ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 3 сарын 25

Arslan.mn

Өнгөрөгч долоо хоногт /2019.03.18-2019.03.24/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа

Arslan.mn“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл үр бүтээл гарган ажилассан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль болон цол гардуулах ёслолын ажиллагаа  /2019.03.18/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгуулагдав. “Цэргийн гавъяаны одон”-гоор Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Насанжаргалын Сумъяа, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган албаны ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Улаанбаатарын Жамбацэрэн, “Хурандаа” цолоор Дотоодын цэргийн Багануур дүүрэг дэх тусгай салааны захирагч Доржюндэнгийн Загдрагчаа, “Цэргийн хүндэт медаль”-иар 23 алба хаагч тус тус шагнагдав.

МУ-ын Ерөнхийлөгч Х. Баттулга Мөрдөн Байцаах албаны үйл ажиллагаатай танилцлаа 

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Мөрдөн байцаах албаны удирдлагууд, алба хаагчдын төлөөлөлтэй уулзаж, хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлог, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулсан, орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тоноглогдсон шинэ байртай танилцсан юм.

Дотоодын цэргийн штабаас  “МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР”-ын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэв

Arslan.mn

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч  хөгжсөний 98 жилийн ой,  “Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын үйл ажиллагааг их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны  одонт Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулав.Мөн энэ үйл ажиллагааны  үеэр алба хаагчдаа манлайлан ажиллаж байгаа зарим алба хаагч нарт цэргийн цол шагнал гардуулж, урлагийн хэсэгчилсэн тоглолтоор алба хаагч нартаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Цэргийн  алба, цэргийн үүрэг  бол иргэдээ эх оронч үзлээр цэнэглэж, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг  суулгадаг эх ундарга нь байж  ирсэн бөгөөд төр засгаас  цэргийн алба хаагчдын хаах орчин, нийгмийн хамгаалал, эрх зүйн  баталгааг хангах, ахуй амьдралыг чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өглөө ХААНА

Arslan.mn

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийлээ. Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын барилгын ажил энэ сарын 25-аас эхэлнэ. Түгжрэлийг бууруулах үүднээс тус хэсгийн замыг түр хугацаагаар нээгээд байсан. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний шөнөөс хаана. Үндсэн гүүр маань 477 метр урт. Энэ жил бороо багатай байвал наймдугаар сарын 27-н гэхэд гүүрийн ажил дуусна. Нийт бүтээн байгуулалтын ажил төлөвлөж буйгаар бол есдүгээр сарын 10 гэхэд дуусах ёстой. Галт тэрэг зорчих тоолонд түгжрэл үүсдэг байсан асуудал 100 хувь шийдэгдэнэ. Гүүрийн ажил 43,5 хувьтай хугацааны хувьд графикийн дагуу явагдаж байна. 

400 мянган тээврийн хэрэгслийг ТҮГЖРҮҮЛЭХГҮЙН тулд 427 АЛБА ХААГЧ ажиллаж байна

Arslan.mn

ээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан хэлэхдээ "Манай Улс 2019 оны байдлаар нийтдээ 970 мянга 860 орчим тээврийн хэрэгсэл, 1 сая 207 мянга 690 жолооч, 12 мянга 105 км хатуу хучилттай автозамтай. Үүнээс нийслэл хотод албан бус тоогоор 500 гаруй мянган  тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас өдөр тутамд 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.  Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972,  нийслэл хотын хэмжээнд 427 алба хаагч үүрэг гүйцэтгэдэг.  Нийслэл хотын хэмжээнд хяналт шалгалтыг хоногт 400 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 117 цэгийг хяналтандаа авч ажиллаж байгаа бөгөөд дүүргүүд дэх захын хорооллуудад хүн хүчний дутмагаас хяналтгүй байгаа хэдий ч “Иргэн бүр цагдаа” уриан дор иргэдээс зөрчлийн талаарх мэдээллийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэж байна. 2019 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 11479 дуудлага, мэдээлэл хүлээн авч 4265 зам тээврийн осол шалган шийдвэрлэсэнээс Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 221 гэмт хэрэг бүртгэгдсэний улмаас 56 хүний амь нас хохирч, 165 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна" гэлээ. 

МУИС-ийн багш, оюутнууд  “НЭГ ХОРОМ” аянд нэгдлээ

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Монгол Улсын Их Сургууль хамтран “Нэг хором” өдөрлөгийг /2019.03.20/ амжилттай зохион байгуулж, өдөрлөгт тус сургуулийн багш, оюутан, залуучууд хамрагдлаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр оюутан залууст “Нэг хором” аяны зорилго болон хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео, Чоно хамтлагийн “Нэг хором” дууны клипийг сонирхуулав. Монгол Улсын Их Сургуулийн багш, оюутнууд “Нэг хором” тэвчих нь өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдлээс хамгаалах бүрэн боломжтойг ойлгож, бусдыг хүндэлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл авч, аяныг дэмжин бусад залуусыг уг аянд нэгдэхийг уриаллаа.

