ТҮЦ дагасан түргэн хоол сурагчдын “Үдийн хоол“-ыг хэдий болтол орлох вэ, Ё.Баатарбилэг сайд аа

2019 оны 9 сарын 10

Arslan.mn

Сургуулийн ойр орчимд зарагдаж буй хаяг шошго тодорхойгүй, гарал үүслийн баталгаагүй ороомог, мантуун бууз, пирошки, чанасан өндөг зэрэг бэлэн бүтээгдэхүүн “Үдийн цай” хөтөлбөрийн дутууг нөхсөөр олон жил боллоо.

Хэд хоносон, юугаар хийсэн нь үл мэдэгдэх тухайн бүтээгдэхүүнийг өглөө ирсэн гэж хэнэг ч үгүй хэлээд халааж зардаг ТҮЦ-ийн худалдагчдын аманд багтаж бидний хүүхдүүд үдийн хоолоо идэцгээж байна.

Ихэвчлэн сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, автобусны буудлын ойролцоо хэд хэдээрээ хаалгаа нээсэн ТҮЦ эрхлэгчид талхныхаа мөнгийг олж ар гэрийнхээ амьжиргааг залгуулдаг өрх толгойлсон ээжүүд голдуу байдаг нь нууц биш ээ. Бид энэ удаад эдгээр хүмүүсийн амьжиргааны эх үүсвэр болсон ТҮЦ-ийг буулгаад өгөөч гэсэнгүй ээ.

Боловсролын сайд Ё.Баатарбилэгт хандаж “Үдийн цай” хөтөлбөрөө чанаржуулах, сурагчдын хоол тэжээлийн хүрэлцээ хангамж, ариун цэврийн асуудал ямар байгааг хөндөхийг зорилоо. Ингэхийн тулд сургууль тойрсон ТҮЦ-үүдэд борлуулж байгаа баталгаагүй хүнсний асуудлыг цэгцлэх цаг болсныг анхааруулж байна.

Яг ийм гудамжны хооллолтын цаана бага насны хүүхдүүд чихрийн шижин, таргалалт, ходоодны өнгөр арилах, ходоод цоорох, элэг, цөсний элдэв өвчнөөр өвчлөх нөхцөлөө бүрдүүлж байна. Түүнчлэн ТҮЦ дагасан хооллолтын ард эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн асуудал хөндөх сэдэв болтлоо томорч байна.

Манай сонины сурвалжлах баг хэд хэдэн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдаас хэдхэн асуултад хариулт авч бяцхан судалгаа хийсэн юм. Хүүхдүүдээс “Ямар үед ТҮЦ-ээс түргэн хоол авч иддэг вэ” гэсэн асуултад 50 гаруй хүүхэд өөрийн хариултаа өгсөн юм. Тэдгээр хүүхдүүдийн олонх нь гэрээсээ сургууль хүртлээ өлсдөг. Сургуулиас өгч байгаа үдийн цайндаа цаддаггүй учраас аав, ээжээсээ авсан мөнгөөр ТҮЦ-ээс хоол авч иддэг” гэсэн нийтлэг хариулт өгч байсан юм.

Тэгэхээр сайд аа, үдийн цай нэрээр “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр ноёныхоо өөдөөс тал еэвэн барьдаг шиг хүүхдүүдийг ёс төдий хуурдаг аа хэзээ болих вэ. Сурагчид 200 грамм хоолондоо цадах нь бүү хэл амт чанар муутайгаас болоод мөн боорцог нь хатуу учраас иддэггүй, хоол, мах, зуушнаас нь зарим үед эхүүн үнэр гардаг учраас идэж чадахгүй орхидог гэх мэт байдлаар сургуулийнхаа хоолны чанарт хариулт тааруухан өгч байсныг энд дурдах нь зөв болов уу.

Нэгэнт сургуулийн үдийн хоол, цайндаа цадаагүй хүүхдүүд ойр орчмын дэлгүүр, ТҮЦ-ээс буух эзэн, буцах хаяггүй хоолоор өлөө дарж голоо зогоож байна. Гэтэл дарин дээр давс гэгчээр өнөөдрийн манай нийслэлийн гудамж талбай, ТҮЦ эрхлэгчдийн ахуйн ариун цэврийн асуудал ямар билээ. Нус, шээс нь ил задгай үнэртсэн, түүнийг нь тойрч ялаа батгана шавсан байх нь олонтаа.

