Вант улсын дарангуйлал ба “ЭКО АЛТАН ЗААМАР”-ыг буруутгахын учир

2019 оны 2 сарын 13

-Амьд байгалиараа үлдсэн жаахан газраа л ардууд аврахыг хүсэж байна-

“Эко алтан Заамар” ХХК-ийн нэхэмжлэлтэй БОАЖЯ-нд холбогдох хэрэгт Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийн газрын үзлэг хийж буй байдал

Харуул хамгаалалтын албаны эрээн хувцастай залуу “муу” машины минь хаалгыг эвдэх шахав. “Бичлэгийг чинь шалгана, өгөөдөх” хэмээн www.unuudur.mn сайтын зураглаачийн камерыг булаахаар завдаж, улайран дайрах мөнөөх залуу “Эко алтан Заамар” ХХК-ийн Хамгаалалтын албаны нэг ажилтан байлаа. “ӨНӨӨДӨР” сонины лого бүхий цэнхэр машиныг түүнтэй ижил эрээн болон хар хувцсаар ижилссэн арваад залуу “бүслээд” авах нь тэр.

Хөдлөх гэхээр урд тэгнэн зогсож, “Хаалгаа онгойлго, бичлэгийг чинь бид хармаар байна” гэх. Харин тэр үед нутгийн иргэд, малчид хамгаалалтынхныг хэдэн талаас нь түлхэн, холдуулж, зууралдсаны ачаар бид сурвалжилгынхаа баримт, материалаа алдалгүй мултарч чадав.

2019 оны нэгдүгээр сарын 31. Дээрх үйл явдал болсон өдөр бөгөөд “Өнөөдөр” сонины баг Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийг зорих чухал шалтгаанууд өвөрлөн очлоо. Тэр тусмаа Заамар сумын нутагт орших MV-007712 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эко алтан Заамар” ХХК-ийн нэхэмжлэлтэй БОАЖЯ-нд холбогдох хэрэгт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар энэ өдөр байдлыг газар дээр нь очиж үзэх гэж буй талаар мэдээлэл ирсэн юм. Иймд яамыг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцож, шүүгчид газар дээрх нөхцөл байдлыг танилцуулах ажил бидэнд тун чухал байлаа. Тэрчлэн “Эко алтан Заамар” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг нүдээр харж, бодит байдлыг олон нийтэд хүргэж өгөхийг хүссэн Хайлааст багийн иргэдийн хүсэлтээр газар дээрээс нь хийсэн сурвалжилгаа хүргэж байна.

НҮГЛЭЭ НУУХ “УХААН”

“Эко алтан Заамар” ХХК-ийн Хамгаалалтын албаныхан биднийг дотогш нэвтрүүлсэнгүй. “Танайх нутгийн иргэдтэйгээ л хамт бай, оруулахгүй” гээд дарга нь халгаасангүй. Ингээд тус компанийн талбайд яамныхан болон шүүхийн төлөөлөгчид хэрхэн ажиллаж, юу хийж буйг холоос харж, өндөрлөг газраас дурангаа тултал ашиглах зам л үлдэв. Гэхдээ тойруулж татсан төмөр хашаа нь хэсэг газраа нурж, онгойжээ. Түүгээр нутгийн малчид нэвтрэн орж, яам болон шүүхээс томилогдсон хүмүүстэй уулзаж, тулгараад буй бэрхшээлээ ярьж байх зуур бид ч бас дотогш орж чадлаа. Харин уурхайн талбайд бичлэг хийх нь бүү хэл, гар утсаар зураг авах боломж байсангүй. Хамгаалалтынхан булааж, устгахад бэлэн ч шууд хөөчихсөнгүй. Учир нь шүүгчийн аюулгүй байдлыг хангахаар Хайлааст багаас гурван цагдаа хамт байсан болохоор тэр.

