Бямбаа: Зургаан хүүхэдтэй ээжид туслах хандивын дансанд 11 сая төгрөг цугласан

2018 оны 11 сарын 21

Манай сонин “Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж” нийтлэл сурвалжилгыг цувралаар хүргэсэн билээ. Одонтой ээжийн амьдарч буй орчны асуудлыг удаа дараа хөндөж уншигчдад хүргэсэн. Олон нийт, төрийн болон ТББ-ууд энэ асуудалд дуу хоолойгоо хүргэж түүний нэр дээр тусламжийн аян өрнөсөн. Зургаан хүүхэдтэй ээжийг аюулгүй, сайхан орчинд амьдруулах зорилготой хандив тусламжийн явцын мэдээллийг Ш.Нарангэрэл ээжийн байр сууринаас хүргэж байсан бол энэ удаад аяныг зохион байгуулагч Бямбаа гэх бүсгүйтэй ярилцлаа. Манай сонин 2018 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн №227 (3,181) дугаарт “Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж шоучдын гарт байна” нийтлэлд дурдагдсан Бямбаа бүсгүй аяны талаарх үйл явц, мөнгөний зарцуулалтын талаар ийн ярилаа.

Arslan.mn

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Бямбаа гэдэг. Би Хамаг Монгол Ви чат болоод фейсбүүк группийн админ. Өмнө нь өвчтэй, зовлонтой олон хүнд туслах сайн үйлсийн аян өрнүүлдэг байсан. Ш.Нарангэрэл ээжид тусламж хэрэгтэй байгааг хамгийн анх ТВ-8 телевизээр мэдээд манай Өвөрмонголын Хамаг Монгол группийнхнээс нийт 4,600 юань буюу нэг сая 600 мянган төгрөг цуглуулсан. Энэ мөнгийг Ш.Нарангэрэл ээжид хүргэж өгч танилцсан. Цахим орчинд янз бүрийн их олон групп тус тусдаа хандив хүлээж авч байсан учраас бүгд нэгдье гэж ярилцсан. Ингээд үндсэндээ долоо хоногийн хугацаанд 11 сая төгрөг цуглуулсан. 

-ХААН банкны 5062260982 тоот дансны хуулгыг Ш.Нарангэрэл авсан байдаг. Гэтэл 23 сая 994 мянган төгрөг гэсэн дүн байгаа шүү дээ. Энэ бол тус дансыг харилцагчийн хүсэлтээр хаасан гэх 2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх тоо. Ш.Нарангэрэл ээжийн хувьд банкны хуулга дээрх мөнгөн дүнд итгэсэн. Гэтэл та 11 сая төгрөг цугласан гээд байгаагаа тайлбарлаач?

-Хандив бол О.Бодьханд болон Ш.Нарангэрэл хоёрын хамтарсан дансан дээр төвлөрсөн.Баруун салааны эцэс дэх байшиндаа Ш.Нарангэрэл ээж ороод долоо хоносныхоо дараагаас эхлээд байшин хүйтэн байна, би гал түлж чадахгүй байна гэх мэтээр аашилж эхэлсэн. Зургаан хүүхдийн ээж иймэрхүү харилцааны хувьд тогтворгүй араншин гаргаад байсан учраас группүүд өөрсдийн төвлөрүүлсэн мөнгөө буцааж татацгаасан.

Данс руу оруулсан мөнгийг гаргачихаад, буцааж татаад, буцааж нэгтгэсэн. Иймэрхүү байдлаар 2-3 удаа данстай харилцсан учраас орлого, зарлагын давхардлын улмаас эцсийн дүн 23 сая тегрөг болж байна. ХААН банкны теллерийн тайлбарласнаар бол орлого, зарлагын давхардсан дүнгээс хамаарч хуулга дээрх дүн өөр өөр гардаг юм байна. Түүнээс дансанд цугласан цэвэр мөнгөн дүн нь 11 сая төгрөг юм.

-Ямар учраас олон нийтийн мөнгөө төвлөрүүлж байсан данснаас мөнгийг дахин дахин оруулж гаргаад байсан юм бэ?

