Б.Мөрөн: Томуугийн вакцинд бага насныхан болон албан байгууллагууд идэвхтэй хамрагдаж байна

админ
2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд ханиад томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа. Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин дунджаар 4.3 хувьтай байгаа аж. Иймд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн саяхан томуугийн улирлыг угтан эмч, мэргэжилтнүүдэд зориулсан хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж, цаг үеийн мэдээллүүдийг өгч, туршлага солилцсон юм. Уг сургалтад Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн өрх, сум аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн 400 гаруй эмч хамрагджээ. Сургалтаар эмнэлгийн нөхцөлд томуу, томуу төст өвчний хүндрэлийг хэрхэн эмчлэх вэ, анхаарах зүйлүүд болон өрх сумын эмч нар гэрийн нөхцөлд хэрхэн хянаж эмчлэх талаар мэдээлэл өгсөн байна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд буюу арваннэгдүгээр сараас эхэлж, нэгдүгээр сард эрчимждэг. Тиймээс бага насны хүүхэд гэлтгүй томчууд хүртэл өвдөж, өвчлөл нь хүндэрдэг энэ өвчлөлөөс  урьдчилан сэргийлэхийн тулд энэ удаа бид “Томуугийн вакцин” тойрсон мэдээлэлд олон талын хариулт өгөхийг зорьсон юм.

Өнгөрсөн есдүгээр сард манай улсад Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн XIII их хурлыг зохион байгуулсан. Энэ үеэр эрдэмтэд өнөө жил А хүрээний H1N1, H3N2 болон В хүрээний вирус дэгдэх магадлалтайг анхааруулсан. Тиймээс ЭМЯ болон албан ёсны гэрээтэй вакцин нийлүүлэх байгууллагууд уг гурван төрлийн үүсгэгчийн эсрэг вакциныг захиалж оруулж ирээд байгаа билээ. Тиймээс юун түрүүнд томуугийн вакциныг сайн дураараа хийлгэхийг хүсвэл харьяа дүүргийн эмнэлгийн дархлаажуулалтын кабинетэд хандаарай гэдгийг эмч нар зөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд нийслэл төдийгүй аймгуудад агаарын бохирдол ихэсч, манай оронд өргөн дэгддэг томуу, томуу төст өвчний хүрээ жил бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд гэхэд 31 мянган хүн ханиад томуугаар өвчилснөөс 70 гаруй хувь нь 1-5 насны хүүхэд байв. ЭМЯ-ны тандалт судалгаагаар энэ өвчний 20 орчим хувийг сургуулийн хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг бөгөөд халдвар тараах гол эх үүсвэр болдог байна.

Вакцинд хамрагдах нь өвчлөлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ

Өнгөрсөн онд ханиад томуугийн тархалт ихэсч, нийслэл хот болон хөдөө орон нутагт хүүхдийн эмнэлгийн ор, тасгийн хүрэлцээг хангах гээд төр, засгийн зүгээс ч гэсэн эдийн засгийн өндөр зардал гаргадаг. Айл өрхүүдэд ч гэсэн санхүүгийн хүндрэл учрахаас гадна хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох, хичээл сургууль завсардах гээд олон хүндрэл гардаг. Тиймээс энэ бүх зардлыг бууруулахад ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж, дархлаажуулах нь өвчлөлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Ингээд вакцин тойрсон элдэв мэдээлэлдээ тодорхой хариулт өгье.

Манай улсад Засгийн газар, ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв гэсэн байгууллагын дэмжлэгээр томуугийн вакциныг оруулж ирдэг. Дархлаажуулалтыг ханиад, томуу дэгдэж эхлэхээс нэг сарын өмнө хийж эхэлдэг. Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу жирэмсэн эхчүүд болон тав хүртэлх насны хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс, 65-аас дээш насныхан, эмнэлгийн эмч, ажилчид вакцинд заавал хамрагдаж байх ёстойг эмч нар онцгойлон анхааруулж байна. Бусад хүний хувьд сайн дурын дархлаажуулалтад  хамрагдаж болно гэдэг.

Томуугийн вакциныг хийлгэснээс 14 хоногийн дараа дархлаа тогтоно

Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин. Томуугийн халдвараар аль ч насныхан  өвчилдөг. Халдвар авсан хүн ханиаж найтаах үед агаар дуслын замаар халдвар тархаж бусдад халддаг. Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, бие шархирч, булчингаар өвдөх, ядрах шинжээр илэрч голдуу 3-5 хоног үргэлжилдэг. Ихэнхдээ уг өвчин бүрэн эдгэрдэг боловч  зарим хүний өвчин хүндрэх шатандаа ордог. Тиймээс энэ бүх өвчлөлөөс урьдчилан сэргийлж, вакцины талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулах, вакцинд хамрагдах нь чухал юм.  Томуугийн вакциныг хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн турш дархлаа үргэлжилдэг. Тиймээс хүйтний улирал эхлэхээс өмнө вакциндаа хамрагдах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

Томуугийн вакцин гэж юу вэ?

Та бидний мэдэх “Ханиадны эсрэг вакцин” нь хүний биеийн дархлааг дэмжих вакцин юм. Ингээд томуугийн вакцин болон түүний ач холбогдол, цаашид анхаарах зарим зүйлсийн талаарх  мэдээллийг эмч  нар хэрхэн тайлбарласныг хүргэе.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа: Томуугийн вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчилсөн ч хүндрэхгүй

-Томуу, томуу төст өвчнийг үүсгэгч нь байнга өөрчлөгдөж байдаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Манай улс тухайн үүсгэгчдэд нь тохирсон вакцин авч чадаж байгаа юу?

