Захиалгатай гэж залуусыг буруутгахаасаа өмнө замаа эргэж харъя...

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Наадамгүй зуны сар...тэр тусмаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсны 100 жилийн ойгоо тэмдэглэлгүй азнасан жил байлаа. Nonaadam хөдөлгөөнийг гаднын захиалгатай байсан гэж зарим хүмүүс мэдэгдэж, эл залуусыг эрээ цээргүй заналхийлэх нь ч чих дэлслээ. Зуун жил тасраагүй наадам энэ удаа хүлээлт, эргэлзээнд уяатай зуслаа. Гэхдээ гаднын захиалга гэж үзэж туйлшрахаасаа өмнө бид өөрсдийгөө нэг харах хэрэгтэй болжээ. Тиймээс би Nonaadam хөдөлгөөнийг захиалгатай гэж хэлэхгүй, харин наадамгүй долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд бодол сэтгэлд эргэлдэж өнжсөн эмзэглэлээ энд хуваалцъя.

#1. Зах зээлийн ороо бусгаа үед гэнэт хөл тавьж, хэдэн төгрөгөө атгаад ганзагын наймаанд аав ээж, ах эгч нараас эхлээд улс орноороо мордсон. Хөлтэй нь ганзага үүрч, хэлтэй нь гадагшаа тэмцсэн. Энэ үед хаягдаж гээгдсэн, айлд тавигдсан, визгүй хоцорсон, төмөр зам тоссон хэчнээн хүүхэд үлдсэнийг хэн ч тоолоогүй. Хүүхдүүд олноороо гудамжинд гарсан, гэртээ хаягдсан. Тэд соёл боловсрол, ярилцах хүн, хуваалцах сэтгэлгүйгээр орхигдсон. Энэ үнэн, гашуун хэдий ч үнэн. Эл хоосон орон зайн дээр орж ирсэн гаднын шашны урсгалууд хүүхэд залуусыг урин дуудаж, унд цай зөөсөн. Энэ бас үнэн. Юун монгол ёс заншил, үндэс яс, Улсын наадмыг дугуйрсан цэнгэлдэх, дугуй хуушуураар төлөөлж ойлгодог бүхэл бүтэн үеийнхэн өсч өндийсөн. Нөгөө Тэрэлжид жил бүр болдог, үсээ задлаад шөнөжин шар айрагдаж, шоуддаг залуусын баяр л шинэ үеийн баяр наадам нь болж хэвшсэн. Тиймээс Nonaadam-д оролцсон залуусын олонх нь монгол хувцсаараа гоёсон хэдий ч монгол агуулгыг үл үнэлж, үл ойлгож, дэгжирхэл төдий үзэж өссөн нэгэн үеийнхэн байлаа. Тэдний хувьд наадам үнэ цэнэгүй гэдгийг шууд хэлсэн нь дээр. Харин Монгол шилтгээнд болдог Play time хүсэн хүлээдэг баяр нь. Энэ бол том дохио, хатуу харанга. Цаашдаа үндэсний соёл урлаг, өв уламжлал, түүх, ёс заншлаа бага ангиас нь эхлэн зааж, монгол иргэнийг бэлтгэх хэрэгтэйг эндээс харж болно.

#2. Наадмаас шазуур зууж байгаад татгалзсан нэг хэсэг бий. 2020 оны наадам мөн л Цонжин болдогт хаалттай болсон. Энэ нь олон хүний дургүйцлийг төрүүлж, ангийн ялгаа үүсгэсэн. Нэг хэсэг нь наадамдаад, ах дүүсээрээ тал татан наадмаар мөнгө хийгээд инээж явахад нөгөө хэсэг нь наадам ч байхгүй, хуушуур ч байхгүй, бичлэг эвлүүлэг үзээд өнгөрсөн. За яахав, нэг удаа ингээд өнгөрдөг байж. Гэтэл хоёр дахь удаагаа дахин энэ ялгаварлан гадуурхалтад өртөхийг хэн ч хүссэнгүй. Цаашдаа ч хүсэхгүй. Хүн төрөлхтний түүхэнд аливаа ангийн ялгаа болгон хувьсгал гарах шалтгаан болсоор ирсэн, харин ч наадамгүй зусах төдийгөөр энэ залуус боловсон зогсолт хийж чадсан гэдгийг сануулъя.

