2000 төгрөг төлж чадахгүй ядуу хүмүүс үү, бид

2018 оны 3 сарын 05

музей үзэх зурган илэрцүүд

Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдрүүд” болгон, хот хөдөөгүй байдаг бүхий л музейг үнэгүй үзүүлэхээр болов. Энгийн өдрүүдэд бараг хүнгүй шахам байдаг музей энэ үеэр үнэд орж, бүр музей үзэхээр ирсэн хүмүүс үүдэнд нь дараалал үүсгэн, хөлд дарагджээ. Хүүхдүүд анги ангиараа, хөгшид гараасаа хөтлөлцөн, эцэг эхүүд үрсээ дагуулан үнэгүй музей үзэхээр хошуурчээ. Музей үзэхэд дааж давшгүй их төлбөр хураамж авдаг болоод ийм их эрэлт үүсээ юу гэтэл үгүй юм. Манай музейнүүд том хүнээс 5000-8000 төгрөг, хүүхдээс 500-2000 төгрөгийн хураамж авч оруулдаг юм байна. Үүнээс харахад үнэгүй юманд нугасгүй бидний төрөлх араншин илэрч байна.

Өөрсдөдөө найман мянга, хүүхдэдээ хоёр мянган төгрөг зарцуулж чадахгүй болтлоо ядарсан гуйлгачин хүмүүс биш юм, бид. Захын айл “приус” машинтай. Түүгээрээ Монголоо хөндлөн гулд тойрч аялаад ирдэг. Амралтын өдрүүдээр л гэхэд утаанаас холдож, агаарт амарч өнждөг хүмүүс. Ядуу гээд байгаа айл нь ядаж л хашаан дотроо гэртэй. Орой алжаалаа тайлах гээд хоёр байтугай мянган төгрөгөөр шар айраг шимж суудаг. Тэгэхээр гуйлгачин ядуудаа биш гуйлгачин сэтгэлгээнээсээ салаагүй болохоор л үнэгүй юманд хошуураад байдаг бололтой. Ийм хандлага, сэтгэлгээтэй бид сонгуулиа ч шударгаар өгч ч чаддаггүй. Мөнгө л өгч байвал хэн байх нь хамаагүй сонгож орхидог.

Музей үзэх гэсэн дараалал томчууд бид үр хүүхэддээ анхаарал, халамж тавьдаггүйн нэгэн жишээ юм. Хүүхдүүдийнхээ юу үзэж сонирхохыг нь огт тоодоггүй, халуун дулаан яриа өрнүүлдэггүй, зөвхөн өөрсдийнхөө бодол, хүслийг хүүхдэдээ тулгадаг нь ихэнх эцэг эхийн алдаа юм. Тасалбар үнэгүй болонгуут хүүхдүүд ангиараа очоод өдөрт хоёр гурван музей үзчихээд үзмэрүүдийнх нь сонин хачныг гайхан ярьцгааж байна. Хүүхдүүд эх түүхээ сонирхож, үнэт зүйлээ бүтээж байна. Ухаалаг утас, интернэтээс салахаа больсон гэж боддог бидний хүүхдүүд харин ч илүү бодит хандлагатай болж төлөвшиж байгаа бололтой.

ЭХ СУРВАЛЖ: Д.ОЮУНТУЯА, ӨДРИЙН СОНИН 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
6
wow an post
1
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
2
angry an post
21
54540
74 эможи
keyboard_arrow_up