Алга болсон хүүгийн явдаг байсан “Амила“ өдөр өнжүүлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байжээ

2018 оны 11 сарын 21

Энэ сарын 18-ний өдөр ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, зургаан настай хүүхэд алга болсон хэрэг гарсан. Хүүхэд алга болсон дуудлага тус өдрийн 20:00 цагт цагдаагийн 102 утсанд ирсэн бөгөөд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд 23:30 цагт олсон юм. Өдөр өнжүүлэхийн багшийг Энхтуул гэх бөгөөд 49 настай аж. Түүнийг өчигдөр өглөө батлан даалтаар сулласан байна.

Arslan.mn

Алга болсон хүү Баянгол дүүргийн XV хороонд орших “Амила” өдөр өнжүүлэхэд явдаг байжээ. Харамсалтай нь, “Амила” өдөр өнжүүлэх гэсэн хаяг хадсан тус газар нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг далимдуулж, ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн боловсон хүчингүй, стандартын бус орчинтой өдөр өнжүүлэхийн тоо олширч буй гэв.

Түүнчлэн хүүхэд асрагч ажилд авах бол хувийн хэргийг нь нягталж үзэх, харилцан гэрээ байгуулах ёстойг анхаарууллаа. Тодруулбал, Баянгол дүүрэгт холбогдох зөвшөөрөл авалгүй, стандартын бус газар үйл ажиллагаа явуулж байсан хоёр өдөр өнжүүлэхийн үйл ажиллагааг зогсоосон байна. 

Мөн хүүхэд асрагчаар ажиллаж байсан эмэгтэй ажлын цагаараа архидан согтуурсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ. 

Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунаас тодрууллаа.

Д.ОЮУН: ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ГАЗАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Зургаан настай хүүхдийг өдөр өнжүүлэхийнх нь багш авч явах үедээ орхиж, гээгдүүлсэн хэрэг гарсан. Эцэг, эх нь хүүхдээ алга болсныг 18:00 цагийн үед мэдсэн гэсэн. Асран хамгаалагчид нь яагаад тэр дор нь цагдаад мэдэгдээгүй юм бол?

-Өөрсдөө олчих санаатай ойр орчмоор нь хайсан юм билээ. Хэргийг тодруулбал, өдөр өнжүүлэхийнх нь багш хүүг сургуулиас авахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ээж нь хүүгээ авахаар 18:00 цагт асуухад “Хаана орхисноо санахгүй байна” гэж хэлсэн гэсэн. Ингээд 20:00 цаг хүртэл хайгаад 102 утсанд хандсан. Цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч 50 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гарч Баянгол дүүргийн гурван дүүрэгт эрлийн ажил явуулж, 23:30 цагт эмийн сангаас олсон.

-Өдөр өнжүүлэх газар нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан юм болов уу?

-“Амила” гэдэг хаягтай боловч өдөр өнжүүлэхээр ажиллах зөвшөөрөл аваагүй байсан.

-Хүүгийн байсан эмийн сан нь өдөр өнжүүлэхээс нь хэр хол зайтай юм бэ?

-Өдөр өнжүүлэх нь Баянгол дүүргийн XV хороо, “Ачлал” их дэлгүүрийн арын 15 дугаар байрны таван давхарт үйл ажиллагаа явуулдаг. Хүүгийн байсан эмийн сан нь нэг давхарт нь байдаг юм билээ.

-Эмийн сангийн ажилтан бага насны хүүхэд харгалзах хүнгүй байгааг анзаараагүй юм байх даа?

-Үүнийг шалгаж байгаа. Уг нь иргэний үүргийнхээ дагуу сэжигтэй зүйл ажиглагдвал цагдаагийн байгууллагад хандах ёстой.

-Мэдээлээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үү?

-Шалгалтаас тогтоогдсон нөхцөл байдлаас шалтгаална.

-“Амила” өдөр өнжүүлэхэд нийт хэдэн хүүхэд хамрагддаг юм бол?

-Хоёр айлын гурван хүүхэд байдаг юм билээ. Танил хүмүүсийнхээ хүүхдүүдийг хардаг гэсэн. Үүнийг шалгалтаар тогтооно.

-Тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн гэхээр нөгөө хоёр хүүхдийг ямар хүн харж байсан юм бол?

-Үүнийг тодруулж байгаа. Өдөр өнжүүлэхийн багшийг өнөөдөр (өчигдөр) өглөө батлан даалтаар сулласан.

-Үүн шиг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан өдөр өнжүүлэх бий юү?

-Баянгол дүүргийн XXII хорооны “Бяцхан жаалууд”, XX хороо “Сөдөөхөн” өдөр өнжүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон. Тиймээс эцэг, эхчүүдэд анхааруулахад тухайн газар нь зөвшөөрөлтэй эсэхийг шалгах, цаашлаад гэрээ байгуулах хэрэгтэйг анхааруулмаар байна. Түүнчлэн хүүхэд асрагч ажилд авах гэж байгаа бол хувийн хэргийг нь нягталж үзэх, гэрээ байгуулах шаардлагатай. Учир нь хүүхэд асрагч нь ажлын цагаараа архидан согтуурсан хэрэг гарсан.

-Энэ талаар тодруулж болох уу?

-Эцэг, эх нь гэртээ ирэхэд хүүхэд, асрагч хоёр байгаагүй юм билээ. Утас нь холбогдохгүйн дээр ойр орчмоор хайгаад олдоогүй. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан. Холбогдох хаягийнх нь дагуу очиж шалгахад хүүхдийг эгчийндээ дагуулж очин бусадтай нийлж согтууруулах ундаа хэрэглэж байсан. Тиймээс уг эмэгтэйг саатуулж, хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн.

-Гэр бүл нь гомдол гаргасан уу?

-“Сайн асрагч. Дахиж ингэхгүй байх” гэж гомдол гаргахаас ээж, аав нь татгалзсан.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, Г.Нацаг-Эрдэнэ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597345
0 эможи

Ээж
2018-11-21 09:02
Сайн болоод архидаад явна гэжүү хүүхэд нь чурал биш юм бна л даа ээж аав 2 т
keyboard_arrow_up