Хаалгаа дотроос нь “түгжсэн” Хэрлэнбаян-Улааны отрын бүс

2020 оны 1 сарын 22
Оторчныг “Энд өвөлжихийн тулд эхнэрээ манай туслах малчинтай унтуул” гэж дарамталжээ

Arslan.mn

Малчид отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цас бага орсон нутгуудаар усны хомсдол үүсэж, харын зуд болох төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн. Тус хүрээлэнгийн нэгдүгээр сарын 2-нд гаргасан зудын эрсдлийн зургаар нийт нутгийн 80 хувьд зуд болох магадлалтай байгаа юм. Үүнд 17 аймаг багтаж байгаагийн дотор Хэнтий аймаг ч зуд болох эрсдэлтэй нутгаар нэрлэгдсэн. Иймээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүсийг зорьж, өвөлжилт хэр байгааг сурвалжиллаа.

ЗУУН БУЛАГ, МЯНГАН ӨВӨЛЖӨӨТ НУТАГ

Улаанбаатар хотоос 300 орчим километрт орших Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутаг монголчуудыг хэдэн мянган зууны турш тэжээж, тэтгэж, үржил шимээ харамгүй хайрлаж ирсэн нутаг. Ийм л учраас эртнээс эдүгээг хүртэл “Зуун булаг, мянган өвөлжөөт” хэмээн нэрлэгджээ. Үүрийн таван жингээр тус нутгийг зориход Улаанбаатар хот маань ажин түжин, анир чимээгүй. Амралтыг өдрийг ч хэлэх үү, хот тэр чигтээ дуг нойрондоо автжээ. Зүүн зүгийг чиглэн хурдлахад наран гийж, машины явдал дунд нар уулын цаагуур нэг далд орж, нэг ил гарах нь нуугдаж тоглож байна уу гэлтэй. Цагаан өнгөөр өвч хуягласан байгаль дэлхийн өнгө наран мандахад улам бүр тодорч, цас эрдэнийн чулуу аятай гялалзаж, шинэ өглөө айлчиллаа. 
Отрын бүс нутагт мал багтаж шингэхгүй байх мэтээр төсөөлөн Хэрлэнбаян-Улааныг зорьсон юм. Учир нь хоёр жилийн өмнө тус нутагт 900 мянга гаруй мал өвөлжин, туурайн зуд болж, олон толгой мал үхсэн гэдэг мэдээлэл авсан, бас энэ жил өвөлжилт хүндэрч, бараг цасгүй шахам өвөлждөг нутаг цасаар бүрхэгдсэн гэж сонссон учраас тэр. Гэтэл тэртээ уулын бэлд хэдэн адуу, нөгөө талд хэдэн үхэр, ер нь мал барагтаа бол харагдахгүй шахам. Холоос тэд сүсэглэн шившиж орхисон шагай аятай харагдана.
Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутаг нь хэдэн талаараа уулаар хүрээлэгдсэн, нөмөр нөөлөгтэй, дулаахан хөндий аж. Энд үнэг, чоно, хярс, буга, аргал гээд олон төрөл зүйлийн амьтан байдаг. Түүнчлэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлд багтдаг хиргисүүр ч цөөнгүй бий. Иймээс үүнтэй холбоотойгоор хулгайн ан, хиргисүүр ухах гэх мэт зөрчил их гардаг байна. Машины цаг агаар хэмжигч гадаа хасах есөн хэм байгааг заана. Хотоос гарахын өмнө холбогдсон ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Э.Тайванжаргал болон Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн ажлын албаны дарга Ж.Март нар биднийг зам тосон угтав. 