-Тухайн үед Ш.Нарангэрэл ээж шинэ байшиндаа ороод долоо хонож байсан шиг санагдаж байна. Галыг нь түлж чадахгүй байна гэх мэтээр яриад байсан. Худалдаж авсан байшингийнхаа мөнгийг өгөөгүй, дансанд найм орчим сая төгрөг цуглаж байсан учраас Ш.Нарангэрэл ээж данснаасаа мөнгөө гаргаад авчихаж магадгүй гэж болгоомжлоод манай хандивын аяныг тэргүүлэхэд оролцсон Золзаяа мөнгөө татаж авчихаад буцаагаад оруулсан.

Дансны хуулга дээрх 23 сая төгрөг гэчихсэн дүн ямар учраас ингэж харагдаад байгааг Ш.Нарангэрэл ээжийг дагуулж ХААН банкнаас тодруулж, учрыг нь ойлгуулсан. Түүнээс 23 сая төгрөг дансанд цуглаад түүнийх нь хагасаар байшин авч хагасыг нь завшсан зүйл ерөөсөө болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-23 сая гэх дансны хуулга дээрх тоог банкны ажилтан юу гэж тайлбарласан бэ. Дансанд цугласан мөнгөн дүн л хуулга дээр бичигдэх ёстой баймаар?

-Давтагдсан тоогоор бичигдэж байгаа дүн гэсэн.

-Энэ дансанд тэгэхээр 23 сая биш, 11 сая төгрөг цуглараад түүгээрээ байшин аваад өгчихсөн учраас одоо дансанд мөнгө байхгүй гэсэн үг үү?

-Одоо байшингийн гэрчилгээ болон газрын кадастр нь Ш.Нарангэрэлийн нэр дээр гарсан.Бичиг баримт нь энэ хүний нэр дээр нэгэнт гарсан учраас байшингийнхаа үнэ болох 11 сая төгрөгөө өгчихсөн. Одоо энэ дансанд ямар ч мөнгө байхгүй. Үлдэгдэл гэж мянга гаруй төгрөг л бий. Түүнээс байшингаас өөр илүү, дутуу зарлага гаргаагүй.

-Хэчнээн газраас, хэр хэмжээний бэлэн мөнгө Ш.Нарангэрэл ээжийн гар дээр ирсэн бэ. Тайлан, тооцоо нь байна уу?

-Байшингийн төлбөр дутуу байсан. Удирдлагын академийн их сургуулийнхан байшингийн төлбөрөөс хэд дутаж байгааг лавласан. Бид нэг сая 300 мянган төгрөг дутаж байгаагаа хэлээд тус сургуулийн оюутнуудаас энэ мөнгийг бэлэн буюу дугтуйнд өгсөн. Энэ мөнгийг нэгтгэж байж байшингийн мөнгө бүрдэж 11 сая болсон юм аа. Түүнээс мэдээлэгдээд байгаа шиг 23 сая төгрөг цуглаагүй.

-Энэ дансны захиран зарцуулалтыг хэн мэдэж хийсэн бэ?

-Бямбаа миний бие энэ дансны хуулга болоод мэдээллийг огт мэдэхгүй. Зүгээр л энэ аяныг удирд гэж намайг энэ олон хүн дундаасаа сонгосон. Түүнээс энэ данснаас зарлага гаргаж, гүйлгээ огт хийгээгүй. Аян эхлэхэд л протокол хөтөлсөн. Энэ үеэр Бямбаа энэ ажлыг удирдана гэсэн болохоос би зарлага дээр нь ч юм уу, мөнгө шилжүүлэх, мөнгө татах үүргийг хүлээгээгүй.

-Энэ гүйлгээнүүдийг хариуцаж, мөнгийг нь гаргаж байгаа нь хэн юм бэ?

-О.Бодьханд.

-Өрх толгойлсон ээжийн амьдралыг өөрчлөх, нялх зургаан хүүхдийн аюулгүй орчныг бий болгох зорилгод зарцуулагдах ёстой олон хүмүүсийн нэгтгэж байгаа энэ мөнгийг хэн дуртай нь зарлагадаж, татаж гаргах, буцааж оруулах эрх бий юү?

