“Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд ээлжийн ахлагчаараа туг тахих уу?

админ
2020 оны 8 сарын 27

“Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны механикч 2019 оны аравдугаар сарын 14-наас 15-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унаж бэртсэн.  Тодруулбал, тус компанийн “Embraer-190” агаарын хөлгийн далавч буюу хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучиж байсан механикч 23 настай О.Мэргэншагай онгоцны далавчнаас унаж тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. Өнөөдөр тэрбээр хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, хэвтрийн дэглэмтэй амьдарч байна.

Осол гарсан. Ажилтан гэмтсэн. Хариуцлагыг хүлээх эзэн олдохгүй явсаар хэрэг жил дамнах гэж байна. Тэгвэл прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл заалтаар /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/ яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт гардаж авсан, шүүхээр гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлэх шүүгдэгч нь“Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны ээлжийн ахлагч Р.Жандос. Өөрөөр хэлбэл компанийн удирдлага, хэлстийн даргын аль ч нь биш. Хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн ээлжийн ахлагчийг прокурорын байгууллагаас буруутан гэж үзжээ.

Түүнийг хоёр шалтгаанаар буруутгасан.

Нэг: Өндөрт ажиллах журам баримтлаагүй.

Хоёр: Ажил байдлын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангаж ажиллаагүй.

Гэвч энэ журам, тодорхойлолтдоо өөрчлөлт оруулж өмнө нь огт байгаагүй зүйл, заалт нэмсэн. Дараа нь байгаагүй дүрмээ мөрдөөгүй гэх учир ойлгомжгүй үндэслэлээр ээлжийн ахлагч Р.Жандосийг буруутгасан гэдгийг тэр хэлж байна.

Осол гардаг өдөр /2019.10.14/ хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм журамтай механикч, инженерүүд танилцаж, гарын үсэг зурж ажил эхэлсэн. Р.Жандос ч өөрөө танилцаж гарын үсэг зурдаг аж. Харамсалтай нь санамсаргүй байдлаар ажилтан унаж хүнд бэртэл авсан. Тухайн үед компанийн зүгээс “Хохирлыг барагдуулна. Ажлаа тайван хийж болно” гэсэн ч 2019.12.16-ны өдөр гэнэтхэн Р.Жандост яллах дүгнэлт иржээ. Үүнээс хойш түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудал руу нэвтрэх үнэмлэхийг хурааж, “хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа тул” гэх шалтгаанаар ажлаас нь түр чөлөөлжээ. Гэхдээ албан ёсоор халсан, чөлөөлсөн гэх баримт, бичиг үйлдээгүй ч тэр өнөөдөр бага насны гурван хүүхэд, жирэмсний амралттай эхнэрийн хамт цалингүй, орлогогүй амьдарч байна. 

Ингэж ажилтнаа явуулаад араар нь түүнийг хэрхэн буруутан болгож, хэргийг түүнд тохох тактикаа “Хүннү Эйр” ХХК-ийнхан боловсруулсан тухай Р.Жандос хэллээ. Тухайлбал шинээр ажил байдлын тодорхойлолт гаргаж түүний гарын үсгийг дуурайлган зурсан. Үүнийгээ ослын өмнө ч мөрдөгдөж байсан мэтээр өөрчилсөн гэж ярилаа. Р.Жандос агаарын хөлгийн инженер. Энэ хүний ажил үүрэг нь нислэгийн аюулгүй байдлыг хангаж, агаарын хөлгийг маргаашийн нислэгт бэлдэх. Гэтэл “Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд түүнд бурууг тохохын тулд хөдөлмөр хамгааллын инженер болгохоор хуурамч бичиг баримт үйлджээ. Р.Жандоас хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй зааварчилгаа өгдөг сургалтанд сууж, сертфикат авсан хөдөлмөр хамгааллын инжер биш. Ерөөс ажилтан өндрөөс унасантай холбоотой бүх бурууг ээлжийн ахлах инженерт тохож туг тахиад байгууллагын нэрээ цэвэр авч үлдэхийг “Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд хүссэн бололтой.

“Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны ээлжийн ахлагч Р.Жандос:

Гэрэл зургийг MPA.MN

“Эхлээд осол болсон өдөр юу болсон тухай ярья.

