2020-2021: Хаана ямар, ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрүүд зарлагдах вэ?

2020 оны 1 сарын 19

тэтгэлэг зурган илэрцүүд

Гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутан, залууст мэдээлэл өгөх зорилгоор 2020-2021 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 

Хүн бүрт л боломж бий. Гагцхүү ашиглах эсэх нь танаас шалтгаална. Боломжтой холбоотой алдартнуудын хэлсэн ишлэл үгнүүдийг хүргэе.

  • “Бүтэлгүйтэл бол дахин эхлүүлэх боломж, гэхдээ илүү ухаалгаар” Хенри Форд
  • “Гутранги үзэлтэн бүх боломжоос бэрхшээлийг хардаг. Өөдрөг үзэлтэн бүх бэрхшээлээс боломжийг хардаг” Уинстон Черчилль
  • “Амжилт бол бэлтгэл, боломж хоёрын уулзвар” Бобби Анзер

УКРАИН УЛСЫН ТЭТГЭЛЭГ

Нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, анагаах ухааны чиглэлээр бакалаврт суралцуулна.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2019.12.07 - 2020.01.17

Үндсэн шаардлага:

  • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн байх;
  • Эсвэл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 18-21 насны иргэн байх;

Холбоос: Бүрдүүлэх материалын дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.  

ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах Монгол оюутнуудад зориулж 60 орон тоог баталжээ. Бакалавр, магистр, докторт суралцуулна. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтана.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2020 оны хоёрдугаар сарын 10

Үндсэн шаардлага:

  • Өргөдөл гаргагч нь 18-30 насны Монгол улсын иргэн байх; 
  • Докторт суралцах бол 45 болон түүнээс дээш насны иргэн байх:
  • Англи хэлтэй байх; /Эхний шатанд шалгарсан оролцогчдоос Монгол Улс дахь Энэтхэгийн элчин сайдын яамны байранд англи хэлний шалгалт авна/

Холбоос: Тэтгэлэг олгох журамтай ЭНД дарж танилцаарай.

ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАКАЛАВР, МАГИСТ, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. 

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2020.01.10 - 2020.02.20

Үндсэн шаардлага:

  • Тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.
  • Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг.
  • Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүй.

Тэтгэлгийн хэмжээ:

  • Дотуур байранд үнэгүй байрлана.
  • Их сургуулийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
  • Tурк хэлний бэлтгэл (1 жил)
  • Онгоцны тийз (хоёр талын тийзийг нэг удаа үнэгүй олгоно.)

Холбоос: https://www.turkiyeburslari.gov.tr/en

ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Шинэ Зеландын Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр удахгүй зарлагдах гэж байна. Магистр, докторт суралцуулна.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2020.02.01 – 2020.02.28

Үндсэн шалгуур:

  • 18 наснаас эхлэн өргөдөл гаргах эрх нээгдэнэ.
  • TOEFL IBT 90, IELTS 6.5 болон түүнээс дээш оноотой байх;
  • Нэг жилийн бүтэн цагийн ажлын туршлагатай байх /7 хоногт 30 цаг/ эсвэл хоёр жилийн хагас цагийн ажлын туршлагатай байх;

Тэтгэлгийн хэмжээ:

  • Их сургуулийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
  • Амьжиргааны зардал болгож, долоо хоногт 324 ам.доллар олгоно.
  • 1,980 ам.долларыг Шинэ Зеландад суурьшихад зориулж олгоно.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
  • Онгоцны хоёр талын тийзийг олгоно.
  • Аяллын даатгалд хамрагдана.

Холбоос: Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

БНХАУ-ЫН "ZHEJIANG" ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ

Хятадад зэрэглэлээрээ эхний 5-д жагсдаг “Zhejiang” их сургууль магистр, докторын тэтгэлэг зарлагджээ.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2020 оны гуравдугаар сарын 31

Үндсэн шаардлага:

  • Гадаад улсын иргэн байх;
  • Магистрын түвшинд 35-аас доош, докторт  40-өөс доош настай байх;
  • Дүнгийн голч өндөр байх;
  • Өөр тэтгэлэгт өргөдөл өгөөгүй байвал давуу тал болно.

