АНУ: Боловсролын түвшин ирээдүйн цалинтай шууд хамааралтай

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Дипломтой “Дижи” байх уу аль эсвэл өндөр үнэлгээтэй ЛИДЕР байх уу. Ийн асуух болсон учир гэвэл, өнөөдөр манай улсад дипломтой “дижи” олон байгаатай холбоотой. Дижи гэсэн нь, залуучуудын хэлдгээр дээд боловсролтой ажилгүйчүүд. Ингэж бид мэдлэг, мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрэхгүй, үр шимийг нь хүртэхгүй явсаар байтал цаг үе, нийгэм гүйцэж түрүүлэх боломжгүй хөгжчихөж. Та хаа нэгтээ ухаалаг утсаа оролдож суухдаа нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн аль нэг сувгаас ирээдүйн боловсон хүчинд зайлшгүй шаардагдах ур чадваруудын талаар олж уншсан л байх.

Тодорхой хэлбэл, Шинэ зууны боловсон хүчнээс бүтээлч, шүүмжлэгч, олон түвшний асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, хүмүүсийг удирдах, танин мэдэхүйн, сэтгэл хөдлөл болон өөрийгөө удирдах, оновчтой шийдвэр гаргах, бусадтай хэлэлцээр хийх зэрэг супер ур чадвартай байхыг шаардаж эхэлсэн.  Хэрэв эдгээр чадварыг эзэмшээгүй бол ирээдүйд ТА цахиур хагалах мундаг боловсон хүчин болж чадахгүй. Магадгүй, ширээний ард сандал бөглөсөн хэн ч биш нэгэн эсвэл диплом тэвэрсэн “дижи”-л болох биз ээ.

Тэгвэл ирээдүйн энэхүү мундагуудыг хэн бэлдэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж, үүнийг сургууль бэлдэнэ. Манай гараг дээрх бүхий л зүйл технологийн тусламжтайгаар маш хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад сургуулиуд ямар ур чадварыг сурагчдад олгох болон ямар боловсон хүчин бэлдэх зэрэгтээ анхаарал хандуулах шаардлага үүсч буй.

Өнөөдөр манай улсын боловсролын систем алдаа, гажуудал ихтэйн дээр ихэнх сургуулиуд хуучин тогтолцоогоо дагаж, гэлдэрч яваа нь нууц биш. Гэхдээ нэг үеэ бодвол дэлхийн шилдэг сургуулиудын жишгээр сурагчдаа хөгжүүлж, сурган хүмүүжүүлэх салбартаа тэргүүлж байгаа улсын болон хувийн сургуулиуд олшрох төлөвтэй болсон. Энэ нь тун сайшаалтай хэрэг. Гэвч боловсролын системийн нэгдсэн бодлого, үндэсний стандарттай хөтөлбөр үгүйлэгдсээр..

Бид энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн тогтолцооны талаар хөндөж байна. Тэр дундаа, боловсролын системийн тогтолцоо, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улс орнуудын “САЙН ЖИШИГ”-ийн талаар цувралаар хүргэхээр зорьсон юм. Гэхдээ хуулах биш дэлхий ертөнцийн боловсрол ямар байгааг хуваалцах зорилгоор ийн бэлтгэв.

Юуны өмнө дэлхийд ТОП гэгддэг АНУ-ын боловсролын тухай авч үзье.

АНУ: Нэг сурагчид улсаас жилд 12 мянган ам.доллар зарцуулдаг

АНУ-д боловсрол хамгийн үнэтэй. Учир юу гэвэл, АНУ-ын иргэдийн 99 хувь нь зохих түвшний боловсрол эзэмшсэн байдаг бөгөөд тэдний боловсролын төвшингөөс ирээдүйн цалин нь шууд хамаардаг.

АНУ-д 138 мянга гаруй ЕБС байдаг аж.  Тэдгээрийн 71.5 хувь нь улсын, 24.15 хувь хувийн, 4.35 хувь төр, хувийн хосолмол.

Улсын сургуульд боловсролыг үнэ төлбөргүй олгоно. Нэг багшид дунджаар 16 сурагч ногддог.

Хувийн сургуулийн 80 хувь шашных бөгөөд жилийн сургалтын төлбөр 6-60 мянган ам.долларт хэлбэлздэг. Дунджаар 17.5 мянган ам.доллар. Нэг багшид 11 сурагч ногддог.

Хосолмол удирдлагатай сургуулиуд нь улсаас санхүүждэг боловч хөрөнгө оруулагчдаас мөнгө татдаг. Ийм сургууль нь төлбөргүй ч тухайн суралцагч жилд нэг удаа явагддаг азын сугалаанд ялагч болсон эсвэл тусгай шалгалтыг амжилттай өгөх шаардлагатай байдаг аж. Нэг багшид 13 сурагч ногддог.

Нэг сурагчид улсаас жилд 12 мянган ам.доллар суралцах зардалд нь зарцуулдаг.

АНУ-д сургууль завсардалт маш ховор. Тухайлбал, Америк хүүхдүүдийн гурван хувь нь гэрээр боловсрол эзэмшдэг. Ийм хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 66.3 хувь нь бакалавраас дээш боловсролтой байдаг бол 38.4 хувь нь шашны сургаалиар хүмүүждэг. Харин үлдсэн 8.9 хувь нь л огт боловсрол эзэмшиж чадалгүй үлддэг байна.

АНУ-ын сургалтын систем 12 жилтэй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн олон орнууд дагадаг алдарт Кембриджийн стандарттай.

Хөгжингүй орнуудад хэрэглэж буй 12 жилийн сургалтын систем нь дөрөв, дөрвөн жилээр хуваагддаг. Эхний дөрвөн жил манайхаар бага анги /Elementary school/, дараагийн дөрвөн жил нь дунд анги буюу /Junior high school/, сүүлийн дөрвөн жил ахлах сургууль буюу /High school/ гэж хуваагдана.

Эдгээр нь тус бүрдээ нэг сургуулиас гадна сурагчдын онцлогт тохируулсан сургалтын тусгай хөтөлбөртэй. Манайд алгебр, физик, хими, монгол хэл зэрэг нь суурь хичээл гэж явдаг бол тэнд Америкийн түүх, англи хэл, нийгмийн ухааны хичээлүүд суурь хичээлд тооцогддог. Мөн эхний дөрвөн жилийн турш багаар ажиллах, нийгмийн гишүүд болох, гэр бүл гэж юу вэ зэрэг хичээлийг орох бөгөөд эдгээр хичээлүүд нь анги ахих тусам гүнзгийрдэг ажээ.

АНУ-ын энэхүү ЕБС-ын систем 100 жилийн хугацаанд голдрилдоо орсон байна. Өнөөгийн түвшинд хүрэхээс өмнө 40 жил, хүрснийхээ дараа одоог хүртэл 90 орчим жилийн хугацаанд боловсон хүчнээ тасралтгүй чадавхжуулж, бэлтгэж иржээ.

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601612
0 эможи

keyboard_arrow_up