Баян-Өлгийт тогтоосон хорио цээрийн дэглэмийг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

2019 оны 5 сарын 06

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багийн нутаг Цагааннуур тосгонд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-нд хоёр иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилж, нас баржээ.

Тухайн иргэд нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд нөхөр “Т” нь дөрөвдүгээр сарын 28-ны өдөр, эхнэр “Р” нь хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаад тавдугаар сарын 1-ний өдөр нас барсан байна.

Тарваган тахал нь уушгины, булчирхайн, залгиур хоолойн, гэдэсний, арьсны гэсэн таван хэлбэрээр өвчилдөг. Тэгвэл иргэн “Т” нь гэдэсний, иргэн “Р” булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр тогтоогджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх үүднээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зургаа хоног Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээрийн дэглэм тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж. Мөн хорио цээр тогтоосон бүсэд хэд хэдэн орны жуулчид байгаа юм байна.

Тарваган тахлаар өвчилж нас барсан иргэдийн нэгдүгээр хавьтагч болох хүмүүсийг байнгын эмчийн хяналтанд байлгаж, өдөрт 3-4 удаагийн үзлэг хийж, зохих шинжилгээг авч, эмийн эмчилгээг хийж байгаа ба одоогоор өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өглөө.

Тарваган тахлын халдварын нууц үе зургаа хоног байдаг. Энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй дахин тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулдаг юм байна. Тиймээс өнөөдөр Баян-Өлгий аймгийн онцгой комисс хуралдаж хорио цээрийн дэглэмийг тэлэх, хумих болон сунгах эсэх талаар шийдвэрийг гаргах юм байна.

Arslan.mn

 

Эх сурвалж: МХЕГ, ЗӨСҮТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603111
0 эможи

keyboard_arrow_up