Архидалт монгол хүний авир араншинг генийн түвшинд өөрчилж байна уу

2019 оны 1 сарын 18

Холбоотой Зураг

Архи, согтууруулах ундааны хэрэглээгээр нь дэлхийн улсуудыг жагсаахад Монгол Улс эхний тавд оржээ. ДЭМБ үүнийг онцолж, дэлхийн газрын зураг дээр манай улсыг улаанаар тэмдэглэсэн байна. Улаан өнгө нь архидалт гамшгийн түвшинд хүрснийг илтгэж буй аж. Харин манайхан үүнийг цочирдож хүлээж авах нь юу л бол. Архинд донтох өвчний тархалт хүн амын зургаан хувийг хамарсан бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг дэлхийн жишиг байдаг. Тэгвэл аль арван жилийн өмнө манайх энэ хязгаарыг давжээ.

Түүнээс хойш монголчуудын нэг хүнд ногдох архины хэмжээ, архинд хордож нас барсан хүний тоо, архинаас үүдэлтэй хэрэг зөрчлийн хувь өссөн үү гэхээс буураагүй. Архинд донтох өвчний тархалт хүн амын 20 гаруй хувийг эзэлчихжээ.

Архины хэрэглээ хавтгайрсныг УИХ-ын эмэгтэй гишүүд Төрийн ордонд ууж согтуурснаа цахим орчинд тарааж, яам, Тамгын газарт архидалтаас үүдэлтэй хүн амины хэрэг гарч, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллагын албан хаагчид ажлын байрандаа архидадгаас харж болно. Архидалт нь монгол хүний нас баралтын гурав дахь шалтгаан болж буй. Эмч нар монгол хүний архи шингээх чадвар европ хүнийхээс гурав дахин бага гэдгийг хэлдэг. Гэтэл Монголд нэг хүнд 8.2 литр архи ногдож байгаа нь дэлхийн дунджаас давсан тоо.

“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбат архидалт газар авч буйн шалтгааныг “Иргэдийн сэтгэл зүй, хүүхэд, залууст архины хор холбогдлын талаарх яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй”-тэй холбон тайлбарласан. Архинд донтсон 250 хүнийг эмчилгээнд хамруулахад 30 нь л архинаас гарах магадлалтай байдаг гэнэ. Үүнийг өндөр амжилт, үр дүн гарлаа гэж үздэг аж. 

“Архины хор уршгийг хүүхдэд багаас нь ойлгуулж, ярилцах юм бол Монголыг нөмөрсөн энэ аюулаас хол байлгах бололцоотой”

гэж сэтгэлзүйчид, эмч, мэргэжилтнүүд хэлсэн. Хамгийн ноцтой нь сүүлийн жилүүдэд архины хамааралтай эмэгтэйчүүдийн тоо өсжээ. Шар хаданд байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтолтын гэх тасагт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тал нь эмэгтэйчүүд байгаа нь дээрх баримтыг нотлоод өгөх болов уу. 

Архи нь жирэмсэн эмэгтэйн ураг төдийгүй, охид, бүсгүйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдсээр байж арван хар нүглийн нэг хэмээгдэх бор дарсанд толгойгоо мэдүүлж буйг яалтай билээ. Жирэмсэн эх архи хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрөх магадлал өндөр. Харин нөхөн үржихүйн насны эмэгтэй хүүхэд олохгүй байх эрсдэлтэй. Мөн хөхүүл эмэгтэй архи уувал, хөхний сүүгээр дамжин хүүхдийн оюун ухаанд нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Албадан эмчлэх газарт сүүлийн зургаан жилд 3384 өвчтөн эмчлүүлсний цөөнгүй нь эмэгтэйчүүд байсан гэх. Эрэгтэйчүүд архи ууснаас үүдэн үр удам нь хуруу гаргүй, уруул нь сэтэрхий гардаг согог улам хүрээгээ тэлж буй. Охид, бүсгүйчүүд үүн дээр нэрмээс болж буй нь үндэсний аюулгүй байдлын харанга дэлдэж буй хэрэг биш гэж үү. “Архи уудаг аав, ээжтэй хүүхэд архичин болж, зан араншин нь эвдрэх болсон” талаар нийгмийн сэтгэлзүйч төдийгүй хууль сахиулагчид толгой сэгсрэн өгүүлж байна. Санаж байна уу, оны өмнө гурван настай хүүхэд аав, ээжийнхээ үлдээсэн лонхтой дарсыг ууж, хордлогод орсныг. Бид хойч үедээ ийм л үлгэр дуурайл үзүүлж байна.

