Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

админ
2020 оны 5 сарын 25

Жилийн жилд ноолуурынхаа мөнгөөр амьдралаа аргацааж байсан малчид энэ жил хүнд цохилтонд оров. Жилийн жилд л тэд хавар авах ноолуурын мөнгөөрөө барьцаалж, банкнаас зээл авч ирсэн, хэн хүнгүй мэднэ. Бас хаврын хаварт бүтэн жилжин халуунд халж, хүйтэнд хөхөрсөн ашгаа үзэж, ганц удаа цөм “бурзайдаг”. Гэтэл энэ жил Ч.Улаан сайдын попролтоос болж малчид жинхэнэ хамраараа газар хатгах шиг болж, яахаа мэдэхгүй гайхаширч байна.

Ердөө хоёр сар гаруйхны өмнө сайд Ч.Улаан ноолуурыг кг тутмыг 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэсэн мэдэгдэл хийж, бүр толгойгоороо тангараглахаа шахсан. Тэр даруйд малчид бүгд шахуу зээл авсан, угаасаа ч зээлгүй малчин гэж бараг үгүй. Мэдээж ноолуурынхаа мөнгийг авахаар төлнө. Гэтэл өнөөдөр Баянхонгор аймагт л гэхэд ноолуурын үнэ 40-45 мянган төгрөг, үсрээд 50 мянган төгрөг хүрэхгүй байна. Зарим аймагт бүр 20 мянган төгрөг байгаа.  Ядаж байхад Ч.Улаан сайдын хэлсэнд итгээд зээлтэй нь нэмээд, зээлгүй нь итгээд зээл авчихсан.  Харамсалтай нь, Ч.Улаан өнөөдөр улаан нүүрээрээ хэлсэн үгнээсээ няцлаа.

Одоо бол хонины ноос хог дээр гарч, ямааны арьс бол бүр цэвэр усны ч үнэгүй болсон. Баянхонгорт жишээлбэл, тэмээний ноос өмнө нь 4-5 мянган төгрөг хүрчихдэг байсан бол өдгөө 500 төгрөг. Тэмээгээ хурааж ноосолж байснаас тэр чигт нь хаячихсан нь дээр гэлцэж байна. Ганц амьжиргаа болсон ноолуур нь өнөөдөр ийн Ч.Улааны “самрал”-танд өртчихлөө.

Угаасаа улстөрчдийн попролт болгон иргэдийн амьдралыг “самарч” сүйтгэж байсны нэг жишээ энэ. Мэдээж ноолуурын үнэд дэлхий даяар тархсан цар тахал, хилээ хаасан зэрэг нь нөлөөлсөн. Гэхдээ үнэхээр төрд тархи толгой, МАН-д бодлого, алсын хараа гэж байдаг бол нэгэнт үнэ унах нь тодорхой байхад ямар хамгаалалтын арга хэмжээ авах, яаж зах зээлээ тогтвортой байхыг л бодож, шийдэлтэй, шийдвэртэй ухаалаг алхам хийх байсан. Харамсалтай нь, тэд халамжийн мөнгөөр бороо оруулж, худлаа үгээр иргэдээрээ тохуу хийж, зах зээлээ самраад хаячихлаа.

Чоно борооноор гэгчээр Ч.Улаан зөвхөн өөрийн сонгогдсон тойрогтоо 100 мянган төгрөгөөр ноолуур худалдаж авч амжсан. Одоо харин би сонгуульд нэр дэвшихгүй юм чинь ямар хамаа байна гээд бусад малчдаа нулимаад хаячихаж байгаа бололтой. Цар тахалтай тулж ядаж байхад Ч.Улаан сайд иргэдээрээ ингэж тохуурхаж чадав аа. 

Басхүү онцгой анхааруулахад энэ бол зөвхөн Ч.Улаан бус эрх баригч МАН хэлсэн үгнээсээ няцсан, иргэдийнхээ сэтгэл зүй төдийгүй амь амьдралаар нь тоглож байна гэсэн үг. Ерөөсөө л У.Хүрэлсүхийн Засгийн газар, эрх баригч МАН-ын үг үйлдэл, байгаа царай нь. Худлаа гэвэл ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах, үүнд зориулж 300 тэрбум төгрөг төсөвлөх Монгол Улсын Засгийн газрын  гуравдугаар сарын 19-ны тогтоол бий.

Тэгэхээр зөвхөн Ч.Улаан бус У.Хүрэлсүхийн Засгийн газар малчдынхаа амьдралаар тоглочихсон гэсэн үг. 

Одоо тэгээд яах вэ, У.Хүрэлсүх сайд аа

Малчид чинь банкныхаа өрөнд байдгаа барьж өгөөд хотоо харлуулах нь, хоолгүй үлдэх нь. Та нарын сонгуулийн попрол, солиорол ард иргэдийн амьдралыг бусниулчихлаа. Дахин хэлье, одоо яах вэ? Тариаланчид улаанбуудайгаа нийслэлийн төв талбайд авчирч асгаж байсан шиг, малчид ноолуураа Төрийн ордны өмнө авчирч шатаана гэж байна лээ, шүү.

А.Туяа

INFOMONGOL.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
617337
3 эможи

keyboard_arrow_up