хайлуулж нааж хийнэ гээд  заасан бол энэ заалтанд хязгаарлагдаж дагаж хийдэг түүнийг нь хянадаг байгууллага нь тэр заалтыг биелүүлсэн эсэхийг шалгадаг байсан. Гэтэл ус үл нэвтрэх маш олон төрлийн хуйлмал материал, шинэ технологиуд орж ирж байна. Зарим нь дээвэр дээрээ ногоо цэцэг тарьж болох технологиуд ч бий. Харин техникийн зохицуулалтаар эдгээрийг шинэ техник технологи, материалыг ашиглаж болно харин та дээрхи шаардлагуудыг л хангасан байх ёстой гэснээр бусад хөгжингүй орнуудын  дэвшилтэд технологи, материалыг шууд нэвтрүүлэх, ашиглах боломж нээгдэж байгаа юм.

Техникийн зохицуулалтыг цаашид хэрхэн нэвтрүүлэх, хөгжүүлж ажиллах бэ?

Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн тогтолцооны хүрээнд эхний ээлжинд дээр хэлсэн гурван техникийн зохицуулалтыг нэн түрүүнд боловсруулан батлуулах, дараа нь эдгээр техникийн зохицуулалтын шаардлагын хүрээнд барилгын норм ба дүрэм, барилгын дүрэмд  байгаа заалтуудыг нь ангилж хуулийн хүрээнд ялгаж нэг мөр цэгцлэх гэх мэт маш их ажил эхэлнэ.

Энэ ажлуудыг салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч хийснээр шилжих хугацаа нь арай богино болох байх гэж бодож байна. Бид удахгүй хэдий хугацаанд хэрхэн шилжих, эхний ээлжинд алийг нь түрүүлж хийх талаар төлөвлөгөө гарган салбарын сайдаар батлуулж эхлүүлэх болно.

Мөн барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх хэрэглэх журмыг энэ оны 3 сард Засгийн газрын 107  тогтоолоор батлуулсан. Үүн дээр Монгол Улсад барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулагдаагүй харилцааг гадаадын норм, нормативын баримт бичгээр зохицуулах, бүртгэж аваад хэрэглэх боломжуудыг нээж өгсөн. Тухайн норм дүрмийг бүртгүүлсэн байгууллага нь хоёр жилийн хугацаанд орчуулж батлуулах арга хэмжээг зохион байгуулна гэж заасан  Тэгэхээр аль аль талаасаа бүтээгдэхүүн ч тэр барилгын шинэ норм дүрэм ч тэр бүгд чөлөөтэй нэвтрүүлэх боломж бий болж байгаа юм.

Монгол Улсад гадаадын шинэ техник технологийг орж ирэхэд хүндрэлтэй байна,  Норм дүрэм нь байхгүй байна гэдэг асуудал тодорхой хэмжээгээр зохицуулагдсан гэж ойлгож болно.

Ярилцсанд баярлалаа

Г.Отгонтуяа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605256
4 эможи

Зочин
2019-06-27 15:58
барилгын норм нормативыг маш сайн сурталчилах хэрэгтэй байна шүү чухал нийтлэл байна
Зочин
2019-06-26 11:13
сайн байна.
keyboard_arrow_up