М.Мөнхшүр: 6 настай хүүг гэрт нь цоожилж үлдээснээс цонхоор унаж амиа алдсан байна

Arslan.mnЗургаан настай хүү амиа алдсан талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүр мэдээлэл өглөө. Тэрбээр "2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр 11:00 цагт БЗД-ийн 13 хороонд ”Офицер захын хажууд нэг хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны иргэнээс цагдаагийн байгууллагад өгсөн. Дуудлагын дагуу БЗД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй зургаан настай А гэрийнхээ давхрын цонхоор унаж, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэргийг шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс золгүй байдал гарсан гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожил үлдээхүй байхыг байнга анхааруулдаг. Гэтэл хүүхдийг үл хайхрах тохиолдлоор амь нас нь хохирсон асуудлыг шалгаж байна" гэлээ.ф

БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын алба хаагчдыг хүлээн авч уулзлаа  

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвийн алба хаагчдыг  /2019.03.22/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Цагдаагийн Ерөнхий Газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Эрүүгийн цагдаагийн албаны тав дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар нар оролцож хоёр байгууллагын хамтран зохион байгуулж байгаа “Кибер гэмт хэргийн тоон ул мөр илрүүлэлт” сэдэвт сургалтын явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.Уулзалтын үеэр Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвөөс хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

ЦЕГ-ын Төв байрны алба хаагчдын дунд "Ширээний теннисний аварга" шалгаруулах тэмцээн боллоо  

Arslan.mn

“2019 онд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын дунд биеийн тамир, спортыг сурталчилах, хамт олонч уур амьсгалыг дэмжих зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Цагдаагийн Ерөнхий Газрын төв байрны алба хаагчдын дунд  /2019.03.22/ “Ширээний теннисний аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 19 алба, нэгжийн эрэгтэй 20, эмэгтэй 16, нийт 36 тамирчид өрсөлдөж эрэгтэй тамирчидаас нэгдүгээр байранд Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяр, хоёрдугаар байранд Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа А.Отгонсүх, гуравдугаар байранд Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа С.Мөнхтамга, эмэгтэй тамирчидаас нэгдүгээр байранд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргын туслах, цагдаагийн ахлагч Ц.Ариунболор, хоёрдугаар байранд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ш.Тунгалаг, гуравдугаар байранд Захиргааны удирдлагын хэлтсийн нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч А.Оюунбилэг нар тус тус шалгарсан байна.

“БҮЛЭГ-2019” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Arslan.mn

Дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Товуудорж, тасгийн дарга, хурандаа Д.Сайнхүү, ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Баярсайхан нар нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн батлан даалтад шалгагдаж байгаа 17-32 орчим насны нийт 43 этгээдүүдэд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийг таниулах, сурталчлах чиглэлээр сургалт зохион байгуулав.

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах "Жүдо Бөх"-ийн тэмцээн боллоо 

Arslan.mn

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “Жүдо бөх”-ийн тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Спортын төв ордон”-д амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн 32 анги, байгууллагын 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр тус албаны Эргүүл, хамгаалалтын газар 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар “Тэргүүн байр”, Дотоодын цэргийн 05 дугаар анги 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар “Дэд байр”, Тээврийн цагдаагийн алба 1 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар “Гутгаар байр”-т, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Сангисүрэн, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Т.Баттөгс нар тус тус шалгарсан байна.

Цагдаагийн Ерөнхий газрын автомашинд ПАРК ШИНЭЧЛЭЛ хийлээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас Автобаазад Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтаар Нийслэл хотод хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд ашигладаг тээврийн хэрэгслийг шинэчилж тусгай зориулалтаар иж бүрэн тоноглосон "Хьюндай аксент" маркийн 13 автомашиныг гардуулах үйл ажиллагаа боллоо. Эвдэрсэн болон ашиглалтын гүйлт норм дууссан дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн хөдөлгөөнт эргүүлийн чиглэлд хуваарилалт хийж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс,Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэст тус бүр нэг, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус бүр хоёр автомашин гардуулан өгөв. 

Нарантуул ОУХТ-д “НЭГ ХОРОМ” өдөрлөгийг зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Нарантуул” Олон Улсын худалдааны төв хамтран /2019.03.20/ “Нэг хором” өдөрлөгийг “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгч болон иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч түрээслэгч, худалдан авагч иргэдэд “Нэг хором” аяны зорилго болон сурталчилгааны материал, гарын авлага тараалаа. Энэхүү өдөрлөгийг иргэд, түрээслэгчид талархалтай хүлээн авч өөрийгөө болон бусдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, хүлээцтэй, найрсаг харилцаж, “Нэг хором” тэвчих нь эерэг үр нөлөөтэй талаар мэдээлэл авлаа. Өдөрлөгт Цагдаагийн Ерөнхий Газрын “Сүлд” чуулга, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтэс, Үндэсний Батлан хамгаалахын Их сургууль, Соёл урлагийн Их сургуулийн оюутнууд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн сургалтын баг орон нутагт ажиллаж байна 

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн сургалтын баг “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг иргэдэд ойртуулж сум, дүүрэгт нь зохион байгуулж, галт зэвсгийн бүтэц, аюулгүй ажиллагаа, сэтгэлзүйн бэлтгэлжилт, эмнэлгийн анхан шатны тусламж, хадгалалт хамгаалалт, ашиглалтын талаарх мэдлэг, ур чадварыг олгож байгаагаар онцлогтой. Мөн сургалтын үеэр бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэлжүүлэх, галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий сургалт юм.  

"ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДАЛ" сэдэвт сургалт зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс "Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал" сэдэвт мэргэшүүлэх сургалт зохион байгуулагджээ. Энэ сургалтад Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 28 алба хаагч хамрагдсан байна. Сургалтаар шинээр батлагдан хэрэгжиж буй “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, арга тактик, анхаарах асуудлын талаар алба хаагчдад практик, дадлага хосолсон хэлбэрээр олгосон юм.  Мөн үйл ажиллагаандаа хүний эрхийг хангах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчил үйлдэгдэхээс  урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх дадал чадварыг олгож байгаагаараа онцлогтой.

Галт зэвсгийн мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа 

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс “Галт зэвсгийн мэргэшүүлэх сургалт” зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Тээврийн цагдаагийн албаны 572 алба хаагч хамрагджээ. Уг сургалт танхимын болон дадлага сургуулилтын хэлбэрээр гурав хоног үргэлжиллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601410
6 эможи

keyboard_arrow_up