Бид өвлийн улиралд автомашинаа цанталтаас сэргийлж хучдаг. Үүнтэй адил агаарын хөлгийн далавчийг цанталт, мөстөлт үүсэхээс сэргийлж монголчилсон аргаар хучдаг юм. Уг нь дүрмээрээ бол мөстөлт үүссэн тохиолдолд тусгай шингэн цацах ёстой. Гэтэл компани хөрөнгөө хэмнэх гээд зориулалтын шингэн цацахгүй ажилтнуудаараа даавуугаар хучуулж байх үед осол гарсан. Онгоцны нэг далавч ойролцоогоор 30-40 метр квадрат талбайтай. Механикч унадаг хэвтээ тэнцвэржүүлэгчийн өндөр ойролцоогоор 4 метр. Энэ өндрөөс хүн унахад хүнд гэмтэх нь мэдээж. Тэгвэл ийм эрсдэлтэй өндөрт бид хамгаалах малгай, бүс, бэхэлгээгүй гардаг байсан. Асуудал үүссэний дараахан эдгээр хэрэгслийг худалдаж авч ажилчдад тараасан. Үүний баримт нь бий. Аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж, хамгаалах хэрэгслээр хангаагүй хэр нь үйлдвэрлэлийн осол гарангуут шууд доод албан тушаалтан, ээлжийн ахлагчид бүх хариуцлагыг хүлээлгэх гээд байгаа нь шударга биш байна.

Ослын дараа компани хохирлыг барагдуулж байгаа. Тийм учраас тайван ажлаа хийж бай гэсэн. Ажлаа хийгээд явж байтал 2019.12.16-ны өдөр прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан. Үүнээс өмнө би юу ч мэдэхгүй, ажлаа хийгээд л хэвийн амьдраад явж байсан. Яллагдагчаар татах тогтоолд ажил үүргээ гүйцэтгэхдээ өндөрт ажиллах журам, агаарын хөлгийг хучих дотоод журмыг зөрчсөн гэсэн байна. Ийм журам угаасаа байгаагүй юм.

Харин Хүннү эйр ХХК-ийн дотооддоо баталж техник үйлчилгээнд ашигладаг шугамын техникийн үйлчилгээний зааврын 4 дүгээр бүлэг 20 заалттай журам байдаг байсан. Гэтэл энэ журмыг миний ажлын үнэмлэхийг хурааж дотогш нэвтрүүлэхээ больсноос хойш өөрчилж 25 заалттай болгон шинэчилсэн байна. Үүндээ өндөрт ажиллах журам нэмэлтээр оруулсан байгаа юм. Мөн энэ журмын 4.15-т “Агаарын хөлгийг хүйтэн нөхцөлд парклах буюу зогсолтыг хангах” гэдэг заалт нэмсэн байна. Энэ хоёр заалтыг зориудаар нэмээд  намайг буруутгах гээд байна” гэж ярилаа.

Р.Жандос яллагдагчаар татагдсанаа мэдсэн даруйдаа өмгөөлөгч авч хэргийн материалтай танилцахад дээрх хуурамчаар үйлдсэн бичиг баримтдаа түүний гарын үсгийг мөн дуурайлган зурсан байжээ. Түүний гарын үсэг биш болохыг нотолсон. 

“Хүннү Эйр” ХХК-ийн Техник үйлчилгээний ерөнхий зааварт  хэрэв ажлын байран дээрээ ажилтан бэртвэл санхүүгийн эрх мэдэл бүхий захирал хариуцлага хүлээнэ гэж цагаан дээр хараар бичсэн байдаг, үүнийг ИНЕГ баталгаажуулж авдаг гэнэ. Хэрэв санхүүгийн эрх мэдэл бүхий дарга хариуцлагыг хүлээхгүй бол түүний доод талын албан тушаалтан хүлээнэ гэж заажээ. Энэ хүн нь “Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны дарга Ц.Амгаабазар аж.

Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны дарга Ц.Амгаабазар

Гэтэл энэ дарга мөн л хариуцлагаас мултрахын тулд ажил үүргийн тодорхойлолтоо шинэчлэн гаргуулсан аж. Тодруулбал  “Техник, үйлчилгээ, инженерингийн албаны дарга түүний удирдлага дор ажиллаж байгаа механикч, техникч, инженерүүдийн аюулгүй ажиллагааг хариуцахгүй. Зөвхөн техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.Харин ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ээлжийн ахлагч хариуцна” болгон өөрчилсөн аж. Тэгээд Ц.Амгаабазар дарга өөрөө машин, техник л хараад суух үүрэгтэй хүн болж хувирч, хариуцлагаас бүрэн мултарчээ. Тэр хариуцлага хүлээхгүй бол түүний доод албан тушаалтан, хэлтсийн менежерүүдэд хариуцлага очно. Гэтэл тэднийг алгасч хариуцлагыг ээлжийн ахлагч хүртэлх доод түвшинд шидчихэж.

“Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд ослоос хойш “Газрын хөрснөөс 1.5 метрээс дээш өндөрт ажиллах үед  хөдөлмөр хамгааллын хэрэгсэл тоног, төхөөрөмж ашиглана” гэсэн шинэ заалттай “Өндөрт ажиллах журам” боловсруулсан аж. Тэгвэл “Embraer-190”  агаарын хөлгийн далавч газрын хөрснөөс 4 метр өндөр. Гэтэл ослоос өмнө тус компанид тэр өндөрт ажиллах тоног төхөөрөмж, мөрдөх журам ч байгаагүй гэдгийг Р.Жандос хэллээ.

Тэрбээр “Жишээ татъя.

Гэрэл зургийг MPA.MN

Зурган дээр “Хүннү Эйр” ХХК-ийн техникийн албаныхан агаарын хөлөгт техникийн үйлчилгээ хийж байна. Энд ямар ч хамгаалах хэрэгсэл, бэхэлгээгүй сууж байгаа хүн бол техникийн  албаны захирал. Доод суурь хөдөлгөөнгүй шат байх ёстой байтал ачаа зөөдөг тэргэн дээрээ зогсож байна. Энд аюулгүй ажиллагааг хангасан зүйл огт алга. Бид бүгд ингэж л ажилладаг. Гэтэл тэр өдрийн ээлжийн ахлагч л хариуцлага алдаж хамгаалах бүс, хэрэглэл зүүлгээгүйгээс ажилтан унаж бэртсэн мэтээр дүрэм, журам өөрсдөдөө зохиож батлаад яллах гээд байгаад гомдолтой байна.

Гэрэл зургийг MPA.MN

Гэрэл зургийг MPA.MN

Дараагийн зураг дээр шөнийн ээлжнийхэн онгоцоо гаргачихаад амарч байгаа байдал. Монголд 24 цагаар ажилладаг инженер, техникийн ажилчидтай ганцхан компани нь “Хүннү Эйр”. Энд хүн эрүүл, аюулгүй ажиллах ямар ч нөхцөл алга. Цементэн шатан дээр хэвтэж байна шүү дээ. Ийм нөхцөлд амарч ажиллаж байгаа хүмүүсээс ямар аюулгүй ажиллагаа шаардаад байна вэ” гэлээ.

Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын тухай хуулийн хуулийн 27 дугаар заалтад компанийн хөдөлмөр, аюулгүй байдлыг тухайн сургалтад хамрагдсан мэргэжлийн хүн хариуцна  гэсэн бий. Р.Жандос агаарын хөлгийн инженер. Гэтэл түүнийг ХАБ-ын инженер болгож ял тохох хүсэл хэнд байна вэ?

Гэрэл зургийг MPA.MN

“Хүннү Эйр” ХХК 2016 оноос агаарын хөлгийн парк шинэчлэлээ эхлүүлж, энэ хүрээнд “Embraer-190” тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Монгод шинээр оруулж ирсэн. Энэ онгоцонд бие даан техник үйлчилгээ хийх эрхийг тухайн агаарын хөлгийн маягийн сургалтад хамрагдаж, зургаан сарын туршлага хуримтлуулж  гэх зэрэг шаардлагуудыг хангасан гэж үзвэл ИНЕГ-аас авдаг аж. Р.Жандос өөрөө дадлагажигч байсан учраас түүнд бие даан техник үйлчилгээ хийх, хийлгэх эрх байгаагүй гэсэн үг. Тийм учраас дадлагажигч ажилтанд бүх бурууг тохох нь боломжгүй зүйл.  Р. Жандос “Embraer-190” агаарын хөлөг дээр техник үйлчилгээ хийх эрхээ ИНЕГ-аас 2019 оны 12 дугаар сарын  09-ний өдөр буюу осол гарснаас хоёр сарын  дараа баталгаажуулжээ.

