Нийслэлд газар хөдөлбөл барилга байгууламжийн 50 хүртэлх хувьд нуралт үүсэж, 30-60 мянган хүн өртөх магадлалтай

2019 оны 4 сарын 04

Arslan.mn

Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэж нэрлэдэг. Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилтэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Энэтхэгийн хавтан бөгөөд нөгөө талаас Байгалийн рифтийн таталцал аж.

Энэтхэгийн хавтан Ази тивийг 50 гаруй сая жилийн өмнө мөргөсөн ба одоо хүртэл жилд таван см /GPS-ийн хэмжилтээр тогтоогдсон/ хурдтайгаар хойш шахаж байдаг байна. Монголд тохиолдож буй том газар хөдлөлтүүд нь хойш шахаж буй дээрх хүчтэй шууд холбоотойг мэргэжилтнүүд тайлбарлав. Манай орны газарзүйн онцгой байрлалаас шалтгаалан Монголын түүхэнд дөрвөн хүчтэй газар хөдлөлт болсон.

Тухайн үед хүн амын нягтрал бага, ихэвчлэн гэрт амьдардаг байсан тул газар хөдлөлтөөс учрах хохирол харьцангуй бага байж. Тэгвэл өнөөдөр нийт хүн амын талаас илүү нь төв суурин газарт суурьшиж, байшин барилгад амьдарч байгаа учир энэ талын мэдлэг мэдэгдэхүүнтэй байж, өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах гамшгийн боловсролыг зайлшгүй эзэмших шаардлага тулгарч байгаа юм.

Болзошгүй газар хөдлөлтийн улмаас хотын нийт барилга байгууламжийн 20-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсэж, 30,000-60,000 гаруй хүн өртөх магадлалтай гэсэн судалгаа гарсан байна.

Монгол оронд газар хөдлөлтийн аюул бодитой оршин байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа, хүн амаар олноор төвлөрсөн Улаанбаатар хотын ихэнх барилгууд нь хуучирсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдээгүй, шинээр баригдаж буй барилгууд нь зохих горимын дагуу баригдсан эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд нэн ялангуяа нийслэлд хийх зайлшгүй шаардлага байгаа юм.

Газар хөдлөлтийн учруулах хөнөөл нь хүч, байрлал, хүн амын нягтшил, цаг хугацаа, объектын газар хөдлөлтийн тэсвэржилт, хүн амын гамшгийн талаарх мэдлэг, хийгдсэн сургалтын түвшин, эрэн хайх аврах ажиллагааны бэлэн байдал, ур чадвар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж үр дүн өөр өөр гардаг байна.

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг тогтмол хийж байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд 10 гаруй хоногийн өмнө гамшгийн дохио дуугарч орон даяар дадлага хийснийг нэрлэж болно.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулдаг.

Нэг дэх дохио дуугарахад, “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээх хэрэгтэй. Хэрвээ гудамжид явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү гэсэн дохио.

Хоёр дахь дохио дуугарахад, албан байгууллага болон гэрээсээ толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орохдоо баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрэм баримтлан байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларах.

Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу гэсэн дохио. Тэгвэл гурав дахь дохио дуугарахад, өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү гэсэн мэдээллийг дамжуулдаг байна.

Манай улс “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдсэн аж.

МОНГОЛ ОРНЫ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 25 хувь нь зургаа ба түүнээс доош баллын (Рихтерийн шаталбараар) хүрээнд хамрагдаж, долоо болон найман баллын ангилалд нийт нутаг дэвсгэрийн 55.4, ес ба түүнээс дээш баллын хүрээнд 19.6 хувийг эзэлж байна. Тиймдээ ч дэлхийд хүчтэй тооцогддог газар хөдлөлт манай оронд олон удаа болж байсан.

Тухайлбал, 1957 онд Говь-Алтай аймагт 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн нас барж, тухайн үеийн ханшаар 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Энэхүү газар хөдлөлт Монголын бүх газар нутагт мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод л гэхэд таван баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Монголд 2000 он хүртэлх магнитуд нь долоогоос дээш хүчтэй газар хөдлөлт 30 гаруй, магнитуд нь наймаас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон. 2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт жилд дунджаар 44 удаа тохиолдсон байна. Тэгвэл 2018 оны нэгдүгээр сараас 2019 оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42,046 газар хөдлөлт болжээ.

Харин он гарсаар эхний гурван сарын байдлаар 261 газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болсныг албаныхан ярилаа. Монголын нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII-VI-II болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг аж. 

Улаанбаатар хотод 2005 онд өмнөхөөсөө хоёр дахин их чичирхийлэлт ажиглагдаж байсан. Тэгвэл 2012 онд дөрөв дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өсжээ. 2016 оны эхний 10 сарын байдлаар 1,260 удаа чичирхийлэлт болсон нь энэхүү идэвхжилт буурах төлөв ажиглагдахгүй байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгээс гаргасан юм.

ХОТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ ЮУ

Улаанбаатар хотод баригдсан нийт барилга байгууламжийг хийцээр нь ангилвал,

  • Тоосгон барилга 61 хувь,
  • Угсармал барилга 18 хувь,
  • Төмөр бетон хийцийн барилга 16 хувь,
  • Модон хийцийн барилга 2 хувь,
  • Метал хийцийн барилга 2 хувийг тус тус эзэлж байна.

2011-2015 онд нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгаа хийжээ. Эдгээр барилгаас 171 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 278 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын олонх нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй, 1970 оноос өмнө баригдсан барилга байв. Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг манайхан бүрэн цутгамлаар төсөөлдөг. Гэтэл орчин цагт энэ бүхэн өөрчлөгдөж, өндөр хөгжилтэй орнуудын барилгын суурь пүрштэй буюу уян хатан шинжтэй болжээ.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ

Байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх 
  • Бат бөх ширээн доогуур орох 
  • Цонхноос хол байх 
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага 

Гадна байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, туннелээс холдох, задгай талбай олох
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээ.
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох 

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
  • Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
  • Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
  • Гал гаргаж болохгүй
  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
  • Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
  • Цахилгаанаа яаран бүү залга 
  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах.
ДЭЛХИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Дэлхийн хэмжээнд жилд дунджаар найм болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр, 7-7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 18.6-6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 120, 5-5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 800, 4-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 6,200, 3-4 магнитудын газар хөдлөлт 49,000, 1-2 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоногт дунджаар 8,000 орчим удаа болж байна.

2010 онд Гаитид, 2011 онд Японд найман магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдож олон хүн нэрвэгдэж их хэмжээний хохирол учруулсан удаатай. Мөн 2017 онд Иран, Иракийн хилийн заагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 7,000 орчим хүн нэрвэгдэж багагүй хэмжээний хохирол учруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601875
1 эможи

keyboard_arrow_up