УГТЭ “Үйлчлүүлэгч таны төлөө” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна

2018 оны 11 сарын 21

Arslan.mnП.Н.Шастины нэрэмжит УГТЭ өнөөдөр хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, тэдэнд илүү хүрч ажиллах, мэргэжлийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг хүн амын дунд сурталчилах, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, зөвлөх поликлиникийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Үйлчлүүлэгч таны төлөө” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгийг өдөрт нь шийдвэрлэж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бие давхар эмэгтэйчүүдэд дараалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж, захын судсанд сахар тодорхойлох, ясны сийрэгжилтийн хэмжилтийг хийх, харвалт, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчний эрсдлийг тодорхойлж, халдварт бус өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх цуврал сургалтуудыг зохион байгуулах юм байна.

П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Зөвлөх поликлиникийн тасгийн эрхлэгч Г.Бадамцэцэг:

Arslan.mnДЭМБ-ын 2015-2016 онд хийсэн судалгаагаар нас барсан нийт хүмүүсийн 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Ялангуяа цусны даралт ихсэх өвчин, тархины цус харвалтаас шалтгаалсан нас баралтаар Монгол улс дээгүүр байранд бичигдэж байна. Иймээс манай эмнэлэг өнөөдөр үйлчлүүлэгч нарт зориулан “Үйлчлүүлэгч таны төлөө” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Манай улсад тархины цус харвалт дэлхийн дунджаас даруй 4 дахин их гэсэн судалгаа гарсан. Иргэдийн хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд хүн бүхэн цусны даралт ямар түвшинд байдаг гэдгээ мэдэж байх, цусны даралт ихэсдэг хүмүүс байнга эмчийн хяналтанд байж, эмээ тогтмол цагт нь хэрэглэх, хоногийн давсны хэрэглээг 5 граммаас доош байлгаж, зөв зохистой хооллох, өөх тосны хэрэглээг багасгах, архи, тамхины хэрэглээг бууруулах, дасгал хөдөлгөөнийг өөрт тохирсон хэмжээнд хийх, биеийн жинг зохистой түвшинд барих хэрэгтэй. Сүүлийн үед эмийн замбараагүй хэрэглээ, нэмэлт бэлдмэлүүд, уургийн хэрэглээ, тураах эмийг дур мэдэн хэрэглэх нь энэ өвчнийг залуужуулах хамгийн том шалтгаан болж байна.

П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн төвийн дарга П.Алтанцэцэг:

УГТЭ-ийн хувьд тархины харвалт, зүрхний шигдээс өвчнийг эмчлэх тал дээр улсдаа лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Манай эмнэлэгт Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан Мэдрэлийн төв гэсэн бие даасан тасаг үйл ажиллагаагаа явуулж, Монгол улсад мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд хүргэх, мөн мэдрэлийн эмгэгийн хамгийн түгээмэл тохиолддог тархины судасны өвчин буюу харвалтаас шалтгаалсан эмгэгүүдийг эмчлэхэд эмийн болон мэс заслын эмчилгээг хийж байна. Дэлхий дахинаа чимээгүй тахал хэмээн нэрлэгдэж байгаа тархины харвалт өвчнийг 2000 оноос өмнө өндөр настнуудын өвчин гэж нэрлэдэг байсан бол 2000 оноос хойш харвалт гэдэг өвчинд нас хамааралгүй болж ямар ч хүн энэ өвчнөөр өвчлөх болсон. Сүүлийн гурван жилд УГТЭ-ээр 4480 тархины цочмог харвалт өвчинтэй иргэд үйлчлүүлсэн бөгөөд үүний 30 орчим хувь нь тархины хагалгаанд орсон. Мөн хамгийн залуу нь 16 настай хүүхэд энэ өвчнөөр өвчилсөн. Харвалт гэдэг өвчний хувьд үхэх магадлал өндөртэй, хөдөлмөрийн чадвар, өөрөө өөртөө үйлчлэх чадвар алдалт өндөртэй. Нас баралт 16,5 хувьтай байна. Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудын хувьд тархины харвалт болон тархины харвалтаас шалтгаалсан нас баралтаар манай улс тэргүүлж, онцгой анхаарах бүсэд явж байна. Энэ үзүүлэлтийг бууруулахын тулд УГТЭ эмийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, мэс заслын эмчилгээг бүсийн түвшинд хийж байна. Эмч мэргэжилтнүүдийг сургах тал дээр эмнэлгийн удирдлагууд илүү анхаарч ажиллаж байгаа.

Arslan.mn

Өдөрлөг 16 цаг хүртэл үргэлжлэнэ.

Цус харвалт нь хүн бүрт өөр өөр шинж тэмдгээр илэрдэг тул хүмүүс тэр даруйд нь оношилж чаддаггүй байна. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багасахыг харвалт гэж нэрлэдэг. Ингэж тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай глюкоз болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдсанаас тархины үйл ажиллагаа алдагдаж үхэлд ч хүргэх аюул учруулдаг аж.

Arslan.mn

Тархины цус харвалт үүсгэх олон нөхцөл байдаг. Үүнд:

  • Зүрхний шигдээс
  • Цусны даралт ихсэх
  • Тархины гэмтэл
  • Зүрхний өвчин хэм алдагдал
  • Цусан дахь сахарын хэмжээ багасах
  • Чихрийн шижин
  • Архи хэтрүүлэн хэрэглэх
  • Нойрсуулах эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйлсээс гарах
  • Эм бэлдмэлийн зүй бус хэрэглээ
  • Хавдар
  • Менингит мэтийн тархины халдвар

Харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг бөгөөд амьдралын зөв хэвшлийг эрхэмлэж, дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ тохирох хэмжээнд нь барих, давсны хэрэглээгээ хянах, тамхинаас татгалзах, зөв хооллосноор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597377
0 эможи

keyboard_arrow_up