Д.Чойжамц: Энэ жилийн зурхайн зурлагад шинэ жилдээ хэд хэдэн зүйлийг анхаарахаар байна

2019 оны 1 сарын 31

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц өнөөдөр /2019.01.31/ XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн өнгө ямар байх талаар айлдлаа.

Arslan.mn

Их хамба лам Д.Чойжамц XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн ёгт нэрийг тайлж хэлэхдээ “Урвуулагч шороон гахай жилийн ёгт нэрийг урвах гэдэг утгаараа ойлгож болохгүй. Бид муу зүйлийг сайнд урвуулж болох талтай. Тийм учраас бид амьдралаа сайн сайхнаар авч явж болно л гэсэн утгыг илтгэж буй юм. Монгол түмэн муу бүхнээ сайн сайханд урвуулж, муу зүйлээ хаяж, гээвэл амьдрал маань цэгцтэй сайхан болно” гэв.

Arslan.mn

Тэрбээр “Монгол түмний хамгийн хүндэтгэлтэй баярын нэг болох уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Монголчууддаа XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Уламжлалт зан заншилтай, өв соёлтой, тусгаар тогтносон Азийн цээжинд ийм сайхан улс байдгийг илтгэдэг баяр юм” хэмээн шороон гахай жилийн өнгийг танилцууллаа.

Arslan.mn

АХМАДУУДАД ЭЭЛТЭЙ Ч НЯЛХАСТ ТААРУУ ЖИЛ БОЛНО

“Энэ жилийн зурхайн зурлагад шинэ жилдээ хэд хэдэн зүйлийг анхаарахаар байна. Шим ертөнц буюу хүн талаасаа авч үзвэл, ахмадуудад нэлээд ээлтэй жил болох нь ээ. Харин залууст дунд буюу сайн тал руугаа, нялхаст тааруухан гэж гарч байгаа. Нялхас гэдгийг хоёр янзаар ойлгож байна. Хуучин монгол хэлэнд нялхас гэдгийг нялх нярай хүүхдийг хэлдэг бол нөгөө талаар бодлогогүй, өөрийн толгойгоор боддоггүй, бусдыг даган дуурайж юу руу ч хамаагүй орчих гээд байдаг бодлогогүй хүнийг нялхас гэдэг. Тиймээс XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилд аливаад өөрийн бодолтой хандаж, зөв бурууг ялгаж салган шинжилж амьдрах нь зүйтэй гэж бодогдсон” хэмээв.

Arslan.mn

УС, ХУР ЭЛБЭГТЭЙ ГЭХ БОЛОВЧ МӨНДӨРӨӨС БОЛГООМЖИЛ

“Энэ нийгэм ахиж дэвшиж, бидний амьдрал сайхан болох учиртай. Тийм учраас үнэн зөвийг ултай суурьтай, мэдлэгийн үндсэн дээр дүгнэж, үнэн бодит чиглэлийг эрдэмтэн мэргэдээс авбал цаашаа хөгжих учиртай байна. Мөн цаг агаарын хувьд ус, хур элбэгтэй гэх боловч мөндөрөөс болгоомжил гэсэн байгаа. Тиймээс малчин, тариаланч ард иргэд анхаарч байх нь зүйтэй. Харин Засаг төрийн хувьд хямралтай гэсэн байна. Тэгэхээр хямрал гэдэг нь эв зохицол алдах тэр л тал руугаа юм. Ер нь зурхайн ухаан орчлон ертөнц, хүмүүний хоорондын харилцаа, нийгмийн байдлыг тодорхойлсон бодит зүйл учраас хувьсан өөрчлөгддөг шинж чанартай. Улс орондоо хямрал авчрахгүйн төлөө сэтгэл зүрхэндээ бодоод болгохгүйн төлөө зүтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь эвлэрч зохицож, найрсаж үнэн зөвөө олж байх хэрэгтэй. Манай нийгэмд ёсзүй гэгч гарцаагүй хэрэгтэй байна. Ёсзүйг баримтлахгүйгээр энэ нийгэм урагшлахгүй гэдэг нь ил болжээ. Монгол түмэн хууль дүрмээ сайн баримталж, хов ярианд итгэхээс илүү хууль төрдөө итгэж, ёсзүй болон хуулиар ярилцвал нийгэмд бужигнаан үүсэхгүй байх шинжтэй” тухай айлдлаа.

Arslan.mn

ШИНЭ ЖИЛ ДӨНГӨЖ ГАРГААД 15 ХОНОГИЙН ДОТОР ХИЙЛГЭДЭГ

Монгол хүн билгээрээ гэж ярьдаг даа. Ер нь аливаа нэгэн жилийг бид сайхнаар авч явж чадвал сайхан жил л гарна. Зурхайн ухааныг яг судлаад, шүүмжлэхгүйгээр мухар сүсэг гэж тайлбарлаад байдаг. Гэтэл зурхайн ухаан магадлал дээр үндэслэн ийм махбодьтой, ийм жилтэй, суудалтай хүнд иймэрхүү зүйлс тохиолдож болох юм гэж үздэг. Тэр магадлал яг тэр чигээрээ биелнэ гэж үзэж болохгүй. Учир нь бие сайтай, ажил үйлс нь бүтэмжтэй, эрүүл саруул байгаа хүнд нөлөөлөл нь маш бага байдаг тухай өвгөд ярьдаг байсан. Харин жаахан нас тогтоод, хийморь сүлд муу байгаа үедээ заавал засал номоо хийлгэвэл зохистой. Тийм учраас тухайн жилийн жилийн заслын монголчууд шинэ жил дөнгөж гаргаад 15 хоногийн дотор хийлгэдэг. Уг нь жилийн аль ч цаг хугацаанд хийлгэж болох юм. Заавал шинийн 15-ны өдрийн дотор хийлгэж байгаа нь сэтгэлдээ дархлаа суулгаж байгаа нь буруу биш.

Arslan.mn

БҮТЭН ЖИЛИЙН ТУРШ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРСНАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭДЭГ

Сар харагдахаа больж, тухайн сар, жилийн хамгийн сүүлчийн өдрийг битүүн гэж тооцдог. Энэ жилд амар мэнд орсон, эрүүл энх сайхан байсан, амьдрал дэвшсэн сайхан жил болсноо сар шинийн баяраар халуун бүлээрээ тэмдэглэдэг. Хүмүүний бие яг л усны хөөс шиг. Маргааш өдрийн нар ургах миний үхэл хоёрын аль нь түрүүлж ирэхийг бид мэдэхгүй. Тиймээс бүтэн нэг жилийн турш эрүүл энх, жаргалтай сайхан амьдарснаа уламжлалт баяраараа тэмдэглэдэг. Нар жаргаснаас хойш идээ битүүлгээ засаж, хуваалцаад, хэрүүл тэмцэл, муу бүхнийг тэвчиж, үйл явдлаа цайруулдаг уламжлалтай. Шинийн нэгний өглөө нар ургахаас өмнө босож, эхний өдрийг угтан авч ахмадуудаа хүндэтгэн золгон мэндчилдэг. Нэг л их соёлжсон хүн болох гэснээс Монгол уламжлалаа үгүйсгэх тохиолдол гарч байна. Монголчууд гуравхан саяулаа мөртлөө тэгж сүржигнэж хувьсгалжих хэрэггүй болов уу.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599877
0 эможи

keyboard_arrow_up