Гамшгийн сургалтад төсвийн мөнгөөр хамрагдсан ч гамшгаас иргэдээ хамгаалж чадсангүй

2019 оны 5 сарын 14

Arslan.mn

Зуны эхэн сарын шороон болон цасан шуурга говийн аймгуудад тун халтай болж өнгөрлөө. Тэр тусмаа Өмнөговь аймгийн хэмжээнд хоёр өдөр дараалан шороон шуурга шуурч, улмаар ихээхэн хэмжээний цас орсноос цаг агаарын хүндрэл үүссэн юм.

Энэхүү байгалийн аймшигт үзэгдлийн улмаас тус аймгийн баруун бүсийн суманд 55 настай малчин эмэгтэй, Цогтцэций суманд гэр бүлийн хоёр малчин, нэг эмэгтэй гээд нийт дөрвөн хүн нэн харамсалтайгаар осгож нас баржээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын албанд 70 гаруй дуудлага ирж төөрч алга болсон, малтайгаа уруудсан, машинтай хүмүүс цасанд суусан гэх мэт гамшгийн бүхий л дуудлаганд онцгой байдлын алба хаагчид төдийгүй эгэл жирийн иргэд, аж ахуй нэгжүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсэн байна. Хамгийн харамсалтай нь Цогтцэций суманд гурван хүн алтан амиа алдаж, малчид, иргэд нь байгалийн гамшигт нэрвэгдэж байхад тус сумын онцгой комиссын дарга, Засаг дарга О.Бадарч Улаанбаатар хотод оюутан залуусын спортын тэмцээнийг нээсэн шигээ зугаацаж явсан байна.

Байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болсны дараа тус сумын онцгой комисс шуурхай ажиллаагүйн гол шалтгаан энэ байжээ. Уг нь тухайн үед сумын Засаг дарга орон нутагтаа ажил үүргээ гүйцэтгэж байсан бол байдал өөр байх байв. Онцгой комиссын даргын хувьд сумын Засаг дарга шийдвэр гаргаж, машин техникүүдийг цаг алдалгүй дайчлан эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулсан бол ийм харамсалтай зүйл болохгүй байх байсан хэмээн талийгаачдын ар гэрийнхэн тун гомдолтой байна.

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайг түшиглэн хөгжиж буй болохоор гамшгийн үед ашиглах техник хэрэгсэл, мөн онцгой байдлын бие бүрэлдэхүүний хувьд хангалттай нөөцтэй аж. Мөн энэ үеэр хамгийн хариуцлагатай ажиллах ёстой, онцгой байдлын албанд чиг үүрэг өгөх эрх мэдэлтэй Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар, түүний орлогч С.Мөнхбаяр,Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Баярсайхан нар бүгдээрээ Улаанбаатар хотод байсан нь нутгийн ард иргэдийн жигшил зэвүүцлийг хүргээд байна.

Нутгийн иргэдээ хүнд үед нь орхин хувийн жаргал хөөж, аймаг орон нутагтаа тогтдоггүй эдгээр нөхөд бүгд аймаг орон нутгийнхаа төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр АНУ-д саяхан гамшгийн сургалтад сар гаруй суралцаж ирсэн юм байна. Хариуцлагагүй, наад захын ухамсаргүй ийм албан тушаалтнууд аймаг орон нутаг удирдсан нэр зүүж, хувийн эрх ашиг, биеийн жаргал хөөж яваа нь болзошгүй гамшиг ослын үед ард иргэд алтан амиа харамсалтайгаар алдах шалтгаан болсонд дургүйцсэн Өмнөговийн ард иргэд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар болон Цогтцэций сумын Засаг дарга, тус сумын Онцгой комиссын дарга О.Бадарч нарт хариуцлага тооцож, албан тушаалаасаа огцрохыг шаардахаар нэгдэж эхэлжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603494
1 эможи

keyboard_arrow_up