УНТЭ: Тарваган тахлын халдвар коронавирусний халдвараас ч аюултай

2020 оны 7 сарын 23

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар гурван иргэн тарваган тахал өвчний халдвар авч нэг хүн нас бараад байна. Монгол орны 17 аймаг 137 сумын нутагт тарваган тахлын байгалийн голомттой.Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. УНТЭ тарваган тахлын эсрэг онцгой үед бэлэн байдлаа хэрхэн хангасан,  урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

Д.ДУЛАМСҮРЭН:Тарваган тахал өвчнөөс сэргийлэх 30 хоногийн нөөц бүрдүүлсэн

УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Д.Дуламсүрэнгийн өгч байгаа мэдээллээр халдварт өвчнөөс сэргийлэх нэг удаагийн хамгаалах хэрэгслийн 30 хоногийн нөөцтэй байна. Яаралтай тусламжийн тасагт ирж байгаа хүн бүрээс коронавирусний болон тарваган тахал өвчний асуумж судалгааг авч ЗӨСҮТ-тэй мэдээллээ солилцон ажилладаг байна. Тарваган тахал өвчний халдвартай иргэн гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрдэг тул эмч мэргэжилтнүүдийн авч байгаа асуумж судалгаанд үнэн зөв хариулах ёстойг анхааруулсан юм.

Б.НАМУУН: Тарваган тахал өвчний халдвар авсан иргэдийн 30-40 хувь нь нас барах эрсдэлтэй

Хамгийн сүүлд Говь-Алтай аймагт 15 настай хүүхэд тарваган тахлын үжил хэлбэрээр өвчилж нас барсан. Мөн Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тарваган тахлын халдвар тархах  эрсдэл өндөр байна. Тиймээс энэ тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстойг УНТЭ-ийн  Халдвар хяналтын мэргэжилтэн Б.Намуунаас тодрууллаа.

-Тарваган тахал гэж юу вэ?

- Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

-Тарваган тахал өвчин хэрхэн халдварладаг юм бэ?

-Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар халддаг. Мөн нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

-Тарваган тахал өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

- Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх шинж тэмдэг илэрдэг. Мөн арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.

-Иргэдэд тарваган тахлаас сэргийлэх зөвлөмж өгөөч?

- Нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх хэрэгтэй. Мөн иргэд гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, мах эд эрхтнийг нь түүхийгээр нь идэхгүй байхыг анхааруулж байна. Ер нь өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, ингэхдээ халдвар тархахаас сэргийлж өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах хэрэгтэй.

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт орон даяар үргэлжилж байна

Монгол улсад 1999-2019 онд тарваган тахлаар 60 хүн өвчилж 18 хүн нас барсан байна.Халдвар авсан байдлаар авч үзвэл тарвагатай харьцах, бүүргэнд хазуулах, өвчтэй хүнээс, түүхий тарваганы эд эрхтэн залгих гэх мэтээр халдвар авчээ. Тарваган тахлын дархлаажуулалтад 2020 онд 32810 хүн хамруулахаар төлөвлөснөөс нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж энэ сарын 22-ны өдрийн байдлаар тарваган тахлын дархлаажуулалтад Улаанбаатар хотын 9 дүүрэг, 18 аймгийн нийт 41000 хүнийг хамруулаад байна.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618661
0 эможи

Зочин
2020-07-23 15:17
keyboard_arrow_up