Ажлын хэсгийнхний нэг гол зорилго нь MV-007712 тусгай зөвшөөрлийн талбайн B-26 блокт байгаль орчны менежмент төлөвлөгөө болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд хамрагдаагүй талбайд агаарын гэрэл зураг авах ажил байсан аж. Гэвч яамны мэргэжилтэн хэчнээн оролдоод дроноо хөөргөж барсангүй. “Танайх сүлжээ унагадаг антенн байршуулчихсан юм биш үү. Болохгүй байна, бид агаараас заавал бичлэг хийх ёстой” хэмээн учирлаад тусыг эс олов. “Тийм юм байдаг юм уу, та нар манайхыг гүтгэж байна, ингэж хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээгээрэй” хэмээн Хамгаалалтын албаны дарга нь ширүүлж эхэллээ. Түүнийг ийн сүржигнэтэл БОАЖЯ-ны төлөөлөгч залуу хэлэх үгээ олж ядан бувтнаж байснаа “За болохгүй юм байна, болихоос” гээд дроноо ч хурааж харагдав.

Харин энэ талаар мэдээлэл, технологийн инженерээс тодруулахад “Сүүлийн үед, ялангуяа уул уурхайн томоохон компаниуд дрон, цаашлаад гар утасны бүх сүлжээг унагадаг төхөөрөмжийг өндөрлөг газраа байршуулдаг болоод байгаа. Ойр хавийнх нь уул, өндөрлөг газрыг сайн ажиглахад антенн нь харагдана” хэмээн зөвлөсөн юм. Тэгэхээр үүнийг “Эко алтан Заамар” компани өөрсдийн буруутай, хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд технологийн дэвшлийг “ухаалаг”-аар ашиглажээ гээд хэлчихэд гүтгэсэн болохгүй болов уу. “Компани, иргэдийн хооронд янз бүрийн маргаан, тэмцэл болох үед гар утсаар LIVE хийж огт болдоггүй. Сүлжээ уначихдаг нь ийм учиртай байж” хэмээн тэнд цугласан малчид шивнэж байлаа.

Өгөөмөрийн арын тохой нь Хайлааст багийн Туул голын дагуух 56 км газраас уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн, гурван км үргэлжилдэг цорын ганц эрүүл хэсэг. Чухам энэ багаахан газарт малчид зусаж, малаа ус, хужир шүүнд оруулдаг ажээ. Угтаа уул уурхайн олборлолтод өртөж, эвдэрсэн бүсэд амьдардаг Хайлааст багийн иргэд, залуус, малчдын хувьд жинхэнэ диваажин нь байв. Харамсалтай нь, хөндөгдөөгүй үлдсэн өчүүхэн газрыг нь тус компани ухан онгичих ажлыг өнгөрсөн зун эхлүүлсэн юм.

Ш.ЭНХТАЙВАН (“Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн):

-Нутгийн иргэдийг хооронд нь талцуулж, заримд нь эд материалын тусламж үзүүлэх нэрээр өөртөө татаж урвуулах гээд муу арга бүгдийг сэддэг хүмүүс. Төрийн цагдааг талбайдаа оруулахгүй, цаашлаад байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлтийг ч энэ компани тоодоггүй. Үнэндээ “Эко алтан Заамар” компанийн өмнө Монголын төр хүчгүйдэж байна. Товч, тодорхой хэлбэл “Эко алтан Заамар” гэдэг нэртэй Вант улс Туул голыг самраад сууж байна шүү дээ хэмээв.

 

ТӨЛӨӨС

“Монгол төр, Монголын хуулийг сөхрүүлдэг “Эко Алтан Заамар”...ийм гарчигтай нийтлэл “Өнөөдөр” сонины нэгдүгээр сарын 25-ны дугаарт нийтлэгдсэн. Үүний дараа тус компанийн удирдлага манай сониныг худал зүйл бичиж, гүтгэж гүжирдлээ гэх утга бүхий сүржин мэдэгдлийг өдөр тутмын хоёр ч сонины тэргүүн нүүрэнд төлбөртэй хэвлүүлсэн билээ. Уг нь БОАЖЯ, УУХҮЯ, цаашлаад Ашигт малтмал, газрын тосны газар гээд шат шатны холбогдох байгууллагын тамга тэмдэг, гарын үсэгтэй албан тоот бичиг бүхий баттай эх сурвалжаас авсан баримтууд байна, бидэнд. Гэтэл өөрсдийгөө огт буруугүй, хариуцлагатай уул уурхайн жишиг компани мэтээр өргөмжилсөн мэдэгдэл гаргаж, “Өнөөдөр” сониныг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж амжсан.

