Б.Ганзориг: Цагаан мөртэй цагдаагийн албанд 25 дахь жилдээ зүтгэж явна

2018 оны 7 сарын 19

Arslan.mn

Монголын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ой, Монгол цагдаагийн өдрийг тохиолдуулан Төв аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Ганзоригийг “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урьж ярилцлаа.

 –Монгол Улсын  цаг­даа­гийн байгууллага түүхт 97 жилийн ойгоо “Цаг­даагийн алба хаагчдын өдөр”-тэй хамтатган өр­гөн тэм­дэглэлээ. Таны энэ бай­­гууллагатай ажил амьд­ралаа холбосон  дур­сам­­жаас ярилцлагаа эхэлье?

-Миний аав хуучнаар ЗХУ-ын Дотоод явдлын яамны сургууль төгссөн.

Тэгээд  Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх ангид Эрүүгийн ахлах төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байх үед нь  би төрсөн юм. Мэдээ орсон цагаас цагдаагийн амьдрал дунд өсч, өдий  зэрэгтэй явж байна. 1993 онд Иргэний агаарын тээврийн цагдаагийн тасагт томилогдон ажлын гараагаа эхэлж байлаа.

–Өнөөдрийг хүртэл ямар  ажил алба эрхэлж ирэв. Аль албанд илүү олон жил ажиллав?

-1993-1995 онд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст цагдаа, 1997-2007 онд Төв аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, 2007-2009 онд  Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байгаад   2009-2010 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр томилогдсон. 2010 онд Эрүүгийн цагдаагийн газрын Тамгын хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч, 2010-2012 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, 2012-2014 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан.  2014-2016 онд Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад  2016 оны есдүгээр сараас Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдсон. Энэ хүртэл  цагдаагийн байгууллагад тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс Эрүүгийн цагдаагийн албанд хамгийн удаан буюу 16 жил ажиллажээ.

–Эрүү, мөрдөнгийн алба бол Цагдаагийн байгууллагын зүрх,  тархи гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Эрүүгийн албаны ажлын онцлог нь юу вэ?

-Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байсан хэн боловч албаараа бахархахгүй байхын аргагүй. Хүн ардынхаа амар тайвны манаанд мөнхийн  зогсч байдгаараа бидний алба, ажил үйлс цагаан мөртэй.

Монголын Цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүний дийлэнх нь Эрүүгийн цагдаагийн албаар дамжин боловсорсон байдаг. Гэмт этгээд гэмт хэргийг далдуур их л ур ухаан гаргаж, сэтгэж үйлддэг учир эрүүгийн мөрдөгч хүн хулгайчаасаа илүү бодож сэтгэдэг байх ёстой. Гүйцэтгэх ажил гэдэг нь ердөөсөө л хүнтэй харилцах урлаг, хүнээс мэдээлэл олж чаддаг чадвар юм. Гол нь мэдээлэл олж авсан эх сурвалжаа  нууцлах нь чухал.