Сургууль дээрээ амттай, цэвэрхэн, өнгө үзэмж сайтай, порц норм сайтай хоол идчихдэг байвал хүүхдүүд тэр бүр ТҮЦ-ийн хоол руу мөнгөө бариад гүйхгүй. Тиймээс “Үдийн цай” хөтөлбөртэй хамт “мэндэлсэн” журмуудын хэрэгжилтэд анхаараач, сайд аа. Ингэж чадвал хор биш хоол хүүхдүүдэд хүргэгдэх болно.

Бид 2019-2020 оны хичээлийн жилд “үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит байдлыг сургуулиудын гал тогооноос харуулахыг зорилоо. Бидний орсон эхний сургууль бол Сүхбаатар дүүрэг дэх ерөнхий боловсролын III сургуулийн гал тогоо байв.

Сургуулийн нэг давхарт бие засах өрөөний хаалгууд нээлттэй түүнээс сэнгэнэх үнэр огиудас хүрэм. Цааш тав алхахад цайны газар бололтой цагаан өнгөтэй урт ширээ, сандал байрлуулсан том өрөө таарав.

Хоёрдугаар ангийн хүүхдүүд хоёр хоёроороо хөтлөлцөж багшийнхаа зэмлэл дор энэ танхим руу орцгоов. Гал тогоо болон хүүхэд хооллох өрөө тасалгаа том боловч агааржуулалт муу нь хэнд ч илт аж. Хоол, цайны уур өрөөг дүүргэж бүгчимдүүлнэ. Өнөөдрийн үдийн цай хөтөлбөрөөр тэд кааш ууж байгаа гэнэ. Хүүхэд бүрийн өмнө ариутгасан гэх том төмөр аяга байх бөгөөд түүний талаас нь арай доохнуур аягалсан каашаа идэж дууссан хэд нь бусдынхаа аяга руу өнгийж харагдав. Бид тус сургуулийн эмч Ц.Мөнхтуяагаас үдийн цайны талаар цөөн асуултад хариулт авлаа.

Тэрбээр “Манай сургуулийн 1-5 дугаар ангийн 400 гаруй хүүхэд үдийн цай хөтөлбөрт хамрагддаг. Сурагчдад зориулсан хоолны цэсийг 14 хоногоор батална. Сургуулийн эмчээс гадна үдийн цай хөтөлбөрийн хяналтын зөвлөл гэж бий. Түүнд эцэг эхийн төлөөлөл, бага ангийн сургалтын менежер зэрэг хүмүүс сурагчдад хэрэгтэй илчлэг тэжээл, амин дэмтэй хоол хүнс өгч байгаа эсэхэд хяналт тавьдаг.

Хориглосон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж үү, гарал үүслийн бичигтэй түүхий эд авч уу, хоолны амт чанар ямар байна вэ гэх мэтээр ажиглалт хийдэг. Энэ жилээс салбарын яамнаас туршилтын шугамаар хэдэн сургуульд стандартын гал тогоо ажиллуулна гэсэн боловч хараахан хэрэгжээгүй байна.

Доор ажиллаж байгаа цайны газар бол манай сургуулийнх биш. Гэрээтэй ажилладаг газар. Хүүхдүүд каашинд дургүй, идэхгүй байх нь элбэг байдаг. Энэ нь манай хүүхдүүд мах, махан бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэгтэй холбоотой. Сурагчдын шаардлагад нийцсэн хоол цай өгөхөд төсвөөс шийдсэн мөнгөний хүрэлцээ муу байдаг. Бидэнд их бага гэж хэлэх эрх байхгүй учир тухайн баталж өгсөн төсөвтөө тааруулан хоол өгч байна” гэсэн юм.

Бид тус сургуулийн автобусны буудал орчимд хэчнээн ТҮЦ-т түргэн хоол борлуулж байгааг мэдэхээр зургаан ТҮЦ-ээр орлоо. Эдгээр ТҮЦ-үүд бүгд ижил нэр төрлийн түргэн хоол зарж байлаа. Тэднээс Эрүүл мэндийн сайдын 207 дугаар тушаалын тухай асуухад “Өө мэдэхгүй тийм тушаал гарсан юм уу, бид чинь арилжааны газар. Ашиг олох гэж л ажиллана.

Манайд энэ бүтээгдэхүүнээ нийлүүлж буй хүмүүс ч ар гэрээ тэжээж яваа. Тэдэн рүү утсаар яриад л захиалчихдаг. Хаана, яаж үйлдвэрлэдгийг нь мэдэхгүй. Бид хэзээ ч хоносон бүтээгдэхүүн зардаггүй. Тэгээд ч хойно сургуультай болохоор үдээс хойш ч хүрэхгүй амархан дуусчихдаг” гэсэн тайлбар өгөв.