308 МЯНГАН МАЛ ӨВӨЛЖИЖ БАЙНА

Энэ жил тус бүс нутагт нийслэл, Дундговь, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн 12 сумын хонин толгойд шилжүүлснээр 285700 мал оторлох квоттой. Үүн дээр нэмэгдээд улсын онцгой комиссын зөвшөөрлөөр 10 мянган мал өвөлжих гэнэ. Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн ажлын албаны дарга Ж.Март “Манай тосгон 500 гаруй хүн амтай. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа, тамгын газар, соёлын төв, цаг уурын өөртөө зэрэг төсвийн найман байгууллага, газар тариалан эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгжтэй. 160 өрхийн хонин толгойгоор 130 мянган малтай. Отроор гаднын аймгийн хүмүүс ирдгээс эмнэлгийн төсөв жилийнхээ хагаст дуусчихдаг” хэмээн орон нутгийнхаа тухай хуучиллаа. Харин Э.Тайванжаргал мэргэжилтэн “Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт 192 мянган га газар хамаардаг. 297 мянган толгой малын бэлчээрийн даацтай гэсэн судалгааг энэ жил гаргасан. Одоогийн байдлаар 338 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 308 мянган мал өвөлжиж байна. Эдгээр малын тал нь орон нутгийнх бол үлдсэн нь нийслэл, дөрвөн аймгийн малчдынх” хэмээн ярилаа. Тогтоосон тоо хэмжээнээс малын тоо хэдийн давсан тул холбогдох албаны хүмүүс отрын бүс нутагт мал нэмж оруулахгүй байгаа гэнэ. Мөн оторлох зөвшөөрөлтэй иргэд малаа вакцинжуулаагүй, заасан бүсчлэлд буугаагүй, хүний малыг өвөлжүүлэхээр тууж ирсэн гэх мэт асуудал гаргасан тул Э.Тайванжаргал мэргэжилтэн зөрчил гаргасан иргэдийн нутгийнхныг отрын бүс нутагт нэвтрүүлэхгүй хэмээн хаалгаа “барьжээ”. Гэхдээ гаргасан зөрчлөө шийдчихвэл тэднийг хэзээд оруулахад бэлэн гэдгээ илэрхийлж, аймаг, орон нутгийн удирдлагуудад энэ асуудлаа шийдэж өгөхийг хүсэхэд өнөөдүүл нь яам, тамгын газраар “Тэр мэргэжилтэн чинь отроор мал оруулахгүй байна” хэмээн гомдол гаргаж явснаас асуудлыг шийдэж, иргэдийнхээ малыг отрын бүсэд оруулах талаас нь хөөцөлдөөгүй байна. Гэхдээ түүний гаргасан энэ шийдвэр малчдыг хууль, дүрэм, журмаа баримталдаг байгаасай, отрын бүс нутагт байгаа айлуудын малыг онд мэнд оруулах гэсэн арга гэдгийг тэрбээр учирласан. 
Уржнан жил Э.Тайванжаргал мэргэжилтэнг энэ ажлыг авахаас өмнө тус бүс нутагт 700 өрхийн 900 мянган мал өвөлжиж, туурайн зуд болж, олон мал үхжээ. Энэ жил ч мөн ингэж хязгаар тогтоож, зөрчил гаргасан аймгийн малчдын эрхийг хязгаарлааүй бол туурайн зуд болох магадлалтай гэнэ. Иргэдийг хоорондоо муудалцах, бэлчээрээ булаацалдахаас сэргийлж, аймаг, нутгаар нь бүсчлэл тогтоожээ. Гэтэл энэ бүсчлэлээ мөрдөхгүй, зааж өгсөн нутгаас өөр газар гэр барьсан гэх мэт зөрчил гаргасан иргэн олон аж. Түүнчлэн орон нутгийн иргэд мэргэжилтэн биш байтлаа зэргэлдээ нутгийн малчдад газар зааж өгч, өвөлжүүлэн, идэшний үхэр, мал авдаг тохиолдол ч өмнө нь хэд хэд гарч байжээ. Энэ бүхэнтэй хамгийн их тэмцдэг хүн нь Э.Тайванжаргал. 

