Л.Энх-Амгалан сайдаа, салбарын шинэчлэлийг цахим сургалтаас эхлүүлье

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

Шинэ Засгийн газрын сайдууд үүрэгт ажлаа хүлээн авлаа. Бүгд хариуцсан салбартаа өөрчлөлт шинэчлэл хийж, хөгжүүлэхээ амлав. Аливаа орны хөгжил дэвшлийн өнгийг ганцхан салбар зангидаж байдаг нь боловсрол юм. Улсын тэргүүн, ерөнхийлөгч нь хамгийн хоцрогдсон хэмээн тодорхойлсон боловсролын салбарыг энэ удаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан удирдах гэж байна. Түүний өмнөх сайд Л.Цэдэвсүрэн хоёр настнууд, теле хичээл, цахим сургалт гэсэн асуудлын алийг нь ч шийдвэрлэж чадалгүй, хэлсэн үгнээсээ эргэж буцсаар албан тушаалаасаа буусан. 

Эдгээрээс одоог хүртэл намжаагүй нь цахим сургалтын чанартай холбоотой маргаан юм. Нэг талаас салбар яам, их, дээд сургуулийн удирдлагууд нөгөө талаас оюутнууд гэсэн гурван тал 2:1 гэсэн харьцаатайгаар “тулалдаж” эхлээд байна. Төрийг төлөөлж яам цахим сургалтын чанарыг тун сайн хэмээн үнэлж, үүнийг нь оюутнууд хүлээн зөвшөөрөөгүй. Харин сургуулийн удирдлагууд зайны сургалт багш нарын ачааллыг хоёр дахин нэмэгдүүлсэн учир төлбөрийг бууруулах боломжгүй гэсэн бол оюутнууд сургалт чанаргүй байсан гэж дүгнэсэн. Гурван талын зөрчилдөөн цар тахлын үед боловсролын салбарыг хамгийн ихээр “доргиож” байна.

COVID-19 халдварын улмаас их, дээд сургуулиуд цахимаар хичээллэж эхлээд нэг жил боллоо. Салбар яамнаас авсан судалгаагаар оюутнуудын 80-аас дээш хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байна гэж мэдэгдэв. Үүний дараахан оюутнууд  нэгдэн “Монголын оюутны эрхийг хамгаалах хөдөлгөөн”-ийг байгуулж, цахим сургалт чанаргүй байгаа тул төлбөрөө бууруулах хүсэлтийг БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэнд хүргүүлсэн. Гэвч үүнийг сургуулиуд дотоод журмаараа шийдвэрлэ хэмээн яам асуудлыг өөрсдөөсөө түлхсэн. Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх “Цахим сургалтын талаар оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүн 80 хувиас их байхад бид муу байна гэж хэлэх эрхгүй. Магадгүй оюутнуудын 20 хувь нь цахим сургалтын чанарт сэтгэл дундуур байгааг үгүйсгэхгүй. БШУЯ өмчийн хэлбэр харгалзахгүй, бүх шатны боловсролын байгууллага суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэн тооцох түр журам баталлаа. Их, дээд сургуулиуд дотоод журмын дагуу түр журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн юм. 