ҮХСЭН АМЬТНЫ ӨМХИЙ ҮНЭР СЭНХИЙСЭН ГУДАМЖИД ХҮҮХДҮҮД ХООЛЛОСООР БАЙНА

Баянзүрх дүүргийн Шархад дахь 79 дүгээр сургуулийн хичээлийн II, III дугаар байр гэр хороолол дунд бий. Энд бага ангийн 1,270-н сурагч хичээллэдэг. Сургуулийн үүдэнд байх дэлгүүрээс хүүгээ дагуулсан ээж гарч ирэв.

“Ээж нь ажил ихтэй хоол хийж өгч амжсангүй. Миний хүү орохоосоо өмнө хурдхан идчих” гээд хот дог өгч байв. Магадгүй, үдийн хоолондоо жаал хүү сэтгэл хангалуун байдаг бол залуу ээж хаана, хэзээ ямар арга технологиор хийснийг нь мэдэхгүй бэлэн бүтээгдэхүүн авч өгөхгүй л байсан болов уу.

Таван хүн зөрөөд гарах боломжгүй жижигхэн цайны газарт цагаан халаадтай хүн цай ууж суугаа нь 79 дүгээр сургуулийн эмч А.Алтанцэцэг байв. Тэрбээр “Хүүхдүүд ангидаа үдийн цай, хоолоо иддэг. Хэдий эрүүл ахуйн шаардлага хангахгүй ч зориулалтын өрөө тасалгаа байхгүй болохоор өөр арга байдаггүй. Сургуульд ариутгалын багаж хэрэгсэл байхгүй.

Манай хүүхдүүд аяга, тавгаа угааж ариутгалгүй ирдэг. Энэ нь гэдэсний болон бусад халдварт өвчин дэгдэх шалтгаан болдог. Бид аль чадахаараа үдийн цай хөтөлбөрт анхаарч байгаа боловч эцэг эхийн зүгээс тасралтгүй гомдол ирдэг. Манай сургуулийн эргэн тойронд хоёр, гурван хүнсний мухлаг бий. Тэнд хуушуур, пирошки, бэлэн гоймон болон бусад бэлэн бүтээгдэхүүн үргэлж зарж байна. Тэдэнтэй ярилцаад хэл ам ойлголцохгүй, хэлэх бүрт үл тоодог” хэмээв.

Энэ сургуультай гэрээгээр 10 жил ажиллаж байгаа гэх цайны газрын эзэн бидний ярианд оролцож “Миний дүү бод доо. Нэг хүүхдэд өдөрт 600-хан төгрөгөөр ямар илчлэгтэй хоол өгч болох вэ.

Эцэг эхчүүд биднээс ихийг хүсдэг ч төрөөс өгдөг мөнгө л энэ. Сүүлийн үед махны үнэ өссөн гэдгийг бүгд мэднэ. Нарийн ногооны ч үнэ нэмэгдсэн. Max кг нь 5,000 төгрөг байхад бид арай илүү амттай, махтай хоол хийдэг байсан. Одоо дээрх үнэ гурав дахин нэмэгдсэн байхад бид нэг хүүхдийн хоолыг 600 төгрөгөөр хийж чадах уу. Ийм төсвөөр 1,200 гаруй хүүхдэд махан хоол бэлтгэхэд хүндрэлтэй байна.

Төсөв танагдах, бага байх тусам тухайн хоолонд орох орц багасдаг” хэмээн учирлалаа. Бид хоол үйлдвэрлэлийн гал тогоонд нь ажилладаг эдгээр хүмүүсийн үг ортой эсэхийг лавлахаар МХЕГ-ыг зорилоо. “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой эцэг эхчүүд, сурагчдаас ямар хэмжээний гомдол санал ирдэг болохыг лавласан юм.

Нэр бүхий албан тушаалтан “Манайд одоогоор ямар нэгэн гомдол ирээгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас очоод асуу” гэлээ. Тиймээс НМХГ-ын Улсын ахлах байцаагч О.Алтантуултай уулзлаа.

Тэрбээр “Хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтаар 84 дүгээр сургууль хоол хүнсний зориулалтын биш хуванцар сав хэрэглэж байсныг тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид торгох албан бичиг явуулсан. “Үдийн цай” хөтөлбөрийн талаарх хяналт шалгалтын хариу энэ сарын 16-ны өдөр эцэслэн гарна” гэв.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607869
1 эможи

Зочин
2019-09-10 15:29
keyboard_arrow_up