Р.Жандос “Нэгдүгээрт ажил үүргийн тодорхойлолт дээр байгаа гарын үсэг Жандосын гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хоёрдугаарт тухайн тодорхойлолт дунд “Агаарын хөлөг, түүний эд анги болон бусад тоног төхөөрөмж дээр ажиллуулахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан ажиллуулах” гэдэг өгүүлбэр шинээр нэмж өөрчилсөн байгаа юм. Ямар ч компани хүний ажиллах тодорхойлолтыг гаргаж өгч байж “ажиллуулахдаа” гэдэг үг ашиглахгүй шүү дээ. Энэ мэт инээдтэй, хоёрын хооронд үйлдлээр, худлаа гэдэг нь баригдчихаад байхад зүтгүүлээд цагдаа, прокурортоо нөлөөлж чадаад байна. Ядаж ИНЕГ нь, улсын байцаагч нар нь шударга баймаар байна шүү дээ. Хуурамч бичиг баримт бүрдүүлснийг нь мэдсээр байж шалгахгүй байгаад гайхаж байна” гэсэн юм.

Гэрэл зургийг MPA.MN

“Монголиан Эйрлайнс” нэрээ сольж “Хүннү Эйр” болгосон энэ компани монголын толгой баян МАК-ийн мэдэлд 2013 онд шилжсэн. Тиймээс "Хүннү Эйр"-ийн толгой компани нь МАК групп.

Зохиомлоор ажилтныхаа өмнөөс гарын үсэг зурсан хуурамч дүрэм, журмыг мэдсээр байж эхлээд ИНЕГ шалгаагүй. Дараа нь цагдаа, тэгээд прокурор ч шалгалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн энэ үйлдлийн ард маш том ашиг сонирхлын зөрчил байгаа. Магад МАК хууль хяналтын байгууллагыг хүссэнээрээ хөдөлгөж Монгол улсын хууль, дүрэм хүний эрхийг уландаа гишгэж байна гэж хардаж буйгаа Р.Жандос хэллээ.

Тэрбээр "ИНЕГ, цагдаа, прокурорын байгууллагууд МАК-аас даалгавар авч мөнгөтөй талд үйлилж байна. Мөн хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримтаар намайг гэм буруутай болгохоор улайрч байна. Энэ байдлаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх вий гэдэгт би маш их санаа зовж байна. Гэхдээ шударга шүүх иргэнээ хамгаална гэж найдаж байгаа" гэсэн.

Гэрэл зургийг MPA.mn

Р.Жандос Монгол Улсын нисэх хүчиний салбарт 2007 оноос хойш 13 жил ажиллажээ. Харин “Хүннү Эйр” ХХК 2012 оноос анх байгуулагдсан цагаас нь хойш ажиллаж байсан. “Хэрэв би механикч залууг далавчин дээрээс түлхээд, татаад унагасан бол энэ миний 100 хувь буруу. Өндөрт ажиллах журам нь байгаад бүс, аюулгүй ажиллагааны хэрэгсэл нь байсан бол унасан ажилтан эрүүл саруул байх байсан”гэх харууслыг ярилцлагын төгсгөлд дайлаа.

Өнөөдөр Р.Жандосынх гэх айл орлогогүй болсон тул маш хүнд байдалтай байгаа аж. Эхнэр нь амаржаад удаагүй нялх хүүхэдтэй. Өрхийн тэргүүн "буруугүй буруутан" болж өдөржин хууль хяналтын байгууллагын хаалга татаж хуурамч  бичиг баримтыг шалгаж үнэн мөнийг олжөгөхийг учирлан хүсч явна. Энэ айлын хувь заяа хааш эргэх бол?!

 

Үргэлжлэл бий...

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: SHUUD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619467
0 эможи

Зочин
2020-08-28 10:22
МАК -ынхан угаасаа л мөнгөөр бүхнийг шийддэг ш тээ. Энэ ажиллаж байсан ганц казах залууг бүлэглээд хэрэгт холбогдуулж өөрсдөө цэвэр үлдэх гэж байгаан
Зочин
2020-08-27 16:10
Монголын хууль шүүхийн байгууллага жирийн бор зүрхээрээ яваа ардын хүүхдэд халтай ноёд баядад эрх ямбатангуудад ээлтэй тогтолцоотой. УИХ нь ч баячууд болон намуудыхаа захиалгаар өөрсдөдөө тааруулж хууль баталдаг. тэгээд тэjр хуулийнхаа хэрэгжилтийг ард түмний нуруунд тохдог. МАН АН=30 жилийн гажуудал
Зочин
2020-08-27 11:19
keyboard_arrow_up