–Төв аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Аймгийн гэмт хэргийн нөхцөл байдал, эрүү, хэв журмын нөхцөл байдал ямар байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Төв аймаг  гэмт хэргийн гаралтаараа бусад аймагтай харьцуулахад өндөр байдаг. 2018 оны эхний хагас жилд тус газарт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 1650 гомдол мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 554, захиргааны зөрчлийн шинжтэй 1018 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн. 147 холбогдогчтой 335 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 56 хэргээр буюу 14.3 хувиар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 40.2 хувьтай, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 966.300.000 төгрөгийн хохирол учирч, 483.150.000 төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт 50.0 хувьтай байна. Төв аймгийн 27 сумыг газар зүйн байрлал, гэмт хэргийн гаралт, хүн амын тоогоор нь дөрвөн  бүсэд хувааж, бүс тус бүрийг гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэг бүхий хэлтэс, тасгийн дарга нараар ахлуулан ажиллаж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, алба хаагчдын багаар ажиллах хамтын ажиллагааг сайжруулсан үр дүнтэй ажил болсон. Энэ онд хил залгаа Улаанбаатар хотын долоон дүүрэг, зургаан аймагтайгаа хамтран “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагаа” бүс нутгийн зөвлөгөөн, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь”, “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлье”, “Хамтарсан багийг чадавхжуулах нь” зэрэг сургалт, зөвлөгөөнийг  зохион байгуулсан. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нийтийн эргүүл, урамшилтай эргүүл, сайн дурын эргүүл, малчдын бүлэгийг ажиллуулж байгаа нь цагдаа, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулахад үр дүнгээ өгч байна. Төв аймгийн Эрдэнэ, Баян, Баяндэлгэр, Баянчандмань, Лүн, Баянхангай, Эрдэнэсант сумдын нутгаар дайран өнгөрдөг хатуу хучилттай зам дагуу нутагладаг малчдын мал шөнийн цагаар тээврийн хэрэгсэлд дайрагдах, улмаар жолооч, зорчигчид эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал ихээр гарч байгаад дүгнэлт хийж  дээрх сумдын нутагт зам дагуу нутагладаг малчдын бод малд гэрэл ойдог хүзүүвч, өвлийн цагт нэмнээг цацруулагчтай болгосноор мал тээврийн хэрэгсэлд дайрагдах явдал буурч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой ажил болсон. Иргэдийн амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр энэ онд Зуунмод сумын 45 цэгт 60 камер байрлуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Холбоо мэдээллийн төвөөс эхний шатны судалгааны ажлыг хийсэн. Мөн Зуунмод, Лүн, Баянчандмань, Эрдэнэ, Баян сум болон Дундговь чиглэлийн авто зам дагуу дугаар, зөрчил илрүүлэгч бүхий сүлжээнд холбогдсон хяналтын телекамер байршуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаад байна.  Мөн цагдаагийн газрын Төв аймгийн цагдаагийн газар фэйсбүүк хуудас, tuv.gov.mn вэб хаягуудаар цагдаагийн газрын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг нийтэлж, иргэдэд түгээж байна.

–Цагдаагийн байгууллагад удирдах албан тушаал хашина гэдэг амаргүй ажил. Ямар арга барилаар алба хаагч нартайгаа хамтран ажилладаг вэ?

-Мэдээж ам бүл ихтэй том газар, олон аавын охид, хөвгүүд ажилладаг. Бид бүгд хамтдаа гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх гэсэн нэг л зорилгын төлөө явж байгаа шүү дээ.  Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид ачаалал даагаад, ажлаа хийгээд сурчихсан. Тиймдээ ч энэ газраас олон удирдах ажилтан төрөн гарсан байдаг. Манайд  хариуцлагатай, ур чадвартай, харилцааны соёлтой алба хаагчид олон байдаг. Тэдгээр алба хаагчдыг удирдан зохион байгуулахдаа өөрөө зөв үлгэр дууриалал үзүүлэн манлайлдаг, зохион байгуулалтын оновчтой шийдвэр гаргаж чаддаг, алба хаагчдад урам өгдөг ахмадуудаасаа үлгэр дууриал, туршлага, сургамж авахыг хичээдэг. Манай хамт олон Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхээс гадна их спортлог, эвсэг хамт олон. Тухайлбал,  Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооноос 2017 онд зохион явуулсан 17 төрөлт спортын цогцолбор тэмцээнд оролцож, 21 аймгаас тэргүүн байр эзэлж “Шилжин явах цом”, 2018 оны эхний хагас жилийн байдлаар цагдаа дотоодын цэргийн анги байгууллагаас нийлбэр дүнгээр IV байрт явж байна.  2017, 2018 онд Цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан “Хэсгийн байцаагч-2017” тэмцээн, “Төвийн бүсийн аймгуудын гүйцэтгэх ажилтнуудын нэгдсэн сургалт”, “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2018 оны аварга шалгаруулах чөлөөт бөхийн аварга шалгаруулах” тэмцээн, Төв аймаг дахь цагдаагийн газрын нэрэмжит “Police cup” хүчний гурван төрөлт аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг тус тус Төв аймгийн Зуунмод суманд амжилттай зохион байгуулсан.  Сүүлийн үед цагдаагийн алба хаагч ажлаа хийж яваад бусдад гүтгэгдэх, алба хаагчид шантрах байдал ихсэх хандлагатай байна. Үүнд Цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнээс хуулийн хүрээнд,  алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалахад анхаарч,  сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллаж байгаа. Төв аймаг дахь цагдаагийн газар нь амжилт бүтээлээр дүүрэн, өнгө зүстэй яваа нь одоо ажиллаж буй нийт алба хаагчид, тус газрыг удирдаж байсан үе үеийн дарга нар, ахмад ажилтнуудын маань хөдөлмөрийн үр шим  болов уу гэж боддог.

–Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хэрхэн зохион байгуулсан бэ?

-Төв аймгийн Цагдаагийн газар   208 алба хаагчийн орон тоотой, үүнээс 53.8 хувь нь суманд гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг. Алба хаагчид өөрсдөө л ажлаа сэтгэл гарган хийж чадвал, ажиллаж амьдрах орчин нөхцөл, бололцоогоор Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн газраас хангасан. Тухайлбал, сум болгонд цагдаагийн кабон байна, Цагдаагийн газрын дарга, Сумын засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын  гурвалсан гэрээг жил бүр байгуулж  суманд ажиллаж байгаа алба хаагчийг сумаас дэмжиж газар эзэмшүүлэх, малжуулах, гэр бүлийн хүнийг нь ажлын байраар хангах зэрэг олон заалтуудыг тусгаж жил бүр дүгнэж хэвшсэн. 2018 оны эхний зургаан  сарын байдлаар аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран зургаан  сумын хэсгийн төлөөлөгч, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийг туулах чадвар сайтай тээврийн хэрэгслээр хангасан ба цаашид үе шаттайгаар бүх сумдыг тээврийн хэрэгслээр хангахад анхаарч ажиллаж байна. Энэ онд Төв аймаг дахь цагдаагийн газрын  75 жилийн ой тохиож байна. Манай хамт олон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ байгууллагаа сурталчлах, бүтээлч ажлаар ойгоо угтлаа.  Энэ хүрээнд алба хаагчдын болон тэдний гэр бүлийн гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор ширээний теннис, биллъяард болон бялдаржуулах танхим, Сэргэлэн сумын Өндөр дов гэх газар Замын хяналтын 24 цагийн пост, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын амрах байр, гадна орчны засварын ажлыг дуусгаж ашиглалтад оруулсан. Цаашид Эрүүлжүүлэх, саатуулах байрыг шинээр барьж байгуулахаар зураг төсвийн 40 сая төгрөгийг 2018 онд Төв аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгууллаа. Дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлуудыг манай алба хаагчид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, санал санаачилга гарган хийсэн. Нэг жишээ хэлэхэд,  жижүүрийн шуурхай албаны алба хаагчдын амрах өрөөний засварын талаар ярьж байтал, нэг алба хаагч маань “хананд нь ханын цаас наая, манай гэрт засвар хийгээд илүү гарсан ханын цаас байгаа” гээд гэрээсээ авч ирж хийж гүйцэтгэсэн. Ийм сэтгэлтэй залуучуудтай хамтран ажиллаж байна даа. Төв аймгийн Цагдаагийн  газрыг удирдаж байсан үе үеийн дарга нараас санаачлан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төв аймгийн Засаг даргын болон Сэргэлэн сумын тамгын газартай хамтран цагдаагийн газрын 310 алба хаагчийг үе шаттайгаар Сэргэлэн сумын Бяцхан хөндлөн гэх газарт эзэмшлийн газартай болгож, 25 алба хаагчид 07 га газар өмчлүүлэн, уг газар дээр 2010 онд Төрийн орон сууц, санхүүжилтийн корпорацийн хөрөнгө оруулалтаар хауснууд барьж, алба хаагчдыг урт хугацааны, хөнгөлөлттэй зээлд хамруулан “Хуульчдын хотхон” хэмээх хорооллыг бий болгосон.  Мөн Зуунмод сумын I багт цагдаагийн газрын эзэмшлийн хашаанд 30 айлын, таван давхар орон сууцыг 2014 онд барьж ашиглалтад оруулсан.  2017 онд Зуунмод сумын Манзушир өргөө 1000 айлын орон сууцанд зургаан алба хаагчийг орон сууцны найман  хувийн хүүтэй зээлд хамруулсан. Энэ онд Манзушир өргөө 1000 айлын орон сууцны дэргэд цагдаагийн алба хаагчдын 30 айлын, 5 давхар орон сууцыг барихаар төлөвлөн, аймгийн удирдлагуудаас газрын асуудлыг шийдвэрлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд барилга барих зөвшөөрөл хүссэн албан бичиг хүргүүлээд байна. Ер нь алба хаагчдыг соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах чиглэлийн ажил бас их чухал юм байна гэж үзээд энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа.   Энэ онд Цагдаагийн ерөнхий газраас Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын хүрээнд “Эрүүл цагдаа хөтөлбөр”, “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”, “Байгууллагын соёлыг дээшлүүлэх хөтөлбөр” хэрэгжиж байгаа.  Тус газраас дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг тушаалаар томилон, төлөвлөгөө гарган хөтөлбөрүүдийн хүрээнд шинэ санал, санаачилга дэвшүүлэн, хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, “Эрүүл, зөв хоолны өдөрлөг”, өглөөний алхалт зохион байгуулж эхэлсэн. Нэг үеэ бодоход хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болжээ. Өглөө эрт босч алхдаг, гүйдэг, дугуй унадаг, зөв хооллодог, архи тамхи хэрэглэдэггүй алба хаагчид олон болсон байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх” арга хэмжээг зохион байгуулсан. Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний 88.8 хувь нь эрчүүд байдаг ба тэр болгон ээждээ, эмээдээ талархлын үг, баярын мэнд хүргэх нь ховорхон. Ээжүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг танилцуулж. Цаашид сайжруулах чиглэлээр хийж байгаа ажил, арга хэмжээний талаар санал солилцож суухад сайхан юм билээ.