-Томуугийн вирус маш хувь­самтгай учраас жил бүр найрлага нь өөрчлөгдөж байдаг. Тиймээс вак­циныг жил болгон хийлгэх хэрэгтэй. Вакцины найрлага тухайн улс орнуудын уур амьсгал, онцлогт то­хир­сон байдаг. Засгийн газар болон бусад донор байгууллагын хамтын ажил­лагааны үр дүнд сүүлийн жи­лүү­дэд дархлаажуулалт нэмэгдэж байгаа. Энэ жилийн хувьд 160 гаруй мянган хүнд вакцин хийхээр Засгийн газраас төлөвлөсөн.

 

ДЭМБ: Вакцин аюулгүй. Томуугаас сэргийлэх нь таныг олон эрсдэлээс хамгаална

 

-Вакцин аюулгүй юу?

-Вакцин бол аюулгүй. Практикт хэрэглэгдэх зөвшөөрөл өгөхөөс өмнө аливаа вакцины чанар, аюулгүй байдлыг нь туршилт шинжилгээний олон шат дамжлагаар нягтлан шалгаж,  улмаар зах зээлд гарсных нь дараа ч гэсэн чанарын хяналтыг тогтмол давтамжтай хийдэг. Мөн түүнчлэн тухайн вакцинтай холбоотой гарсан аливаа урвал, гаж нөлөөг судлаачид олон төрлийн мэдээллийн эх үүсвэр ашиглан байнга хянаж байдаг. Вакцины урвалын дийлэнх нь тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн явцтай эсвэл түр зуурын шинжтэй байдаг. Вакцин тариулснаас үүдэх энэ мэт эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг.

 -Томуугийн вакцинд бид яагаад хамрагдах ёстой вэ. Ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?

-Томуу бол жил тутам 300-500 мянган  хүнийг үхэлд хүргэдэг ноцтой өвчин юм. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настан, багтраа, зүрх судасны эмгэг гэсэн архаг хууч өвчтэй хүмүүс томуугаар өвчлөх, нас барах өндөр эрсдэлтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйг дархлаажуулснаар төрөх хүүхэд нь ч мөн томуу өвчний халдвараас хамгаалагддаг. Улирлын томуугийн вакцин нь томуугийн вирусын тухайн улиралд зонхилон эргэлдэж буй гурван хүрээний эсрэг дархлаа тогтоодог. Томуугаас сэргийлнэ гэдэг эрүүл мэндийн зардал, хөдөлмөрийн чадвар алдалт, ажил сургуулиас хоцрох хоцрогдлоос сэргийлнэ гэсэн үг юм.

Монголд томуугийн вакциныг албан ёсоор оруулж ирдэг “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх байгууллагын эмч, төлөөлөгч Б.Мөрөн: Томуугийн вакциныг албан байгууллагын захиалгаар хийж байна

-ХӨСҮТ-ийн томуу, томуу төст өвчний тандалт судалгаагаар томуугийн А хүрээний H3N2 вирус тархаж байгаа. Бага насны хүүхдүүд хүндрэх нь элбэг байна. Тиймээс ханиад томуугаас сэргийлэхийн тулд дархлаажуулалтын вакциндаа сайн хамрагдах хэрэгтэй. Ханиад томуугаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт бол томуугийн эсрэг вакцин байдаг. Томуугийн вирус жил бүр өөрчлөгдөн хувирч байдаг. Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2019-2020 онд хамгийн их тархаж байгаа  томуугийн А төрлийн хоёр вирус, томуугийн В төрлийн нэг вирусын идэвхгүй холимогийг агуулсан вирусын эсрэг вакциныг  Ази тивийн улс орнуудад санал болгосон. “Ди Жи Би” компанийн оруулж ирж байгаа вакцин бол БНСУ-ын “GREEN CROSS” корпорацийн үйлдвэрлэсэн “GC FLU” /өөрөөсөө тариуртай/ вакциныг Монгол Улсаас  манай эм ханган нийлүүлэх байгууллага эмийн бүртгэлд бүртгүүлэн Монгол Улсад нэвтрүүлээд байна. Уг вакциныг хийлгэхийг хүссэн хүмүүс магадлан итгэмжлэгдсэн доорх эмнэлгүүд дээр очиж сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Сүүлийн өдрүүдэд томуугийн вакцинд бага насныхан болон албан байгууллагууд идэвхтэй хамрагдаж байна. Тиймээс вакцинжуулалтыг байгууллага дээр нь зохион байгуулж болно.

Вакцинтай холбоотой  мэдээллийг: 8003-2442, 8007-2442, 8006-2442  тоот руу холбогдон авч болно. Вакцин хийж буй эмнэлгүүд гэвэл “Интермед” эмнэлэг: 7701-1111,  “УБ Сонгдо” эмнэлэг: 7011-1163, “Юнимед” эмнэлэг: 7700-0000, “Wellness med” эмнэлэг: 8872-0077, “ТодН” эмнэлэг:  7016-4108, “Баянгол фамили” клиник: 7611-5555, “Мэдипас” эмнэлэг:  7777-7103 /Орхон аймаг/ дахь эмнэлэгт хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.21  ПҮРЭВ  №232  (6199)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610762
0 эможи

keyboard_arrow_up