-Тэр нь яах вэ, бид энэ аяныг санаачлаад явуулж байхдаа маркетинг дээрээ ажилласан. Анх Золзаяагийн дансаар хандивын аян өрнөж байсан. Энэ үед цахим орчинд л гэхэд 3,000 гаруй тоогоор өрх толгойлсон ээжийн тухай шейрлэгдчихсэн байсан. Тэгэхээр олон нийтийг төөрөгдүүлэхгүйн тулд данснаас мөнгөө татсан.

-Золзаяагийн дансаар хэдэн өдөр аян явсан юм бэ?

-48 цаг. Энэ тухай нарийн мэдээллийг би мэдэхгүй. Яагаад гэвэл зарлага гаргах, мөнгөний тооцоо хийх ажлыг би мэдэхгүй.

-Өвөрмонгол хүнийг зургаан хүүхэдтэй ээж дээр аваачсан байдаг. Энэ байдал Ш.Нарангэрэл ээжид болгоомжлох айдас бий болгосон гэж манай сонинд ярьсан. Энэ ямар учиртай хүн байсан бэ?

-Би өөрийн группээр холбогдож хоёр сая гаруй төгрөг цуглуулаад Ш.Нарангэрэлийн дансанд хийлгэсэн. Энэ хандивлагчийн хувьд “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт тусладаг Машбилэг гэж хүн бий. Яг энэ үеэр Машбилэг ах монголд ирчихсэн байж таарсан учраас нөгөө тусламж хүргэсэн айлдаа очмоор байна гээд дагуулж очсон. Тусласан учраас Өвөрмонголчуудын төлөөлөл болж очсон. Бид цай уугаад, идээ амсаад, ойр зуурын боов, чихэр өгөөд л гарсан. Түүнээс Ш.Нарангэрэл ээжийн яриад байгаа шиг, цахим орчин, танай сонинд бичсэн шиг хүүхдүүдийг нь хулгайлах, нүдлэх, айлгаж, ичээх зорилгоор очоогүй.

-Иргэдийн бухимдлыг хүргэж байгаа дараагийн асуудал нь Онцгойнхны буулгасан хоёр портер нүүрсийг хөрш нь түлж байгаа асуудал. Та анхнаасаа энэ айлд нүүрсийг нь “бэлэглэчихсэн” юм уу? 

-Саахалт айлын санаа нэг гэж үг бий. Хуваагаад түлж болно шүү гэж хэлсэн.

-Байшингийн тухайд тодруулах асуулт байна. Ш.Нарангэрэл ээжтэй хэд хэдэн удаа ярилцаж байх зуурт “Аян санаачлагчид танил тал, магадгүй ойр тойрныхоо хүнээс “шахааны” байшин аваад өгчихөж дээ гэж хардмаар бодол төрж л байлаа. Энэ байшинг яаж олсон бэ. Магадгүй, олон хүний өөрөөсөө илүүчилсэн мөнгөөр авах гэж байгаа учраас олон нийтээс ч юм уу бусдаасаа санал авч болоогүй юм уу?

-Бид анхнаасаа хашаа, байшин авч өгсөн нь дээр гэж ярилцаж байсан учраас цугласан мөнгөндөө тааруулаад байшин-гаа сонгосон. Ингэхдээ аяныг санаачилж гар, бие оролцож байсан бусадтайгаа зөвшилцсөн. Мөн энэ байшинг хурдан хугацаанд сонгосон шалтгаан нь Ш.Нарангэрэл энгийн хуучин гэрт дахиад нэг, хоёр хоногийг өнгөрүүлэхэд хэцүү болж байгааг зургаан хүүхдийн ээж байнга хэлж утсаар сануулж байсан. Согтуу хөлчүү хүмүүс салахгүй байна, эндээс хурдан холдмоор байна гэсэн. Ингээд хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодоод мөнгөндөө тааруулаад авсан байшин руугаа нүүсэн. Уг нь бол одоо авчихсан байшингийн анхны үнэ нь 15 сая.