Хууль хяналтын бай­гууллагын эмэгтэй­чүүдийн анхдугаар зөвлө­гөөнийг орон нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулж, хууль хяналтын салбар дахь эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд тодорхой асуудлуудыг тавьж шийдвэрлүүлсэн.

Монгол уламжлал,  ёс заншил, өв соёлоо хадгалах ажлын хүрээнд алба хаагчдын дунд “Дээлтэй Монгол” өдөрлөг, “Ахлагчийн өдөр”-г угтан цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан, алба хаагчдыг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор мэргэшсэн мэргэжилтэн, алба хаагчдыг урьж сургалт, мэдээллийг тухай бүр хийлгэх, алба хаагчдыг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

–Цаг наргүй их ажлын хажуугаар та  гэр бүлдээ  цаг зав гаргаж чаддаг уу. Гэр бүлээ бидэнд танилцуулна уу?

-Би өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн. Манайх ам бүл зургуул, эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Ерөнхий боловсролын сургуульд гурван  хүүхэд маань суралцдаг. Эхнэр Н.Дарьсүрэн маань биднийг халамж хайраар дутаадаггүй, биеэ даасан, гэрийн сайн эзэгтэй бий. Одоохондоо гэртээ бага хүүхдээ харж байна. Цагдаагийн алба цаг наргүй ажил хэдий ч бид гэр бүлдээ цаг зав зарцуулах ёстой. Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, халамж хайраар дутаахгүй өсгөх нь бидний үүрэг юм даа.

–Таны хэлэх дуртай үг?

-Ажилдаа сэтгэл гаргаж ажиллах.

–Хэрэв та цагдаагийн алба хаагч болоогүй бол ямар мэргэжлийг сонгох байсан бол?

-Аав минь насаараа Цагдаагийн байгууллагад ажилласан. Би багаасаа цагдаагийн амьдралыг мэдэрч өссөн. Цагдаагаас өөр ажил хийнэ гэж ер нь бодож үзээгүй юм байна.

–Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Монголын Цагдаагийн байгууллагын нийт алба хаагчид, бидний түшиг болсон гэр бүлийн гишүүд, үеийн үед ажиллаж байсан ахмадууд,  удирдлагууд та бүхэндээ Төв аймаг дахь цагдаагийн газрын хамт олны нэрийн өмнөөс ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59647
1 эможи

keyboard_arrow_up