Харин их, дээд сургуулиудын зүгээс багш нараас танхимын хичээлээс хоёр дахин илүү цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардаж байгаа учир төлбөрийг бууруулах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, МУИС-ийн захирал Б.Очирхуяг “Цахимаар хичээлллэж байгаатай холбогдуулан зарим оюутан сургалтын төлбөрийг тодорхой хувиар буулгах боломжтой эсэхийг цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлж байна. Цахим сургалтад зарцуулж буй багш нарын хөдөлмөр, хүний нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх, цахим контент бэлдэхэд тодорхой хэмжээгээр санхүү зарцуулж байна. Иймд цахим сургалтаар хичээллэж байгаа энэ үед сургалтын төлбөрийг бууруулах санхүүгийн ямар нэгэн үндэслэл байхгүй” гэсэн юм. Харин “Этүгэн” их сургуулийн ТУЗ-ийн дарга С.Нямзагд “Анх цахим сургалт эхэлж байсантай харьцуулахын аргагүй том алхам хийж чадлаа. Манай оюутнуудын 80 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаа” гэсэн. Мөн БШУ-ы өмнөх сайд Л.Цэдэвсүрэн цахим сургалтын чанарын асуудлаар их, дээд сургуулийн төлөөлөлтэй уулзах үеэр тодорхой хувийн шүүмжлэлийг нийт оюутны асуудал болгон дэвэргэж, улстөржүүлж, оюутнуудыг турхирах нь зохисгүй гэдгийг хэд хэдэн сургуулийн удирдлага хэлсэн. Гэвч оюутнууд “Биднээс санал асуулга аваагүй байтал сэтгэл ханамж 80 хувь гэсэн дүн гарсныг ойлгосонгүй. Зарим багш хичээлээ цаг тухайд нь оруулдаггүй. Танхимаар хичээллэдэг шиг мэдлэг олж авч чадахгүй байна. Тиймээс төлбөрийг хөнгөлөх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсээр байна. Оюутнуудыг цахимаар сурахад тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь интернэтийн хүртээмж, ном сурах бичгийн хангамжийн асуудал юм.

Үүнээс харахад шинэ сайдын хэлсэн интернэт, компьютергүй, алслагдсан суманд амьдарч байгаа боловсролоос хоцорсон 170 мянган сурагч дээр их, дээд сургуулиудын оюутнууд нэмэгдэх нь. Боловсрол гэдгийг сурагчдын хүрээнд харах бус оюутнуудын цахим сургалтын асуудал руу нэг өнгийнө үү.

УИХ-ын чуулганы үеэр Л.Энх-Амгалан сайд “Хамгийн гол амин судас болох боловсролын салбарыг шинэчил гэж намайг ажиллуулж байна гэж ойлголоо. Ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал бол боловсролын салбарын өнгөрсөн 30 жилийн үр дүн гэж харж байна. Тиймээс боловсролын салбарын шинэчлэлийг цаг алдалгүй хийнэ. Гэхдээ шинэчлэл хийнэ гэж яарах аюултай. Боловсролоор тоглох бүр аюултай. Миний ажлын арга барил бол хүнд их итгэдэг,  хүнд суртлыг үзэн яддаг. Гагцхүү бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлого, зөв шийдлийг эрэлхийлж ажиллахыг зорьдог” гэж  ярьсан билээ. Тэгвэл таны зөв оновчтой шийдэл цар тахлын энэ үед оюутнуудад хамгийн их хэрэгтэй байна. Тэдний танд өгөх хамгийн эхний даалгавар бол цахим сургалтын орчныг сайжруулах юм. Даалгавраа хэрхэн гүйцэтгэхээс хамаарч таньд ард түмэн дүн тавина. Дээд боловсролоо дэмжихгүй бол шинэчлэл яриад үр дүн өгнө гэж үгүй. Өмнөх 30 жилийн хоцрогдол ч арилахгүй. Тиймээс боловсролын салбарын шинэчлэлээ цахим сургалтыг сайжруулахаас эхлүүлье, Л.Энх-Амгалан сайд аа. Техник технологи хөгжсөн, залуусын ухаалаг утасны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүн эгнээнд бичигддэг Монгол Улс цахим хичээлийг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэгт гарц хайж, шийдлийг олох цаг нэгэнтээ иржээ. Үүн дээр төр, багш, оюутан гурав хамтран хичээх шаардлагатай юм. 

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.3 ЛХАГВА № 24 (6501)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623266
0 эможи

ард иргэд
2021-02-03 21:26
энэ олон хувийн дээд сургуулийг хаагаад өгөөч ажиллах ажиочин анги олдхгүй боллоо худлаа болсон болоогзй дээд сургууль ухаантай юм төгссөн дипломтой хар толгойтой хониор дүүрэн болжээ жлмбн хөгжилд ч гай болж бга
keyboard_arrow_up