Архи тархинд шууд нөлөөлдөг бөгөөд 150 гр-аас дээш хэмжээтэйгээр уухад хөл дээрээ тогтож чадахгүй, харааны чадвар муудаж, хэл яриа тультраадан, цаг хугацааны баримжаагаа алдаж, ухаан балартдаг аж. Нэг удаа тасрахад тархины 8000-20 000 эс үхдэг бөгөөд дахин сэргэхгүй. Энэ мэтээр долоо хоногт гурван удаа, жилээс дээш хугацаанд архи хэрэглэсэн бол тэнэгрэлд орж, эмчилгээ авах боломжгүй болдгийг дахин сануулъя. Тухайн хүн архинаас гарсан ч тархи нь сэргэдэггүй, мартаж, уймрах нь ихэсдэг гэнэ лээ. Тиймээс эмч нар архийг хүний тархийг сонгомолоор гэмтээдэг химийн зэвсэг гэж нэрлэх нь бий.

Архины хэрэглээ ихэссэн, эрсдэлтэй орнуудад архины судалгааг жилд хэд хэдээр нь хийдэг юм байна. Нэгдүгээрт, нэг хүнд ногдох архины хэмжээ, үйлдвэрлэл, импорт, хоёрдугаарт, архинаас шалтгаалсан өвчлөл, тархалт, нас баралт, гуравдугаарт, архинаас үүдэлтэй хэрэг зөрчил, осол, гэмтлийг судалж, судалгаандаа тулгуурлан хийх ажлаа тодорхойлдог. Монголд эдгээрийг жил бүр тогтмол судалдаггүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхнөөс энэ талаар тодруулахад “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном 2016”-г хэвлэл мэдээллийн ажилтнаараа дамжуулан өглөө. Архидалт нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд арван жил болж байхад арга хэмжээ авах ёстой байгууллага нь сүүлийн хоёр жилд хийсэн судалгаагүй хуучин номноос эш татаад сууж буй нь харамсалтай. Төсвөөс багагүй хэмжээний мөнгө авдаг энэ байгууллагынхан үнэндээ юу хийдгийг, ямар үр дүн гаргасныг мэддэг хүн байдаггүй юм билээ. Судлаачид, тодруулбал, ДЭМБ-ын гаргасан зураглалаар 

“Өнөөдрөөс хойш 20 жил уйгагүй тэмцэж байж архидалтыг бууруулах боломжтой” 

гэж өгүүлсэн. Архи тэгэхээр өнөө маргаашдаа байнгын сэдэв хэвээр үлдэх нь. Сүүлийн 10 жилд архи уугаад аавыгаа хөнөөсөн, охиноо хүчирхийлсэн, эхнэрээ хутгалсан, ээжийгээ зодсон гэх зэрэг монгол хүний санаанд багтамгүй, харгис хэргүүд ар араасаа гарах болсон. Хэрэг хийсэн шалтгаанаа бүгд л архитай холбон тайлбарладаг. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэгт хэдхэн хоногийн өмнө архитай холбоотой ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн С согтуурсан үедээ хэвлий рүүгээ гурван удаа хутгалж, одоо үхэх, сэхэх дээрээ тулчихаад эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байна. Мөн иргэн Б уржигдар архи уусан үедээ найзынхаа толгой руу лонхоор цохиж хүнд гэмтээснийг энд дурдъя.

Шүүгч, цагдаа, эмч, багш нар архинаас үүдэлтэйгээр монгол хүний ухамсарт өөрчлөлт орсон, монгол хүний генийг судлах цаг болсон талаар хэлж байна. Мэргэжлийн сэтгэлзүйч ч үүнийг хүлээн зөвшөөрч буй. Хамгийн хачирхалтай нь, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах хэмжээнд хүргэж буй архидалтын эсрэг төр, засгаас авч буй арга хэмжээ бараг алга. Нийгмийн бусармаг энэ үзэгдлийн талаар ярьж буй нам, эвсэл, улстөрч нэгээхэн ч байхгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй. Энэ бүхнээс үүдээд иргэд нь мансуурч, юу болоод буйг ойлгох чадваргүй болох нь тэдэнд ашигтай юм болов уу гэж харддагаа олон хүн хэлж байна лээ.

М.ХИШИГ-УНДРАХ: ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХААР ОЧСОН Ч ХҮЛЭЭЖ АВААГҮЙ

МУБИС-ийн дэргэдэх Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн эрхлэгч, доктор, дэд профессор М.Хишиг-Ундрахаас монгол хүний сэтгэл зүйн онцлогийн талаар тодрууллаа.

