Л.Бямбасүрэн: Чихэвчнээс болж дүлийрэх тохиолдол ирэх оноос эрс ихсэж магадгүй

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

Төрөлхийн болон олдмол шалтгаанаар сонсголоо алдсан хүнд сонсгол оруулах хагалгаа буюу дунгийн суулгацын мэс заслыг манай улсад анх удаа хийснээс хойш 10 жил өнгөрчээ. Энэ мэс заслыг нэвтрүүлсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн  тасгийн эрхлэгч, Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг манай улсад анагаах ухааны доктор  А.Өлзийбаяр та хоёр нэвтрүүлсэн. Анхны мэс заслыг хийхдээ эмч нараа чадавхжуулахаас эхлээд удаан хугацаанд бэлтгэсэн байх?

-Дотор чихний хүнд зэргийн сонсгол бууралттай дүлий хүнийг эмчлэх цорын ганц эмчилгээ нь дунгийн суулгацын мэс засал юм. Энэ мэс засал 1980-аад оноос дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хөгжиж эхэлсэн.

Миний багш Шагдар “Монгол Улсад дунгийн суулгацын мэс заслыг нэг хийчих юм сан” гэсэн мөрөөдөлтэй байсан. Багшийнхаа  хамгийн отгон шавийн хувьд энэ мөрөөдлийг нь биелүүлсэндээ баярлаж явдаг. Анхны мэс заслыг анагаах ухааны доктор А.Өлзийбаяр асан бид хоёр Профессор Распийн удирдлага дор хийсэн.

А.Өлзийбаяр эмч маань чих хамар хоолойн салбарын ур чадвар сайтай, дайчин,  өндөр мэдлэгтэй цөөн мэс засалчдын нэг байсан.

2008 онд түүнийг Австрид  сурч байх хугацаанд профессор Расп “Танай Монголд дунгийн суулгацын хагалгааг яагаад хийхгүй байгаа юм бэ” гэж асууснаар Австри улсын MED-EL дунгийн суулгацын компанитай биднийг батлан дааж гэрээ байгуулсан. 

Бид Австри улсад 4-5 удаа Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр (Зальцбург хөтөлбөр) мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байсан ба дунгийн суулгацын мэс заслыг эхэлсний дараа Ази, Европд  богино хугацааны лабораторийн дөрвөн удаагийн сургалтад суралцсанаар мэс засал хийх сертификат авсан юм.

2009 оны нэгдүгээр сард Австри улсаас Монгол Улсын эмч мэргэжилтнүүдийн хэлний боловсрол, тухайн мэргэжлийн ур чадварыг шалгаж үзсэний  үр дүнд бид хагалгаа хийх зөвшөөрлөө авсан. 2009 оны наймдугаар сарын 2,3-нд хоёр, зургаан настай хоёр охинд  анх удаа энэ хагалгааг хийсэн түүхтэй.

Хоёр настай хүүхэд нь төрөлхийн, зургаан настай нь шалтгаан нь мэдэгдэхгүйгээр сонсгол нь бага багаар буурсаар байгаад дүлийрсэн байсан.

-Тухайн үед хүндрэлтэй зүйл  тохиолдож байсан уу?

-Дунгийн суулгацын мэс засал Монголд нэвтрэхэд, нэгдүгээрт өртөг өндөртэй.

Хоёрдугаарт мэс заслын эмч нар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэс засалч байх шаардлагатай.

Гуравдугаарт  мэс засал хийсний дараагаар сонсголыг тохируулдаг учир англи хэлний өндөр мэдлэгтэй чадвартай сонсголын эмч хийдэг.

Дөрөвдүгээрт төрөлхийн дүлий бага насны хүүхдүүдэд энэ хагалгааг хийсний дараа таван жил хүртэлх хугацаагаар долоо хоногтоо 2-3 удаа хэл заслын хичээл явуулдаг. Тиймээс олон эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хийхээс өөр аргагүй учраас Монголд нэвтрэх бололцоо муу байсан юм.

-Хамгийн анхны баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байсан бэ. Түүнээс хойш 10 жилийн хугацаанд тоног төхөөрөмж шинэчлэгдээд хагалгаа хийхэд хялбар болсон уу?