#3. Улсын наадмыг улстөржүүлж харсан нэг хэсэг бий. Наадам хийлгэхгүй байх нь эрх баригч намд өгч буй улс төрийн зорилготой бас нэг цохилт байлаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Цаашдаа МАН шинэчлэгдэж, луйварчдаасаа салж чадахгүй бол Монголын нийгэм МАН ба бусад гэсэн хоёр хэсэгт хуваагдан, үүнд тулгуурласан баян хоосны, идсэн идүүлсний, луйвардсан луйвардуулсны хооронд гарч буй ангал улам бүр томорч, эрх баригч нам унах огцрохдоо тулсан ширүүхэн шилбүүр хаа сайгүй тачигнаж таарна.

#4. Дотооддоо халдвар алдсан нь нийгмийн сэтгэлзүйд нэлээн хүнд туссан. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хангамж, тоног төхөөрөмжийн асуудал, наадмын зардал хоёрыг харьцуулах ухаан хэнд ч гэсэн төрнө. Үүний цаана өнөөх л эрх баригчдын эвгүй хандлага, энэ хүртэл тохинуулж чадаагүй төр улс болон түмэн олны аминд тулсан асуудлууд хэт хуримтлагдсан нь нөлөөлсөн.

#5. Хурдан морины хүүхдийн эрх бас хурцаар хөндөгдсөн гэдгийг санах хэрэгтэй. Баян уяачийн ядуу унаач гэж тодотгоё. Уламжлалт хурдан морины уралдаан байх ёстой гэж би боддог. Гэхдээ хурдан морины уралдаанаа мэргэжлийн, орчин үеийн жишиг төвшинд авчирч, уламжлалт аргаа ялимгүй өөрчилж, мэргэжлийн үнэр оруулж, унаач, уяач, малчдын цалинг хуульчилж, хохирол барагдуулах шинэ дүрэм журам тогтоох цаг нь иржээ. Дээр нь тийм л уралдах дуртай, хөрөнгө мөнгөтэй юм бол улирлын, сарын чансаа шалгаруулдаг тогтсон уралдаантай, морин тойруулгатай болох хэрэгтэй. Дураараа хэдэн уяачийн гарт Монголын бахархал болсон хурдан морины уралдаан феодалын үнэртэй болсон байна, феодалын үетэйгээ ард үлдэж ч магадгүйд тулсан байна.

#6. Наадмын үнэ цэнийг жилийн жилд унагаасаар ирсэн бас нэг асуудал бол бөхчүүдийн хуйвалдаан, цолны найраа. Цаашдаа үндэсний бөх спортын нэг төрөл болж хөгжих юм уу, эсвэл Улсын наадмын цэнгүүн, Цагаан сарын үзвэр хэвээр үлдэх үү? Энэ асуултанд эхлээд тэр холбоо энэ тэр нь хариулах хэрэгтэй. Японы сумо шиг төвшинд хөгжүүлж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, улирлын барилдаантай, уралддаг бооцоотой, бөхчүүдийнхээ эдийн засаг санхүүг үүгээрээ дамжуулан шийддэг болсон цагт үндэсний бөхөө бид орчин үед нийцүүлэн, бахархал дүүрэн авч үлдэх нь тодорхой байна шүү дээ. Энэ мэтийг эргэцүүлж, холбогдох холбоод нь өөрчлөлт хийж, түүнийгээ танилцуулж, Улсын наадмыг үнэ цэнэгүй болгож буй шалтгаануудаасаа ээлж дараалан, эв нэгдэлтэйгээр салбал яасан юм бэээээ? За ингээд шарандаа шаралхаад, шар махандаа шазайгаад наадамгүй үлдчихээд, 11-ний өглөө юу боллоо доо. Гэвч юу болоод өнгөрснийг хэн ч эргэж ярьсангүй, ярихдаа харин дахиад л үндэстнийг хагалан бутаргах өнцөг гаргаад ирлээ. Энэ хэдэн залууг гаднын захиалгатай гэж заамдахаасаа өмнө эл мэтийн суурь асуудлуудаа хэн хүнгүй бодъё, тэгэх үү?

 

Эх сурвалж: Р.ЭМҮЖИН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629683
1 эможи

keyboard_arrow_up