300 ГАРУЙ КИЛОМЕТР ЗАМ ТУУЛЖ, ОТОР ХИЙЖ БУЙ АЙЛ

Хэрлэнбаян-Улаанд энэ жил хамгийн холоос буюу Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас ирж, Бүдүүн хөхдий хэмээх газар оторлож буй Ц.Мөнхбаяр гуайнхыг зорилоо. Зам зуур нэмнээтэй хэдэн тугал идээшилж харагдсан нь тэднийх гэнэ. Өвсний толгой цасны дороос үл ялиг цухуйна. Энэ жил Хэнтий гэлтгүй ихэнх нутгаар хур тунадас бага орсноос өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа. Дундговь аймагт л гэхэд долдугаар сарын 20-ноос хойш л бороотой “золгосон” учраас аймгийн хэмжээнд өвс, ногоо муу ургаж, жаахан ургасан өвсийг нь үлийн цагаан оготно идээд дуусгасан тул аймаг дамнан оторлохоос өөр сонголт малчдад үлдсэнгүй. Ц.Мөнхбаяр намар Хэрлэнбаян-Улаанаар газар үзээд явахдаа оторлохоор шийдэж, улмаар аймгийнхаа удирдлагуудад хүсэлт тавьж, энд ирсэн гэнэ. Хэрэв малаа вакцинжуулаагүй бол отрын бүс нутагт нэвтрэх боломжгүй. Тэднийх л гэхэд отрын үеэр постон дээр ирж, малаа вакцинжуулсан гэнэ. Цасгүй шахам өвөлждөг Хэрлэнбаян-Улаан тэр чигтээ цасаар хучигджээ. Хонь, ямаан сүрэг бууцан дээрээ тоос татуулан тоглож, хашаанаас гарч байхтай таарч, Ц.Мөнхбаяр гуайнд хүрэв. Тэрбээр малын хашааныхаа амыг нээж, дээлийнхээ нударгаар хий савчин, малаа гаргаж байгаа нь аргагүй л малчин хүн гэдгийг илтгэнэ. Тэдний мал тарга, тэвээрэгтэй харагдаж байлаа. Гурван ханатай гэрийн гадна талд хоёр морь уяж, “Ланд-105”, “Бонго-30” машин, хоёр мотоцикль сойжээ. Мөн нүүдэл суудал хийхэд хэрэглэхэд хялбар, дугуйтай вагончик байв. Гэрт орвол Жимобайлын суурин утас, телевизор байрлуулж, хоймортоо бурхнаа залж, өмнө нь зул тавьжээ. Мөн түлшинд хэмнэлттэй хэмээн “Өлзий” зууханд гал түлж, дэргэд нь хий ажиллуулан хоол хийж байлаа. Тэд гаднаа малтай болохоос хотын айлаас ялгагдах зүйлгүй аж.
Тэд 300 гаруй километр газар 4-5-уулаа сар орчим малаа тууж, энэ газарт буужээ. Энд ирээд хоёр сар орчим болж байгаа гэсэн. Аавынхаа болон өөрийнхөө 2100 бог мал, 100 орчим үхэр, хоёр морьтой өвөлжиж буй. 50 орчим адуугаа харин нутгийн хүнд өгөөд, Өмнөговь руу явуулжээ. Хашаа хороо ч татан, товхийтэл суурьшиж, хөрцөнгөө овоолсон нь эднийхийг хэр амьжиргаатай айл гэдгийг илтгэнэ. Үхрээ ч мөн хашаалдаг юм билээ.  Зөөх боломжтой энэхүү хашаа нь гурав орчим сая төгрөгийн үнэтэй бол вагончик нь найман сая төгрөгийн үнэтэй гэнэ. Эднийх хоёр дахь удаагаа аймаг дамнан оторлож байгаа. Үүнээс өмнө 2009 оны зуднаар Төв аймгийн Өндөр-Ширээт суманд өвөлжжээ. Ц.Мөнхбаяр эхнэр, төрсөн дүү, хамаатныхаа залуутай дөрвүүлээ оторлож яваа. Хоёр хүүтэй бөгөөд том нь Төмөр замын дээд сургуулийн төгсөх курсийн оюутан,  хүнд машин механизмаар сурдаг. Харин бага хүү нь хичээл амарснаар аав, ээж дээрээ ирээд, хичээл орох гэж байгаа тул нутаг буцахаар бэлтгэлээ бацааж байв. Бага хүү нь  эмээтэйгээ сумандаа амьдардаг, инженер болох хүсэлтэй. Сурлага сайтай төдийгүй аймгийн шатрын аварга, шатар, даамаар байнга амжилт  үзүүлдэг гэсэн. Ц.Мөнхбаяр гуайн эхнэр Н.Отгонжаргал “Сургуулийн амралтыг дахиад сунгахгүй байх даа” хэмээн хүүгээсээ салж ядан байв. 
Ц.Мөнхбаяр гуай 2013 онд сумын сайн малчин, мянгат малчин болж байжээ. Харин өнгөрсөн 2018 онд аймгийн аварга малчин болсон гэнэ. Ц.Мөнхбаяр, Н.Отгонжаргал хоёр нэг хонхорын хоёр. Тэд 1997 онд айл гэр болсноос хойш мал аж ахуйтай амьдралаа холбосон. 1999 оны зуднаар ах, дүү хамаатан садан нь тусдаа гарсан хэмээн өгсөн 300 гаруй малынхаа талаас илүүг алдаж, 100-хан малтай үлдсэн нь тэдний малчин болсноос хойших хамгийн хүнд хэцүү үе нь. Үүнээс хойш отор хийх болжээ. Гэхдээ тэд олон мал алдсан гээд шантарсангүй. Харин ч бүр малаа өсгөхийн төлөө хичээж, хөдөлмөрлөжээ. Ийн 2009 онд 600-700 толгой малтай болж чадсан байна. Дундговь аймгийн  иргэдийг энд оторлуулахад аймгийн Засаг даргынх нь оруулсан нөр нөлөө их гэнэ. Тэрбээр санхүүгийн зарим асуудлыг шийдвэрлэхэд тусалснаас гадна энэ отрын бүс нутгаар 10 гаруй хоног явж, нөхцөл байдалтай танилцжээ. 
Үүний дараагаар бид отрын бүс нутагт хөл хорио тогтоосон үед нэвтэрч, үүнээсээ болж албадан нүүлгүүлсэн Ц.Хүрэлбаатар гуайнхыг зорилоо. Гэтэл сүлжээ орж, Э.Тайванжаргал мэргэжилтний утсанд дуудлага ирэв. Отрын бүс нутагт өвөлждөг нэгэн нөгөөгөө дарамталж, “Энд өвөлжихийн тулд эхнэрээ манай туслах малчинтай унтуул” гэж дарамталсан гэж мэдээлэл өглөө. 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
5
612839
10 эможи

Зочин
2020-01-22 14:21
keyboard_arrow_up