Үнэндээ “Эко алтан Заамар” компанийг буруутгаад буйг нотлох хангалттай шалтгаан бий. Төв аймгийн Заамар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээс харъя. “...Зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн... Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн... Технологийн хэрэгцээнд ашиглах усны дүгнэлт гаргуулах гэрээ байгуулаагүй ус ашиглаж байгаа нь Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна” хэмээн тун тодорхой дурджээ.

Тэрчлэн тус компани Их тохойрол нэртэй MV-007712, MV-007713 тусгай зөвшөөрлийн талбайд 2017 онд олборлох үйл ажиллагаа явуулсан байна. Уг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд техникийн нөхөн сэргээлт 20 га, биологийн нөхөн сэргээлт таван га-д хийхээр тусгасан аж. Гэвч үүнээс техникийн нөхөн сэргээлтийг 11.6 га-д хийгээд, биологийн нөхөн сэргээлт огт хийгээгүй нь тогтоогдсон гээд олон баримт сөхөж болно. Туул голын хөвөөг төнхөн байж авсан алтны төлөөсөнд ядаж эргүүлээд нөхөн сэргээх өчүүхэн сэтгэл “Эко алтан Заамар” компанийнханд байсангүй.

Г.НЯМЖАВ (Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн малчин):

-Заамарын хэдэн малчин үнэндээ амьдрах аргагүй болох нь. Энэ жаахан газар бидний хувьд сүүлчийн амь тариа байгаа юм. Тийм үнэ цэнтэй учраас бид хэлэх эцсийнхээ үгийг төр, засагт хүрээсэй гээд танай сонинд хандсан. Хамгийн гол нь Монголын шүүх засаглал шударга шийдвэр гаргаасай. Нутгийн малчдын эрх ашгийг хамгаалж, энэ тохойг л ухуулахгүй үлдээгээч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна хэмээн учирлалаа.

ЦӨХРӨЛ

Нутгийн иргэдийн эсэргүүцэл хийгээд олон шат дамжсан хяналт, шалгалтын дүнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн юм. Салбарын яамны энэ шийдвэр олон монгол хүнийг баярлуулсан нь үнэн. Заамарын хөндийд өсөж торнисон нутгийнхан төдийгүй байгалиа хамгаалдаг, хайрладаг хэн бүхнийг баярлуулах мэдээ байв.

Л.ШИЖИРБАТ (Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн малчин):

-“Эко алтан Заамар” компанийнханд үнэхээр гомдолтой байна. Энэ компани 5000-6000 га газрыг хамарсан лицензтэй. Бүгдийг ашиглахыг, ухахыг Заамарын ард түмэн өнгөрсөн хугацаанд зөвшөөрсөн. Тэд хайрлалгүй ухсан, авсан. Харин одоо энэ 200 гаруйхан га талбайг л бидэнд үлдээчих гэж гуйж байна. Бүр болохгүй бол ядаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуул гэсэн шаардлага тавьсан. Гэтэл хуулиас гадуур бүгдийг хийж байгааг мэргэжлийн байгууллага нь тогтоолоо. БОАЖ-ын сайд хүртэл лицензийг нь цуцлуулах шийдвэр гаргасаар байтал шийдэхгүй, гацчихаад байгааг ойлгохгүй байна. Бүгд нотлох баримтаар баталгаажуулсан төрийн яамны дүгнэлтийг худлаа гээд шүүхэд өгчихсөн. Ямар их зориг той, ямар их эрх мэдэлтэй компани вэ. Бид Монгол Улсын Ерөнхий сайдад хандахаар төлөвлөж байгаа. Ард түмнээ сонсож, ойлгож, нутгийн иргэд, малчдын талд шийдвэр гаргана гэж итгэж байна гэв.

...Одоогийн байдлаар “Эко алтан Заамар” компани БОАЖЯ-ыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөөд байгаа бөгөөд хурал өчигдөр гурав дахиа хойшиллоо.

“Туул гол руу өнгөрсөн зун ийм ус цутгаж байхад нь бид баримтжуулсан. Гэвч энэ зураг нотолгоо болохгүй байна” хэмээн Ш.Энхтайван ярилаа

Эх сурвалж: Ц.Цэвээнхэрлэн   UNUUDUR.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600173
0 эможи

keyboard_arrow_up