Улсын Онцгой Комиссын хуралдаан боллоо

2018 оны 7 сарын 19

Arslan.mn

Ерөнхий сайд үер усны гамшигтай холбогдуулан Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж, зарим үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өглөө. 

АЙМГУУДЫН ОНЦГОЙ КОМИССУУД ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ХӨРӨНГИЙН САНАЛАА УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ИРҮҮЛЖЭЭ

Arslan.mn

Баян-Өлгий аймагт болсон үер, одоогийн нөхцөл байдал, бусад аймаг болон нийслэлд болсон үерийн улмаас амь насаа алдсан иргэд болон эвдэрсэн зам, хохирлын талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Д.Ариунбуян дэлгэрэнгүй мэдээлэл энэ үеэр өглөө. 

Баян-Өлгий аймгийн онцгой комисс гурван удаа хуралдаж нөхцөл байдлыг хэлэлцээд хүнсний бараа материал, тоног төхөөрөмж авахад шаардагдах 700 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа талаар мэдээллээ улсын онцгой комисст ирүүлээд байгаа ажээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд долоодугаар сарын 14-ний өдөр орсон усархаг борооны улмаас авто зам усанд автаж эвдэрсэн. Түүнчлэн Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн төмөр замын 300 метр зам усанд автсан болон төмөр замын хэд хэдэн хэсэгт зам шороонд дарагдсан нөхцөл байдал үүсчээ. Холбогдох мэргэжлийн байгууллагууд хог шороог арилгах ажлыг зохион байгуулж байгаа аж. Тус аймгийн онцгой комиссоос авто зам дээр гарсан эвдрэл гэмтлийг засварлах, далан, гүүр хоолойг шинэчлэн засварлахад шаардагдах 990 сая төгрөгийг шийдвэрлүүлэх асуудлаар Улсын онцгой комисст хандаад байна.

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл "Усархаг борооны улмаас 13 аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 29 байрлалт нийтдээ 116 км замд ноцтой эвдрэл гэмтэл үүсээд байна. 

Үерийн улмаас эвдэрсэн замуудыг мэдээллийг тухай бүрт нь авч холбогдох албаныхан, засварын компаниудын шуурхай засварын ажлын хэсгүүд ажиллаж байгаа. 

Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар улсын болон олон чанартай замуудад 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх урьдчилсан тооцоо гарсан. Хохирлын хэмжээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Нийт замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг засварлахад 2 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай. Одоогийн байдлаар зам хариуцсан компаниуд маань өнөөдөр хөрөнгө мөнгө өг гэж шаардахгүйгээр сэргээн засах ажлаа хийгээд явж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн эвдрэл гарсан газруудад ажиллаж байна. 

Төмөр замын тухайд бол Сүхбаатар өртөөний 22 дугаар км-т 250 метр газар төмөр замыг шороо дарсан. Үүнээс болоод дөрвөн галт тэрэг түр саатсныг төлөвлөгөөт хугацаанд нь арилгаж УБТЗ-ын зам арчлалтын албаныхан цаг тухайд нь ажиллаад явсан. 

Шилэн кабель тасраагүй. Бороонд угаагдаж, ил гарсан тохиолдолууд бол байгаа" гэсэн мэдээлэл өглөө.

Arslan.mn

Цаг агаарын нөхцөл байдлын талаар ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин  "Энэ оны зургаадугаар сарын 20-ныг хүртэл нийт нутгаар гандуу байсан ч 25-наас нийт нутгаар бороо орж долоодугаар сарын эхээр ган тайлагдсан. Бороо хур элбэгтэй байгаа учраас үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг долоодугаар сарын 10-наас зогсоосон. 

Өнөөдрийн байдлаар нийт нутгаар зуншлагын төлөв байдал гайгүй байна. Долоодугаар сарын 16-18-ны өдрүүдэд гэхэд бараг сарын туршид орох хэмжээний хур тунадас буусан байна. 