-Иргэд зургаан хүүхэдтэй ээжийг хашаа байшинтай боллоо гэж ойлгосон. Гэтэл хашаагүй, дан байшин юм билээ. Тийм болохоор одоо ч согтуу, хөлчүү, таньж мэдэхгүй хүмүүс хүүхдүүдийг айлгах, цонх, хаалгыг нь цохиод байдаг гэсэн шүү дээ. Илүү аюулгүй, тухтай байшин олдоогүй юм уу?

-Хашаагүй ийм байшин байна гэдгийг анх Ш.Нарангэрэл эгчийг дагуулж очиж харуулсан. Удирдлагын академийн оюутнууд ч мөн хашааг нь барьж егнө гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл надтай холбоотой, энэ аяны мөнгөний зарцуулалттай холбоотой бүрхэг мэдээллээс болж Удирдлагын академийнхан хашаа барьж өгөхгүй гэдгээ хэлж байна.

Хамгийн гол нь зургаан хүүхэдтэй ээж яаралтай нүүмээр байна гэсний үндсэн дээр байгаа мөнгөндөө тааруулж байшин худалдаж аваад нүүсэн. Байшингийн хувьд дулаахан. Кадастрынхан ч мөн газар дээр нь очиж энэ хэсгээр нь хашаа татаж болно гэж хэлсэн.

-Байшин сонголтыг хэн хийсэн бэ. Өмнө нь харьяалагдаж байсан хороо, дүүрэг, хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэгт ойрхон байдлаар сонгож болоогүй юм уу. Ш.Нарангэрэл эгчийн хүүхдүүд БЗД-ийн XXI хорооны нутаг дэвсгэрт ЕБС-д суралцдаг. Гэтэл СХД-ийн хамгийн хойд хэсэгт Баруун салааны эцэст байшинг сонгожээ?

-Нарангэрэл эгч өөрөө сонгосон. Тухайн үед Дарь-Эх орчмоос нүүмээр байна. Энд байх юм бол захын архичин хөлхөлдөнө. Тэд намайг таньдаг болохоор хэцүү байна гэсэн. Хүүхдүүдийнхээ сургууль руу дөхсөн ч намайг дахиад л олоод ирнэ гэх айдастай байсан. Тийм болохоор Ш.Нарангэрэл эгчид одоогийн байшинг үзүүлсэн. Энэ жаахан хол гэдгийг нь ч хэлсэн.

-Зургаан хүүхдийн аюулгүй орчныг бий болгохын тулд хүмүүс хандив өгсөн. Гэтэл аюулгүй гээд очсон одоогийн байшин ч аюултай байна. Тэнд хүүхдүүдийг айлгаж, хаалга, цонхыг нь архичид, таньж мэдэхгүй хүмүүс цохиод байгааг хэлсэн. Ойр тойрныг нь судлаагүй юм уу?

-Бид бол туслалаа. Энэ асуудлыг одоо Ш.Нарангэрэл эгч л шийдсэн нь дээр байлгүй дээ. Бидний хувьд залуучууд учраас нэг сайхан ээж, зургаан нялх хүүхдийн амьдралыг өөрчиллөө гэсэн гэгээн сайхан бодолтой байсан.

-Хандив өгч байгаа хүмүүсийн тоо нэг, хоёр зуугаар тогтоогүй. Дансны хуулга дээр гэхэд 570 гаруй хүн их бага хэмжээгээр мөнгөн тусламж үзүүлсэн байна. Мөн үүн дээр бэлэн мөнгөөр тус хүргэсэн хүний тоо бидэнд мэдэгдээгүй. Аяныг цааш нь дахиад 10 хоног ч юм уу үргэлжлүүлээд нэг өрөө байрны мөнгө “босгож” болоогүй юм уу?

-Тухайн үед буюу аян эхлэх үед цахим орчин дахь хүмүүсийн Ш.Нарангэрэл эгчийн талаарх сэтгэгдэл их бүрхэг байсан. Тухайлбал, яасан бохир заваан, арчаагүй юм бэ, ядаж гэрээ цэвэрлээд цэвэрхэн сууж болдоггүй юм уу гэдэг байдлаас нь харж байсан. Нийгмийн ихэнх xэсэг нь “Энэ хүнд туслахгүй” гэдэг уур амьсгалтай байлаа. Ийм нөхцөлөөс болж хандивын аян нэлээд удаан үргэлжилсэн гэж бодож байна. Ийм байдпаар удаан байвал мөнгө ч цуглахгүй, хүүхдүүдийн аюулгүй байдал ч дордож байсан болохоор өөрийнх нь хүссэнээр нүүлгэсэн.