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байранд үнэгүй байрлана.
  • Эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Сар бүр магистрын оюутнуудад 1700 юань, докторын оюутнуудад 2000 юанийн тэтгэлэг олгоно.

Холбоос: http://iczu.zju.edu.cn/english/redir.php?catalog_id=22233

АВСТРАЛИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ /AUSTRALIA AWARDS/

Австралийн сургалтын тэтгэлэг нь хөгжлийн төлөө даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд тус улсын засгийн газраас олгодог олон улсын нэр хүндтэй тэтгэлэг юм. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр явуулна. 2021 онд сургалтын тэтгэлгийг танхимын болон судалгааны магистрын түвшинд олгоно.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2020.02.01 – 2020.04.30

Их сургуулийн курсын мэдээлэлд дурдсан хамгийн богино хугацааны туршид  тэтгэлгийг олгоно. Магистрын зэргийн сургалтын хугацааны дээд хязгаар хоёр жил байна (104 долоо хоног). Сонгосон курсын үргэлжлэх хугацаа хоёр жил (104 долоо хоног) -с бага байж болно.

Үндсэн шалгуур:

  • Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдаас бусад бүх өргөдөл гаргагч сүүлийн 2 жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн байх ёстой. 2 жилийн хугацааг өргөдөл хүлээж авч эхлэх өдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 1-нээс хойш ухрааж тооцно. Ажил олгогчийн албан захидал болон анкетийн мэдээллээр ажилласан жилийг баталгаажуулна.
  • Өргөдөл гаргагчид 2021 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6.0 (эсвэл TOEFL, PTE-ийн дүйцэх), нэгж оноо 5.5-аас доошгүй дүнтэй байна. Хэрвээ тэтгэлэгт сонгогдвол, Монгол Улсад явагдах англи хэлний 6 хүртэл сарын сургалтанд хамрагдах боломж бүрдэнэ. Энэхүү англи хэлний сургалтанд сууж төгсөөд, IELTS-ийн 6.5 онооны дээрх шалгуурыг хангаагүй нөхцөлд тэтгэлгээс хасагдана.

Холбоос: Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

АНГЛИЙН БРИСТОЛИЙН ИХ СУРГУУЛЬ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

“Bristol”-ийн их сургууль нь Английн шилдэг 20 их сургуулийн нэгд тооцогддог билээ. Тус сургуулиас олон улсын суралцагчдад зориулан жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Магистрын түвшинд суралцуулна.

Өргөдөл хүлээн авах хугацаа: Хоёр үе шаттай. 2020.03.29 – 2020.04.24, 2020.06.14 – 2020.07.10

Тэтгэлгийн хэмжээ: 5,000-20,000 фунт олгоно.

Үндсэн шаардлага:

  • Өмнө нь Их Британид суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх;
  • Зөвхөн гадаадын оюутнууд л тэтгэлэгт хамрагдах боломжтой
  • Хөтөлбөрөөс хамааран  IELTS 6-7.5 оноотой байх;

Холбоос: http://www.bristol.ac.uk/fees-funding/awards/think-big-postgraduate/

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ /FULBRIGHT/

Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл

Үндсэн шаардлага:

  • 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх;
  • Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
  • Мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT 80-90, TOEFL PBT/ITP 550-575, эсвэл IELTS 6.5-7.0 оноотой байх;

Холбоос:  https://mn.usembassy.gov/mn/

ГЕРМАНЫ DAAD ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨР

Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) нь жил бүр олон улсын 140 мянга гаруй оюутанд ХБНГУ-ийн их, дээд сургуульд суралцан судалгаа, эрдмийн ажлаа хийхэд дэмжлэг үзүүлдэг боловсролыг санхүүжүүлэгч томоохон байгууллага юм. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар ХБНГУ-н 365 гаруй их, дээд сургуулийн магистр эсвэл докторын хөтөлбөрийг сонгон суралцах боломжтой.

Хугацаа: Материалыг сонгосон сургууль, хөтөлбөрөөс шалтгаалан 8-10 дугаар сард хүлээн авна.