Тодруулбал, энэ хугацаанд Халх голд 106 мм, Сэлэнгийн Сүхбаатарт 95мм, Булганы зарим нутгаар 78 мм хур тунадас буусан. 

Хавар бид Дархан, Эрдэнэт хотуудад үерийн эрсдэлийг тооцоолж ажилласан. Ер нь нийт аймгуудад үерийн ус зайлуулах байгууламж хангалттай биш байгаа. Нэмж бороо ороход Дарханд, Эрдэнэтэд үер буухгүй гэх үндэслэл байхгүй. Манай байгууллагын зүгээс хэзээ ч тохиолдож болох гамшигт блэн байх, урьдилан сэргийлэх үерийн далан, шуудуу бариач ээ гэсэн санал гаргаж байна" гэв.

Дээрх мэдээллүүдийг сонссоны дараа Ерөнхий сайд дараах үүрэг чиглэлийг өглөө. 

  • Амралтын улирал болсон байгаа ч онцгой комиссын гишүүд заавал орны хүнээ үлдээж байж амар. Хариуцах эзэнгүй ажил үлдээгээд амрахгүй шүү. Үргэлжлүүлэн усархаг бороо орох юм байна. Тэгэхээр онцгой байдал, цагдаа, хүчний байгууллагууд гамшиг осол гарч болзошгүй гэж үзээд бэлэн байдалд бай.
     
  • Мэдээлэл технологийн боломжийг сайн ашиглаж, урьдчилан сэргийлэх чиглэлээрх ажлууд хэрэгжүүл. Цаг уурынхан цаг агаарын мэдээллийг нарийвчлалтай авах боломжтой аппликейшн хий.
     
  • Их устай зуны дараа өвөл хүндэрдэг жам байдаг. Үүнийг хөдөө аж ахуйн сайд анхааралдаа аваарай. Өвлийн бэлтгэлээ эртнээс базаахад бүх байгууллага анхаараарай. Намрын ургац тариа хураалт гээд ажил одоо эхлэх учраас наймдугаар сарын 1-н төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх ёстой. Тэрнээс наана хүмүүсээ амраагаад дуусга. Наймдугаар сарын 1-нээс өмнө бүх найр, наадмыг дуусга.
     
  • Үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймагт Улсын нөөцөөс таван ханатай 80 гэр, бохирын, ус зөөврийн, эмнэлгийн автомашин, ковш нийлүүлэхийг үүрэг болголоо.

Тодотгож зарим албан тушаалтанд өгсөн үүрэг:

ЗТХ-ийн сайдад, Үерийн гамшгийн улмаас улсын чанартай замд учирсан хохирлыг арилгах задлын тооцоог гаргаж, ЗГ-аар шийдвэрлүүлэх,

Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн автозамд учирсан эвдрэл гэмтлийг засварлах зорилгоор 270 сая төгрөгийг улсын онцгой комиссоос шидйвэрлэсэн. Гэвч дээрх санхүүжилтийг ЗТХЯ татан авалгүй Сангийн яаманд буцааж хураалгасан байна. Ийм алдааг дахин гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа. 

Баян-Өлгий аймгийн Засаг даргад, Гамшигт нэрвэгдэгсдэд төрийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулах,  2016 оны үерийн дараа үерийн далан шуудуу барь байгуулах ажлыг даалгасан ч хэрэгжүүлээгүй байна. Иймд цаашид энэ ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. 

Нийслэлийн засаг даргад, Үерийн аюултай бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Үерийн улмаас гарсан хохирлыг арилгах ажлыг яаралтай зохион байгуул.

ОБЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ХХЕГ-ын дарга нарт, Гамшгийн улмаас үүсэж болшгүй нөхцөл байдалд бэлэн байх, бие бүрэлдэхүүнийг шуурхай удардлагаар хангаж ажиллах шаардлагатай тул бэлэн байдлаа ханга. Иргэн, аж ахуйн нэгж асуудлаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл хүчний байгууллагууд ажиллахад бэлэн бай.

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59661
0 эможи

keyboard_arrow_up