Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлжээ

2018 оны 7 сарын 19

Arslan.mn

Ноос ноолуурын бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид болон “Хөдөө аж ахуйн бирж”-ийн зүгээс ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийлээ.

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х. Баатар "Малчдын орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ чанартай түүхий эдээр хангаж улмаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлого бий. Үүнтэй холбоотойгоор "Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо" болон "Улаанбаатар хивс", "Могол ноос" зэрэг үйлдвэр өнгөрсөн сарын дундуур хонины ноосыг дийлэнх хувийг самнаж, эцсийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа учир ХАА-н биржийн шимтгэлийг нэмэгдүүлэх хүсэлтийг ХХААХҮЯ-нд гаргасан.

Энэ саналыг салбарын яамтай хамтран судалж үзээд угаасан ноосны 0.32 хувийн шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлэх, самнасан ноосныхыг мөн 0.2 хувь болгож бууруулах шийдвэр гаргасан. Энэ нь самнасан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлохыг дэмжиж буй хэрэг юм. Ингэхээр нэг килограмм ноосны шимтгэл 9.3 төгрөг болж байгаа юм. Ноосны үнэ зах зээлд 3,200-4,000 төгрөг байна.

Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлсөн байгаа. Шимтгэл нэмлээ гээд ноосны үнэ буурах шалтгаан байхгүй. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн ийм шийдвэрийг гаргаж байна" гэв.

Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч. Эрдэнэбат "Энэ хүсэлтийг гаргасны гол шалтгаан нь хонь, тэмээний ноосны үнэ өнөөдөр 2016 онтой харьцуулахад дөрөв дахин өссөн. Энэ нь манай Монгол хонины ноосны үнэ дэлхийн жишигттэй харьцуулахад хэт хөөрөгдсөн үнэ юм. Үүнээс болж үндэсний үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас яам болон биржид хандсан. 

2011 онд  төрөөс үндэсний үйлдвэрийг хөгжүүлэхээр УИХ-ын 30 дугаар тогтоол гаргаж энэ тогтоолоор үндэсний үйлдвэрт ноосоо тушаавал малчдад 2,000 төгрөгний урамшуулал өгдөг ситемийн бий болгосон. Харин дараа нь эдийн засгийн нөхцөл байдлаас болж энэ урамшуулал 1,000 төгрөг болсонтой холбоотойгоор үнэ өссөн. Иймд гаргасан энэ шийдвэрээ эргэж харах цаг болсон гэж бодож байна. Манай улс өнгөрсөн онд хонины ноосны 67 хувийг, тэмээний ноосны 90 хувийг угааж экспортод гаргасан байдаг.

Дэлхийн ноолуурын 40 хувийг, тэмээний ноосны 70 хувийг Монгол улсаас гардаг. Үүнийгээ бид эцсийн бүтээгдэхүүн болгож ард түмнээ ажилтай болгох, үйлдвэрлэлээ хөгжүүлж улс орноо хөгжүүлэх шат руу орох ёстой. Малчдад 2011 оноос хойш 158.5 тэрбум төгрөгийг зөвхөн урамшуулалд өгч байгаа. Малчид ч үндэснийхээ үйлдвэрлэлийн хөгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй" гэж байлаа. 

Мөн үеэр "Эрдэнэт хивс"  ХХК ноосон бүтээгдэхүүн үйлдвэрийн дарга Д.Сайнбаяр үзэл бодлоо илэрхийлсэн нь  "Манай компани 40 гаруй жилийн түүхтэй хонины ноосны хивс хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэг 8,520 гаруй ажилтантай.

Манай үйлдвэр 2000 оноос эхлэн Монгол хонины ноосоор хийсэн хивсийг дэлхийн нийт 17 улсад экспортоо хийж байна. Гэтэл өнөөдөр хонины ноос үнэтэй болж бид худалдаж авч чадахгүй нөхцөл байдалд байгаа үед ийм шийдвэр гаргаж өгч байгаад бид маш их баяртай байна.

2000 оноос өнөөг хүртэл хонины ноос нэг килограмм нь 150 төгрөгөөс 4,000 болтлоо өссөн.Гэтэл 150 төгрөгөөр авдаг байх үед гарц өндөртэй хог шороо харьцангуй бага, чанартай байдаг байсан боловч 4,000 төгрөг хүрсэн энэ нөхцөлд маш их хогтой, гарц багатай болоод байна. Үүнд малчид маань анхаарах хэрэгтэй.

Өнөөдөр бид хямд үнийг нь бодож 4,000 төгрөгний хонины ноосыг бус 2,500 төгрөгийн өртөгтэй Шинэ Зеландынг угаасан ноосыг ашиглах боломжтой. Шинэ зеландын ноос Монгол хонины ноосноос техникийн шинж чанараараа хамаагүй давуу байдаг. Монголд ингэж л ноосны үнэ хөөрөгдсөн байна.

"Эрдэнэт хивс" үйлдвэр зах зээлийн олон шилжилтийн үе, эдийн засгийн хямралын үеийг бид амжилттайгаар давж гарсан хэрнээ хонины ноосны үнийн энэ хөөрөгдлөөс болж бид хаалгаа барихад хүрээд байна" гэв.

Мөн "Улаанбаатар хивс" ХК зөвлөх  Ё. Энхтөр "Ноосны үнийг багасгах гээд байгаа мэт дүр зураг харагдаж байгаа ч эсэргээрээ тийм биш юм. Бодит байдлаар 30 мянган тонн түүхий ноос бэлтгэгдэж байна. Үүнийг угаагаад гаргахаар 15 мянган тонн болдог. 15 мянган тонн ноосоо гадагшаа экпортлоход 6,000-8,000 төгрөгөөр зарагдаж, жилийн дүнгээрээ 120 тэрбум төгрөг Монгол Улсад орно гэсэн үг.

Харин үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргавал борлуулалтын орлого тав дахин өсдөг гэсэн тооцоо байдаг.  Иймээс бид нийт 600 тэрбум төгрөг олох боломжоо алдаж байна гэсэн үг. Өнөө маргаашийн 3,000 төгрөгөө бодож болохгүй. Хэрвээ ийм борлуулалтыг хийвэл 15 мянган ажлын байр ч бий болно. Хөгжилтэй орнуудын туршлагаас авч үзэхэд хөгжлийнхөө үед хөнгөн үйлдвэрээ хөгжүүлж, хүмүүсээ ажилтай болгодог. Тиймд бид энэ зам руу л явах ёстой гэж бодож байна"  гэлээ.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59666
0 эможи

keyboard_arrow_up