-Монгол хүний зан төлөвт өөрчлөлт орсон гэж архины хамааралтай иргэдтэй ажилладаг албан хаагчид хэлдэг. Монгол хүний ухамсар доройтож буй нь архитай холбоотой юу?

-Архи хүний дээд мэдрэлийн үйл ажиллагааг зогсоож, эд эсийг хордуулдаг. Эрүүл, хэвийн сэтгэж чадахгүйд хүргэнэ. Донтож, сэтгэц нь хэвийн бус болсон хүний зан төлөв ямар байх нь ойлгомжтой. Дахин архи уухын тулд худлаа хэлж, хулгай хийж, ажлаа тасалдаг. Өмнө нь гаргаж байгаагүй ааш авир гаргаж, хамгийн ойр дотнын хүмүүстээ нөлөөлдөг. Монгол хүний сэтгэл зүйн онцлогийг судлах зайлшгүй шаардлага бий болсон. Архинд живсэн Монголыг аврахад Сэтгэл судлалын үндэсний хүрээлэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийм хүрээлэн байгуулбал архидалттай тэмцэхэд эерэг нөлөө үзүүлэх болов уу.

-Сэтгэл зүйн үйлчилгээний төв монгол хүнийг судалж байгаа гэж сонссон.

-МУБИС-ийн эрдэмтэн, багш нар монгол хүнээ судлах ёстой гэж үзээд 2013 онд Тархи судлалын төв байгуулсан. Тархины эсийн түвшинд хүний зан үйл яаж өөрчлөгдөж байгааг судлах юм. Эрдэмтэд багаар ажиллаж, монгол хүний сэтгэл зүйн онцлогийг судлах тест боловсрууллаа. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өнөөг хүртэл монгол хүний оюун ухаан, сэтгэл зүйн онцлогийг судалж байна. Оюун ухааны дэлхийн суурь тестийг орчуулж, бүх талаас нь дахин дахин судалж монгол хүнд тохирох, эсэхийг туршсан. Оюуны өмчийн газраас бидний ажлыг баталгаажуулж өгсөн. Гэвч манайд Сэтгэл судлалын үндэсний хүрээлэн, институт, лаборатори алга. Монгол хүн архинд донтсон, зан төрх нь өөрчлөгдсөн зэрэг асуудлыг төр, засаг анхаарах цаг ирсэн. Монгол хүнээ судалдаг Сэтгэл судлалын үндэсний хүрээлэн байгуулаасай гэж хүсэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгатай энэ асуудлаар уулзахаар хэдэнтээ хандсан боловч хүлээж аваагүй. Улс үндэсний аюулгүй байдлаа хамгаалъя гэвэл Ерөнхийлөгчийн хийх гол ажил монгол хүнээ судлах юм. Тархи судлалын төвийг хүмүүс эмнэлэг талаас нь хүлээж аваад байхаар нь Сэтгэл зүйн үйлчилгээний төв болгож нэрийг өөрчилсөн. Канад, Хятад, Япон, Солонгос, Хонконг зэрэг оронд бидний адил оюун ухааны дэлхийн суурь тест ашигладаг.

-Сэтгэл судлалын үндэсний хүрээлэн, лаборатори байгуулчихвал олон эерэг өөрчлөлт авчрах нь ээ?

-Арваннэгдүгээр сард ОХУ руу туршлага судлахаар явсан. Б.Н.Ельцины нэрэмжит Уралын холбооны их сургуулийн Тархи судлалын төвийн лабораторид эсийн түвшинд судалгаа хийж буйг харлаа. Хүний аль эс нь гэрэлтэхэд түрэмгий аашилж байна. Аль эс нь унтрахад зан үйл өөрчлөгдөж, өөртөө итгэлгүй болж байгааг тэндхийн Тархи судлалын лаборатори гайхалтай оношилж байна. Тус сургуулийн Тархи судлалын төвийн лабораторид монгол мэргэжилтнээ ажиллуулах гэрээ байгууллаа. Монголд Тархи судлалын лаборатори байгуулахаар төлөвлөж байна. Монгол хүний генийг эсийн түвшинд судлах лаборатори зайлшгүй хэрэгтэй. Хүчирхийлэл, хулгай, мансуурал, хорт зуршилд автаад байгаа хүмүүсийн тархийг судалж байж дүгнэлт гаргана. Энэ суурь судалгаа эмнэлэг, цагдаа, боловсролын байгууллагын ажилд тустай. Товчхондоо, монгол хүнээ судалснаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх ажил тодорхой болж, нийгэм эрүүлжинэ.

Эх сурвалж: Өдрийн сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599402
1 эможи

keyboard_arrow_up