Үндсэн шаардлага: 

  • Ямар нэг байгууллагад суралцах гэж буй чиглэлээрээ хоёр жил ажилассан туршлагатай байх;
  • Бакалавр, магистрын зэрэг хүртсэнээс хойш зургаан жил өнгөрөөгүй байх ;
  • Суралцах хөтөлбөр нь Герман хэл дээр явагдах бол – Герман хэлний B1 түвшин;
  • Суралцах хөтөлбөр нь англи хэл дээр явагдах бол – IELTS 6, IBT TOEFL 80 оноотой байх.

Холбоос: DAAD тэтгэлгийн албан ёсны цахим сайт 

ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ЧЕВИНИНГИЙН ТЭТГЭЛЭГ /CHEVENING/

Чевенинг нь Их Британийн Засгийн газраас академик мэдлэг өндөртэй, олон улсын манлайлагч залуучуудад олгодог тэтгэлэг юм. Тус улсын магистрын хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай байдаг. Монгол улсаас жилд дунджаар 10-20 оюутан элсүүлдэг.

Хугацаа: Жил бүрийн наймдугаар сард нээгдэж, арваннэгдүгээр сард хаагддаг.

Үндсэн шаардлага:

  • Өргөдөл гаргагч нь 25-35 нас хүртэлх Монгол улсын иргэн байх;
  • Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
  • Бакалаврын голч оноо 3.0 ба түүнээс дээш байх /2.8, 2.9 оноог хүлээн зөвшөөрөхгүй/
  • IELTS 6.5, TOEFL IBT 79 оноотой байх;
  • 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;
  • Хөтөлбөрөө дуусаад 2 жилийн дотор эх орондоо эргэн ирэх;

Холбоос: Чевенинг тэтгэлгийн албан ёсны цахим сайт 

ЯПОНД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Японы Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсын шалгалтын тов гарчээ.

Бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн 13:00-17:00 цагт  Япон Монголын төв дээр явагдахыг анхаараарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосоор авна уу. 

ТА ЯМАР Ч ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨР БОЛОН ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ӨРГӨДӨЛ ГАРГАХАД ДАРААХ МАТЕРИАЛУУД ШААРДЛАГАТАЙ 

Бүрдүүлэх материал:

  • IELTS эсвэл TOEFL-ийн гэрчилгээний хуулбар. Таны суралцах улс орны хөтөлбөр, сургуулиас хамаарч шаардагдах оноо харилцан адилгүй байна. 
  • Дээд боловсролын гэрчилгээ (бакалавр, магистрын түвшин; эх материалын хуулбар ба англи орчуулга)
  • Дипломын хавсралт буюу дүнгийн хавтгай (эх материалын хуулбар ба англи орчуулга)
  • Эссэ /Motivation letter/
  • Тодорхойлох захидал /Recommendation letter/
  • Ямар ч тэтгэлэгт хөтөлбөр хамрагдсан та тус хөтөлбөрийн онлайн өргөдлийн маягтыг бөглөн бусад шаардлагатай баримт бичгийн хамт илгээнэ.
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас.
  • Таны сонгосон тэтгэлэгт хөтөлбөр ажлын туршлага шаардаж байгаа бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгтэй болно. Эсвэл ажилд томилсон тушаал болон гэрээгээр баталгаажуулах боломжтой.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны вэбсайтан дээр Засгийн газрын тэтгэлгүүдийн мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд зарладаг тул байнга шалгаж байхыг зөвлөж байна. Мөн өөрийн сонирхсон их сургуулиудын сайтаар зочилж, сургуулийнхаа нэрэмжит тэтгэлэг зарласан эсэхийг нь шалгаарай. 

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
19
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
3
ouch an post
1
confuse an post
3
angry an post
612741
53 эможи

Зочин
2020-06-07 13:42
mash ih byrlalaa heregtei medeelel ugdug medeeleliin haan arslan.mn dee byrlalaa
Aminkhuslen
2020-05-30 08:56
Solongos uls tetgeleg zarlaagui ymu?
Зочин
2020-03-18 11:21
Үнэхээр их баярлалаа
Зочин
2020-01-19 15:44
keyboard_arrow_up