-Үндсэн 12, туслах 15 нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй дунгийн суулгацын хагалгааг хийх технологийг нэвтрүүлсэн. 

10 жилийн  хугацаанд 11 сартай хүүхдээс 60 хүртэлх насны 130 гаруй  хүнд энэ мэс заслыг амжилттай хийгээд байна.  Дунгийн суулгацын мэс заслыг  анх хийж байхад тоног төхөөрөмж нэлээд хүндрэлтэй байсан.

Ялангуяа чихний өрмийн машин байнга халдаг, зогсдог, эвдэрдэг байлаа. 1980-аад оны Германы микроскоп хагалгааны үед ламп нь шатах, тохиргоо нь болохгүйгээс хувийн эмнэлгээс микроскоп авчрах гээд эхний жилүүдэд төвөгтэй байсан.

Чихний мэс засал нь тархи руу нарийн хүрцээр гүнзгий талбайд хагалгаа хийдэг учир маш нарийн тоног төхөөрөмж шаарддаг. Герман, Японоос тоног төхөөрөмж авна уу гэхээс өөр орноос авсан төхөөрөмж шаардлага хангадаггүй.

Бид элэгний хагалгаанд судас залгадаг бүх төрлийн мэс засалд хэрэглэх боломжтой Германд үйлдвэрлэсэн цоо шинэ универсал микроскопыг сүүлийн жилүүдэд хэрэглэж байна.

Бусад өрмийн машиныг шинэчилж авч өгсөн. Одоо хагалгаа хийхэд асуудал багатай. Гэхдээ Монгол Улсад энэ хагалгааг хийхэд гардаг хамгийн том эрсдэл нь хүний нүүрийг хэм тэгш байлгадаг нүүрний мэдрэлийн дээгүүр нь өрөмдөж явдаг мэдрэл илрүүлэгч машин нь өндөр өртөгтэй. Улсын хэмжээнд чих хамар хоолойгоос гадна мэдрэлийн мэс засал, бамбай, нурууны мэс засалд хэрэглэдэг. Дараагийн зорилго  мэдрэлийн мониторингийг авчихвал өвчтөнүүдээ эрсдэлээс  илүү сайн сэргийлэх л байна даа.

-Төрөлхийн дүлий байхаас гадна хүмүүс янз бүрийн шалтгаанаар сонсголоо алдах нь бий. Таны туршлагаас үзэхэд дийлэнх нь ямар шалтгаантай байна вэ?

-Дүлий нь дан ганц төрөлхийнх байдаггүй. Олон шалтгаан бий. Мөн чихэнд хортой тариа хэрэглээд дүлий болсон олдмол хэлбэр зонхилж байсан. Сүүлийн 4-5 жилд автомашины ослоос үүдсэн гэмтэл, шалтгаан тодорхойгүй дүлийрэлт ихэссэн. Машины ослоос чих гэмтэх, чихний яс хугарах, дотор чихний дунгийн бүтцийг алдагдуулах тохиолдол байна. Мөн Менингитээс  болж дун шохойжиж дүлий болно. Зарим нэг нь шалтгаан тодорхойгүй дүлийрэлтүүд  бас бий.

-Залуус сүүлийн үед байнга шахуу чихэвч зүүх болсон. Чихэвчнээс болж сонсголгүй болсон тохиолдол бүртгэгдсэн үү?

-Дэлхий глобальчлагдаад олон төрлийн гар утас, цахилгаан төхөөрөмжүүд ихсэж байгаатай холбоотойгоор орчин үеийн залуус чихэвчний хөгжим их сонсдог болсон. Чихэвчний хөгжим сонсголын мэдрэлийг байнга доргиож, цочроож байдаг. Хүн байнгын өндөр давтамж, хүчтэй чимээ сонсоод  байхаар сонсох мэдрэхүй ядарч, зарим эс үхдэг.

ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр бага нас, дунд сургуулийн хүүхдүүдийг чихэвч байнга хэрэглэхийг хориглодог.