Тухайн үед хүүхдүүдийн хичээл эхэлж байсан үе таарсан учраас багачуудыг хамгаалах байранд ч болов байлгах уу гэж ярилцсан. Гэхдээ нэгэнт байшингийн мөнгө цугласан гэж үзсэн учраас аяныг зогсоож байшинд нь хүргэсэн.

-Таныг дугтуйтай бэлэн мөнгийг хураагаад авчихдаг гэдгийг зургаан хүүхдийн ээж хэлсэн. Та үнэхээр бэлэн мөнгөний тусламжийг хурааж авсан юм уу. Хэчнээн төгрөг бэлэн байдлаар ирсэн бэ. Ямар байгууллагууд бэлэн мөнгөний туслалцаа үзүүлсэн тооцоо байна уу?

-Бэлнээр ирсэн бүх мөнгө гэдгийг би мэдэхгүй. Удирдлагын академийнхны өгсөн нэг сая 300 мянган төгрөгийг бол мэднэ. “Био энергийн төв” гэдэг газраас 100 мянган төгрөг өгсөн. Үүнийг би мэднэ. Энэ мөнгийг Ш.Нарангэрэл эгчид өөрт нь өгсөн. Үүнээс өмнө 200, 300, 500 мянгаар мөнгө ирсэн гэдгийг хүүхдүүдийн амнаас сонссон. Гэвч энэ болгоныг бидэнд хэлэхгүйгээр өөрийн өр зээлдээ өгсөн байдаг. Миний мэдэх бэлэн мөнгөний хэмжээ ийм. Өөр мөнгө байгаа бол Ш.Нарангэрэл эгч өөрөө мэдэж байгаа.

-Хандивын аяныг хэний зөвшөөрлөөр зогсоосон бэ?

-Удирдан зохион байгуулсан баг гэж бий. Энэ хүмүүс ярилцаад байшингаа авчихсан учраас зогсооё гэсэн байгаа.

-Аяныг удирдаж байгаа гэх багт хэчнээн хүн байна?

-А.Гантунгалаг эгч бол зөвлөх, туслахын үүрэгтэй оролцсон. Золзаяа, Бодьханд, Бямбаа миний бие оролцоод ер нь дөрвөн хүн голлож оролцсон.

-Хандивын аяныг удирдсан хүмүүсийн хувьд асуухад, олны сэтгэл санаанд хэр нийцүүлж хандивын мөнгөний зарцуулалтыг хийсэн гэж бодож байна вэ, мэдээллээ нээлттэй байлгаж чадсан уу?

-Нээлттэй байж чадсан гэж бодож байна. Хамгийн гол нь бидэнд албан ёсоор мэдээллээ цацах том групп байгаагүй. Өөр өөрсдийн цахим хаягаас болон жижиг группүүдээрээ мэдээллээ дамжуулж байсан. ТВ-8 телевиз мэдээллийн суваг болж оролцож өгсөнд талархаж байна.

-А.Гантунгалаг бол Ш.Нарангэрэлийн хамаатан байж болзошгүй гэдгийг ТВ-8 телевизээр мэдээлсэнд А.Гантунгалаг гэж эмэгтэй бухимдалтай байгаа шүү дээ. Энэ хоёр хүнийг хамаатан гэдгийг нягталсан уу?

-Мэдэхгүй. Тухайн үед телевиз энэ хоёр хүнийг хамаатан байж болзошгүй гэсэн ч бид байшинг аваад өгсөн. Хамаатан байсан ч бидэнд хамаагүй гэж үзсэн. Олон нийтэд ч цацаагүй. Олон нийтэд цацаагүй хандив хүсэгчтэй холбоотой зан харилцааны доголдол бүхий их олон юм байсан. Тэр бүхнийг ил зарлаагүй. Нэг өглөө босоод иртэл Ш.Нарангэрэл эгч бидний талаар буруу, зөрүү ойлголт төрүүлэхүйц мэдээлэл өгчихсөн байгаад харамсаж байна.

-Аян зохион байгуулсан Золзаяа, Бодьханд та гурав найзууд уу?

-Үгүй. Ш.Нарангэрэл эгчид тусалъя гээд тус тусдаа нийгэмд эерэг мессеж өгч байсан залуус.

-Дансны захиран зарцуулалтад та гурваас гадна хяналт тавьж байгаа хүн бий юү?

-Ш.Нарангэрэл эгч. Миний хувьд зарцуулалтыг сайн хэлж мэдэхгүй байна. Бодиогийн хувьд тайлангаа бэлдэж байсан. Хараахан бэлэн болоогүй байна.

-Зургаан хүүхэдтэй ээжид зориулагдсан мөнгө дансанд төвлөрсөн. Тийм учраас энэ данснаас гарсан зарлага бүхэн зургаан хүүхэд болон энэ эмэгтэйд зориулагдсан байх ёстой гэж бид ойлгож байгаа. Энэ айл руу чиглэсэн хэдэн удаагийн, ямар хэмжээний зардал данснаас гарсан бэ?

-Тавилга авахад 500 мянган төгрөгийн зардал гарсан.

-Ямар ямар тавилга авсан бэ?

-Нарантуул-2 зах дээрээс хуучин тавилга, бараа зардаг ах эгч нар дээрээс мөнгөндөө тааруулаад тавилга авсан. Ингэхдээ зуух, буйдан, гал тогооны шкаф, хөргөгч, угаалгын машин авсан. Мөн ахуйн хэрэгцээний халуун сав, хүүхдийн суултуур, хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас гэх мэтийг нь авч өгсөн. Энэ бүх тайланг Бодьханд бэлдэж байгаа. Эцэст нь хэлэхэд, 23 сая төгрөг бүрдээгүй, 11 сая төгрөг цугласан шүү гэдгийг хэлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, М.Мөнхтунгалаг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
597347
1 эможи

Uranaa
2018-11-21 13:27
Minii ohinii emchilgeenii zardaliig hvrtel ingej bsn bi ene emwgteig hvrtel tanin nmg tsagdaad ogj basl mini ner hvnded haldaj bsn hvn shvv naad delger bymba gedeg hvvhen chin
Zochin
2018-11-21 10:05
Naad BYAMBAAGAA TSAGDAAD UG! Harvaas surtsan gar bn.
Зочин
2018-11-21 10:04
Хамгийн сүүлд нь юу гэнэ үү сайн үйлс дэлгэрэх бол гуай гэнэ үү. Харин эсрэгээр нь бичих ёстой юм бишүү. Хорон муу санаанууд зайлсхий гэж
Зочин
2018-11-21 10:02
За ёстой жинхэнэ будлиан хүүхэн байна шүү наад Бямба гэдэг чинь. Танай сонин сайн байна. Ингэж наад балиар заваан ашиг хонжоо хайсан авгай нараа ил болгож байгаад. Ядарсан хүнээр ингэж улаан цайм луйвар хийж тоглодоггүй л юм даа. 6 өнчин хүүхэд, бэлэвсэн эхнэр, сайхан сэтгэлтэй олон түмний сэтгэлийг хуурч хувьдаа завшсан заваан авгай нарыг Бурхан бут ниргэнэ дээ. Бүр ярилцлагыг нь уншсан чинь ой гутаж байна. Наад шижгийн заваан Бямба гэгч гэмт этгээдийг бушуухан аваачиж шалгуул. Өөрөө хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна шд. Ёстой хаа байгаа газар нь очоод нам цохиод унагаамаар зэвүүн авгай вэ. Наадуул чинь хүний зовлонгоор ашиг хонжоо хийсэн зэвүүн хар хүүхнүүд байна шд. Хөөрхий ядарсан хүмүүсийн хоолноос тусалдаг хэн бэ? Монголоос зайлаарай.
keyboard_arrow_up