Нэмэлт утасгүй  чихэвчийг бага дуутайгаар буюу хүмүүсийн ярианы түвшинд 500-1,000 герцийн давтамжид хэрэглэж болно. Өндөр давтамжтай дуу чимээтэй уурхай, цахилгаан станцад ажилладаг хүмүүс байнга чихэндээ чих хамгаалах хэрэгсэл хийхгүй бол 5-10 жилийн дараа сонсгол буурсаар дүлий болж дунгийн суулгацын хагалгаанд орохоос өөр аргагүй болдог. Чихэвч зүүсэн хүүхдүүдийг хараад чих хамар хоолойн эмчийн хувьд сэтгэл  эмзэглэдэг шүү. 

Чихэвч  сүүлийн үед хэрэглээнд нэвтэрсэн учраас 2020-иод оны дундаас чихэвчнээс болсон дүлий хүний тоо эрс ихсэх өндөр магадлалтай

-Төрөлхийн сонсголгүй хүүхдийг яаж мэдэх вэ. Хүүхэд төрөлхийн дүлий төрөхөд юу нөлөөлдөг юм бэ?

-Яг ийм тохиолдлууд гардаг. Энэ нь эцэг эхийн хариуцлагатай холбоотой. Ямар нэгэн эд зүйл унах чимээг хүүхэд  сонсохгүй ч доргионоор мэдэрч байдаг. Үүнийг нь эцэг эхчүүд сонсож байна гэж андуурах нь бий.

Хүүхдээ урагш нь харуулж суулгаж байгаад ард талд нь алгаа ташиж сонсож буй эсэхийг нь мэдэх хамгийн энгийн арга байдаг.

Ихэвчлэн 3-6 настай хүүхдүүд дунгийн суулгацын мэс засалд орж байгаа. Ердийн сонсголтой хүүхэд төрөөд дуу чимээ сонсож эхлээд, хоёр нас хүрээд ярьж эхэлдэг бол дүлий хүүхдийн сонсголын нас дунгийн суулгацын хагалгаа хийж аппарат асааснаар 0 сартай хүүхэд шиг сонсголын нас нь эхэлдэг. Тиймээс төрөлхийн дүлийг эрт илрүүлж нас нь бага байхдаа хагалгаанд орох хэрэгтэй.

Төрөлхийн сонсголгүй төрөх олон шалтгаан бий.

Нэгдүгээрт удмын шалтгаан нэг айлын хоёр хүүхэд ч дүлий, ихэр хүүхэд ч дүлий хагалгаанд орж байсан.

Хоёрдугаарт ээж жирэмсний явцад  вирусийн халдвар тухайлбал гахайн хавдар, салхин цэцэг тусвал ураг дүлий болдог. Тиймээс ургаа тээх явцдаа эх эрүүл байх ёстой.

Гуравдугаарт  чихэнд хортой олон янзын эм хэрэглэх, сүлжээний зарим бэлдмэлүүд хэрэглэснээс  дүлийрсэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн гэмтэл, эхийн архаг хууч өвчнүүд нөлөөлдөг.

Тиймээс эх жирэмсэн үедээ эрүүл ахуйн  дэглэмээ сайн сахих ёстой.

-Энэ мэс засал хийлгэх шаардлагатай хэдэн хүн Монголд байна. Өртөг өндөр учраас хүмүүс хийлгэж чадахгүй байх шиг?

-Л.Шагдар, Эрдэнэчулуун нарын  судалгаагаар Монгол Улсад сонсгол бууралт, дүлийрэлттэй  180 мянга, таг дүлий 10 мянган хүн байгаа гэсэн  тооцоо бий.  Энэ төрлийн судалгаа хийхэд  хөрөнгө их зарцуулдаг учраас сүүлийн жилүүдэд судалгаа хийж, одоо хэдэн хүн байгааг илрүүлж амжаагүй байна.

ЭМЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тухайн үеийн УИХ, засгийн газарт 4-5 жил  бичиг цаас барьж гүйсний хүчинд тодорхой тооны хүний дунгийн суулгацын мэс заслын зардлын 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас дааж эхэлсэн.

Б.Должин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607657
0 эможи

зочин
2019-09-05 10:57
Дунд сургуулиудад очиж лекц уншиж өгнө үү.
keyboard_arrow_up